Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 1104

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00546 дугаар шийдвэртэй, Ж.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Н” ХХК, Б.Н нарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг эрх бүхий байгууллагаас зохих ёсоор гаргуулахыг хариуцагчид даалгах, гэрээнээс учирсан хохиролд 15 400 000 төгрөг гаргуулах, орон сууцны талбайн зөрүү 1 024 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Орхон,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б нь “Н” ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр НАЗУ-ОС-12-0124 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Шигтгээ 1 байранд 52,99 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар тохиролцож, 84 784 000 төгрөгийг төлсөн. Ж.Б нь сургууль, цэцэрлэгийн насны 3 хүүхэдтэй, 2013 онд 2 хүүхэд нь сургуульд, нэг хүүхэд нь нялх байсан. “Н” ХХК  байрыг 2014 оны 2-р улирал буюу 6-р сард багтааж ашиглалтад оруулахаар тохиролцсон. Би 9 сарын хугацаанд байр орон сууц түрээслэсэн хөлсөө нэхээгүй. Нэгэнт байрны мөнгөө 100 хувь төлсөн учраас 2014 оны 6 дугаар сард ашиглалтад орно гэж хүлээгээд, энэ хугацаанд айлын байр түрээслэн суусан. Ингээд 2014 он 6 дугаар сар болсон боловч гэрээний 3.2 дахь хэсэгт зааснаар борлуулагч нь орон сууцыг 2014 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй, 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүрсэн. 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр орон сууцны түлхүүрийг өгсөн, 1 жил 10 сараар гэрээний хугацааг хэтрүүлсэн учраас тэр хугацаанд 84 дүгээр сургуультай ойр иргэн н.Октъябрын байрыг түрээслэн суусан. Хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэмэлт зардлууд гарсан учраас хэтэрсэн хугацааны 2014 оны 6 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хөлсний байранд төлсөн төлбөр болох 15 400 000 төгрөг, орон сууцны талбайн зөрүүний үнэ болох 2 096 000 төгрөгийг гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрчилгээг гаргуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү.

“Н” ХХК-иас талбайн м.кв-ын зөрүү 1 024 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, талбайн зөрүүд 1 024 000 төгрөгийг гаргуулана гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Бтэй 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Нэхэмжлэлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг даалгах, талбайн зөрүү 1 024 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин түрээсийн төлбөрт 15 400 000 төгрөг гаргуулах гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Орон сууц захиалан бариулах гэрээ нь туслан гүйцэтгэгч болон ерөнхий гүйцэтгэгч компанитай байгаа. Мөн Ж.Бийнх шиг 100 хувь төлбөрөө өгөөгүй айлуудаас хамаарч орон сууцыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй бөгөөд барилгын компаниудын хямрал эхлээд барилга зогсонги байдалтай болсон. Түрээсийн төлбөрийн талаар орон сууц захиалан бариулах гэрээнд заагаагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Бийн нэхэмжлэлтэй, “Н” ХХК-д холбогдох, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Шигтгээ-1 орон сууц, 1 дүгээр орц, 10 давхарын В Тип, 2 өрөө байр орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг эрх бүхий байгууллагаас зохих журмаар гаргуулахыг хариуцагчид даалгах, орон сууцны талбайн зөрүү 1 024 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Н” ХХК-ийн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд 4 900 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Нтад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 245 430 төгрөг, 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 200 734 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ бичмэл нотлох баримтад үндэслэлгүй дүгнэлт өгч, гаргасан шийдвэр нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.4, 222.7, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг 2014 оны 2 дугаар улиралд буюу 2014 оны 6 дугаар сард багтаан ашиглалтанд оруулах үүргээ “Назу проперти” ХХК-ийн хугацаандаа гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй. Д.Октябрь, Ж.Б нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээ болон түрээсийн төлбөрийг төлсөн болох нь Худалдаа хөгжлийн банкны баримтаар нотлогдсон. Иймд хариуцагчаас гэрээнээс учирсан хохирол буюу үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс Ж.Бт учирсан хохиролд 4 900 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй болно гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний захиалан бариулсан орон сууцыг 2014 оны 2 дугаар улиралд буюу 2014 оны 6 дугаар сард багтаан ашиглалтад оруулах үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс шалтгаалж Д.Октябрьтай орон сууц хөлслөх гэрээ байгуулж түүний өмчлөлийн орон сууцыг 1 сарын 700 000 төгрөгөөр 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарыг дуустал хөлсөлж амьдарсан. Миний бие Д.Октябрьт 2014 оны 5 дугаар сарын 23-нд 2014 оны 6, 7, 8 дугаар сарын байрны түрээс 2 100 000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 8 дугаар сарын 20-нд 2014 оны 9, 10, 11 дүгээр сарын байрны түрээс 2 100 000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 12 дугаар сар, 2015 оны 1, 2 дугаар сарын байрны түрээс 2 100 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орлогын ордероор, 2015 оны 3, 4, 5 дугаар сарын байрны түрээсийн төлбөрт 2 100 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 2015 оны 3 дугаар сарын 10-ны орлогын ордероор, 2015 оны 6 дугаар сарын байрны түрээсийн төлбөрт 700 000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн орлогын ордероор, 2015 оны 7 дугаар сарын 30-нд 2015 оны 7, 8, 9 дүгээр сарын байрны түрээс 2 100 000 төгрөгийг бэлнээр, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2015 оны 10, 11, 12 дугаар сарын байрны түрээс 2 100 000 төгрөгийг бэлнээр, 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 2016 оны 1, 2, 3 дугаар сарын байрны түрээс 2 100 000 төгрөгийг бэлнээр тус тус төлсөн. Орон сууц хөлслөх хүчин төгөлдөр гэрээний хавсралтаар байрны түрээс төлсөн тохиолдол бүрт Д.Октябрьтай тооцоо нийлж баталгаажуулж байсныг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөөр байхад шүүх зөвхөн Худалдаа хөгжлийн банкны орлогын ордероор баталгаажиж байгаа 4 900 000 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 10 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Шүүхийн дүгнэснээр хариуцагчаас “хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг арилгуулахыг шаардах эрхтэй” юм бол гэрээ байгуулагдсанаас хойш эхний 6 сарын орон сууц хөлслөх гэрээний дагуу бэлнээр төлж гэрээний хавсралтаар талууд гарын үсэг зурж баталгаажуулсан 10 500 000 төгрөгийг шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож, зөвхөн Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан төлсөн дунд талын 7 сарын байрны түрээсийн төлбөрийг хангаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь уг орон сууцыг нийт 22 сар хөлслөн суухдаа зөвхөн дунд талын 7 сарын хөлсийг төлж бусад саруудад үнэ төлбөргүй суусан мэтээр өрөөсгөл дүгнэлт хийж үлдэх 15 сарын төлсөн байрны түрээсийн төлбөрийг хангаагүй нь шүүх нотлох баримтыг бүх талаас нь шинжлэн тогтоож хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэрийн зарим заалт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч “Н” ХХК, Б.Н нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг эрх бүхий байгууллагаас зохих ёсоор гаргуулахыг хариуцагчид даалгах, гэрээнээс учирсан хохиролд тооцож хөлсний байранд төлсөн төлбөр 15 400 000 төгрөг, орон сууцны талбайн зөрүү 2 096 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцны талбайн зөрүүд тооцсон төлбөрийг 1 024 000 төгрөгөөр багасгасан байна.

 

Хариуцагч “Н” ХХК нэхэмжлэлийн шаардлагаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах, орон сууцны талбайн зөрүү 1 024 000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, бусад хэсэгт маргаж мэтгэлцжээ.

 

Хэрэгт авагдсан НАЗУ-ОС-12-01/-24 дугаартай орон сууц захиалгын гэрээг талууд  2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулж, хариуцагч “Н” ХХК нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Шигтгээ-1 орон сууцны 52.99 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2014 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулах, захиалагч Ж.Б нь нийт 84 784 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 6-8/ Уг гэрээний хавсралтаар Ж.Б нь 84 784 000 төгрөгийг “Н” ХХК-д төлж, тооцоо нийлсэн баримт /хх9/ үйлдсэн нь хэрэгт авагджээ.

 

Хариуцагч гэрээ ёсоор 52.99 м.кв талбай бүхий орон сууц хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шүүхээс томилсон шинжээчийн хэмжилт, дүгнэлтээр тухайн орон сууцны талбайн хэмжээг гэрээнд зааснаас 0.64 м.кв-аар дутуу буюу 52.354 м.кв болохыг тогтоосон байна. /хх 59-63/

 

Дээрх дүгнэлттэй холбоотойгоор хариуцагч “Н” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны талбайн зөрүүд холбогдох 1 024 000 төгрөг болон орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг эрх бүхий байгууллагаас гаргуулахыг даалгах хэсгийг хүлээн зөвшөөрсөн /хх104/ тайлбар гаргаснаар шүүх холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагчаар тодорхойлогдсон Б.Нт нь “Н” ХХК-ийн захирлаар ажиллаж байх үедээ талуудын хооронд байгуулсан гэрээнд гарын үсэг зурсан нь нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээсэн гэж үзэхгүй талаар шүүх зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагад хамаарч буй гэрээнээс учирсан хохиролд тооцож орон сууц хөлсөлсөн төлбөрийг шүүх шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны орлогын ордерыг үндэслэн тус банкаар шилжүүлсэн 4 900 000 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх 10 500 000 төгрөгт холбогдох хэсэгт хамаарах нотлох баримтыг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

Хэрэгт авагдсан Орон сууц хөлслөх гэрээ /хх12/-гээр нэхэмжлэгч Ж.Б нь хөлслүүлэгч Д.Октябрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 67 дугаар байрны 25 тоот 1 өрөө орон сууцыг нэг сарын 700 000 төгрөгөөр, 12 сарын хугацаатай хөлслөхөөр харилцан тохиролцсон байна. Харин Байрны түрээсийн төлбөр төлөлтийн бүртгэл, баталгаажуулалт /хх13/ гэх баримтаас үзвэл 2014 оны 6 дугаар сараас 2016 оны 3 дугаар сар хүртэл уг орон сууцыг хөлслөн сууж, зарим сарын төлбөрийг бэлнээр хүлээлгэн өгч, гэрээний талууд харилцан гарын үсэг зурж баримтжуулсан байхад шүүх уг баримтыг үнэлээгүй нь буруу болжээ.

 

Уг нотлох баримтын хүрээнд тооцоог дүгнэвэл 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 2014 оны 6, 7, 8 дугаар сарын түрээс 2 100 000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 2014 оны 9, 10, 11 дүгээр сарын түрээс 2 100 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2015 оны 7, 8, 9 дүгээр сарын түрээс 2 100 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2015 оны 10, 11, 12 дугаар сарын түрээс 2 100 000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 2016 оны 1, 2, 3 дугаар сарын түрээс 2 100 000 төгрөг тус тус бэлэн мөнгөөр төлсөн нь нийт 10 500 000 төгрөг болж байна.

 

Ийнхүү нэхэмжлэгчээс гаргасан дээрх зардал нь хариуцагч “Н” ХХК орон сууцыг 2014 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулах гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой учир орох сууц хөлслөх гэрээгээр төлсөн 15 400 000 төгрөгийг хохиролд тооцон шаардсан нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-т заасантай нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00546 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Н” ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд 15 400 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Бт олгосугай” гэж, 4 дэх заалтын “хариуцагч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 200 734 төгрөг” гэснийг “хариуцагч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 234 950 төгрөг гаргуулан” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                   

            ШҮҮГЧИД                                                       М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА