Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 1130

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Д” компанийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2017/00452 дугаар шийдвэртэй, “Д” компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ө” ХХК, Д.Н, “Б” ХХК, Ц.Ц нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 189 289 813 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч “Ө” ХХК, Д.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир,

Хариуцагч “Өгөөмөр хучирт” ХХК, Д.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн,

Хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн өмгөөлөгч С.Батмөнх-Очир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

БНСУ-ын W.CH.trade.со компанийн захирал Baik Woon Chang /Бек Үн Чан/ миний бие М.Сандуйжав, түүний эхнэр Д.Н нартай 2012 онд танилцаж Монгол улсад хатаасан май загас, хатаасан далайн байцаа нийлүүлэхээр тохиролцсон. Бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд хуулийн этгээдтэй гэрээ байгуулах ёстой гэсний дагуу Д.Нын үүсгэн байгуулсан “Ө” ХХК-тай экспортын бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан. “Ө” ХХК-ийн захирал Солонгос улсад ирж Жинми Сүсан компанийн далай гаралтай бүтээгдэхүүн Монгол улсад борлуулахаар урьдчилан тохиролцож 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр БНСУ-ын Пёнтэк боомтоос “Haeyang marine” /Хэ ян сү сан/ компанийн 33 521 ам.долларын бүтээгдэхүүнийг нийлүүлж, “Ө” ХХК 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсан. Монгол улсад борлуулалт сайн байна, дахин нийлүүлж өгнө үү гэсэн тэдний хүсэлтийн дагуу W.CH.trade.CO компанийн нэрээс 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Пёнтэк боомтоос 14 546 ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлж “Ө” ХХК нь 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан. W.CH.trade.CO компанийн нэрээр дахин 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Пёнтэк боомтоос 38 982 ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлж “Ө” ХХК 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсан.

Худалдах худалдан авах гэрээний дагуу борлуулалтын дараа бүтээгдэхүүний үнийг төлөхөөр тохиролцсон боловч нэг ч удаа төлбөр хийгээгүй. Борлуулалт сайн байна гэж 3 удаа чингэлэг ачаа авсан нь залилан мэхэлсэн үйлдэл гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч гэрээ байгуулсан тул иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж Дүүргийн хоёрдугаар Прокурорын газрын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн тогтоол гарсан учир шүүхэд нэхэмжлэл гарган хариуцагч нараас худалдан авсан бүтээгдэхүүний үнэ 87 049 ам.долларыг гэрээний хугацаа дуусгавар болж үүрэг үүсэх үеийн 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Монгол банкны ханш 1811 төгрөгөөр тооцож 157 647 459 төгрөг, үүргээ биелүүлээгүйгээс Монголд ирж төлбөр шаардсан,  Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байцаан шийтгэх ажиллагаанд оролцсонтой холбоотой зардлын хамт гаргуулана.

Хариуцагч “Ө” ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу хувьцаа эзэмшигч давхар хариуцлага хүлээнэ гэсний дагуу хувьцаа эзэмшигч Д.Н, “Ө” ХХК-иас төлбөрийг шаардсан. Монгол улсад 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл “Эйр маркет” ХХК-ийн 10 удаагийн нислэгийн тийз 8 923 453 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Кореан эйр компанийн 610 800 вон буюу тухайн өдрийн ханш 1 068 900 төгрөг, нийт тийзний үнэ 9 992 353 төгрөг, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны хуульчийн зардал 20 000 000 төгрөг, бүтээгдэхүүний төлбөр 87 049 ам.доллар буюу 157 647 460 төгрөг, орчуулгын 1 650 000 төгрөг, нийт 189 289 813 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж хохиролгүй болгохыг хүснэ.

Хариуцагч “Ө” ХХК нь дээрх бүтээгдэхүүнээс “Б” ХХК-ийн захирал Ц.Цт 85 000 000 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн тул уг компани болон иргэнийг хариуцагчаар татан оролцуулах шаардлага үүссэн. Иймд “Б” ХХК болон иргэн Ц.Цээс 85 000 000 төгрөгийг, 104 289 813 төгрөгийг “Ө” ХХК болон иргэн Д.Н нараас тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Ө” ХХК, Д.Н нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Солонгосын иргэн Бэк 2012 оноос 2013 он хүртэл хамтран ажиллая гэхээр нь эхний ээлжинд дээж авч, судалгаа шинжилгээнд өгч үзье гэсэн боловч их хэмжээгээр явуулж, энэ бол наймаа биш, Монголд үйл ажиллагаа явуулах халхавч шүү. Үүнээс мөнгө төгрөг хуримтлагдахгүй гэж байнга хэлдэг байсан. Гэтэл нэг л өдөр би Ц.Цтэй хамтарч ажиллана бараа бүтээгдэхүүнийг энэ хүнд өг гэсэн, тэгвэл албан тоот гарын үсэгтэйгээ албан тоот хийгээд өг гэхэд бичиг баримтын хэрэггүй гэж уурлан хашгирч сүр болгосоор бараагаа авсан. Энэ хүртэл бид уг бүтээгдэхүүнийг хүмүүст ярьж танилцуулах, борлуулах ажил хийж байсан. Борлуулалт их муу байна хийх газар ч олдохгүй хэцүү, нэмж бараа авахгүй гээд байхад бидэнд мэдэгдэхгүй дур мэдэн бараа явуулаад аваарай гэж утсаар мэдэгдэж байсан. Бараа нь 2013 оны 03 дугаар сарын 20-нд 2 дахь чингэлэг, 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 3 дахь чингэлэг ирсэн. Мөнгөний боломжгүйгээс бараа нь гааль дээр 10-14 хоног хүлээгдсэн боловч гааль ачаагаа ав гэж удаа дараа утастаад байсны улмаас арга буюу хүнээс мөнгө 0.5 хувийн хүүтэй зээлж авсан. Үүнийг өөрт нь хэлж ярихад хамаагүй хүнээс зээлээд ав би удахгүй очоод өгнө гэж байсан. Өөрөө ирээд барааг үзэж хараад, бид ч энд борлогдохгүй байгааг болон хадгалах нөхцөл хэцүүг хэлэхэд би мэдэж байна гэдэг байсан. Бид ядаж л гаалийн татвар, ачааны хөлсөө олох гэж бодож нэр бүхий дэлгүүрүүдтэй гэрээ хийж ажилласан боловч Монголчууд хэрэглэж заншаагүй учир борлогдоогүй юм. Энэ бүгдэд ажилчин, унаа машин, агуулах гээд маш их зардал чирэгдэл болсон талаар өөрөө болон орчуулагч нар нь энэ бүгдийг мэдэж байгаа.

Бэк нь намайг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан онц хүнд гэмт хэрэгт гүтгэж олон сараар цагдаад байцаагдаж ажил амьдралаараа хохирсонд гомдолтой байгаа. 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулсаны дагуу шаардлага гаргаж байна гэх боловч гэрээ огт байгуулагдаагүй. Д.Н нь нэг ч удаа Солонгос улс явж байгаагүй. Биднийг эхний удаад барааг сурталчилж өгөөч гэсний дагуу хамтран ажилласан, худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй. Барааг хүлээж авахгүй гэтэл “Ө” ХХК-ийн нэр дээр ирсэн учир гаалийн байгууллага хүлээж авахыг шаарддаг байсан. Зардлыг Бек Үн Чан төлөх ёстой боловч төлөөгүй учир гааль, төмөр зам тээврийн зардалд 23 052 244 төгрөг, НӨАТ-т 2 048 365 төгрөг, тээвэр үйлчилгээнд 7 000 000 төгрөг, агуулахад 2 400 000 төгрөг, ажилчдын хөлс 1 936 000 төгрөг, сурталчилгаанд 135 000 төгрөг тус тус зарцуулсан. Борлуулалтаас 3 800 000 төгрөгийг Бек Үн Чанд өгсөн.  Мөн 674 300 төгрөгийн далайн байцаа, хатаасан загасыг гэр бүл, садан төрлийн хүмүүстээ өгнө гээд Бек Үн Чан буцаан авсан. “Б” ХХК-д барааг шилжүүлэхэд ч манай компаниас зардал гарсан. Эрүүгийн хэрэг шалгагдаж байхад үлдсэн байцааг хурааж битүүмжилсэн. Эдгээрийг нэхэмжлэлийн үнээс хасах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Орчуулагчийн зардал нь баримтын шаардлага хангаагүй. Хуульчийн зардал нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хугацаа дууссан бүтээгдэхүүнийг Цагдаагийн байгууллага устгалд оруулсан, бүтээгдэхүүн гааль дээр “Ө” ХХК-ийн нэр дээр ирсэн учир Д.Н ч нэхэмжлэлд огт хамааралгүй тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгч Ц.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Надаас болон манай компаниас 85 000 000 төгрөг нэхэмжилжээ. БНСУ-ын иргэн Бек Үн Чан надтай хамтран ажиллаж бизнесийн хамтрагч болно гэж жоншны наймаа эрхлэх талаар ярьж анх уулзаж байсан. Би энэ хүнтэй далайн байцаа худалдан авах талаар огт гэрээ хийгээгүй. Монголчуудад таниулах үүднээс барааг хүлээн авч, компанийн зүгээс лийрний мөнгө 10 000 ам.доллар шилжүүлсэн байсан. “Б” ХХК нь анх нэхэмжлэгч Бэк Үн Чантай хамтран бизнес хийх болж 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулагдаж, нэхэмжлэгчийн хүсэлт шаардлагын дагуу “Ө” ХХК-иас 4209 хайрцаг далайн байцааг хүлээн авч борлуулах, түүнтэй холбоотой бэлтгэл үйл ажиллагааг 2013 оны 06 сараас эхлээд, далайн байцааны хадгалах хугацаа дуусах 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 15 сарын хугацаанд явуулсан.

Энэ хугацаанд бэлнээр 39 100 000 төгрөг, дансаар 58 000 000 төгрөг, нийт 97 100 000 төгрөгийн борлуулалтын орлоготой, 79 800 000 төгрөгийн зардалтай ажилласан. Дунджаар үзвэл 1 сард 6 500 000 төгрөгийн борлуулалттай 5 300 000 төгрөгийн зардалтай ажилласан. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй сүлжээ дэлгүүрийн 200 орчим салбар, Нарантуул, Барс, Хархорин, Дэнжийн мянга, Бөмбөгөр, Орхон, Баянзүрх зэрэг захууд, Өмнөговь, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Налайх, Өвөрхангай, Дорноговь аймгууд, Улаанбаатар хотын бүх дүүргүүдэд байрлах 100 орчим жижиг хүнсний дэлгүүрүүдэд түгээлт, борлуулалт хийж, 8 хүнийг цалинжуулж ажиллуулсан ба тэдний дунд нэхэмжлэгч Бек Үн Чаны орчуулагч нарын цалин ч багтаж, сард дунджаар 2-5 хүнд цалин олгож ажилласнаар нийт 23 900 000 төгрөгийг цалин, гэрээт ажлын хөлсөнд зарцуулж, дундаж цалин 1 600 000 төгрөг, Хүн амын орлогын албан татвар 1 200 000 төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэлд 3 700 000 төгрөг, Нэмэгдсэн өртгийн татварт 4 900 000 төгрөг, нийт 9 800 000 төгрөгийн татвар улсад төлсөн. Ажлын байрны хувьд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд Рааш булаг төвийн 404 тоот тавилгатай 1 өрөөг 2013 оны 08 сараас 2014 оны 2 дугаар сарын 25 хүртэл 7 сар түрээслэн 3 300 000 төгрөг зарцуулсан. Барааг нэхэмжлэгчийн сонгосон Амгаланд байрлах 430 м.кв агуулахад хадгалсан боловч борооны ус нэвтэрч байцааг норгож байсан тул дээврийг зассан боловч их борооны ус орсон. Энэ агуулах нь зохион байгуулалтын хувьд 1 хөргүүртэй ба энэ хэсэгт загас хадгалах, 1 хэсэгтээ цонхгүй тул далайн байцааг хадгалах, орох хаалганы хэсгийн том талбайд тасалгааны хэмд жимс хадгалахад тохирох бүгд төвлөрсөн гэж Бэк Үн Чан өөрөө үзэн сонгосон. Гэвч хүнсний бүтээгдэхүүн хадгалах эрүүл ахуй, халдваргүйжилттэй холбоотой агуулах солих болж 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Сонсголонд “Интердесижн” ХХК-ийн агуулахад шилжүүлсэн боловч далайн байцааны гол дайсан хулганатай болохыг мэдэж, 11 сард Зурагтад хүний контейнер түрээсэлэн нүүдэл хийсэн. Дэнжийн 1000, Хайлааст, Гурвалжингийн гүүрний дэргэдэх агуулхуудаас Амгалангийн агуулахад 8 удаа, Амгалангаас Сонсголон руу 4 удаа, Сонсголонгоос Зурагтад 3 удаа, Зурагтаас Шарга морьтод 3 удаа, нийт 18 удаагийн шөнийн тээвэрлэлт хийсэн. Далайн байцааг стандартад нийцсэн машинаар бараа хүлээж авах хуваарьт цагуудад борлуулалтын цэг дэлгүүрт түгээх 2014 оны 01 сараас 2014 оны 07 сар хүртэл граш зориулалтын машин түрээсэлсэн. Нийт 15 сарын хугацаанд ажлын байр, агуулах, нүүлгэлт, тээвэр, борлуулалтын түгээлтийн тээвэр, түрээсийн зардалд нийт 23 000 000 төгрөг зарцуулсан. 3 500 000 төгрөгт хоол, маркетинг, шинжилгээ, борлуулалтын машин, зогсоолын төлбөр гэх мэт элдэв шимтгэл зардлууд тусгагдсан. Бэк нь далайн байцаанаас огт ашиг олохгүй, энэ бол бидний эхлүүлэх бизнесийн эхлэл, халхавч юм шүү, Монголд байгаа Солонгосчууд намайг далайн байцаа л борлуулах гэж байгаа юм байна гэж харна. Тиймээс далайн байцаанаас ашиг харах хэрэггүй. Чи дараагийн бизнестээ бэлдээд байж байгаарай гэж хэлдэг байсан атлаа намайг эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгт гүтгэн нэр хүндэд халдсан нь маш хүндээр туссан. Надад яг 85 000 000 төгрөгийн бараа өгсөн гэдгийг нэхэмжлэгч өөрөө тодорхойлдоггүй. Би “Ө” ХХК-иас 4209 хайрцаг далайн байцаа хүлээн авсан нь үнэн. Эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас байцааг битүүмжилсэн, хэрэгсэхгүй болсоны дараа бүх барааны хугацаа дууссан байсан тул хогийн цэг дээр аваачиж устгасан. Нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т зааснаар бүрэн тодорхойлогдохгүй байгаа учир хангахгүй байх үндэслэлтэй. “Д” ХХК нь Солонгос талын тээвэрлэлтийн бусад компанийг төлөөлөх бүрэн эрхгүй. 85 000 000 төгрөгийг би болон компани бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 491 дүгээр зүйлийн 491.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ө” ХХК-иас 41 346 390 төгрөг, хариуцагч “Б” ХХК-иас 5 206 384 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Д” компанид олгож, “Ө” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 62 943 423 төгрөгийн шаардлагыг, “Б” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 79 793 616 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Д.Н, Ц.Ц нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” компаниас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 104 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ө” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 364 681 төгрөг, хариуцагч “Б” ХХК-иас 98 252 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Д” компанид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Ө” ХХК, Д.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Ө” ХХК нь “Дабель Юү Си Эйч” ХХК-тай экспортын бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, ямар нэгэн үүрэг үүсээгүй байхад 41 346 390 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Шүүх талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтууд шаардлага хангаагүй, 4 хариуцагч тус бүрээс гаргуулах нэхэмжлэлийн үнэ тодорхойгүй байгаа зэргийг шийдвэртээ дурдсан атлаа 41 346 390 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй. Нөгөөтэйгүүр шаардах эрхийн тухайд БНСУ-ын HAEANG MARINE компанийн өмнөөс “Дабель Юү Си Эйч” ХХК нь нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгоогүй, “Дабель Юү Си Эйч” ХХК-ийн итгэмжлэл нь хууль зөрчсөн байхад нэхэмжлэлийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, ямар үндэслэлээр нэг бүрийн үнийн дүн тодорхойгүй, тооцоолол, харилцан тохиролцсон зүйл байхгүй, ямар нэгэн даалгавар өгсөн зүйлгүй байхад даалгаварын гэрээ байгуулагдсан гэж үзсэн, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1616 дугаартай магадлалын заалтууд биелэгдээгүй байхад шүүх “Ө” ХХК-иас 41 346 390 төгрөг гаргуулсан нь үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн гэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

 

Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч “Ө” ХХК, Д.Н, “Б” ХХК, Ц.Ц нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 189 289 813 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны 0756354, 0809419, 0810256 дугаартай мэдүүлэг /1хх175-213/-ээс үзвэл Солонгос улсын “Haeyang marine” /Хэ ян сү сан/ компани 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 33 521 ам.долларын үнэ бүхий хатаасан, давсалсан загас, хатаасан далайн байцаа, “Д” компани 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 14 546 ам.долларын үнэ бүхий хатаасан далайн байцаа, 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 38 982 ам.долларын үнэ бүхий хатаасан далайн байцаа илгээснийг хариуцагч “Ө” ХХК хүлээн авсан үйл баримт тогтоогдсон.

 

Зохигчдын хооронд тодорхой эрх, үүрэг үүсгэсэн, энэхүү шаардах эрхийн агуулгыг тодорхойлоход ач холбогдолтой эрх зүйн маргаантай харилцааны талаар нэхэмжлэгч өөрөө худалдах, худалдах авах гэрээ гэж тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэхэмжлэлд дурдаж буй нотлох баримтаар нотлогдсон үйл баримт нь даалгаврын гэрээний харилцааны шинжтэй байгааг шүүх тогтоосон тул уг харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу маргааныг шийдвэрлэсэн нь зөв болно.

 

Нэхэмжлэгч компани худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр 3 удаагийн улс хоорондын тээвэрлэлтээр 87 049 ам.долларын үнэ бүхий далайн гаралтай бүтээгдэхүүнийг хариуцагч “Ө” ХХК-д шилжүүлсэн гэх боловч талуудын хооронд эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх, үнэ төлөх талаар тохиролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд “Д” компани болон “Ө” ХХК-ийн хооронд даалгаврын гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Учир нь хариуцагч “Ө” ХХК-ийн нэхэмжлэгчийн илгээсэн далайн гаралтай бараа бүтээгдэхүүнийг нь хүлээн авч, сурталчлах худалдан борлуулах ажлыг хийсэн, нэхэмжлэгчийн шаардсан ёсоор хариуцагч “Б” ХХК-д 4209 хайрцаг барааг шилжүүлсэн тул эдгээрт холбогдох зардал, нэхэмжлэгч өөрөө авсан бүтээгдэхүүн, эрүүгийн хэрэгт шалгагдах явцад үлдсэн барааг битүүмжилсэн зэрэг нөхцөл байдлаас үзэхэд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.

 

Хэрэгт авагдсан Экспортын бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ /1хх 8-13/ гэх баримтыг нэхэмжлэгч “Д” компани нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж хэрэгт хавсаргасан боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй тул уг баримтад үндэслэн талууд худалдах, худалдан авах гэрээний гол шинж болох үнэ төлөх нөхцлийн талаар тохиролцсон гэж үзэхгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Шүүх Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн учир хариуцагчаас даалгавар гүйцэтгэхтэй холбогдон зайлшгүй гаргасан зардлыг даалгавар өгөгчөөр төлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй. Энэ тохиолдолд даалгавар гүйцэтгэхтэй холбоотой зардал гаргасан гэдгээ даалгавар гүйцэтгэгч баримтаар нотолсон бол нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцно. Хариуцагч “Ө” ХХК-ийн хувьд дээр дурдсан зардлыг гаргасан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Анхан шатны шүүх хариуцагч “Өгөөмөр хучирт” ХХК-ийн барааг хүлээн авахад гаалийн байгууллагад төлсөн татвар 20 281 930 төгрөг, тээврийн зардалд төлсөн 8 491 200 төгрөг, шинжилгээ, тээвэр зууч, хадгалалт зэрэгт 377 940 төгрөг, нэхэмжлэгчийг төлөөлж буй “Д” компанийн захирал Бек үн чанд бэлнээр өгсөн 3 800 000 төгрөг, нийт 32 951 070 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн барааны үнээс хасч, үлдэх 41 346 390 төгрөгийг тус компаниас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтад үндэслэсэн байх бөгөөд хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч “Б” ХХК-иас “Өгөөмөр хучирт” ХХК-ийн шилжүүлсэн 4209 хайрцаг бараа бүтээгдэхүүний үнэнд 85 000 000 төгрөгийг шаардсан, хариуцагч тухайн бүтээгдэхүүнээс нийт 97 100 000 төгрөгийн борлуулалт хийсэн, үүнээс 79 793 616 төгрөгийн зардал гарсан гэж тайлбарлсныг шүүх харьцуулан дүгнэсэн байна. Улмаар хариуцагчаас гаргасан зардал болох 79 793 616 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцон 5 206 384 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагчаар тодорхойлогдсон “Б” ХХК-ийн захирал Ц.Ц, “Өгөөмөр хучирт” ХХК-ийн захирал Д.Нансанлням нарын хувьд нэхэмжлэгч “Д” компанийн илгээсэн бараа бүтээгдэхүүнийг иргэнийхээ хувиар хүлээн авч маргаан бүхий харилцаанд оролцсон гэж үзэхгүй тул тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасантай нийцсэн байна.

 

Хариуцагч “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Haeyang marine” /Хэ ян сү сан/ компанийн 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 33 521 ам.долларын үнэ бүхий хатаасан, давсалсан загас, далайн байцаа шилжүүлсэнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг “Д” компани гаргах эрхгүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэрэгт авагдсан “Haeyang marine” /Хэ ян сү сан/ компанийн захирал Ким ги дү нь 2017 онд хариуцагч “Ө” ХХК-ийн 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсан чингэлэг /SKHU 9207461/-тэй холбоотой бүх эрх, хариуцлагыг “Д” компанийн захирал Пэг үн чанг-д олгосон итгэмжлэл /1хх17/, “Д” компанид “Хэян сүсан” компани /англи нэр Haeyang marine/-ийн зүгээс “Өгөөмөр хучирт” ХХК-ийн 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсан чингэлэг /дугаар SKHU9207461/-ийн хэрэгтэй холбоотой бүхий л хариуцлага, эрхийг олгосон итгэмжлэл /2хх6/ зэргээс үзвэл “Haeyang marine” /Хэ ян сү сан/ компанийн өмнөөс “Д” компани нэхэмжлэл гаргах эрхгүй гэх үндэслэлгүй юм.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл анхан шатны шүүх уг хэргийн оролцогч нарын хүсэлтээр болон магадлалд заасан хийвэл зохих ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1616 дугаар магадлалын заалтууд биелэгдээгүй гэх давж заалдах гомдол хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/00452 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Ө” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Ө” ХХК-ийн төлсөн 364 682 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА