Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2025/0641

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

          Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, түүний өмгөөлөгч Б.М

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч Н.Г

          Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд

          Хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга

          Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Н.Г-ийг албан тушаал бууруулах тухай” Б/** дүгээр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/** дүгээр, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/** дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, Н.Г-ийн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргаар томилохыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд даалгуулах

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0444 дүгээр шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгч Н.Г

       Хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, түүний өмгөөлөгч Б.М

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х

          Хэргийн индекс: 128/2025/0103/3

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч Н.Г нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,  Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргад тус тус холбогдуулан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Н.Г-ийг албан тушаал бууруулах тухай” Б/** дүгээр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/** дүгээр, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/** дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, Н.Г-ийн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргаар томилохыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд даалгуулах”-аар маргасан.

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 444 дүгээр шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, Авлигын эсрэг хуулийн 321дүгээр зүйлийн 321.1.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Н.Г-ийг албан тушаал бууруулах тухай” Б/** дүгээр тушаал болон Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Н.Г-ийг албан тушаалд томилох тухай” Б/**, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Н.Г-ийг албан тушаалаас нь халах тухай” Б/** дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Г-ийг Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Н.Г-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн урьд нь эрхэлж байсан Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаагаар зохих хууль, журмын дагуу тооцон олгож, түүний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгаж шийдвэрлэсэн байна.

          Давж заалдах гомдлын агуулга:

          3. Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          3.1 “...Анхан шатны шүүх Авлигын эсрэг хуулийн 321дүгээр зүйлийн 321.1-д “Энэ хуулийг холбогдох байгууллага, албан тушаалтан хэрхэн дагаж мөрдөж байгаад дараах байгууллага хяналт тавина”, 321.1.1-д “Авлигатай тэмцэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо”, 321.1.2-д “энэ хуулийн 321.1.1-д зааснаас бусад төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газар” гэж заасан бөгөөд дээрх хуулийн заалтыг үзэхэд Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д тоочиж заасан зөрчлүүдийг гаргасан эсэхийг Авлигатай тэмцэх газар тогтоосон нөхцөлд сайд холбогдох зохицуулалтыг хэрэглэж шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Авлигын эсрэг хуулийн 321дүгээр зүйлийн 321.1, 33.1-д зааснаас үзэхэд Авлигатай тэмцэх газар зөвхөн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих бөгөөд хариуцлага хүлээлгэх эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан буюу манай маргааны тохиолдолд тухайн төрийн албан хаагчийг томилсон байгууллага албан тушаалтан байхаар зохицуулсан байхад анхан шатны шүүх тухайн хуулийг буруу тайлбарласан” гэв.

          4. Хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          4.1 “...Анхан шатны шүүх нотлох зарчмыг зөрчсөн. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас нэхэмжлэгчийн Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын даргын болон хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтний үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг гаргуулах тухай хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Төрийн албан хаагчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулж буй үндсэн баримт бичиг нь үр дүнгийн гэрээ байдаг. Үндэсний аудитын газрын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 845/А******* дугаар албан шаардлагаар тогтоогдсон, төрийн эрх бүхий аудитын байгууллагын дүгнэсэн, тодорхойлсон зөрчлийг нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбарт үндэслэж, үүнтэй холбоотой нотлох баримт гаргуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүх нотлох зарчимтай зөрчилдөж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргасан. Шүүх Үндэсний аудитын газрын албан шаардлагуудыг үгүйсгэж, төрийн эрх бүхий байгууллагын хүчин төгөлдөр эрх зүйн актуудад дүгнэлт өгч шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажиллагааны баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй, хуульд заасан журмын дагуу хуулбар үнэн тэмдэг, нотариатаар гэрчлэгдээгүй бөгөөд хариуцагчийн өмгөөлөгчөөс нотлох баримтын шаардлага хангуулах хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

          5. Хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          5.1 “...Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд сүүлийн дүгнэлт, тайлбарын шатанд шинэ нотлох баримт авч хэргийг шийдвэрлэсэн. Нотлох баримт шинжлэн судлах шатанд судлагдаагүй баримтыг шүүх хэргийг шийдэхээр завсарлахаас өмнө, тайлбар дүгнэлтийн шатанд хүлээн авах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчдын тэгш мэтгэлцэх, хүсэлтийн шатанд нотлох баримттай холбоотой хүсэлт гаргах, нотлох баримтыг шалгуулах зэрэг эрхийг хязгаарласан. Хэрэгт зайлшгүй авагдсан байх ёстой маргаан бүхий тушаалын үндэслэлийг тогтоох төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтаар авагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

          2. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

          Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд;

          3. Үндэсний аудитын газрын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 844/А******** дугаар албан шаардлагаар “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар тайлант онд албан хэрэгцээнд 9,179,800 төгрөгийн компьютер, принтерийг цахим дэлгүүрээс худалдан аваагүй, бусад этгээдээс худалдан авсан байх тул Ерөнхий гэрээний дагуу цахим дэлгүүрээс техник хэрэгсэл худалдан аваагүй зөрчлийг арилгах”, мөн өдрийн 845/А****** дугаар албан шаардлагаар “Тайлант онд нэр бүхий 14 хэвлэл, мэдээллийн байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нийт 68,770,000 төгрөгийн санхүүжилтийг олгож, төсвийг үрэлгэн зарцуулсан тул төсвийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулаагүй зөрчлийг” тус тус арилгаж, биелэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт ирүүлэхийг шаардсан байна.

          4. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хяналт, үнэлгээ, аудитын газар 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хяналт шалгалт хийсэн ажлын танилцуулгын Зургаа. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналын 1-д “Бэлэн мөнгө болон нэмэлт санхүүжилтийн дансаар ... жил бүр 1 сая төгрөгийг хамгаалалтын захиргаанд төвлөрүүлэхээр гэрээнд зааж хууль бус орлого төвлөрүүлэхийг шаардаж байгааг таслан зогсоохыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Н.Г, нягтлан бодогч С.О нарт үүрэг болгох”, 2-т “Н.Г нь хууль тогтоомжтой нийцэхгүй дээрх үйлдлийг таслан зогсоох талаар ямар нэгэн арга хэмжээ авч ажиллаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д зааснаар тогтоогдсон болно” гэжээ.

          5. Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Н.Г-ийг албан тушаал бууруулах тухай” Б/** дүгээр тушаалаар “...Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 45.1.3, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.6, 33 дугаар зүйлийн 33.1.2, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалтыг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Н.Г нь хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь Үндэсний аудитын газрын 2024 оны 844/А*********, 845/А********** дугаар албан шаардлага болон дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон тул 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэдэлд шилжүүлж” шийдвэрлэсэн байна.

          6. Хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Н.Г-ийг албан тушаалд томилох тухай” Б/** дүгээр тушаалаар Н.Г-ийг мөн өдрөөс эхлэн хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтнээр томилжээ.

          7. Улмаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Н.Г-ийг албан тушаалаас нь халах тухай” Б/** дүгээр тушаалаар “Хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Н.Г нь тодорхой шалтгаангүйгээр ажлаа тасалсан, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул албан тушаалаас нь халж” шийдвэрлэсэн байна.

          8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32.2-т “Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж тус тус заажээ.  

          9. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтуудыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

          10. Гэтэл маргаан бүхий Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/** дүгээр тушаалын үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно”, 45.1.1-д “хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” тул албан тушаал бууруулах үндэслэлтэй гэж үзсэн байх ба хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах Н.Г-ийн ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ гэх зэрэг баримтууд хэрэгт авагдаагүй байна.

          11. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын “...Хэрэгт зайлшгүй авагдсан байх ёстой маргаан бүхий тушаалын үндэслэлийг тогтоох төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтаар авагдаагүй... нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх нотлох зарчмыг зөрчсөн” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.

          12. Нэгэнт нэхэмжлэгч нь албан тушаалын тодорхойлолтод заасан ямар чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болон зорилго, зорилтоо хангалтгүй хэрэгжүүлж ажилласан талаарх тухайн хэрэгт хамааралтай, маргаан бүхий актын үндэслэлд холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлж, эргэлзээгүй талаас нь үнэлэх, эрх зүйн дүгнэлт хийх нь анхан шатны шүүхийн үүрэг бөгөөд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтад үндэслэсэн байх хуулийн шаардлагыг биелүүлэх ёстой.

          13. Тодруулбал, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд бичгийн нотлох баримтыг шинжлэн судалсны дараа нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтуудыг шүүгчийн туслах оруулж ирсэн, үүнтэй холбоотойгоор шүүх хуралдаан завсарлаж, 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд өгсөн газар ашигласан гэрээ дүгнэх акт гэх 6 хуудас баримтыг нотлох баримтаар хүлээн авч шийдвэрийн үндэслэл болгосон (хариуцагч талд танилцуулаагүй) нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”, 106 дугаар зүйлийн 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасанд нийцэхгүй байх ба энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

          14. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо “...хэрэгт авагдсан Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажиллагааны баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй, хуульд заасан журмын дагуу хуулбар үнэн тэмдэг дарагдаагүй, хариуцагчийн өмгөөлөгчөөс нотлох баримтын шаардлага хангуулах хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байх бөгөөд Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн баримтад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны “Хуулбар үнэн” тэмдэг дарагдсан байдлаар хэрэгт хавсаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д “Төрийн байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “Хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж заасантай нийцэхгүй байна.

          15. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.4-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, бусад ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн оролцогчдын эрхийг хангах буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосны дараа нэхэмжлэлийн үндэслэл тус бүрд дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, С.Х, түүний өмгөөлөгч Б.М нарын гомдлын зарим хэсгийг хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 444 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                             Г.БИЛГҮҮН

 

                                    ШҮҮГЧ                                             З.ГАНЗОРИГ

 

                                ШҮҮГЧ                                              М.ЦЭЦЭГМАА