| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2019/01652/и |
| Дугаар | 183/ШШ2020/00281 |
| Огноо | 2020-01-29 |
| Маргааны төрөл | Хадгалалт, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2020/00281
2020 оны 01 сарын 29 өдөр Дугаар 183/ШШ2020/00281 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ............ тоотод оршин суух, ......... пасспортын дугаартай, БНХАУ-ын иргэн В ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ...... тоот хаягт байрлах, Х ХХК /РД: ............/-д холбогдох,
1,380,305,741 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Ган-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: БНХАУ-ын иргэн В Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ........... оршил байрлах Х ХХКцамхагт байрлах Х банкны төв дээр хадгаламжийн данс ........... дансыг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нээлгэж хадгаламжийн гэрээ байгуулсан. Хадгаламжийн дансанд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс хойш нийт 1,319,776,000 төгрөг хадгалуулсан. В нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр БНХАУ-руу буцсан. 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Монгол улсад ирж 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдөр Х банкнаас өөрийн хадгалуулсан мөнгөө авах гэхэд түүний хадгаламжийн дансанд 7,670,013 төгрөг байсан. Гэтэл нэхэмжлэгч огт данснаасаа мөнгө аваагүй. Мөн Монгол улсад байгаа байгаагүй. Иймд Х банкнаас хадгаламжийн гэрээний дагуу үндсэн хадгаламж болох 1,322,000,000 төгрөг, 5 сарын хадгаламжийн хүү болон хүүгийн үлдэгдэл 58,305,741 төгрөг, нийт 1,380,305,741 төгрөг Х банкнаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: В Х банкинд хугацаатай хадгаламжийн данс нээлгэсэн. Хугацаатай хадгаламжийн хугацаа дууссаны дараа буюу 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, ........ давхарт үйл ажиллагаа явуулдаг Х банкны тооцооны төвөөс хариуцагч В гийн тус банк дахь хадгаламжийн ........... дугаар данснаас 1,322,000,000 төгрөгийг В нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б ид олгосон итгэмжлэлийн дагуу Б нь бэлэн бусаар И ийн Х банкны ........... дугаар данс руу шилжүүлж улмаар И ийн данснаас бэлэн мөнгөний хэлбэрээр авсан. Өөрөөр хэлбэл хадгаламжийн хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан бөгөөд В гийн итгэмжлэлээр Б нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр бэлэн бусаар мөнгийг авсан. Уг итгэмжлэл нь нотариатаар баталгаажуулсан учраас хуулийн шаардлага хангасан гэж банк үзэж итгэмжлэлийн дагуу үйлчилсэн. Банк ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн гэж үзэхгүй байна. Өөрөөр хэлбэл анхны шаардлагаар итгэмжлэлийн дагуу үйлчилсэн. Үүнтэй холбоотой Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр мөрдөн шалгах ажиллагаа буюу хэрэг бүртгэлийн хэрэг нээх тогтоолоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд ИХШХШТХ-ийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй ба нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж шийдвэрлэсний эцэст иргэний журмаар шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй. Энэ заалтыг Дээд шүүхийн тайлбарт нэхэмжлэлтэй холбоотой гэдгийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бөгөөд нэхэмжлэгч хариуцагч хоёрын хоорондын харилцаанаас үүссэн маргаантай холбоотой гэж ойлгож, тухайн асуудал нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй эсэхийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол энэ ажиллагаа дуусах хүртэл иргэний журмаар гаргасан нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх боломжгүй гэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрүүгийн журмаар шалгах ажиллагааг хэрэг бүртгэл болон мөрдөн байцаалтын ажиллагааг хэлнэ. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэл нээсэн нь энэ хуульд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болно. Тус хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.36 дугаар зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг ойлгоно гэсэн. Тэгэхээр хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 65.1.8-д заасан үндэслэл байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 8.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно. Хэргийг хэрэгсэхгүй болгох нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаж байгаа зүйл биш. Өөрөөр хэлбэл талуудын хооронд үүссэн маргааныг эрүүгийн журмаар эцэслэн шийдвэрлээгүй байхад хохирлын асуудлыг иргэний шүүхээр шийдвэрлүүлэх нь хууль зүйн үндэслэлгүй болно гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж байгаа нь мөнгөн төлбөр нэхэж байна. Маргааны зүйл өөрөө мөнгөн төлбөрийг буцааж нэхэх, оролцогч нь нэхэмжлэгч хариуцагч нарыг адилхан байхыг шаардаж байгаа нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна. Энэ хэрэгт В нь Х банкийг буруутай гэж үздэг, харин банк итгэмжлэлийн дагуу гүйлгээ хийсэн. Эрүүгийн журмаар шалгаж байгаа хэрэг В гийн нотариатаар баталгаажуулсан итгэмжлэлийн дагуу хийсэн гүйлгээ буюу маргааны зүйл нь төлөөлөл, Иргэний хуулийн 62.3-т төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ. Мөн хуулийн 63.2-т төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно. Маргааны зүйлд оролцож байгаа этгээдийн хувьд хэлцэл буюу итгэмжлэл төлөөлөл учраас В той холбоотой болохоос Б той холбоогүй, нэхэмжлэгч хариуцагч нар хоёулаа эрүүгийн журмаар шалгаж байгаа асуудалд хамааралтай. Хэрвээ эрүүгийн журмаар шалгаж байгаа иргэний хэргийг хэрэгсэхгүй болгохгүй, тэнд эрүүгийн журмаар хохирол төлбөрийн асуудалд нэхэмжлэгч оролцоотой бол энд гарсан шийдвэр хууль ёсны болж чадахгүй. Гэм буруутай, итгэмжлэл хууль ёсны эсэхийг тогтоогүй байхад иргэний шүүх хэргийг шийдвэрлэх бол хариуцагчийн эрх ашиг зөрчигдөнө. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн В мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу үндсэн хадгаламж 1,322,000,000 төгрөг, нийт 5 сарын хадгаламжийн хүү болон хүүгийн үлдэгдэл 58,305,741 төгрөг нийтдээ 1,380,305,741 төгрөгийг хариуцагч Х ХХК-иас гаргуулахыг хүссэн байна.
Хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн байна.
Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2018.10.23-ны өдрийн иргэдийн харилцах данс, хугацаагүй хадгаламж, цахим үйлчилгээний гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээний 2-т зааснаар хадгаламжийн данс ........... тоот, дансанд заавал байх доод үлдэгдэл нь 5,000.0 төгрөг, жилийн хүү 5.4 хувь, хүү олгох огноог 2018.12.31-ний өдөр гэж тус тус тохирсон байна.
Шүүх талуудын хооронд мөнгөн хадгаламжийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн, Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д зааснаар мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ.
Нэхэмжлэгчийн тайлбар, Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд 2018.10.23-ны өдрөөс хойш 2018.12.31-ний байдлаар хадгаламжийн мөнгө 1,330,771,859.76 төгрөг болсон байх бөгөөд Х банкны Хүлэг тооцооны төвөөс 2019.01.24-ний өдөр В гийн хадгаламжийн ........... тоот данснаас Б ид олгосон 2018.12.17-ны өдрийн итгэмжлэлийн дагуу 1,322,000,000 төгрөгийг бэлэн бусаар И ийн Х банкны 5926013648 тоот данс руу шилжүүлсэн, улмаар И ийн данснаас кассаар дамжуулан мөнгийг бэлнээр гаргуулан Б гэгч авсан болох нь хариуцагч Х ХХК-ийн тайлбар, дансны хуулгаар тогтоогдсон байна.
Тэрээр В гоос 2018.12.17-ны өдөр Б ид олгосон гэх итгэмжлэлийн эх хувийг ирүүлэхийг Х ХХК-иас шүүх шаардсан боловч ...тухайн үед эх хувиас нь хуулбарлан авч гүйлгээ хийж гүйлгээний баримтад хавсаргасан, итгэмжлэлийн эх хувийг Б ид өгч явуулсан гэх Х ХХК-ийн 2019.12.17-ны өдрийн 29/12339 дугаар албан тоотоор хариу ирүүлсэн болно.
Дээрх итгэмжлэлийг Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч 146 тоот тамгатай Н гэрчлээгүй болох нь түүний тайлбар, бүртгэлийн дэвтэрээр тогтоогдсон бөгөөд Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн албан тоот, 2019.06.25-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоос үзэхэд Х ХХК-ийн 2019.06.20-ний өдөр 29/6515 дугаартай гомдлоор хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн, Х ХХК-ийн гаргасан гомдолд ...Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Х банкны Хүлэг тооцооны төвөөс БНХАУ-ын иргэн В гийн итгэмжлэхээр 1,322,000,000 төгрөгийг гаргуулан авч залилсан байна гэснээс үзэхэд Х ХХК бусдад залилуулсанаа хожим мэдсэн байна.
Х ХХК-тай байгуулсан 2018.10.23-ны өдрийн иргэдийн харилцах данс, хугацаагүй хадгаламж, цахим үйлчилгээний гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.5-д зааснаар харилцагч нь гуравдагч этгээдэд итгэмжлэл олгох, чекийн үйлчилгээ авах зэргээр дансаа захиран зарцуулах, ингэхдээ итгэмжлэл олгосон бүрэн эрхийг тодорхой заасан байх, чек хүлээн авагчид хүчинтэй хугацаа хуанлийн 3 хоног болон хүчин төгөлдөр биеийн байцаалтын хамт банкаар үйлчлүүлэх тухай мэдэгдэх, чекийн маягт дээрх мэдээллийг нэг өнгийн балаар тодорхой гаргацтай бичих, чек эзэмшигчийн хувийг өөртөө авч үлдэх, 4.1.10-т зааснаар 50,000,000 буюу түүнээс дээш хэмжээний төгрөг, 20,000,000 буюу түүнээс дээш хэмжээний төгрөгтэй тэнцэх гадаад валютыг бэлнээр авах тохиолдолд зарлага гаргах өдрөөс ажлын 2-оос доошгүй өдрийн өмнө банкинд мэдэгдэж захилга өгөх үүрэгтэй. Үүнд банкны тухай салбар, нэгж Бямба, Ням болон бүх нийтээр амрах тэмдэглэлт өдрүүдэд ажиллах бол эдгээр өдөр нь ажлын өдөрт хамаарахгүй гэсэн байх боловч харилцагч гэрээнд заасны дагуу эрх, үүргээ хэрэгжүүлсэн эсэхэд Х ХХК зохих ёсоор хяналт тавиагүй байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хулийн 7 дугаар зүйлийн 2-3-т зааснаар хадгалагч нь гэрээнд заасан нөхцөлийн дагуу хадгалуулагчийн тавьсан анхны шаардлагаар түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүрэгтэй, 10 дугаар зүйлийн 2-т хадгалагч нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл, итгэмжлэгдэгчийн иргэний паспорт, түүнтэй адилтгах баримт бичгийг үндэслэн гүйлгээ хийнэ гэж заажээ.
Нэхэмжлэгч В нэхэмжлэлдээ ...хадгалуулсан мөнгөө авахаар 2019.05.14-ний өдөр Х банкнаас шаардахад хадгаламжийн үлдэгдэл 7,670,013.78 төгрөг байгаа болохыг мэдэгдсэн гэж тусгасан байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.7-д зааснаар хугацаагүй хадгаламж байх бөгөөд Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.1-д мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулна, 455.2-т мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол хадгалагч нь хадгалуулагчийн хүссэн цагт түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүүг төлөх үүрэгтэй болно.
Иймд Х ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг үндэслэн 2018.11.16-ны байдлаар хадгаламжид байсан 1,319,776,000 төгрөгнөөс үлдэгдэл 7,670,013.78 төгрөгийг хасч, үлдэх 1,312,105,986.22 төгрөгийн жилийн 5.4 хувийн хүү тооцоход 70,853,723 төгрөг, үүнийг 12 сард хувааж нэг сарын хүүг 5,904,476 төгрөгөөр, нийт хадгалуулсан хугацааг 5 сараар тооцож 29,522,385 төгрөгийн хүүг нэмж нийтдээ 1,341,628,371 төгрөг /1,312,105,986.22+29,522,385/-ийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38,677,370 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 65 дугаар ззүйлийн 65.1, 65.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарыг хүлээн авах боломжгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 455 дугаар зүйлийн 455.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х ХХК-иас 1,341,628,371 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн В-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38,677,370 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,059,478 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 6,866,092 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ