Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 163

 

185/2019/1043/Э

 

 

 

 

  2020            02            06                                        2020/ДШМ/163    

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Мөнгөншагай,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2019/ШЦТ/1031 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Намууны бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 4 дугаартай эсэргүүцлээр Б.Б-д холбогдох 1903012040498 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Б.Б- нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 22 цаг 10 минутын орчим Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бэлхийн хорооны буудлын замд, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж, “Subaru Impreza” загварын .....УНП улсын дугаартай тээврийг хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, мөн дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас Л.Г-ийн жолоодон явсан “Hyundai Sonata-6” загварын 70-30 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч 4 настай Т.Н-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, бусдын эд хөрөнгөд 2.455.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа, өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, шүүхээс тэнссэн 3 жилийн хугацаанд үүрэг хүлээлгэсэн, хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б- цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.Намуун бичсэн эсэргүүцэлдээ: “...шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэзээнээс эдлүүлэх талаар тогтоолдоо тусгаагүй, орхигдуулсныг “Шүүх эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэсэн заалтыг хэрэглээгүй гэж үзэж байх ба шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэснийг хангахгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 1031 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...прокурор Э.Намууны бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Өөр хэлэх тайлбар байхгүй. ... гэв

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Б.Б- нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 22 цаг 10 минутын орчим Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бэлхийн хорооны буудлын замд, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж /эрхээ хасуулсан/, “Subaru Impreza” загварын .....УНП улсын дугаартай тээврийг хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, мөн дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас Л.Г-ийн жолоодон явсан “Hyundai Sonata-6” загварын 70-30 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч 4 настай Т.Н-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, бусдын эд хөрөнгөд 2.455.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Тунгалагийн “...аав Л.Г- надтай утсаар холбогдож “аав нь машинтай мөргөлдчихлөө” гэж хэлсэн. Намайг такси бариад яваад очиход хоёр машин мөргөлдчихсөн, аав маань миний хүүг тэврээд сууж байсан. Би хүүгээ тэврээд мөргөлдсөн машины жолоочийн хамт гэмтлийн эмнэлэг рүү явж үзүүлсэн. Эмч миний хүүг үзээд баруун хөл нь хугарсан байна гэж хэлээд хөлийг нь гипсдээд бид хоёрыг эмнэлэгт хэвтүүлэхээр болсон. ...” /хх 23-24/,

гэрч Л.Г-ийн “...нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 40 орчим километр цагийн хурдтай явж байтал эсрэг урсгалд явж байсан машины зүүн гар талаар нэг машин урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгэхээр нь би тоормосоо гишгэтэл тэр машинтай эгц урд талаараа мөргөлдсөн. ...” /хх 32/,

Б.Б-ийн яллагдагчаар өгсөн “...зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 60 орчим километр цагийн хурдтай явж байтал миний урд явж байсан цэнхэр өнгийн “Hyundai porter” загварын улсын дугаар болон серийг нь анзаараагүй, ачааны машины зүүн гар талаар нь гүйцэд түрүүлэх үйлдэл хийх санаатай явж ортол өөдөөс ирж явсан мөнгөлөг өнгийн “Hyundai Sonata-6” загварын 70-30 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй эгц урд талаараа мөргөлдсөн. ...Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин барьж явсан, миний буруу, ...гэртээ 0.5 литрийн тал шил архи уучихсан. ...” /хх 112-115/ гэх мэдүүлгүүд,

 

“...Т.Н-ийн биед зүүн хөлний шаант ясны далд хугарал, духны зүүн дээд хэсгийн цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12596 дугаартай дүгнэлт /хх 43/,

“...Б.Б- нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 11.3-д тус тус заасныг зөрчсөн. ...” гэх Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 332 дугаартай дүгнэлт /хх 61-62/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-10/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1.29%/ /хх 12-13/, .............ВС ангиллын 910778 дугаарын жолооны үнэмлэх 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх заалтаар эрх хасагдсан, хүчингүй төлөвтэй байна гэх Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 20/1575 тоот албан бичиг /хх 83/,  Автомашины техникийн үнэлгээний тайлан /хх 48, 54-56/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-ийг Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин Т.Н-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Б.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар автомашин жолоодон Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 11.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Т.Н-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Hyundai Sonata-6” загварын 70-30 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.455.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлж барагдуулсан байдал, хохирогчийн гомдол, саналгүй гэх хүсэлт, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр гурван жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Цаашид энэ төрлийн гэмт хэргийн гаралт, гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас нийгэмд учирч буй хохирол, хор уршиг зэрэгт анхаарч, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ялын бодлогын хувьд анхаарвал зохино.

           

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасахдаа уг ялыг хэдийнээс эхлэн тоолох хугацааг зааж өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасанд нийцэхгүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2019/ШЦТ/1031 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор Э.Намууны бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 4 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсныг дурдсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН