| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2019/03533/и |
| Дугаар | 102/ШШ2019/00026 |
| Огноо | 2019-12-24 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2019/00026
| 2019 оны 12 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2020/00026 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БГДЭМТ-д холбогдох,
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/296 тоот ажлаас чөлөөлөх, ажилд эгүүлэн авах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Т, гэрч Б.Г, Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Бшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол Эрүүл мэндийн нэгдлийн төвийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалаар тус төвийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч даргаар “Хөдөлмөрийн гэрээ” байгуулан ажиллаж эхэлсэн. Миний бие ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж, арга хэмжээ авагдаж байгаагүй. Мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэж байсан ба удирдах зөвлөлийн шуурхай хурал дээр ажлын талаар ярьдаг байсан. Гэтэл 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн төвийн даргын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйл 38.1.2, мөн хуулийн 21.1, Байгууллагын дотоод журмын 4.1-ийн 4.1.7, 5.2-ын 2, 9.3.2-ын В дэх хэсгийг тус тус баримтлан Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээ зөрчиж, ажлын хариуцлага алдсан үндэслэлээр намайг үүрэгт ажлаас чөлөөлж, Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн туслах эмчээр томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар заасан. Захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд мөн хуулийн 40 дугаар зүйлд заасан үндэслэл байх ёстой. Миний бие тушаалд заасан зөрчлийг гаргаагүй. Түүнчлэн, хөдөлмөрийн гэрээний аль заалтыг зөрчсөн, ажлын ямар хариуцлага алдсан нь тодорхой бусаар ажил үүргээс чөлөөлсөн нь үндэслэлгүй. Мөн хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчилд заасан үндэслэл үүсээгүй байхад захиргааны санаачилгаар гэрээг цуцалсан. Иймд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/296 тоот ажлаас чөлөөлөх, ажилд эгүүлэн авах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн төлөөлөгч З.Бшүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь их эмч мэргэжилтэй боловч эмчлэх эрхийн гэрчилгээгүй, урьд нь эмч мэргэжлээр ажиллаж байгаагүй учир дадлагжуулах, цаашид эмчлэх эрхийн гэрчилгээ авах хүртэл туслах эмчээр ажиллуулах шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн зүгээс цуцалсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагын удирдлагаас нэхэмжлэгчид удаа дараа хугацаатай үүрэг даалгавар өгсөн боловч биелүүлээгүй ба энэ асуудлыг удирдах зөвлөлийн хурал дээр хэд хэдэн удаа хэлэлцсэн. Мөн “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг муу хэрэгжүүлсэн. Иймд нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний 7.13-т зааснаар гэрээнд заасан албан үүргээ 2 ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн, мөн ажлын цагаа бүртгүүлээгүй тул хөдөлмөрийн гэрээний 7.4-т зааснаар ажил тасалсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдуулан, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/296 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...нэхэмжлэгч нь удирдлагаас өгсөн удаа дараагийн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажил тасалсан, хөдөлмөрийн дотоод журам болон гэрээг зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн зүгээс цуцалсан” гэж үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад Нийгмийн эрүүл мэнд тусламж үйлчилгээ эрхэлсэн орлогч даргын ажил, албан тушаалд ажиллах, хариуцагч нь гэрээгээр тохирсон ажлын хөлс төлөх, ажиллах нөхцлөөр хангахаар тохиролцсон, гэрээг хугацаагүй байгуулсан талаар зохигч маргаагүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон гэрээгээр нотлогдож байна. Хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/296 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 21 дүгээр зүйлийн 21.1, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.1.7, 5.2.2, 9.3.2-ийн В дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгч Н.Б-ыг байгууллагын хөдөлмөрийн дотоод журамж, хөдөлмөрийн гэрээг зөрчиж, ажлын хариуцлага алдсан гэж үзэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон Нийгмийн эрүүл мэнд тусламж үйлчилгээ эрхэлсэн орлогч даргын үүрэгт ажилаас чөлөөлж, мөн өдрөөс нэгдсэн эмнэлийн яаралтай тусламжийн туслах эмчээр томилж шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан. Дээрх тушаалын агууллага болон хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл ажил олгогч болох хариуцагч нь ажилтан болох нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөр цуцалсан байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн уг тушаалд хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалыг баримтлаагүй байх боловч хариуцагч тал шүүх хуралдаанд тушаалын үндэслэлээ “...нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, мөн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргасан” гэж тайлбарлаж байна.
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлийн талаар:
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байхыг шаардана. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан нь, мөн уг зөрчил нь тогтоогдсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь удирдлагаас өгсөн удаа дараагийн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх хариуцагчийн татгалзал баримтаар нотлогдохгүй байна. Түүнчлэн, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагын багийн шуурхай хурлын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаар, 9 дүгээр сарын 02-ны өдрийн 25 дугаар, 9 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаар тэмдэглэлээр нэхэмжлэгчийг сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан, уг зөрчил нь тогтоогдсон гэж үзэх боломжгүй байхаас гадна гэрч нарын мэдүүлэг нь дээрх өдрийн хурлаар нэхэмжлэгчийн гаргасан зөрчил, уг зөрчил тогтоогдсон гэх үйл явдлыг гэрчлэхгүй байна.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлийн талаар:
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиодолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Энэ нөхцөлд зөрчил мөн тогтоогдсон байхыг шаардахаас гадна талууд хөдөлмөрийн гэрээгээр ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтооно. Хөдөлмөрийн гэрээний 7-д талууд ноцтой зөрчилд ямар зөрчил тооцогдох талаар харилцан тохиролцсон байх бөгөөд ажил олгогч нь ажилтанг гэрээний 7-ийн 4-т заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дарааллан 3 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан, 7-ийн 13-т заасан гэрээнд заасан албан үүргээ 2 ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн ноцтой зөрчил гаргасан гэж үзжээ. Гэтэл хэрэгт авагдсан дээрх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээнд заасан ямар албан үүргээ 2 ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн, хэрэв тийм зөрчил гаргасан бол уг зөрчил тогтоогдсон эсэх нь нотлогдохгүй байна. Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчийг “...цагийн бүртгэлээ хурууны хээгээр бүртгүүлээгүй тул ажил тасалсанд тооцно” гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн цагийн бүртгэлээр нэхэмжлэгчийг “ажиллавал зохих 21 өдөр, цаг 168, ажилласан 21 өдөр, цаг 168” гэж, “хурууны хээ бүртгүүлээгүй” гэж тус тус бүртгэсэн байна. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хурууны хээ бүртгүүлээгүй үндэслэлээр ажил тасалсан, мөн гэрээний 7-ийн 4-т заасан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Нөгөөтэйгүүр, ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь эрх зүйн баримт бичгийн хувьд хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ нэхэмжлэгчийг гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, мөн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзвэл энэ талаарх үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хууль болон гэрээнд нийцсэн байхыг шаарддаг. Гэтэл тушаалд нэхэмжлэгчийг ямар зөрчил гаргасан талаар дурдаагүй атлаа түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зөрчил гаргасан хэмээн мэтгэлцсэн нь үндэслэл бүхий болж чадахгүй байна. Иймд хариуцагч нь тушаалын хууль зүйн үндэслэлээ баримтаар нотолж чадахгүй байх тул тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад нийцсэн гэж үзэх боломжгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтанд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заажээ. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тогтоохдоо сарын дундаж цалин 1 270 945 төгрөгийг ажилгүй байсан 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хэргийг хянан шийдвэрлэсэн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны ажлын 66 хоногийн цалин, хөлс 3 901 458 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. Түүнчлэн, шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг хариуцагчаас гаргаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговороос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт нийцнэ. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 901 458 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговороос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/296 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Б-ыг хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэнд тусламж үйлчилгээ эрхэлсэн орлогч даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 3 901 458 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-т олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговороос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийхийг хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 77 373 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН