Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 113/ШШ2022/0001

 

2022        03             21                                        113/ШШ2022/0001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны I танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У-ийн Б (РД:000000000),

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.О нарын хоорондын төрийн хяналт шалгалтын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.Б, хариуцагч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.О-д холбогдуулан, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09-06-018/24 дүгээр актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, маргажээ.

2. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч нь “УС-ДУ” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 84 дүгээр тушаалаар Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, ажилгүйдлийн тэтгэмж авахаар 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гаргасан.

2.2. Үүний дагуу тус хэлтсээс У.Б-т ажлын 76 өдрийн хугацаанд 3,269,778 төгрөгийн тэтгэмжийг олгохоор тогтоосон ч эргэж ажилдаа орсон учраас ажилгүй байсан ажлын 7 өдөрт ногдох 301,100 төгрөгийг суутган тооцож олгосноор тэтгэмж олголтыг зогсоосон.

2.3. Хариуцагчийн зүгээс, Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилгүйдлийн даатгалын сан болон сангаас олгодог дэмжлэг тэтгэмжид төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, үндсэн ажлаас халагдсаны дараа өмнө үндсэн ажлаас гадуур гүйцэтгэж байсан ажилд үргэлжлүүлэн ажиллаж байх хугацаандаа ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгон авсан нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 3.7-д заасныг зөрчсөн.

2.4. “Монголтакс ТМЗ” ХХК, “Бадрах-70” СӨХ зэрэг 2-3 аж ахуйн нэгжид Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлж хөдөлмөр эрхлэн даатгуулагчаар бүртгэгдсэн байсан тул түүнийг ажил хөдөлмөр эрхлээгүй, цалин орлогогүй гэж үзэхгүй тул ажилгүйдлийн тэтгэмж тооцож олгох шаардлагагүй байсан гэх үндэслэлийг актдаа тодорхойлно.

2.5.  Улсын ахлах байцаагч Б.О 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09-06-018/24 дүгээр акт үйлдэж, үндэслэлгүйгээр олгогдсон ажилгүйдлийн тэтгэмж 301,100 төгрөгийг Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст буцаан төвлөрүүлэхөөр тогтоосон уг шийдвэрээ 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр У.Б-т танилцуулжээ.

2.6. Дээрх актыг эс зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гомдол гаргасанд, Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр “09-06-018/24 дүгээр акт үндэслэлтэй” гэх хариу өгсөн тул 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч, ажилгүйдлийн даатгал төлж байсан ажлаасаа чөлөөлөгдсөн учир Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйл, Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 3.6-д заасны дагуу эрх үүсч, ажилгүйдлийн тэтгэмж авсан тул улсын ахлах байцаагчийн 09-06-018/24 дүгээр акт нь хуульд заасан ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийг зөрчсөн.

3.2. Зөвхөн өөрийн үндсэн ажил болох УС-ДУ орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт үндсэн ажилтны төрлөөр, 01 кодоор эрүүл мэндийн даатгал, тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал, ажилгүйдлийн даатгалыг төлж, үндсэн ажлаас гадуур хөдөлмөр эрхэлж байсан “Монголтакс ТМЗ” ХХК, “Бадрах-70” СӨХ-д 40 кодоор буюу давхар ажил эрхэлснээр, ажилгүйдлийн даатгалаас чөлөөлөгдөж, бусад 4 төрлийг даатгалыг төлж байсан.

3.3. Улсын ахлах байцаагчийн актад дурдсан, Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 3.6 дахь заалт нь энэ маргаанд хамааралгүй ба “Даатгуулагч үндсэн ажлаас халагдсаны дараагийн өдрөөс эхлэн давхар ажиллаж буй аль нэг байгууллагын үндсэн даатгуулагчаар шилжин Нийгмийн даатгалын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажилласан тохиолдолд түүнд ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй” гэх зохицуулалт нь 3.7 гэсэн дугаарлалт бүхий заалт байна.

3.4. “Нийгмийн даатгалын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажилласан тохиолдолд” гэдэг нь ажилгүйдлийн даатгалын шимтгэл болон бусад 4 төрлийн даатгалын шимтгэлийг хамтад нь төлсөн байхыг ойлгох бол миний хувьд ийм тохиолдол үүсээгүй болох нь нийгмийн даатгалын тайлангаас харагдана гэх зэргээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлно.

3.5. Хариуцагчийн хувьд, У.Б нь үндсэн ажлаас чөлөөлөгдсөний дараа өмнө үндсэн ажлаас гадуур гүйцэтгэж байсан ажилд үргэлжлүүлэн ажиллаж байх хугацаандаа ажилгүйдлийн тэтгэмж авсан нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 3.7 дахь заалтыг[1] тус тус зөрчсөн.

3.6. Ажилгүйдлийн тэтгэмжийг ажилгүй болсон, цалин орлогогүй, ажил идэвхитэй хайж байгаа иргэнд олгох бол У.Б нь ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгох үедээ “Монголтакс ТМЗ” ХХК, “Бадрах 70” СӨХ зэрэг аж ахуйн нэгжид хөдөлмөр эрхлэн, нийгмийн даатгалын шимтгэл төлж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу даатгуулагчаар бүртгэгдсэн байсан тул ажил хөдөлмөр эрхлээгүй, цалин орлогогүй гэж үзэхгүй.

3.7. Иймд У.Б-т ажилгүйдлийн тэтгэмж тооцож олгох шаардлагагүй байсан тул үндэслэлгүй олгосон 301,100 төгрөгийг буцаан төлүүлэх нь зүйтэй гэж татгалзлын үндэслэлийг тодорхойлно.

3.8. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... би нийгмийн даатгал төлж байсан ажлаасаа 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс чөлөөлөгдөөд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүссэн. Улсын байцаагч болохоор түр ажил эрхэлсэн учраас танд олгогдохгүй, та ажил хөдөлмөр эрхэлсэн байна гэдэг заалт буюу Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 3.7 гэсэн заалтаар ажилгүйдлийн тэтгэмж олгох ёсгүй гэж үзсэн. Ажилгүйдлийн тэтгэмжийг ажилгүй хүнд бус, харин хуульд заасан нөхцөл шаардлага хангасан хүнд л өгдөг. Би ажилгүйдлийн тэтгэмж төлсөн, хуульд заасан 24 сар, үүнээс сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн байх шаардлагыг хангасан. Ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа түр ажил хөдөлмөр эрхэлсэн байвал тэтгэмж өгөхгүй гэсэн зүйл байхгүй, түр ажил хөдөлмөр эрхэлсэн хугацаагаар нь хойшлуулна л гэж заасан. Хэрвээ давхар хөдөлмөр эрхэлж байсан 2 ажлынхаа аль рүү 01 кодоор үндсэн ажилтан болсон тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй гээд уг журмын 3.6, 3.7-д заасан байгаа. Миний тухайд тийм зүйл болоогүй учраас ажилгүйдлийн тэтгэмж авах нь зөв гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

3.9. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... ажилгүйдлийн тэтгэмжийг зөвхөн ажилгүй, орлогогүй, өмнө нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болзол шаардлагыг хангасан хүнд амьжиргааны эх үүсвэр болгож олгоно. Улсын дээд шүүхийн 2008 оны 47 дугаар тогтоолд тайлбарласнаас үзэхэд Нийгмийн даатгалын тухай хуульд тодорхойлсон болзол шаардлагыг хангасан, ажил хөдөлмөр эрхлээгүй хүнийг даатгуулагч гэж хэлнэ. У.Б-ын тухайд үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн ч давхар 2 аж ахуйн нэгжид ажиллаж, тогтмол цалин орлоготой гэдэг нь нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаар тогтоогдсон учраас ажилгүйдлийн тэтгэмж авсан нь үндэслэлгүй гэж үзсэн. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан аливаа хэлбэрээр ажил хөдөлмөр эрхэлсэн хүн заавал нийгмийн даатгалд хамрагдана. Ингэхдээ 5 төрлийн даатгалд хамрагдахаар зохицуулсан байгаа. Гэтэл Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн заавал даатгалд хамрагдах 5 төрлийн даатгалаас, 01 кодтой үндсэн ажилтны төрлөөр тайлагнахгүйгээр 40 кодтой үндсэн ажлаас гадуур гэдэг шалтгаанаар, үндсэн ажил байхгүй хэрнээ шимтгэлийг тодорхой хугацаанд дутуу төлсөн асуудал ч байгаа. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам нь хооронд зөрчилдөж байгаа нь хувь хүнээс шалтаалаагүй. Өөрийн үйлдсэн актыг үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

4. Энэ хэрэгт нийгмийн даатгалын сангаас даатгуулагчид олгосон ажилгүйдлийн тэтгэмжийг буцаан төлүүлэхээр шаардсан мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн акт үндэслэлтэй эсэх маргаан хэлэлцэгдсэн болно.

5. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

6. Нэхэмжлэгч У.Б нь “УС-ДУ” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 84 дүгээр тушаалаар Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн, ажилгүйдлийн тэтгэмж авахаар 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүсэлт гаргасны дагуу Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажлын 76 өдөрт 3,269,778 төгрөгийн тэтгэмж олгохоор тооцсон, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/16 дугаар захирамжаар У.Б-ыг тус үйлдвэрийн газарт дахин захирлаар томилсон бөгөөд даатгуулагч энэ тухай Нийгмийн даатгалын хэлтэст мэдэгдсэнээр түүнд 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажлын 7 өдөрт ногдох 301,100 төгрөгийг олгож, Нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэмж олголтыг зогсоосон байна.

7. Тэрээр “УС-ДУ” ОНӨААТҮГ-ын Ерөнхий нягтлан бодогчоор 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажиллахдаа Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 24 сар, үүнээс сүүлийн 9 сар тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох нь 0053503 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, гэрч Э.С-ийн мэдүүлэг (хэргийн 36-40, 86-87 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд эдгээр үйл баримт болон олгосон тэтгэмжийн тооцоолол дээр хэргийн оролцогчид маргаагүй болно.

8. Харин хариуцагчаас:

8.1. “УС-ДУ” ОНӨААТҮГ-т ажиллаж байхдаа “Монголтакс ТМЗ” ХХК, “Бадрах 70” СӨХ-д давхар хөдөлмөр эрхлэн, нийгмийн даатгалын шимтгэл төлж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу даатгуулагчаар бүртгэгдсэн байсан тул У.Б-ыг ажил хөдөлмөр эрхлээгүй, цалин орлогогүй хүн гэж үзэхгүй.

8.2. Давхар хөдөлмөр эрхлэлт ч тухайн аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж л байгаа бол даатгуулагчаар бүртгүүлж, Нийгмийн даатгалын тухай хуульд заасан 5 төрлийн шимтгэлд заавал хамрагдана. 01 төрөл, кодоор шимтгэл төлж байсан “УС-ДУ” ОНӨААТҮГ-аас чөлөөлөгдсөн тохиолдолд давхар хөдөлмөр эрхэлж, 40 төрөл кодоор шимтгэл төлж байсан хоёр байгууллагынхаа аль нэг рүү 01 кодоор бүрэн шимтгэл төлөх байсан тул ажилгүйдлийн тэтгэмж олгох шаардлагагүй байсан.

8.3. Өөрөөр хэлбэл, ажилгүйдлийн тэтгэмжийг ажилгүй болсон, цалин орлогогүй, ажил идэвхитэй хайж байгаа иргэнд олгох бол У.Б нь ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгох үедээ тогтмол цалин орлоготой, ажилтай байсан тул Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 3.7-д заасныг зөрчсөн. Тэтгэмж олгох үндэслэлгүй байсан учраас олгосон тэтгэмж болох 301,100 төгрөгийг буцаан төлөх ёстой гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлана.

9. Нэхэмжлэлийн шаардлага ба хариуцагчийн татгалзал, тэдгээрийн маргаж буй үндэслэлтэй холбогдуулан, хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримтаар тогтоогдож буй үйл баримтын хүрээнд, холбогдох хууль тогтоомжийг тайлбарлан хэрэглэж, даатгуулагч нь үндсэн ажлаас гадуур эрхэлж буй давхар ажлаас авч хөдөлмөрийн хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлөх эсэх, хэд хэдэн ажил давхар эрхэлснээс үл хамааран үндсэн ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд түүнд ажилгүйдлийн тэтгэмж олгох эсэх, энэ тохиолдолд “Монголтакс ТМЗ” ХХК, “Бадрах 70” СӨХ-д хийж буй ажлыг түр хөдөлмөр эрхлэлт гэж үзэх эсэх асуудалд хариулт өгөх замаар У.Б-т ажилгүйдлийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн, дараа нь тэтгэмжийг зогсоохдоо олгосон тэтгэмжийг суутган тооцсон нь үндэслэлтэй эсэхэд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай.

10. Улсын ахлах байцаагчийн маргаан бүхий актад дурдсан, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Даатгуулагч энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар болон бусад хэлбэрээр түр ажил хөдөлмөр эрхэлсэн бол түүний тэтгэмжийг түдгэлзүүлэн зогсоож тэтгэмж олгох хугацааг уг ажил хөдөлмөр гүйцэтгэсэн хоногоор сунгана” гэж заасан нь тэтгэмж олголтыг тодорхой үндэслэлээр түдгэлзүүлэх, уг шалтгаан арилсны дараа зогсоосон хугацаагаар сунгахтай холбоотой харилцааг зохицуулсан бол тус зүйлийн 1 дэх хэсэгт даатгуулагчид олгох ажилгүйдлийн тэтгэмжийг бүрмөсөн зогсоох үндэслэлийг, харин 2 дахь хэсэгт тэтгэмжийг зогсоох үндэслэл болохгүй нөхцлийг журамлажээ.

11. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална” гэж заасан бөгөөд даатгуулагчийн ажилгүйдлийн тэтгэмж авах эрх ба хүрээ, тэтгэмжийг тооцож олгох, суутгах буюу зогсоох үндэслэл, хэрэглэх нөхцөл, ажил олгогч, даатгуулагчийн эрх үүрэг, тэдгээрийн хэрэгжүүлэх үйл ажиллагааг тус журмаар нарийвчлан зохицуулсан байна.

12. Энэ журмын 4.3-д “Тухайн иргэн ажилгүйдлийн тэтгэмж (76 өдрийн дотор) авч байх хугацаандаа түр ажилд орсон боловч анх тэтгэмж олгохоор тогтоосон хугацаа дуусахаас өмнө ажлаас халагдсан тохиолдолд түүнд үлдэх хугацаанд ногдох тэтгэмжийг урьд авч байсан хэмжээгээр нь үргэлжлүүлэн ажлын 76 өдрийг дуустал хугацаанд олгоно” /тайлбарын хамт/ гэж зааснаас үзэхэд, даатгуулагч нь ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа түр ажилд орсон тохиолдолд, тийнхүү түр ажилласан ба тэтгэмж авсан хугацааны нийлбэр нь ажлын 76 өдрөөс бага байвал үлдсэн хугацаанд тэтгэмжээ үргэлжлүүлэн авах, харин нийлбэр нь ажлын 76 өдөр, түүнээс их бол тэтгэмжийг үргэлжлүүлэн олгохгүй, зогсоохоор байна.   

13. Үндэсний статистикийн хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/09, А/08 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Хөдөлмөр эрхлэлтийн статистикийн үзүүлэлтүүдийг тооцох аргачлал”-ын 2.15.4.2-т “Цалин хөлстэй түр ажиллагч гэж хөдөлмөр эрхлэх хугацаа нь 3 ба түүнээс дээш сараас хязгаарлагдсан буюу тодорхой хугацаатай хөдөлмөр эрхэлж буй ажиллагч юм” гэж заасан тул У.Б-ын хувьд үндсэн ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө, чөлөөлөгдсөний дараа ажилгүйдлийн тэтгэмж авч байх аль аль хугацаанд “Монголтакс ТМЗ” ХХК, “Бадрах 70” СӨХ-д давхар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл /ажилгүйдлийн даатгалаас бусад/-ийг 3 сараас дээш хугацаагаар төлсөн, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажил хайгчаар бүртгүүлж, Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гаргасан байх учир үүнийг түр ажил хөдөлмөр эрхлэлт гэж үзэхгүй.   

14. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “түр ажил хөдөлмөр эрхэлсэн” гэх нөхцөл нь Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 4.3-д тодорхойлсны дагуу биелсэн тохиолдолд тэтгэмжийг түдгэлзүүлэн зогсоох, тэтгэмж олгох хугацааг сунгах эрх зүйн үр дагаврыг үүсгэх бол хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл, нэхэмжлэгчийн хувьд нийгмийн даатгалын шимтгэлийг зөвхөн үндсэн ажлын байранд, тэтгэмж олгоход шаардагдах хуульд заасан хугацаагаар, бүрэн төлсөн; үндсэн ажлаас гадуурх давхар ажлыг 3 сараас дээш хугацаагаар эрхэлж, түүнд ажилгүйдлийн даатгалаас бусад төрлөөр шимтгэл төлж байсан; ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа /үндсэн/ ажиллаж байсан хуулийн этгээдэд үргэлжлүүлэн ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлөх болсноор тэтгэмж олголт зогссон; гэх тогтоогдож буй бодит байдал байдал нь хариуцагчаас татгалзлын үндэслэл болгосон дээрх хэм хэмжээтэй тохирохгүй, эрх зүйн өөр үр дагаварт хүргэх учраас энэ маргаанд хэрэглэгдэхгүй.

15. Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 3.7-д “Даатгуулагч (иргэн) үндсэн ажлаас халагдсаны дараагийн өдрөөс эхлэн давхар ажиллаж буй аль нэг байгууллагын үндсэн даатгуулагчаар шилжин Нийгмийн даатгалын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажилласан тохиолдолд түүнд ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй” гэж заасныг, даатгуулагчаас а/ үндсэн ажлаас чөлөөлөгдмөгц 40 төрөл, кодоор шимтгэл төлж давхар ажиллаж буй аль нэг байгууллага руу өөрийн хүсэлтээр шилжсэн байх, мөн б/ Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгалын төрлөөр шимтгэл бүрэн төлөх; нөхцлийг бүхэлд нь хангасан тохиолдолд л ажилгүйдлийн тэтгэмж авахгүй гэж тайлбарлаж хэрэглэнэ.

16. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16, 17 дугаар зүйл болон уг журмын 7.1-д тодорхойлсон зохицуулалтаар, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлж, шимтгэл ногдуулалт, төлөлтийн тооцоог хийж, нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлэх үүргийг ажил олгогчид хүлээлгэсэн байх тул даатгуулагчийг бүртгүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй, хариуцагчийн “ажлаас чөлөөлөгдсөний маргааш давхар ажиллаж буй байгууллага руу үндсэн ажилтнаар шилжиж, нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлөх ёстой байсан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

17. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан ажилгүйдлийн даатгалыг даатгуулагчийн давхар ажил эрхлэлтээс үл хамааран нэг удаа буюу аль нэг ажлын байранд бүрэн төлөхөөр заасан, 7 дугаар сард ажилгүйдлийн тэтгэмж төлсөн бол 8 дугаар сард мөн байгууллагад уг тэтгэмжийг төлсөн нь бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул “аль аль байгууллагадаа бүрэн шимтгэл төлөх шаардлагатай байсан, шимтгэлийг дутуу төлсөн зүйл бий” гэх агуулга бүхий хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй ба ажилгүйдлийн тэтгэмжийг авахгүй байх нөхцөл нэхэмжлэгчийн хувьд үүсээгүй байна.

18. Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөн, ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгохоор хүсэлт гаргаж, тэтгэмж авсан 2020 оны 7-8 дугаар сард буюу маргаан бүхий үйл явдал болсон тухайн үед Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолоор баталсан журам үйлчилж байсан бол улсын ахлах байцаагчаас төрийн хяналт шалгалт хийж, акт тавих үед тус зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан[2] Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам үйлчилж эхэлсэн байжээ.

19. Хариуцагчаас ... ажилгүйдлийн даатгалын сангийн 2020 оны тэтгэмж олголтын байдлыг шалгахдаа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолоор баталсан журамд нийцсэн эсэхийг хянасныг буруутгахгүй боловч шүүх хуралдаанд “улсын ахлах байцаагчийн актад заасан ... журмын 3.6 гэж 2016 оны 22 дугаар тогтоолоор баталсан журмын заалтыг барьсан” /хэргийн 95 дахь талд/ гэж тайлбарлаж буй энэ тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасан “хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ...” зарчмыг зөрчсөн үйлдэл болохыг тэмдэглэх нь зүйтэй.

20. У.Батдолгор нь “УС-ДУ” ОНӨААТҮГ-ын Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүртлээ даатгуулагчийн 01 төрөл, кодоор тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэнд, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин гэсэн 5 төрлийн даатгалын шимтгэл бүрэн төлсөн; мөн тус хуулийн этгээдэд үндсэн ажилтнаар ажилласан, дараа нь ажлаас чөлөөлөгдөж ажилгүйдлийн тэтгэмж авсан аль ч үед нь “Монголтакс ТМЗ” ХХК, “Бадрах 70” СӨХ-д тус тус хөдөлмөр эрхэлж, үндсэн ажлаас гадуур давхар ажил эрхэлж байгаа даатгуулагчийн 40 төрөл, кодоор тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэнд, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин гэсэн 4 төрлийн даатгалын шимтгэл төлсөн; нь Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаартай албан бичиг, У.Б-т тэдгээр ажил олгогчоос олгосон цалин хөлснөөс суутган төлсөн шимтгэлийн тооцоолол, “УС-ДУ” ОНӨААТҮГ, “Монголтакс ТМЗ” ХХК, “Бадрах 70” СӨХ-ийн 2020 оны 7-12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан (хэргийн 51-54, 56-73 дахь тал) зэргээр тогтоогдоно.

21. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Ажил олгогч, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа тэтгэвэр авагч энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 5 дахь заалтаас бусад төрлийн даатгалд албан журмаар даатгуулна. Үндсэн ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу давхар ажил эрхэлж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуулийн дагуу 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтад зааснаас бусад төрлийн даатгалд албан журмаар даатгуулна”, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, ... эрх үүснэ”,  Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 3.6-д “Үндсэн ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу давхар ажил эрхэлж байгаа даатгуулагч зөвхөн үндсэн ажлаасаа халагдсан тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж олгоно” гэж тус тус заасан.

22. Шийдвэрийн энэ хэсгийн 6, 20 дугаарт тодорхойлсон хэргийн бодит нөхцөл байдал, хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогчдын гаргасан тайлбар зэргийг харьцуулж дүгнэвэл, У.Б нь ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй бөгөөд давхар ажил эрхлэлт нь үндсэн ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд хууль заасан журмын дагуу ажилгүйдлийн тэтгэмж авах даатгуулагчийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй тул түүнд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн, ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа ажилд томилогдсон үндэслэлээр тэтгэмж олголтыг зогсоосон нь хуульд нийцсэн гэж анхан шатны шүүх үзэв.  

23. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5/-д “... хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй”, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1946 оны 217А/III/ тогтоолоор баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлийн 1-д “Хүн бүр ... ажилгүйдлээс хамгаалуулах эрхтэй”, 25 дугаар зүйлийн 1-д “... Ажилгүйдэх ... нөхцөлд тэтгэмж авах эрхтэй” гэж тус тус заасан нь хуульд заасан нөхцөл болзлыг хангасан тохиолдолд тэтгэмж авах даатгуулагчийн эрхийг баталгаажуулсан агуулгатай суурь хэм хэмжээ болно.

24. Тиймээс Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан “даатгуулагч”, “ажилгүйдлийн тэтгэмж” гэх ойлголтыг хариуцагчийн тайлбарласанчлан, Улсын дээд шүүхийн 2008 оны 47 дугаар тогтоолын 3.1.1-д дурдсан зөвхөн ажил хөдөлмөр эрхлээгүй, цалин орлогогүй хүн байх агуулгаар бус Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний (даатгуулагчийн) эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн суурь хэм хэмжээнд нийцүүлэн баталсан, тухайн харилцааг нарийвчлан зохицуулж буй Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль, захиргааны хэм хэмжээний актын зорилго буюу үзэл баримтлал, тодорхойлсон эрх зүйн зохицуулалтын дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлж, тэтгэмж авах эрх үүссэн байх урьдчилсан нөхцөлтэй уялдуулан авч үзэж, тайлбарлаж хэрэглэх нь зүйтэй бөгөөд энэ нь хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд сэргээн тогтоох шүүхийн зорилгод нийцнэ.

25. Нэгтгэн дүгнэвэл, Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын бүх төрлүүдийг, тус хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр төлж, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүйдлийн тэтгэмж авах болзол шаардлагыг хангасан даатгуулагч нь давхар ажил эрхэлж буй эсэхээс үл хамааран нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж байсан үндсэн ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй.

26. У.Б-ын хувьд хуульд заасан ажилгүйдлийн тэтгэмж авах болзол шаардлагыг хангасан бөгөөд түүнд тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн, Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын дагуу У.Б-ын ажилгүй байсан хугацаанд ногдох тэтгэмжийг суутган тооцож, тэтгэмж олголтыг зогсоосон нь тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хууль тогтоомжид нийцсэн байх тул ажилгүй байсан хугацаа /ажлын 7 өдөр/-нд олгосон тэтгэмжийг буцаан төлүүлэхээр шаардсан мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн актыг үндэслэлгүй гэж дүгнэв.

 27. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ын 6 дугаар зүйлийн 6.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д тус тус зааснаар шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэх бол Улсын дээд шүүхийн 2008 оны 47 дугаар тогтоол үүнд хамаарахгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус баримтлан У.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09-06-018/24 дүгээр актыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Говсьүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж У.Б-т олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         З.ГАНЗОРИГ

 

[1] Хариуцагч: 1/ хяналт шалгалт хийхдээ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолоор баталсан Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам (уг журмыг 2021.07.28-ны өдрөөс хүчингүй болсонд тооцсон)-ыг баримталсан, 2/ уг журмын 3.7 дахь заалтыг Улсын ахлах байцаагчийн 09-06-018/24 дүгээр актад 3.6 гэж дугаарыг андуурч бичсэн гэж тайлбарлана.

[2] Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлийн 5403 дугаарт 2021.07.07-ны өдөр бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн ба маргаан бүхий актад үндэслэл болгосон журмын зүйл, заалт /дугаарлалт/, тэдгээрийн зохицуулалт өөрчлөгдөөгүй байна.