| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2019/02830/и |
| Дугаар | 182/ШШ2020/00507 |
| Огноо | 2020-03-06 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 182/ШШ2020/00507
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, байр тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт З.Бийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, хороо, , өөрийн байранд байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, Т ХХК-д холбогдох
Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Е, хариуцагчийн төлөөлөгч Х.М, Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч З.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК-д 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 02 сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Занабазар бизнес төвийн захирлаар, 2017 оны 02 сарын 15-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Арслантай гүүр салбарт захирлаар ажилласан. Энэ хугацаанд хариуцсан салбар, нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, бизнесийн үйл ажиллагааг сайжруулах, зээлийн багц, мөнгөн хадгаламж болон татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээг өсгөх замаар банкны ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх үйлсэд өөрийн эрдэм мэдлэг, авьяас чадвар, бүх нөөц, боломжоо дайчлан зүтгэж ирсэн. Т ХХК-ийн Арслантай гүүр салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй. Гэтэл Тны гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/1682 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 заалтыг үндэслэн “ажил тасалсан, зөрчил, алдаа, дутагдалд хяналт тавиагүй, зөрчлийг илрүүлэх, арилгах арга хэмжээ аваагүй, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүй, дүрэм журмыг зөрчсөн” зэрэг хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж байгаагүй, хариуцсан салбар, нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангаж, шаардлагатай хяналтыг тавьж байсан. Ажлын байрны тодорхойлолт болон холбогдох дүрэм, журам, зааврын дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан. Т ХХК-д ажиллаж байх хугацаандаа ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулаагүй, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах үйлдэл гаргаж байгаагүй. Ажлаас халсан үндэслэлүүд нь хууль зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарахгүй, сахилгын зөрчил гаргаж байгаагүй тул Тны гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/1682 тоот “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” тушаалыг хууль бус шийдвэр гэж үзэж байна. Иймд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч Т ХХК-д даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч Х.М, Ц.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/1682 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан. Т ХХК-ийн Сүхбаатар дүүрэг салбарын харьяа Арслантай гүүр салбарын захирал ажиллаж байх хугацаандаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан, Арслантай гүүр салбарын харьяа Гурван яам тооцооны кассын ахлах теллерээр ажиллаж байсан С.Д нь банканд 450,639,503.85 төгрөгийн бодит хохирол учруулсан байхад салбарын захирлын зүгээс зөрчлийг илрүүлэх, арилгах арга хэмжээ аваагүй зэрэг нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.1, 7.4.3, 7.4.18, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.1, 5.28.3, 5.28.17 дахь хэсэгт заасныг зөрчиж сахилгын ноцтой зөрчил гаргасан нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч З.Б хариуцагч Т ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ажилтан З.Б нь Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон гэж маргаж байна.
Ажил олгогч Т ХХК нь гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/270 тоот тушаалаар ажилтан З.Бг Т ХХК-ийн Арслантай гүүр салбарын захирлаар томилж, Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж /хх-ийн 10, 33-35 тал/ байжээ.
Ажил олгогч ажилтны хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.4. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан, 7.4.2.Банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн үйлдлийг дотоодын хяналт шалгалтаар тогтоосон, 7.4.5. Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь дотоодын хяналт шалгалтаар тогтоосон, 7.4.18. ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй” бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар /хх-ийн 4-6 тал/ тохиролцжээ.
“Ажлын байрны тодорхойлолт”-нд Банкны зорилгод нийцүүлэн зах зээлд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх үүднээс салбар тооцооны төвийн бизнесийн үйл ажиллагааг өдөр тутам хэвийн явуулахад шаардлагатай мэдээ, мэдээлэл, заавар журам, удирдлагаар хангаж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэхээр үндсэн зорилгоо тодорхойлсон байх ба салбар нэгжийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, өдөр тутмын ажилд хяналт тавих, ажлыг хуваарилах, зохион байгуулах, үүрэг даалгавар өгөх, гүйцэтгэлийн үнэлж эргэх холбоотой ажиллах, Банкны дотоод журам зааврыг цаг хугацаанд нь танилцуулан мөрдүүлэх, Бэлэн мөнгө, үнэ бүхий зүйлийн хадгалалт, хамгаалалт бүрэн бүтэн байдалд хяналт тавих, салбар нэгжийн төлбөрийн чадвар, бэлэн мөнгөний нөөцийн хүрэлцээ, кассын лимитэд хяналт тавьж, зузаатгал авах тэгшитгэл хүргүүлэх ажлыг зохион байгуулах, удирдах, Салбар нэгжийн үйл ажиллагааг зохих заавар журмын дагуу явагдаж байгаа эсэхэд өдөр тутмын хяналт тавих, давхар болон дараалсан хяналтын системийг мөрдүүлэх, үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, Салбар тооцооны төвийн өдөр тутмын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг Салбар, Тооцооны төвийн захирлын гүйцэтгэх үндсэн үүргийг тодорхойлж, талууд гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан /хх-ийн 7-8 тал/ байна.
Т ХХК-ийн “Сүхбаатар дүүрэг салбарын Арслантай гүүр салбарын харьяа Гурван яам тооцооны касст хийсэн ээлжит, иж бүрэн шалгалтын тайлан”-гаар Арслантай гүүр салбарын харьяа Гурван яам тооцооны кассын ахлах теллер С.Д нь ажлын байрны давуу байдлыг ашиглан харилцагч байгууллагуудын свифт гадаад гуйвуулгаар болон банк хоорондын гүйлгээгээр шилжих ёстой байсан төслийн санхүүжилтийн ам.долларыг олон удаагийн үйлдлээр хувьдаа тодорхой хугацаанд авч ашигласан, Касс үнэт зүйлсийн албанаас ирүүлсэн зузаатгалыг Гурван яам тооцооны кассын дотоодын дансанд овердрафт буюу улайлтын эрх үүсгэх замаар ашигласан. Уг ашиглалтын үйлдлээ нуун дарагдуулах, хариуцсан кассын үлдэгдлийг тааруулах зорилгоор Гурван яам тооцооны кассын дотоодын болон түр дансыг ашиглаж, банканд 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 126,443.73 ам.доллар /ам.долларыг төгрөгт хөрвүүлснээр 337,851,753.42 төгрөг/ бодит хохирол учруулсан бол шалгалтын явцад Гадаад харилцааны яамны төрийн сан банкны тоот Засгийн газрын нөөц сангийн дансанд зээлийн төлбөр хэлбэрээр 2019 оны 7 дугаар сарын 02, 2019 оны 7 дугаар сарын 19, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрүүдэд тушаасан гэх 3 удаагийн нийт 143,543,250 төгрөгийн зээлийн төлбөрийн гүйлгээг бүртгэл огт хийлгүйгээр хуурамч баримт үйлдэх замаар хувьдаа авч ашигласан нь тус тус тогтоогдсон.
Арслантай гүүр салбарын захирал З.Б нь 7 удаагийн нийт 716,290.22 ам.долларын ашиглангийн үйлдлийн 3 удаагийн нийт 497,928.05 ам.долларын гүйлгээ хийгдсэн өдрийн баримт, үлдэгдэл тэнцэл, гүйлгээ журнал, арилжааны ашиг алдагдлын тайлан, кассын үлдэгдлийн мэдээ, теллерийн кассын тайлан зэрэг өдрийн баримтуудыг хянаж, баталгаажуулж гарын үсэг зураагүй байгаа нь “Тны теллерийн системийн багц журам”-ын 3.2.3, 3.2.4, 3.2.6, 3.2.10 заалтуудыг ноцтойгоор зөрчсөн. 4 удаагийн нийт 218,362.17 ам.долларын гүйлгээ хийгдсэн өдрийн баримт, үлдэгдэл тэнцэл, гүйлгээ журнал, арилжааны ашиг алдагдлын тайлан, кассын үлдэгдлийн мэдээ, теллерийн кассын тайлан зэрэг өдрийн баримтуудыг хянаж гарын үсэг зурж баталгаажуулсан боловч зөрчлийг илрүүлээгүйгээс ашиглалыг таслан зогсоох боломжийг алдсан.
Мөн салбарын захирал З.Б нь “Теллерийн системийн багц журам”-ын 6.1.14, 6.1.14.2, 6.1.14.4 заалтуудыг зөрчиж 7 удаагийн нийт 716,290.22 ам.долларын ашиглангийн гүйлгээний баримтуудыг хянаж гарын үсэг, тэмдгээр баталгаажуулаагүй, тооцооны кассын дотоодын худалдаж авсан замын чек данс 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд 131,000 ам.долларын үлдэгдэлтэй байхад тулган хянаагүй байгаа нь шат дараалсан хяналтыг хангалттай хэрэгжүүлээгүй. Ахлах теллер С.Дгийн өдрийн гүйлгээний баримтыг түүвэрлэн шалгахад байгууллагын данснаас гүйлгээ хийхдээ зарлагын баримтанд байгууллагын тамгаар баталгаажуулаагүй, чекээр гүйлгээ хийхдээ нэгдүгээр гарын үсэг зуруулалгүй гаргасан. 86,830,154.80 төгрөгийн орлогын гүйлгээ болон 28,833,240.00 төгрөгийн зарлагын гүйлгээ 462,914.86 ам.долларын орлого зарлагын гүйлгээг хийхдээ гүйлгээний баримтыг өдрийн баримтад хавсаргаагүй, гарын үсгийн загвар нь Грейпбанк программд бүртгэлтэй баталгаат гарын үсгийн бүртгэлээс зөрүүтэй байхад орлого зарлагын гүйлгээг хийсэн зэрэг зөрчилтэй байхад ахлах теллерийн өдрийн гүйлгээний баримтыг кассын гүйлгээний мэдээтэй тулгаж шалгадаггүй Сүхбаатар дүүрэг салбарын Арслантай гүүр салбараас тавигдах шат дараалсан хяналтыг хангалттай хэрэгжүүлдэггүй байдлаас үүдэн дээрх ашиглангийн үйлдэл гарсан байна” /хх-ийн 86-100 тал/ гэж дүгнэжээ.
Нэхэмжлэгч З.Б нь Теллерийн кассын тайлан, Мемориалын баримт, Өдрийн баримт, Гуйвуулгын даалгавар, Ажлын тайлан, төлөвлөгөө, гүйцэтгэл зэрэг баримтыг ирүүлсэн боловч дээрх иж бүрэн шалгалтын тайланг /хх-ийн 139-174/ үгүйсгэж чадахгүй байна.
Хариуцагч Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/1682 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131.1.3, Тны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.24.7, 5.28.1, 5.28.3, 5.28.17, Улсын дээд шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 15.4 дэх заалт, Хүний нөөцийн хорооны 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 63 дугаар хурлын шийдвэрийг үндэслэн Арслантай гүүр салбарын харьяа Гурван яам тооцооны кассын ахлах теллерээр ажиллаж байсан С.Д нь нийт 716,290.22 ам.доллар болон 343,543,250 төгрөгийг хувьдаа авч ашигласан, банканд 450,639,503.85 төгрөгийн бодит хохирол учруулсан, уг үйлдлээ нуун дарагдуулах зорилгоор банкны дотоодын дансыг ашигласан, гүйлгээний баримтыг хуурамчаар үйлдсэн, харилцагчийн гарын үсгийн загвар нь Грейпбанк программд бүртгэлтэй баталгаат гарын үсгийн загвараас зөрүүтэй байхад орлого, зарлагын гүйлгээ хийсэн, орлого зарлагын гүйлгээ хийхдээ харилцагчаас гүйлгээний баримтыг аваагүй, гүйлгээний баримтыг өдрийн баримтад хавсаргаагүй зэрэг зөрчил гаргасан байхад Салбарын захирлын зүгээс өдрийн баримт, үлдэгдэл, тэнцэл, гүйлгээ журнал, арилжааны ашиг, алдагдлын тайлан, кассын үлдэгдлийн мэдээ, теллерийн кассын тайлан зэрэг өдрийн баримтуудыг хянаж баталгаажуулаагүй, зөрчлийг илрүүлэх, арилгах арга хэмжээ аваагүй, С.Дгийн ажлын тайланг улирал болон жилээр авч, гүйцэтгэлийн үр дүн, явцыг дүгнэж танилцуулаагүй, мөн Гурван яам тооцооны кассын зөрүү, кассын КА-2 дэвтэрт буруу тэмдэглэл хийн балласан, давхарласан, засварласан байдал, КА-3 дэвтэрт лац, тэмдгийн дугаар бичдэггүй, огноо баллаж засварласан, цаг минут бичдэггүй, засвар, залруулгын гүйлгээ буруу хийсэн, гүйлгээний утга зөрүүлсэн, тусгай харилцагчийн дансны бүрдлийг хангаагүй байхад гүйлгээ хийсэн, АТМ-ыг сул зогсоож тооцооны кассын хүүгийн бус орлого олох боломжийг алдагдуулсан, картын хураамжийг дутуу авсан зэрэг зөрчил, алдаа, дутагдалд хяналт тавиагүй, зөрчлийг илрүүлэх, арилгах арга хэмжээ аваагүй зэргээр ажлын байрны тодорхойлолтод заасан “салбар, нэгжийн бизнесийн үйл ажиллагааг өдөр тутам хэвийн явуулахад шаардлагатай мэдээ, мэдээлэл, заавар журам удирдлагаар хангаж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, салбар нэгжийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах өдөр тутмын ажилд хяналт тавих үүрэг даалгавар өгөх, гүйцэтгэлийг үнэлж, эргэх холбоотой ажиллах, нэгжийн сар, улирал, жилийн санхүүгийн үзүүлэлт, тайлан мэдээнд хяналт тавих, удирдлагын өмнө үнэн зөв, бодит байдлыг хариуцах, нэгжийн үйл ажиллагаа зохих заавар журмын дагуу явагдаж байгаа эсэхэд өдөр тутмын хяналт тавих, давхар болон дараалсан хяналтын системийг мөрдүүлэх, үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, нэгжийн өдөр тутмын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих, ажилтнуудын ажлын тайланг улирал болон жилээр авч, гүйцэтгэлийн үр дүн, явцыг дүгнэж, танилцуулах, банкны дотоод дүрэм, журам, зааврыг цаг хугацаанд нь танилцуулан мөрдүүлэх, салбар, нэгжийн ажилтнуудын ажлын үр дүнг шалгах, салбар, түүний харьяа нэгжийн тайлан мэдээг хүлээн авч нэгтгэх, үнэн бодит байдалд хяналт тавьж ажиллах, АТМ-ын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавьж, шаардлагатай бол холбогдох газар, хэлтэст мэдэгдэж зохих арга хэмжээ авах” зэрэг үүргээ биелүүлж ажиллаагүй, Тны Теллерийн системийн багц журам, бусад дүрэм, журмыг зөрчсөн тул захирал З.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл /хх-ийн 11 тал/ ногдуулжээ.
Ажил олгогч ажилтны хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.4. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан” бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсооход хүргэх “ноцтой зөрчил”-д хамааруулахаар харилцан тохиролцжээ.
Ажилтан З.Б 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл өвчтэй байсан болох нь “Эмнэлгийн хуудас”, Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж олгогдсон /хх-ийн 175-177 тал/ баримтаар тогтоогдож байх ба уг баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
“Ажиллагсдын цаг ашиглалтын журам”-ын 3.1.Нийт ажилтнууд нь өглөө ажилд ирэх болон орой ажлаас гарахдаа хурууны хээгээр ирцийг заавал бүртгүүлнэ” гэж заасан байна. Гэвч уг төхөөрөмжөөс хэвлэн гаргасан хурууны хээний бүртгэлийн хуудсыг нотариатчаар гэрчлүүлсэн нь ойлгомжгүй, тодорхой бус байх ба Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дах заалтыг зөрчсөн гэж үзнэ.
Дээрх баримтыг үнэн зөв эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх боломжгүй бөгөөд хариуцагч Т ХХК нь ажилтан З.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан болохыг бусад баримтаар хангалттай нотолж /хх-ийн 199 тал/ чадаагүй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт заасан Сахилгын зөрчил илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хугацаа нь ажилтан З.Бгийн өвчтэй байсан 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны дотор дууссан байхад 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас халсан нь үндэслэлгүй гэж мэтгэлцэв.
Т ХХК-ийн “Сүхбаатар дүүрэг салбарын Арслантай гүүр салбарын харьяа Гурван яам тооцооны касст хийсэн ээлжит, иж бүрэн шалгалтын хугацаа 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, шалгалтын хамрах хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гэж тогтоож, уг хугацааны зөрчлүүдэд арга хэмжээ авч, сахилгын шийтгэл ногдуулсан нь /хх-ийн 86 тал/ Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй юм.
Тус салбарын ахлах теллер С.Дгийн “Ажлын байрны тодорхойлолт”-нд шууд харьяалагдах ажлын байр Салбар тооцооны төвийн захирал, ерөнхий харьяалагдах албан тушаал Дүүрэг салбарын захирал /хх-ийн 84 тал/ гэж заажээ.
Ажилтан Арслантай гүүр салбарын захирал З.Б нь тус салбарын ахлах теллер С.Д 716,290.22 ам.доллар болон 343,543,250 төгрөгийг хувьдаа авч ашигласан, банканд 450,639,503.85 төгрөгийн бодит хохирол учруулсан, уг үйлдлээ нуун дарагдуулах зорилгоор банкны дотоодын дансыг ашигласан, гүйлгээний баримтыг хуурамчаар үйлдсэн, харилцагчийн гарын үсгийн загвар нь Грейпбанк программд бүртгэлтэй баталгаат гарын үсгийн загвараас зөрүүтэй байхад орлого, зарлагын гүйлгээ хийсэн, орлого зарлагын гүйлгээ хийхдээ харилцагчаас гүйлгээний баримтыг аваагүй, гүйлгээний баримтыг өдрийн баримтад хавсаргаагүй байхад өдрийн баримт, үлдэгдэл, тэнцэл, гүйлгээ журнал, арилжааны ашиг, алдагдлын тайлан, кассын үлдэгдлийн мэдээ, теллерийн кассын тайлан зэрэг өдрийн баримтуудыг хянаж, зөрчлийг илрүүлэх, арилгах арга хэмжээ аваагүй нь “Ажлын байрны тодорхойлолт”-нд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
Хариуцагчийн төлөөлөгч нь ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж мэтгэлцэж байгаа нь Сүхбаатар дүүрэг салбарын Арслантай гүүр салбарын харьяа Гурван яам тооцооны касст хийсэн ээлжит, иж бүрэн шалгалтын тайлангаар тогтоогдсон байх тул Тны гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/1682 дугаар тушаал үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Т ХХК-нд холбогдох урьд эрхэлж байсан Т ХХК-ийн “Сүхбаатар дүүрэг салбарын Арслантай гүүр салбарын захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 7,260,253 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэгч З.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралтаар баталсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д зааснаар ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр сарын дундаж цалинг тооцож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор /сард 1,713,378 төгрөгийг :21,5 =өдөрт 79,692 төгрөг, 2019 оны 11 сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 сарын 06-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны 91 хоногийн олговор/ 7,260,253 төгрөг байх ба нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.А нэхэмжлэгч З.Бгийн цалингийн тодорхойлолт гаргуулах хүсэлтээсээ бичгээр татгалзсан /хх-ийн 200 тал/ болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Т ХХК-нд холбогдох урьд эрхэлж байсан Т ХХК-ийн “Сүхбаатар дүүрэг салбарын Арслантай гүүр салбарын захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 7,260,253 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэгч З.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ