| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 128/2024/0969/З |
| Дугаар | 221/МА2025/0671 |
| Огноо | 2025-10-16 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2025/0671
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Т” ХХК
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: “Т” ХХК-ийн XV-01**** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, тус компанийн өргөдлийг хүлээн авч XV-01**** тоот хайгуулын зөвшөөрлийн хугацааг сунгах эсэхийг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2025/0514 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н
Хэргийн индекс: 128/2024/0969/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан ““Т” ХХК-ийн XV-01**** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, тус компанийн өргөдлийг хүлээн авч XV-01**** тоот хайгуулын зөвшөөрлийн хугацааг сунгах эсэхийг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 514 дүгээр шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын “Т” ХХК-ийн XV-01**** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, тус компанийн өргөдлийг хүлээн авч XV-01**** тоот хайгуулын зөвшөөрлийн хугацааг сунгах эсэхийг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
3.1 “...Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтад хамрагдах харилцаа байхад шүүгч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах хуулийн заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалтыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс биелүүлсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.
3.2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан зохицуулалтыг зөрчин Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтын дагуу холбогдох бичгийн нотлох баримтыг цуглуулаагүй, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой баримтыг цуглуулж шийдвэр гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан.
3.3 Зөвшөөрлийн тухай хууль нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж үйлчилж эхэлсэн бөгөөд энэхүү хуулиар тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, сэргээх, хүчингүй болгох харилцааг зохицуулсан. Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 8.15 дахь хэсэг, 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглээгүй болно. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан. “Т” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон үйлдлийг түүвэрлэн бичиж дүгнэлт хийсэн нь захиргааны шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байна гэсэнтэй зөрчилдөж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г-ын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд;
3. Анх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар шийдвэрээр “Л” ХХК-д Х аймгийн А сум, Б нэртэй 5075.41 гектар талбай бүхий XV-01**** дугаартай тусгай зөвшөөрлийг олгожээ.
4. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” *** дугаар шийдвэрээр “Л” ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдлийг хянаж үзээд, Х аймгийн А сумын Б нэртэй 5075.41 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-01**** дугаартай тусгай зөвшөөрлийг “Т” ХХК-д шилжүүлж бүртгэсэн байна.
5. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн *** дүгээр шийдвэрээр “Т” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-01**** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар (2 дахь удаа) сунгаж, тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийжээ.
Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
6. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана”, 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж тус тус заажээ.
7. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар (3 удаа) сунгуулах эрхтэй бөгөөд ингэхдээ хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацааг сунгуулах өргөдлийг, холбогдох баримт бичгийг хавсарган төрийн захиргааны байгууллагад гаргах үүрэгтэй, харин тогтоосон хугацаанд өргөдөл гаргаагүй бол тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах боломжгүй талаар тусгайлан зохицуулсан байна.
8. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-01**** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг дуустал байх ба хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дотор (1 сарын өмнө) төрийн захиргааны байгууллагад гаргах ёстой байсан.
9. Гэтэл нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 24/** дүгээр албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад “...тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргалгүй хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж XV-01**** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж өгнө үү” гэх гомдлыг холбогдох баримтуудын хамт гаргасан байх бөгөөд хариуцагчаас уг гомдлыг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэж зохих хариуг хүргүүлсэн, захиргааны байгууллагаас эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна.
10. Тодруулбал, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Б 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1/**** дүгээр албан бичгээр “...хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт ...гэж заасны дагуу танай компани ашигт малтмалын хайгуулын ХВ-****** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс өмнө гаргах ёстой байсан. Тус компаниас хуульд заасан хугацаанд ... тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг гаргаагүйн улмаас мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болсон байна” гэх хариуг “Т” ХХК-д хүргүүлжээ.
11. Хэрэгт авагдсан Хил хамгаалах ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2-46/**** дугаар албан бичгээр ирүүлсэн “Т” ХХК-ийн захирал Б.М-ийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Монгол Улсын хилээр нэвтэрсэн талаарх лавлагаанаас үзэхэд Б.М нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын хилээр орж ирсэн, мөн дараа нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хил нэвтрэн гарсан болох нь тогтоогдож байна.
12. Иймээс Б.М нь 07 дугаар сарын 31-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Монгол Улсад байсан байх тул “Т” ХХК-иас хуульд заасан хугацаанд буюу 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дотор ХВ-****** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө захиргааны байгууллагад гаргах бүрэн боломжтой байсан, энэ хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаан бүхий нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
13. Түүнчлэн, тус компаниас Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацааны дотор ашигт малтмалын хайгуулын ХВ-***** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад гаргаагүйн улмаас мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болгон бүртгэсэн нь хуульд нийцсэн.
14. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “ ...нэхэмжлэлийн шаардлага нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтад хамрагдах харилцаа байхад Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийг баримтлан хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах хуулийн заалтыг үндэслэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. ...өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг хариуцагч биелүүлсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөөгүй, Зөвшөөрлийн тухай хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглээгүй...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
15. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах” өргөдөл гаргах, өргөдлийг хянан шийдвэрлэх журмыг нарийвчлан зохицуулсан тул энэхүү маргаанд Зөвшөөрлийн тухай хууль болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиудыг хэрэглэхгүй бөгөөд “иргэнээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хүлээж авах, хянан шийдвэрлэх” зохицуулалт нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахтай холбоотой харилцаанд хамааралгүй болно.
16. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 514 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА