Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2020/00317

 


 

2020 оны 02 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2020/00317 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголон 22 гудамж ...... тоотод оршин суух, Т   /РД........./-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын ........тоотод оршин суух, Ж  /РД.........../-д холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Т  , хариуцагч Г.Ж , нарийн бичгийн даргаар Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Т   шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2017 онд танилцаж 2018 оны 11 дүгээр сараас хамтран амьдарч эхэлсэн. Манай охин Х  2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн. Манай охин 2 сартай байхад нь Г.Ж тай хэрэлдэж салсан. Ер нь бол харилцаа болон ар гэрийн асуудлаас болж салсан. Би ээжийгээ дагуулаад салснаас хойш гурван сарын дараа очиж Г.Ж тай уулзаж дахин хамт амьдрахаар болсон ч дахин хэрүүл гарч салсан. Хариуцагч Г.Ж  хүүхдийн живхэнд гарлаа гэж худлаа ярьж гадуур сагсан бөмбөг болон РС тоглоомын газар тоглоод алга болчихдог. Г.Ж  намайг уйлах болгонд загнаж гадаа гараад уйл, чи яасан их уйлдаг юм бэ гэж загнаж намайг их гомдоосон. Ажил хийдэг хэрнээ цалин мөнгөө өгдөггүй, одоо бид ойлголцохгүй тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэв.

 

Хариуцагч Г.Ж  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Үерхэж байхад муудалцах асуудал гарч намайг О.Т   алгадаж, өшиглөж зоддог байсан. 2019 оны 3 дугаар сард салсан шалтгаан нь тухайн үед би нэхэмжлэгчийн гэрт амьдардаг байсан ба муудалцах үед намайг зайл, чамтай чамгүй охиноо өсгөнө гэж хөөдөг байсан. Түүний ээж нь найзтайгаа нийлж намайг янз бүрийн ёс бус үгээр доромжилж миний толгой руу тоосго, чулуу шидэж, хөхөвчөөрөө намайг алгадаж байсан удаатай. Хүүхдийн талаар маргахгүй, миний хүүхэд тул хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Т  ын хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд О.Т  , Г.Ж  нар нь 2017 онд танилцсан, 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хамтран амьдарсан байх бөгөөд тэдний дундаас 2019.01.10-ны өдөр охин Х  төрж, хүүхэд эцгийн нэрийг авсан болох нь ............ дугаартай төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.

Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж зааснаар 2019.01.10-ны өдөр төрсөн охин Х , эцэг Г.Ж , эх О.Т   нарын хооронд эрх, үүрэг үүснэ.

 

Г.Ж , О.Т   нар 2019 оны 3 дугаар сараас хойш тусдаа амьдарч байх бөгөөд энэ хугацаанд охин Х  эхийн асрамжид байсан ба хариуцагч Г.Ж  хүүхдийн асрамж болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаагүй болно.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2019.01.10-ны өдөр төрсөн охин Х г эх О.Т  ын асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2019.01.10-ны өдөр төрсөн охин Х г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр Г.Ж гаас гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Ж гаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ж гаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ