Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2020/00088

 

2020 оны 01 сарын 08 өдөр Дугаар 183/ШШ2020/00088 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, арцат ...... тоот оршин суух, Б  /РД:......../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, ....... тоот оршин суух, . Э  /РД:..../-д холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б , хариуцагч Б.Э , нарийн бичгийн даргаар Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хоёр салаад нэг жил болж байна. Бид хоёр талаасаа нэг нэг хүүхэдтэй нийлсэн амьдралтай байсан. Салсан шалтгаан бол Б.Э д болон түүний гэр бүлд би гологдсон. Шалтгаан нь би боловсролгүй ядуу, түүний хоёр хүүхдийн аашийг нь эвдсэн гэсэн. Би өөрийн байх боломжтой чадлаараа түүний хоёр хүүхдийг хайрласан. Би бүр өөрийнхөө хүүхдүүдийг эцэг эх дээрээ үлдээгээд Б.Э ын хүүхдүүдийг хардаг байсан. Бид хоёр хамтдаа амьдраад бага хүү төрөөд 2 сар болж байхад муудалцаж эхэлсэн. Манай хадам ээж уг нь надтай сайн харилцаатай ч над руу залгаж цаанаас нь хадам аав үг зааж намайг доромжилсон. Мөн Б.Э  бид хоёр цуг амьдарч байхад надад гар хүрдэг байсан. Иймд цааш хамт амьдрах боломжгүй болсон тул одоо хүүхдээ өөрөө өсгөнө, эцгээс нь тэтгэмж гаргуулах хүсэлттэй байна гэв.

 

Хариуцагч Б.Э  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би анхны ханьтай 2003 оноос хамт амьдарч эхэлсэн 2005 онд манай том хүү төрж, 2011 онд манай бага хүү төрсөн. Б тэй нийлээд О гэдэг хүүтэй болсон. Би эхнэр хүүхдээ зуны амралтаар хөдөө авч явдаг байсан. Би өөрөө улирлын чанарын ажилтай тул тэтгэлэг төлөх боломжгүй. Би Б.Б т гар хүрч байгаагүй. Тэтгэлэг төлөхгүй байх ганц үндэслэл нь би өөрөө хоёр хүүтэй, өрх толгойлсон эцэг. Дээрээс нь улирлын чанартай ажилтай тул хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б ийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.Б , Б.Э  нар нь 2015 онд танилцсан, мөн үеэс хамтран амьдарсан байх бөгөөд тэдний дундаас 2016.08.17-ны өдөр хүү О  төрж, хүүхэд эцгийн нэрийг авсан болох нь ....... дугаартай төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.

Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж зааснаар 2016.08.17-ны өдөр төрсөн хүү О , эцэг Б.Э , эх Б.Б  нарын хооронд эрх, үүрэг үүснэ.

 

Б.Б , Б.Э  нар 2017 оны 08 дугаар сараас хойш тусдаа амьдарч байх бөгөөд энэ хугацаанд хүү О  эхийн асрамжид байсан ба хариуцагч Б.Э  хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, харин хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэх түүний тайлбар хүүхдийг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2016.08.17-ны өдөр төрсөн хүү О ыг эх Б.Б ийн асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2016.08.17-ны өдөр төрсөн хүү О ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр Б.Э аас гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Э аас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ