Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
Хэргийн индекс | 182/2019/03000/и |
Дугаар | 182/ШШ2020/00206 |
Огноо | 2020-01-24 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 182/ШШ2020/00206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Япон улсын иргэн, паспортын дугаар, И /Imamura Yoshio/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, гудамж тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт С.Р-д холбогдох
Түрээсийн гэрээний үүрэгт 42,030,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Э, өмгөөлөгч Н.Б, хариуцагч С.Р, өмгөөлөгч О.Ч, гэрч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И шүүхэд болон төлөөлөгч Ш.Э шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Япон улсын иргэн И С.Р нар дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, гудамж дугаар барилгын 9 дүгээр давхарт байршилтай, оффис үйлчилгээний зориулалттай 267,15 м.кв талбайтай Эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү- дугаартай гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг оффисын зориулалтаар 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн нэг сарын төлбөрт 3,200,000 төгрөг төлөхөөр тохирч, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дахин түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн нэг сарын төлбөрт 3,500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээний үүрэгт 32,000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн түрээсийн гэрээнд зааснаар 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөрт 8,580,645 төгрөг, алданги 413,284 төгрөг, ашиглалтын зардал 1,036,353 төгрөг нийт 42,030,280 төгрөг гаргуулж авна. С.Р нь42,030,280 төгрөгийг 1 жил 4 сарын хугацаанд төлж дуусгах нөхцөлд эвлэрэх боломжтой. Түүнээс урт хугацаанд бол эвлэрэхээс татгалзаж байна. С.Ргийн 46 нэрийн 19,027,000 төгрөгийн эд хөрөнгөд жагсаал үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулсан боловч үнэлгээ тогтоолгоогүй тул түрээсийн төлбөрөөс хасч тооцохгүй. Түрээслүүлэгч нь эд хөрөнгийг барьцаалан барих эрхтэй гэв.
Хариуцагч С.Р шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; И бид нар ярилцаж 2 удаа түрээсийн гэрээ байгуулаад гэрээнд заасан хугацааны дагуу төлбөрөө төлж чадаагүй. Ингээд сар бүр 450,000 төгрөг төлж байхаар тохиролцсон. Миний тавилгыг тухайн үед 19,000,000 төгрөгөөр тооцож авсан. Төлбөрөө буцааж төлөх ямар ч боломж байхгүй байсан. Түрээсийн төлбөр 42,030,280 төгрөгийг зөвшөөрч байгаа. Гэвч Япон улсын 2 иргэнтэй хамтдаа бизнес хийхээр болж дахин түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсны дараа тэр 2 Япон хүн миний нэр дээр данс нээгээд гадаад улсаас их хэмжээний мөнгө оруулж ирнэ гэж хэлэхээр нь би татгалзсан тул надтай холбоо бариагүй алга болсон. Тэр 2 хүн хэлэхдээ “чиний түрээсийн төлбөрийг 6, 7 дугаар сард 2 хуваагаад төлнө. Харин чиний нэр дээр компани байгуулах шаардлагатай байна” гэж хэлээд намайг нотариат дээр дуудсан. Одоо тэр 2 хүн Монгол улсад байхгүй. Ямар нэг холбоо барих боломжгүй байгаа юм. Би түүнд найдаад 450,000 төгрөгийн төлөлтөө хийгээгүй. Одоо 2 хуваагаад төлбөрийг чинь төлөх учраас санаа зовох хэрэггүй гэхээр нь итгэсэн. Зөвхөн надаас 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн түрээсийн төлбөрийг нэхэх боломжгүй. Япон улсын 2 иргэн хамт гарын үсэг зурсан. Нэхэмжлэлийн шаардлагыг 42,030,280 төгрөгийг сард 800,000 төгрөгөөр 3 жилийн хугацаанд төлж дуусгахаар эвлэрэх хүсэлт гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч И нь хариуцагч С.Рд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 42,030,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Хариуцагч С.Р “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбар гаргана” гэж маргаж, шүүх хуралдааны үед 42,030,280 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, сард 800,000 төгрөгөөр 3 жилийн хугацаанд төлж дуусгахаар эвлэрэх хүсэлт гаргасан, нэхэмжлэгч нь 1 жил 4 сарын хугацаанд төлж дуусгах нөхцөлд л эвлэрэх боломжтой гэх үндэслэлээр эвлэрэхээс татгалзжээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2.Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч И нь хариуцагч С.Ртай 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, гудамж дугаар барилгын 9 дүгээр давхарт байршилтай, оффис үйлчилгээний зориулалттай 267,15 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг оффисын зориулалтаар түрээсэлж, түрээсийн нэг сарын төлбөрт 3,200,000 төгрөг төлөхөөр тохирч түрээсийн гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дахин түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн нэг сарын төлбөрт 3,500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, тэдний хооронд байгуулсан түрээсийн гэрээ /хх-ийн 9-12 тал/-гээр тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч И нь дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, гудамж дугаар барилгын 9 дүгээр давхарт байршилтай, оффис үйлчилгээний зориулалттай 267,15 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь Эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү- дугаар гэрчилгээгээр тогтоогдож байх ба өөрийн өмчлөлийн байрыг оффисын зориулалтаар түрээслүүлэн түрээсийн гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт заасан бичгээр байгуулах хуулийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
Хариуцагч түрээсийн гэрээг Эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргаж байгаа боловч түрээслүүлэгч нь тухайн объектын зарим хэсгийн өмчлөгч байх ба Эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх үүрэг зөвхөн түрээслүүлэгчийн үүрэг бус түрээслэгч Эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх эрх нь нээлттэй байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заажээ.
Түрээслэгч С.Р 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээний үүрэгт 32,000,000 төгрөг төлөх тухайд маргаагүй. Харин 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн түрээсийн гэрээг Япон улсын иргэн Шигэ Шиничиро /Shige shinichiro/, Шигэ Тэруми /Shige Terumi/ нартай хамт байгуулсан гэж мэтгэлцэж байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч С.Рд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3.Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан зохицуулалттай нийцсэн гэж үзэхээр байна.
Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 3.1-т заасан төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алданги төлнө гэж заажээ.
Хариуцагч С.Ргаас 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөрт 32,000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөрт 8,580,645 төгрөгийг мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар гүйцэтгээгүй үүрэг 8,580,645 төгрөгт тооцсон алданги 413,284 төгрөг нийт 40,993,927 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ид олгох үндэстэй.
Талууд 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дахин түрээсийн гэрээ байгуулж тус гэрээний 7.5.Гэрээний нэмэлт нөхцөл: Түрээслэгч тал ашиглалтын зардал болох ус дулаан, цахилгаан, СӨХ, хог зэрэг ашиглалтын бүхий л зардлыг төлнө. Эд хогшил тоног төхөөрөмж эвдэрсэн тохиолдолд хохирлыг түрээслэгч тал төлж барагдуулна. Өмнөх сарын түрээсийн үлдэгдэл 33,000,000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 31-ний өдөр 16,500,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 16,500,000 төгрөгийг төлж барагдуулна. Мөн өмнөх саруудын ашиглалтын зардлын үлдэгдэл 2,909,032 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулна гэж тохиролцжээ.
Иргэний Хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасан байна.
Нэхэмжлэгч ашиглалтын зардалд 1,036,353 төгрөг төлсөн болох нь Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэх, Орлогын мэдүүлэг зэрэг санхүүгийн баримтаар тогтоогдож байх тул хариуцагчаас 1,036,353 төгрөгийг гаргуулж /хх-ийн 17-19 тал/ нэхэмжлэгчид олгох үндэстэй.
Түрээслүүлэгч нь түрээслэгчтэй 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулж, ...2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, гудамж дугаар барилгын 9 дүгээр давхарт байрлах, 267,15 м.кв талбайтай, оффисын зориулалтаар сар бүр 3,200,000 төгрөгөөр түрээсэлж байгаад одоо хүртэл түрээсийн төлбөрийг төлөөгүй хохиролд зарим эд хогшлыг оролцуулан үлдэгдэл төлбөр болох 16,000,000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сар бүрийн 1-ний дотор графикийн дагуу 450,000 төгрөгөөр 36 сарын хугацаанд төлж дуусгахаар харилцан тохиролцож, 46 нэрийн 19,027,000 төгрөгийн жагсаал үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь гэрч Л.Эийн ”Түрээслэгч С.Ргийн 46 нэрийн эд хөрөнгийг түүний худалдан авсан үнийг нь харж байгаад 19,027,000 төгрөгт тооцоод жагсаалт гаргаж гүйцэтгэх захиралд мэдэгдсэн” гэх мэдүүлэг, Төлбөр барагдуулах гэрээ, Эд хөрөнгийн жагсаалт зэргээр тогтоогдож байна.
Шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн төлөөлөгч дээрх 46 нэрийн 19,027,000 төгрөгийн эд хөрөнгийг төлбөрт оруулан тооцохгүй, үнэлгээг бодитой тогтоогоогүй бөгөөд түрээслүүлэгч барьцаалах эрхтэй бөгөөд дээрх тохиролцооны нэг ч заалтыг хариуцагч С.Р биелүүлээгүй гэж маргаж байгааг хариуцагч үгүйсгээгүй.
Иймд хариуцагч С.Ргаас түрээсийн гэрээний үүрэгт 42,030,280 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Ргаас 42,030,280 /дөчин хоёр сая гучин мянга хоёр зуун наян/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И /Imamura Yoshio/-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдгийн хураамжид төлсөн 372,829 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ргаас 372,829 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И /Imamura Yoshio/-д олгосугай.
3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ