Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 113/ШШ2021/0013

 

2021 оны 12 сарын 20 өдөр       Дугаар 113/ШШ2021/0013                 Говьсүмбэр аймаг

 

 

 

Хариуцагч прокурорын дүгнэлтийг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Ганзориг би Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Аварзэдийн дүгнэлттэй, Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Х.Баярцэнгэлд холбогдох мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0050711 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий дүгнэлт (гомдол)-ээр захиргааны хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Чойр таван эрдэнэ ХХК-ийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын их эмч Ж.Баярчимэг /РД:ЕЙ89071300/ малчдаас төлбөр авч мал амьтны халдварт шүлхий өвчний вакцин хийсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох 0050711 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаартай дүгнэлтээр хүчингүй болгуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-д Захиргааны хэргийн шүүх ... прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Аварзэдийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар дүгнэлтийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 113/ШЗ2021/0069 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Аварзэдийн Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Х.Баярцэнгэлд холбогдох мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0050711 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Х.Баярцэнгэл хүлээн зөвшөөрснөө 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бичгээр шүүхэд гаргаж, илэрхийлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.

Иймд Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Аварзэдийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар дүгнэлтийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Х.Баярцэнгэл хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Аварзэдийн Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Х.Баярцэнгэлд холбогдох мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0050711 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Х.Баярцэнгэл хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу Говьсүмбэр аймгийн Прокурорын газар нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          З.ГАНЗОРИГ