Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/262

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж, улсын яллагч Н.Уранбайгаль,

шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаар хэргийг 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр *** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ** хамт, * тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуц**ах чадвартай, овогт *******ын ******* (РД:***).

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х.******* нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 20 минутын орчимд ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингисийн өргөн чөлөө “*******” ХХК-ийн баруун хойд талын уулзварт “*******” ХХК-ийн эзэмшлийн Toyota маркийн Prius-30 загварын 9771 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө”, 8.9-т Гэрэл дохио нь дараах утгатай байна. б/ “Шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж байгааг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 8.18-д заасан зогсох газар руу нэвтрэн орохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ******* унаж явсан 13 настай эрэгтэй Ц.*******тэй мөргөлдсөний улмаас түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Х.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Сиди бичлэгт үзлэг хийлгэмээр байна...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
  2. 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх хуудас),
  3. 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-11 дэх хуудас),
  4. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр, *******ын *******ыг драйгер багаж ашиглан шалгахад 0.00 хувь тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12 дахь хуудас),
  5. Хяналтын камерын бичлэг, CD бичлэгэнд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дахь хуудас),
  6. “*******” ХХК-ийн арын уулзварын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионы горим, дохионы ажилласан түүх (хавтаст хэргийн 144-145 дахь хуудас),
  7. Насанд хүрээгүй хохирогч Ц.*******ийн өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 16 цаг өнгөрч байхад хичээлээ тараад өөрийнхөө цахилгаан скутерээр “*******” ХК-ийн баруун хойд талын уулзвараар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй машин явдаг замын 1-р эгнээгээр явж байгаад уулзвар дээр ирэхэд улаан гэрэл ассан байсан ба уулзвараар машин явж байгаа харагдахгүй болохоор нь чигээрээ уулзвараар нэвтэрсэн чинь ертөнцийн зүгээр хойд талаас нэг машин гэнэт гарч ирээд би тэр машины баруун талын толь орчим руу зүүн талынхаа эгмээр мөргөөд унасан. Тэгээд би босож ирсэн чинь машины жолооч нь буугаад ирсэн байсан. Тэгээд тэр жолооч ах намайг машиндаа суулгаад манай гэр лүү явсан. Тэгээд тэр жолооч ах замдаа аавтай утсаар яриад гэмтлийн эмнэлэг рүү явахаар болоод намайг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Гэмтлийн эмнэлэг дээр ирсэн хойно миний аав, ээж хоёр ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь хуудас),
  8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.ын өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 16 цаг 50 минутын үед миний утас руу танихгүй дугаараас нэг үл таних эрэгтэй хүн залгаад манай хүү *******ийг мөргөсөн талаар хэлсэн. Тэгээд хүүг аваад гэр лүү нь аваад явж байна гэж хэлэхээр би хүүг гэмтлийн эмнэлэг рүү аваад яв, гэмтэл дээр уулзъя гэж хэлээд би шууд гэмтлийн эмнэлэг рүү явсан. Замдаа би ээжид нь болсон явдлын талаар хэлсэн. Намайг гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд манай хүүгийн зүүн эгэм нь хугарсан байсан. Тэгээд шууд гэмтлийн эмнэлэгт хэвтүүлээд би өөрөө сахиад хоёр хоногийн дараа буюу 05 сарын 07-ны өдөр зүүн эгмийн яс хадах хагалгаанд оруулсан. Ослын улмаас цахилгана скүүтерт ямар нэгэн эвдрэл учраагүй байсан. Хохирлын үнэлгээ хийлгэх шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь хуудас),
  9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2653 дугаартай шинжээчийн: “1.Ц.*******ийн биед зүүн эгэм ясны хугарал, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 87-88 дахь тал),

        10. Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн “...Уг автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -3.8 байгаа нь стандартын шаардлага хангаж байна , урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.5кН, баруун талдаа 2.6кН зөрүү нь 4% (стандарт <20%), хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.7кН, баруун талдаа 1.9кН, зөрүү нь 11% (стандарт <30%) тоормосны хүчний зөрүү стандартын шаардлагад нийцэж байна. Зогсоолын тоормосны хүч зүүн талдаа 1.3кН,баруун талдаа 1.4 хэвийн ажиллагаатай. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 6200сd, хол дээрээ 39300cd. Баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 5000cd, хол дээрээ 29300сd (стандарт 10000-225000сd) байгаа нь зүүн, баруун гар талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна,

            - Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 6200сd,. Баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 5000сd, байгаа нь зүүн, баруун гар талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна. Урд хоёр оврын гэрэл дугаарын хоёр гэрэл баруун хойд талын дохионы гэрлүүд асахгүй. Баруун урд хаалган дээр 23смх3см хонхойж зурагдсан. Баруун хойд дохионы бүрхүүл хагарсан стандартын шаардлага хангахгүй байна,

            -Учирсан гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн байж болно. Зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй,

            - Зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй,

            -Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын АВЗ бүхий тоормосны системтэй,

            -Уг автотээврийн хэрэгслийн тоормосны систем хэвийн ажиллаж байна,

            -9771 УБМ улсын дугаартай автомашин нь 2020 оны 4 дүгээр сарын 29-нд оношилгоонд орж тэнцсэн,

            -Оношилгооны хугацаа дууссан,

            -Ач холбогдол бүхий зүйл илрээгүй бол...” гэх дүгнэлт, (хавтаст хэргийн 96-103 дахь тал),

            11. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн хошууч А.Оюун-Эрдэнийн гаргасан 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөгчийн 651 дугаар: “...97-71 УБМ улсын дугаартай Тоуоtа Рrius-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Х.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2. “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө.”, 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна: б/ “Шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж байгааг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 8.18-д заасан зогсох газар руу нэвтрэн орохыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна,

            -******* жолоодож явсан жолооч Ц.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.3. “Унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний зам дээр, харин 10-аас 14 хүртэлх насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар унаж хөдөлгөөнд оролцож болно. 16 нас хүрээгүй бол мопед жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно, 8.2. Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө.”, 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ “Улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрсөн гэх үндэслэлтэй байна...” гэсэн магадлагаа (хавтаст хэргийн 113 дахь тал),

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 126 дахь тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 128 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 129 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 130 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 131 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 132 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 133 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 134 дэх тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.******* нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 20 минутын орчимд ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингисийн өргөн чөлөө “*******” ХХК-ийн баруун хойд талын уулзварт “*******” ХХК-ийн эзэмшлийн Toyota маркийн Prius-30 загварын 9771 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө”, 8.9-т Гэрэл дохио нь дараах утгатай байна. б/ “Шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж байгааг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 8.18-д заасан зогсох газар руу нэвтрэн орохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ******* унаж явсан 13 настай эрэгтэй Ц.*******тэй мөргөлдсөний улмаас түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Талуудыг байлцуулан хэрэгт хавсаргасан сидинд үзлэг хийхэд Х.******* нь ногоон гэрлээр зорчих хэсгээр явж байсан ба явган хүний гарц хүрэхэд шар гэрэл дохио солигдож уулзварыг нэвтрэн осол гаргахад улаан гэрэл дохио ассан байх бөгөөд энэ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн болох нь тогтоогдов.

Шүүгдэгч Х.*******ын автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, насанд хүрээгүй хохирогч Ц.*******, түүний хууль ёсны төлөөлөгч Г. нарын мэдүүлэг, шинжээчийн 6814 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа гаргаж өгөөгүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Харин шүүгдэгч Х.*******ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн скүүтэр жолоодож явсан хохирогч 12 нас 7 сартай Ц.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 25.3-т “Унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний зам дээр, харин 10-аас 14 хүртэлх насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар унаж хөдөлгөөнд оролцож болно. 16 нас хүрээгүй бол мопед жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.”, 8.2-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө.”, 8.9-т Гэрлэн дохио нь дараах утгатай байна: г/ “Улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

              Тиймээс шүүгдэгч Х.*******д шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал /...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 33 настай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг/ зэргийг харгалзан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

            Шүүгдэгч Х.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч овогт *******ын ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар овогт *******ын *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Х.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г. нь энэ гэмт хэргийн улмаас учирсан насанд хүрээгүй хохирогч Ц.*******ийн хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Х.*******д сануулсугай.       

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

           

 

 

 

    ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТБОЛОР