| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2017/0007/Э/ |
| Дугаар | 08 |
| Огноо | 2017-02-01 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа
Улсын яллагч Т.Эрдэнэбат
Шүүгдэгч Р.З-н өмгөөлөгч М.Энхзаяа
Шүүгдэгч Э.Б-н өмгөөлөгч Ж.Мөнхнасан
Шинжээч Д.Тогтох, Б.Цэндхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн З овогт Р-н З, Х овогт Э-н Б нарт холбогдох эрүүгийн 201607000176 тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн ****** сумын харьят, ***** оны ***** дугаар сарын ****-ны өдөр төрсөн, одоо 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн****** сумын ********* багт оршин суудаг, ял шийтгэлгүй, аймгийн аварга малчин, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, алдарт эхийн 2 дугаар зэргийн одонтой, яамны жуух бичгээр шагнуулж байсан гэх, бие эрүүл, ухаан санаа бүрэн, ********** регистрийн дугаартай, З овогт Р-н З гэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн ******* сумын харьят, ****** оны **** дугаар сарын ****-ны өдөр төрсөн, одоо 34 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн******* сумын ******** багт оршин суудаг, ял шийтгэлгүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн,*********** регистрийн дугаартай, Х овогт Э-н Б гэв.
Ховд аймгийн Дарив сумын нутаг дэвсгэрт 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн ******** сумын иргэн Р.З, Э.Б нар хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо зодолдож, Р.З, Э.Б нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргүүдийг үйлджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
А. Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч /хохирогч/ Р.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр өглөө эрт эд нар явж байгаад өдөр 11-12 цагийн үед эргэж ирсэн. Би гурил, будаа авахаар нэмэгдэж машинд нь суусан. Би “та нар орой ирэх юм уу?” гэж асууж байгаад суусан. “Яг орой ирэх юм уу? ирж амжихгүй бол би явмааргүй байна” гэж асуухад морьны хүүхэд хүргэж өгчихөөд оройдоо ирнэ гээд явсан. Дарви сум дээр очоод эрчүүд бөхөө үзсэн. Б өдөржин машинд сууж байгаад гуанзанд орчихоод явахаар нь “чи яах гэж байгаа юм бэ?” гэж асуухад “манай ангийнхан уулзалттай” гээд хүмүүс ирээд авч явсан. Өмнө нь тэр талаар огт хэлээгүй. Орой явах болоод утсаар ярихад “явна заавал явна” гэж хэлсэн. Тэгээд ирэхгүй байхаар нь А гэж ангийнх нь хүүхдээр дуудуулж гаргаж ирсэн. Гарч ирчихээд би заавал явна та нар битгий яваарай гэж хэлсэн. Манай хүүхэд араас худаг эвдэрчихлээ хурдан ирээч гэж дуудсан. Манай нөхөр Б “явчих уу” гэхээр нь “хүмүүстэй хамт ирчихээд хаяж явж болохгүй байх, намайг буруутгах байлгүй” гэж хэлээд хоносон. Б-тай би хоёр өдөр хамт явахад архи уугаагүй. Б-н мэдүүлэг худлаа. Г, Г нар нилээн согтуу байсан. Г, Г хоёр галын наадамд оролцсон. Бид хоёрт очих айл байхгүй учраас Б-г хүлээж, машиндаа хээр хөдөө хоносон. Маргааш нь буцах гээд Б бид хоёр Г, Г, Б нарыг хайгаад олдохгүй, хайсаар байгаад Г, Г хоёрыг олсон. Тэгээд “Б-ээг олооч” гэхэд олдохгүй, Б-н аав нь Б-г хайгаад явж байсан. Тэгтэл Б-н нөхөр нь бид нар луу залгаад “та нар хурдан гараач яагаад гарахгүй байгаа юм бэ?” гэж манай нөхөрлүү уурласан. Тэгэхээр нь манай нөхөр “танай эхнэр Б олдохгүй байна, бид нар гармаар байна” гэж хэлсэн. Б-г нэг удаа олж авчихаад тарвас авах гээд хайгаад явж байтал дахиад алга болчихсон. Алга болж байгаад хэсэг хугацааны дараа Porter маркийн машинтай, нэг хүнтэй хамт ирсэн. Дэлгүүрээс юм авах гээд ороход Б надаас “мөнгө байна уу?” гэж гуйхад нь би “ надад байхгүй байна, байсан мөнгөөрөө юмаа авчихсан” гэж хэлсэн. Дарви сумаас хөдлөөд 1 километр явж байхад Б ард талд суучихаад хажуу талынхаа хоёр залуутай маргалдаад, зодолдоод суудлын араас нудралцаад явахгүй байсан. Тэгэхээр нь “юу болоод байгаа юм бэ?” гээд би оролцсон. “Нас биед хүрсэн хүмүүс яагаад явж чадахгүй байгаа юм бэ?” гээд Б-г “урд талд суу, би хойшоо орж сууъя” гэж хэлсэн. Тэгээд жолооч явах арга алга гээд зогссон. Эрэгтэйчүүд тамхи татсан. Б над руу “чи хүн зохицуулдаг хэн бэ?, чам шиг юм тэгдэггүй юм” гэж дайрч эхэлсэн.. Тэгэхээр нь би буугаад явсан. Г нь араас ирээд “явцгаая” гэхээр нь “би та нартай явж чадахгүй, эрүүл хүн явах арга алга” гэж би хэлсэн. Г нь эхнэртээ хаягдсан зовлонгоо ярьж байгаад “Б бид хоёрыг үлдээчихээд та нар яв, хэн хэнтэй хэд ч хоносон яадаг юм бэ?” гээд дайраад байсан. Тэгэхээр нь би “одоо бүгдээрээ явъя удаан хүлээчихээд нэгнийгээ хаяна гэж байхгүй” гэхэд намайг чээж рүү түлхэж хөөгөөд базсан. Би Г-г “Чи яагаад Б-тэй үлдэх гээд байгаа юм бэ?” гэхэд яадаг юм бэ? Д-тай суухаас нь өмнө банзал, янхан явсаныг нь мэдэх юм чинь хэд ч хоносон яадаг юм бэ?” гээд намайг базаж, түлхэж хөөсөн. Миний биеийн гарын булчингуудыг эрээн алаг болтол нь базсан. Өмнө нь энэ талаар ичээд хэлж байгаагүй. Намайг Г “та миний зовлонг мэдэхгүй байна. Би Б-тэй үлдмээр байна” гээд байсан. Би Б-д гурван удаа зулгаалгаад зодуулж самардуулсныхаа дараа Б-н үснээс зулгаасан. Б машинд орж, Г-н өвөр дээр суучихаад эргэж над руу хараад “танайхан үхээд дууссан, одоо чиний ээлж, гоё больж, хохь чинь түй май” гээд над руу салаавч өгөөд миний ам руу чихэх гээд дайраад байхаар нь би үснээс нь нэг удаа шувтарсан. Би Б-с ганц ширхэг үс ч унагаагүй, дусал цус ч дусаагаагүй. Тухайн үед Г гэдэг хүн нь намайг “та ямар тэвчээртэй хүн бэ?, ямар их хүлээцтэйгээр зодуулдаг юм бэ”, та ямар ч эсэргүүцэлгүй зодууллаа” гэж байсан. Би нөхөртэйгээ огт маргалдаагүй, бүгд худлаа. Ундааны сав барьсан зүйл байхгүй, надад харагдаагүй. Би нөхрийгөө “чи яагаад зогссон юм бэ? зүгээр явж байхгүй” гэхэд “чи тэгвэл яагаад урагшаа суу гэж тэд нартай маргалдсан юм бэ?” гэж л маргалдсан өөр маргаан болоогүй. Би тухайн үед архи дарс уугаагүй эрүүл байсан. Харин Б-тэй урьд орой нь А-н утсаар ярихад цаад хүмүүстэйгээ хэрэлдээд маргалдаж байсан. Цаад талын хүмүүс нь “хадамтайгаа маргалдаж болж байгаа юм уу?” гээд байх шиг байсан. “Нийллэгтэй архи уучихсан байхад хадам гэж юу юм бэ?”, нөхөр гэж юу юм бэ?” гээд байсан. Тэгтэл тэр хүмүүс нь чи нөхөртэйгээ хадамтайгаа ингэж ярьж болдог юм уу гээд байх шиг байсан. Маргааш нь машинд суугаад явахдаа эхлээд би уусныг нь анзаараагүй. Б архи уугаагүй. Дарви сумаас гарахад Б-н аав Э гэж хүн Б-д архи өгсөн. Машин дотор ерөөл архи байсан. Надаас юунаас нь гоожиж байгаа нь мэдэгдэхгүй цус гарсан. Би үхлээ гээхэд намайг Б тавьсан. Ховд аймгийн мөрдөн байцаагч өмнө нь Б-тай тэмээний хэргээр танил тал болж байсан юм байна лээ. Тэр талаараа өөрөө надад хэлж байсан. Б-н талын гэрч нарыг бөөнөөр хамт дуудсан хэрнээ маргааш нь намайг “чи нөхрөө дуудахгүй яасан юм бэ?” гэж хэлсэн. Өмнө нь намайг нөхрөө дууд гэж хэлээгүй. Эд нар нэг нутгийн хүмүүс учраас үгээ маш их нэгтгэсэн. Б-г тухайн үед архи уугаагүй, эрүүл байсан гэдэгт би итгэхгүй байна. Яагаад гэвэл эрүүл байсан хүн өөрөөс нь эгч хүн лүү салаавч өгч энийг долоо гэж хэлэхгүй байх байсан. Янз бүрийн муухай үгнүүд нь Г-н амнаас гарсан үг. Би зодуулсныхаа дараа мэдээж уурласан. Намайг нохой салхилуулж байгаа юм шиг хөтлөөд дугтарч явсан. Хоёр өвдөг шороо чулуу шигдсэн байдалтай болсон. Б-г санаатайгаар намайг зодсон гэж бодож байна. Өмнө нь намайг “чи өтөлж хөгширдөггүй” гэж байнга хэлдэг байсан. Тийм учраас санаатай үйлдсэн танхайн хэрэг гэж бодож байна. Би энэ хүнд ямар ч гэмтэл учруулаагүй гэв.
Шүүгдэгч /хохирогч/ Э.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Ховд аймгийн ***** сумын наадам үзэх гээд Г-той явсан. Г-н машинтай явж байгаад замд машин нь эвдрээд Б ахтай явсан. Маргааш орой нь явж чадалгүй нөгөөдөр орой нь явж байгаад замдаа маргаан үүссэн. Намайг янз бүрээр хэлж гүтгэж доромжилсон. Яагаад намайг доромжилж гүтгэж байгааг би сайн ойлгохгүй байна. Ховдын ********с гарах гээд дэлгүүрээс юм аваад явж байхад “та нар дэлгүүр орж юм авахдаа хэлчихгүй яасан юм бэ?” гээд гэнэт уурласан. Би тухайн үед “бид нар дэлгүүр орох гэж байна” гэхэд за яах вэ бид нар байж байя гэж өөрөө хэлсэн. “Намайг чи нөхөртэйгээ ярьсан уу?” гэхээр нь би “ярьчихлаа, намайг гарах гэж байна уу? гэж байна тэгэхээр нь гарах гэж байна гэж хэллээ” гэсэн. Тэгтэл намайг янз бүрийн үгээр дайрч доромжилсон. Тэгэхээр нь би зангий нь мэддэг болохоороо “З эгч та яагаад байгаа юм бэ?” гэхэд янз бүрээр доромжлоод байсан. Хажууд байсан хүмүүс дуугүй бай гэж хэлэхээр нь би дахиж юм хэлээгүй. Намайг чи элэг бүтэн амьдарч байна, чи үх гээд намайг чээжнээс заамдаад сэгсрээд байсан. Би учрыг нь олоогүй гэв.
Улсын яллагчийн хүсэлтээр: Гэрч Б.Д-н мэдүүлэг /хх43-44/, гэрч Д.Г-н мэдүүлэг /хх45-46/, гэрч Д.Б-н мэдүүлэг /хх47-49/, гэрч Б.Г-н мэдүүлэг /хх50-51/, Шинжээчийн дүгнэлт /хх-24, 31/,
Шүүгдэгч Р.З-н өмгөөлөгч М.Энхзаяагийн хүсэлтээр: Эмчилгээтэй холбоотой баримт /хх103, 104/, яллагдагчаар татах тогтоол /хх70/, эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тухай тогтоол /хх1/,
шүүгдэгч Э.Б-н өмгөөлөгч Ж.М-н хүсэлтээр: Гэрч Д.Г-н мэдүүлэг /хх45-46/, гэрч Б.Г-н мэдүүлэг /хх50-51/, гэрч Б.Д-н мэдүүлэг /хх43-44/, шинжээчийн дүгнэлт /хх-24/, ***** сумын ****** багийн Засаг даргын тодорхойлолт /хх-76/, ял шалгах хуудас /хх-77/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалж үзлэг хийв.
Б.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Р.З-г хувийн таарамжгүй харьцааны улмаас Э.Б-тэй маргалдаж улмаар Э.Б-н биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл нь байдлаар тогтоогдож байна.
2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгаас Говь-Алтай аймгийн ******* сум руу явах замд Р.З нь Э.Б-г хэл амаар доромжилж, заамдан авч улмаар үсдсэн бөгөөд Э.Б зөрүүлж үсдэн хоорондоо зууралдсан байна. Энэ үйлдлийн явцад Р.З-н биед нь тархины доргилт, зүүн хацар хэсэгт 2х0.3 см, 1х0.2 см, 1.5х0.4 см, баруун гарын шууны дотор талд 1.8х0.6 см сорвинууд зэрэг гэмтэл учирч, Э.Б-н биед тархины доргилт гэмтэл учирчээ. Эдгээр үйл баримтууд нь мөрдөн байцаалтын явцад гэрч Д.Г-н өгсөн “... намайг сэрэхэд Б нь намайг алах гээд байна гэж хэлсэн. Хартал З нь Б-н толгойтой үснээс гараараа ороож авсан байдалтай байхаар нь салгасан...” гэх тайлбар /хх14-15/, “... замд явж байхад З эгч уурлаад байсан... хэсэг зуур унтаад сэрэхэд Б, З хоёр хоорондоо үсдэлцэн орилолдоод байж байсан. Тэгэхээр нь би болиочээ гээд салгасан...” гэх мэдүүлэг /хх45-46/,
гэрч Б.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... машиндаа суулгаад жаал явтал Ба-н үснээс гараараа ороож байгаад З татсан. Тэгээд салгаад бөөн хэрүүл маргаан болсон...” гэх тайлбар /хх16/
шүүгдэгч Э.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Нөхөртэйгээ маргалдаж над руу чи үх гээд шороо цацаж, ундааны сав базаж шидэж дайрсан. Би урдаас нь очиход намайг нөхрийнхөө хажууд үсдсэн. Тэгэхээр нь би зөрүүлж үснээс нь зулгаасан. Би З эгчээ тавиач гэхэд тавихгүй, хажууд байсан хүмүүс салгасан…” гэх мэдүүлэг,
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цэндхүүгийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн: 1. Э.Б-н биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Э.Б-н биед учирсан дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Э.Б-н биед гэмтэл учирсан боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.
4. Э.Б- биед учирсан дээрхи гэмтэл нь хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй” гэх 542 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Р.З-н зүгээс гаргасан хууль бус довтолгоон буюу танхайрсан үйлдлийн эсрэг үсдэлцэн, зууралдах явцад Р.З-н биед тархины доргилт, зүүн хацар хэсэгт 2х0.3 см, 1х0.2 см, 1.5х0.4 см, баруун гарын шууны дотор талд 1.8х0.6 см сорвинууд зэрэг гэмтэл учруулсан Э.Б-н үйлдэл нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан санаатай, идэвхтэй, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл боловч, агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа нийгэмд аюултай халдлагаас өөрийгөө хамгаалж байгаа аргагүй хамгаалалтын үйлдэл болох нь
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Тогтохын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн:1. Р.З-н биед гэмтэл учирсан байна.
1. Тархины доргилт, зүүн хацар хэсэгт 2х0.3 см, 1х0.2 см, 1.5х0.4 см, баруун гарын шууны дотор талд 1.8х0.6 см сорвинууд гэмтэл тогтоогдлоо.
2. Р.З-н биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх унахад үүсэн байх үүссэн байх боломжтой боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.
3. Р.З-н биед үүссэн дээрхи гэмтэл нь хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх 525 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
4. Мөрдөн байцаалтын явцад гэрч Д.Г-н өгсөн “... намайг сэрэхэд Б нь намайг алах гээд байна гэж хэлсэн. Хартал З нь Б-н толгойтой үснээс гараараа ороож авсан байдалтай байхаар нь салгасан...” гэх тайлбар /хх14-15/, “... замд явж байхад З эгч уурлаад байсан... хэсэг зуур унтаад сэрэхэд Б, З хоёр хоорондоо үсдэлцэн орилолдоод байж байсан. Тэгэхээр нь би болиочээ гээд салгасан...” гэх мэдүүлэг /хх45-46/,
5.Гэрч Б.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... машиндаа суулгаад жаал явтал Б-н үснээс гараараа ороож байгаад З татсан. Тэгээд салгаад бөөн хэрүүл маргаан болсон...” гэх тайлбар /хх16/
6.Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ/хх-13, хх-55, хх-73/, “...Нөхөртэйгээ маргалдаж над руу чи үх гээд шороо цацаж, ундааны сав базаж шидэж дайрсан. Би урдаас нь очиход намайг нөхрийнхөө хажууд намайг үсдсэн. Тэгэхээр нь би зөрүүлж үснээс нь зулгаасан. Би З эгчээ тавиач гэхэд тавихгүй, хажууд байсан хүмүүс салгасан…” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Р.З-н биед хөнгөн гэмтэл учруулсан Э.Б-н үйлдлийг нотлох баримтанд тулгуурлан дүгнэж үзэхэд Э.Б нь илэрхий хүч хэрэглэсэн довтолгоон Р.З-н зүгээс бодитойгоор ирсэн үед хийсэн бөгөөд довтолгоон болоогүй буюу төгссөн үед халдлага хийж гэмтэл учруулаагүй байх тул хамгаалалтыг цаг үеэ олсон, хууль ёсны гэж үзлээ.
Шүүгдэгч Р.З шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ” ... Э.Б машинаас бууж ирээд миний үснээс зулгаагаад сугсарч унагаад чирсэн, удалгүй Б, Г хоёр ирж салгасан...”, “...Би Б-д гурван удаа зулгаалгаад зодуулж самардуулсныхаа дараа Б-н үснээс зулгаасан. Б машинд орж, Г-н өвөр дээр суучихаад эргэж над руу хараад “танайхан үхээд дууссан, одоо чиний ээлж, гоё больж, хохь чинь түй май” гээд над руу салаавч өгөөд миний ам руу чихэх гээд дайраад байхаар нь би үснээс нь нэг удаа шувтарсан. Би Б-с ганц ширхэг үс ч унагаагүй, дусал цус ч дусаагаагүй...” гэх боловч мэдүүлгийнхээ эх сурвалжыг зааж чадаагүй бусад гэрч нарын мэдүүлгээр нотлогдохгүй байгаа тул нотлох баримт болж чадахгүй байна.
Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...Э.Б манай эхнэр З-г үсдээд газар чирж байсан “...харанхуй байсан болохоор сайн хараагүй”...бид нар очиж салгасан...” /хх-17/ “...нэг харахад Э.Б З-г үснээс зулгаагаад газар чирж байсан тэгээд гайгүй юм байлгүй гээд өнгөрсөн гэх мэдүүлгийг өгч байгаа боловч цуг явсан гэрч Б.Г, Д.Г нарын мэдүүлэгт энэ талаар дурдагдаагүй, гэрч мэдүүлгийн эх сурвалжаа заагаагүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.
В. Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн байцан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэргэсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Р.З-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар “Аргагүй хамгаалалтын байдалд өөрөөр хэлбэл энэ хуулиар хамгаалагдсан… өөрийн… амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай халдлагаас хамгаалахдаа энэ хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж, халдагч этгээдэд гэм хор учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ.
Тиймээс аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд өөрийн, хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг хуулиар хориглосон нийгэмд аюултай, хууль бус халдлагаас хамгаалах явцдаа халдагч этгээдийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан Э.Б-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах үндэслэлтэй байна.
Г. Хохирол төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дэх хэсэгт аргагүй хамгаалалтаас учруулсан гэм хорыг уг үйлдэл хийсэн иргэн хариуцан арилгах үүрэг хүлээхгүй гэж заасан байх тул хохирогч Р.З-н хохиролд нэхэмжилсэн 988.810 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Э.Б-н хохиролд нэхэмжилсэн 302.100 төгрөгөөс нотлох баримтаар тогтоогдсон 49.400 төгрөгийг Р.З-с гаргуулж Э.Б-д олгуулж, Э.Б нь бусад хохирлоо болон хойшид гарах эмчилгээний зардал зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Хохирогч Э.Б-н гаргаж өгсөн 252.700 төгрөгийн зарлагын баримтан дээрх байгууллагын нэр, дарсан тамганы дардсан дээрх нэр зөрүүтэй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
Д.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт хураагдсан шүүгдэгч Р.З-н ******** регистрийн дугаартай, Э.Б-н ******** регистрийн дугаартай цахим иргэний үнэмлэх, Р.З, Э.Б нарын эмчлүүлэгсэдийн карт, тархины рентген зураг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрсдөд нь буцаан олгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Р-н З-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Р.З-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201607000176 дугаатай хэрэгт шүүгдэгч Э.Б-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.
4. Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Р.З-н хохиролд нэхэмжилсэн 988.810 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Э.Б-н хохиролд нэхэмжилсэн 302.100 төгрөгөөс нотлох баримтаар тогтоогдсон 49.400 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Б-д олгосугай.
6. Э.Б нь бусад хохирлоо болон хойшид гарах эмчилгээний зардал зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Р.З-н ******** регистрийн дугаартай, Э.Б-н ****** регистрийн дугаартай цахим иргэний үнэмлэх, Р.З, Э.Б нарын эмчлүүлэгсэдийн карт, тархины рентген зураг зэргийг өөрсдөд нь буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.З, Э.Б нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА