Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2020/ДШМ/218

 

Д.Мид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/1882 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Сайнбаярын бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 08 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Д.Мид холбогдох 1906015632008 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Дийн М, 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, шашин судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 417 дугаар ангид ял эдэлж байгаа, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консул 7 гудамж, 198б тоотод оршин суух бүртгэлтэй;

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 455 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жил хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

            Д.М нь 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 13-ны хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бгийн аавыг Бүгд найрамдах солгонгос улс руу үнэгүй эмчилгээнд явуулж өгнө гэж биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр ярьж, 1.200.000 төгрөгийг хуурч авсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Дийн Мийг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мид 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Д.Мид оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жилийн хугацаатай хорих ял оногдуулсныг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Д.Мийн эрүүгийн 1906015632008 дугаар хэрэгт 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон нийт 46 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор А.Сайнбаяр бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заажээ. Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 350 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/1882 дугаартай шийтгэх тогтоол зэргээр дээрх хоёр шүүхээс шүүгдэгч Д.Мид хорих ял буюу нэг төрлийн ял оногдуулсан болох нь тогтоогдсон. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэг цаг хугацаанд нэгтгэн эдлэх боломжтой нэг төрлийн ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/1882 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.М нь 2014 оны 5 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл бусдын эд хөрөнгийг залилан, бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлдээ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 2019/ШЦТ/350 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байна. 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1882 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Мид 6 сарын хорих ял оногдуулан шийдвэрлэхдээ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын төрлийг хуульчилсан бөгөөд мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “шүүх хэдэн хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн заалтаас үзэхэд хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэхээр, харин хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэхээр хуульчилснаас гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар хэд хэдэн шүүхийн шийтгэх тогтоолоор нэг төрлийн ялыг хэрхэн, яаж гүйцэтгэх талаарх харилцааг зохицуулаагүй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1882 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1882 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Мид холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                           М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ