Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/291

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,   

улсын яллагч Н.Уранбайгаль,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******, түүний өмгөөлөгч Д.*******,

шинжээч Б.*******, С.*******,

иргэний хариуцагч Д.*******,

шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Ч.*******

шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт овогт ын *******д холбогдуулан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт овогт ын *******өд холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр *** төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *** хамт *** оршин суух бүртгэлтэй, *** түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, овогт ын ******* (РД:***).

            Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловролтой, ***мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл *** хамт *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, овогт ын ******* (РД:***).

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 19 цаг 40 минутын орчимд дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт МТ шатахуун түгээх станцын баруун хойд замд Д.*******гийн эзэмшлийн загварын  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 18.3-т заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм хэргийг,

Шүүгдэгч С.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 19 цаг 45 минутын орчимд дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, , “МТ” Шатахуун түгээх станцын баруун хойд замд өөрийн эзэмшлийн “Тоёота” маркийн “Приус” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1,3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэлд мөргөгдөн зам дээр хэвтэж байсан Б.ыг дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манайх биогийн дэнжид байдаг. 17 цаг өнгөрөөд Нисэх рүү машин барьж явсан. Тэнд жолооны курст сурч байсан. Хүүхэд хөхнөөс гараагүй, автобус цөөн ирдэг учраас машин барьсан. 18 цагт хичээл эхэлдэг учраас 17 цаг өнгөрч гараад 19 цаг өнгөрөөд тарсан. Янгир дэлгүүр орж хүүхдэдээ памперс аваад хөдөлсөн. Гэр лүүгээ өгсөх замд бага зэргийн овоорсон шороо шиг зүйл харагдсан. Тэр үед очоод зүүн гар тийш бага зэрэг дарах юм байна гэж бодсон. Автобусны буудлын наад талд өөдөөс маш их машин ирж байхад зүүн тийш дарахад баруун талын хоёр дугуй юм дээгүүр гарсан. Тэгээд би автобусны зогсоол дээр машинаа зогсоогоод гараад харахад хүн байсан. Тэгээд машин руу очиж утсаа аваад эгч рүү залгахад эгч наанаа байж бай одоо очлоо гэж хэлсэн. Би яах учраас олохгүй байсан тул айсандаа зугтсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  2. Шүүгдэгч С..******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Дайрсан нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  3. Зам тээврийн ослын дуудлагын лавлагаа: “...Нэг хүнийг машин дайрчихсан байна. Эхлээд нэг машин мөргөчих шиг болсон. Дараа нь нэг машин дээгүүр нь гараад явчихлаа. Тэр хүн нь хөдлөхгүй байна.” гэх хуудас /хавтаст хэргийн 8 дугаар тал/
  4. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-12, 20-23, 35-43 дахь тал/
  5. Хяналтын камерийн бичлэг, сиди бичлэгэнд үзлэг хийсэн тэмдэглэл
  6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Амь хохирогч Б. нь миний төрсөн дүү Н.ын ганц хүү байгаа юм. 1996 оны 05 сарын 28-ны өдөр суманд төрсөн багаасаа эмээ өвөө эхийн гар дээр өсөж 2003 онд Улаанбаатар хотод эмээ өвөөтэйгөө орж ирээд  дүүргийн дугаар сургуульд сураад 2013 онд төгсөөд -ийн аялал жуулчлалын менежерээр 2017 онд төгсөөд 2018 он хүртэл аймагт жуулчны баазад ажил хийж байгаад Чех улсад ээж дээрээ очиж 1 жил амьдраад 2020 онд өвөө ходоодны хавдартай гэж мэдээд гадаадаас ирж асарч байгаад сая өвөө нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан өөрөө энэ оны 11 дүгээр сарын 15-ний өдөр нас барсан. Ээж Н. нь 1975 онд төрсөн одоо Чех улсад амьдардаг 2014 онд ажил хийхээр яваад 2021 оны 09 дүгээр сард ирээд аавтайгаа уулзаад буцаад явсан сүүлийн 2 жил нуруугаа хугалаад хагалгаа хийлгээд эмнэлэгт хэвтэж байгаа. Талийгаач нь төрсөн аавтайгаа амьдарч байгаагүй сүүлд ээжтэй нь суусан хойд аав гээр овоглодог нь бас Чех улсад цуг амьдарч байгаа гадаад улсад өвчтэй байгаа болохоор энэ хэрэгт оролцох боломжгүй гэж бичиг хийж өгсөн тэгээд би өмнөөс нь төлөөлж байгаа.Талийгаач манай ээж той цуг амьдарч байсан нд ээж өндөр настай зүрх муу даралт ихтэй эмчийн хяналтад байдаг болохоор өөрөө энэ хэрэгт оролцох боломжгүй гэж бичиг хийж өгсөн намайг төлөөл гэсэн. Талийгаач 1 жилийн өмнө найз охинтой болсон гэж ярсан боловч дагуулж ирээгүй уулзаж байгаагүй анх удаа ажил явдал болоход харсан осол болдог өдөр Хан-уул дүүргийн 10 хороо Морингийн тоотоос гарч найз охин ийн гэрт очно гэж эмээдээ хэлээд 17 цаг өнгөрч байхад гарсан гэсэн нийлээд удаж байгаад эмээ гийн гэсэн дугаарын гар утас руу залгаад автобуснаас хоцорчихсон би одоо такси барихаас гэж залгасан гэж ээж хэлсэн цагдаа нар найз охины гэсэн гар утасны дугаар луу залгаж ослын талаар хэлсэн гэсэн Манай талийгаач төлөв даруу дөлгөөн хүний үгнээс гарахгүй цэрэгт яваагүй архи тамхи хэрэглэдэггүй, мэнд устай эвтэй цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй чих их хатуу болоод байна гэж хэлдэг байсан. Архаг хууч өвчин байхгүй. Маш их гомдолтой байна өнөөдрийг хүртэл холбоо бариагүй 21 хоног цаашид 49 хонгийн зардал болон бусад зардлыг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дугаар тал/
  7. Гэрч М.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 19 цаг өнгөрч байхад “МТ” Шатахуун түгээх станцын байрны дотор байж байхад түг хийх /машин хоорондоо мөргөлдөхөөс өөр/ дуу гарахаар нь гараад хартал ойролцоо ямар нэгэн юм байгаагүй, тэгээд хойш алхаад түгээгүүрийн ойролцоо очоод баруун зүг рүү харсан чинь хот руу чиглэлтэй явж байсан машины гэрэлд нэг сүүтгэнэсэн хар юм харагдсан. Тэгэхээр нь би машин дээрээс юм уначихсан юм болов уу гэж бодоод дахиад 2 алхаад хартал цаад талд нь машин зогсож байсан. Тэгээд дахиад явж байсан машины гэрэлд харахад хүн хэвтэж байсан. Тэгээд цаад талд нь зогсож байсан машинаас хүн бууж ирээд зам дээр хэвтэж байсан хүн дээр очсон. Тэгэхээр нь хүн мөргөсөн юм байна хүн нь бууж ирсэн юм чинь цагдаа түргэн тусламж дуудсан байх гэж бодсон. Гэтэл нөгөө зогсож байсан машин хөдлөөд явахаар нь түргэн дуудъя гээд наанаас нь алхаад очиж явтал уг нь тухайн зам дээр хэвтэж байсан хүнийг машинууд тойрч гараад яваад байсан. Приус маркийн машин зам дээр хэвтэж байсан хүнийг дайрсан. Биеийн аль хэсэг дээгүүр нь гарсныг мэдэхгүй тэр тэр сүүлийн дайрсан машин цагдаа иртэл ослын газартаа байсан. Би өөрийн утсаар дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 86-87 дугаар тал/

              8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2510 дугаартай:

            “-Талийгаачийн цогцост гавлын орой ясны баруун зулай хэсгийн цөмөрсөн ил хугарал, гавлын дух болон суурь ясны шугаман хугарал, их тархины 2 тал бөмбөлгийн дух, баруун зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, тархины эдийн няцрал, толгойн хуйхны дотор гадаргуун дух, зулай хэсгийн цус хуралт, 2 талын олон хавирганы хугарал, уушги, элэг, дэлүүний эдийн няцарч задарсан шарх, баруун атгаал, шаант, умдаг ясны баруун доод салаа, зүүн ууц, сүүжний үеллийн зөрүүтэй бяцарсан хугарал, дотор эрхтнүүдийн доргилт, холбоос дагасан цус хуралт, дух, зулай, гуянд шарх, дух, шанаа, эрүү, хацар, хэвлий, ташаа, нуруу, шуу, сарвуу, өвдөг, шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас мөргөгдөх, дайрагдахын аль ч үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь бүгд шинэ гэмтлүүд тул гэмтэл учирсан дарааллыг тогтоох боломжгүй байна.

            -Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

            -Талийгаач нь гавал, тархи, цээж, хэвлий, аарцгийн хөндийн эрхтнүүдийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

            -Талийгаачийн цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна.

            -Талийгаачийн цусанд 3.5% промилли, ходоодны шингэнд 5.6% промилли, шээсэнд 3.7% промилли спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Харин мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 132-135 дугаар тал/

            9. Шинжээч Б.*******ын өгсөн: “...Талийгаач Б.адд учирсан баруун шаант ясны дээд булууны сэтэрхий бүхий бяцарсан хугарал, баруун атгаал ясны ташуу зөрөөтэй хугарал, баруун зулай болон дух суурь ясны баруун урд хонхор залаа сэртэн, турк эмээлийн баруун чамархай руу чиглэлтэй. Суурь ясны зүүн урд хонхор, турк эмээлийн зүүн талд хүрсэн шугаман хугарал их тархины дух, баруун зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины няцрал. хуйхны дух баруун зулай хэсгийн цус хуралт, дух зулай хэсгийн шарх нүүрний зулгаралт гэмтлүүд нь мөргөгдөх үед үүсэх боломжтой. Өөрөөр хэлбэл талийгаач зогсоо байрлалтай байх үед авто ослын улмаас машинд мөргөгдөж үүсэх боломжтой. Мөн талийгаачийн биед 2 талын олон хавирганы хугарал, умдаг ясны баруун баруун доод салаа. зүүн ууц сүүлний үелэмж, зүүн талын зөрүү ихтэй хугарал, уушиг, элэг, дэлүүний эдийн няцарсан шарх, зүүн гуяны урагдсан том шарх, зүүн өвдөг, шилбэний хэсгийн зулгаралт гэмтлүүд нь авто ослын улмаас машинд дайрагдах үед өөрөөр хэлбэл хэвтээ байрлалаас машинд дайрагдах үед үүсэх боломжтой гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь бүгд шинэ гэмтлүүд тул гэмтэл учирсан дарааллыг тогтоох боломжтой болно. Мөн дээрх мөргөгдөх. дайрагдах үеийн гэмтлүүд нь аль аль нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд амь насанд аюултай гэмтлүүд байна. Дээрх мөргөгдөх, дайрагдах үед үүссэн гэмтлүүд нь богино хугацаанд учирсан шинэ гэмтлүүд тул эдгээр гэмтлүүдээс Б. нас барсан гэж дүгнэсэн...Талийгаачийн цогцост учирсан мөргөгдөх үед үүссэн гэмтлүүд нь амь насанд аюултай, амьд ахуйд үүсгэгдсэн хүнд гэмтлүүд болно. Эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах эсэхийг үгүйсгэхгүй. Талийгаач Б.ын цогцост учирсан дайрагдах үед үүссэн гэмтлүүд нь амь насанд аюултай хүнд гэмтлүүд болно. Уг гэмтлүүд нь талийгаачийг амьд байх үед үүссэн гэмтлүүд байсан болно. Иймд талийгаачид учирсан мөргөгдөх болон дайрагдах үед үүссэн гавал, тархи, цээж, хэвлий, аарцгийн хөндий, мөчдийн хавсарсан гэмтлүүдийн улмаас нас барсан. Автомашинд дайрагдах үед үүссэн гэмтлүүд нь ам аврагдах боломжгүй юм гэж дүгнэсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54, 55-56 дахь тал/

  1. Иргэний хариуцагч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшилд байдаг. Жолооч А.*******д жолоодох зөвшөөрөл өгөөгүй манай дүү ийн машин миний нэр дээр авсан дүү жолооддог. А.******* жолоодож явсныг тэр өдөр мэдээгүй. Тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй байсан. Би гарсан хохирлыг төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дэх тал/
  2. Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би Өмнөговь аймгийн сум рүу ажил хийх гээд явсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажлаасаа буугаад хоолонд орж байхад эхнэр ******* над руу утсаар залгахад би утсаа аваад ярихад эхнэр Номин-Эрдэнийн дуу нь цаашаа орсон айж сандарсан байдалтай машин жолоодож байгаад зам дээр хэвтэж байсан хүний дээгүүр гарчихлаа гэж хэлэхээр нь би тайвшруулаад болсон зүйлийн талаар сонсоод хаана байна гэж хэлсэн чинь эхнэр ******* нь машинаа жолоодоод гэртээ харьж байна гэж хэлэхээр нь би Өмнөговь аймгаас гарлаа гэж хэлээд гар утсаа тасалсан. Тэгээд би ажлын захирал Отгонбаярт эхнэр ******* нь машинтай явж байгаад хүн дайрсан байна гэж хэлээд ажлын чөлөө аваад Истана маркийн машинтай ажлын хүнтэй хот явах болоод шууд яваад сумын төв дээр ирсэн чинь машин эвдэрсэн. Тэгээд би яаж хот явах уу гээд байж байхад цагаан өнгийн Тоёота Приус маркийн машин ирээд хот явах хүн байна уу гэхээр нь би шууд машинд суугаад хот руу явсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цагийн орчим Улаанбаатар хот руу орж ирээд шууд дүүргийн ны задгайд байрлах гэртээ байсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр би эхнэр *******, Хүргэний хүүхэд Содбилэг нарын хамт дүүргийн Нисэхийн байрны буудал дээр очиж үсээ засуулахаар болоод 9724УНЦ улсын дугаартай машиныг би жолоодоод гэрээс гараад явсан. Тэгээд Үсчин ороод би үсээ засуулж дуусаад машин дээрээ очсон чинь машин дээр цагдаа нар ирсэн байсан. Тэгээд юу болсон талаар үнэн зөвөөр хэлж ярьсан. Машин эвдрэл гэмтэл байхгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дэх тал/
  3. Гэрч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-уул дүүргийн үйлдвэр комбинатын шүүхийн хажуу талд манай ажил байдаг. Орой 18 цаг өнгөрөөгөөд ажлаасаа 5 богдын автобусны буудлаас жижиг тэргэнд суугаад Хүннү молл дээр буугаад нөхөр С.*******ийг хүлээж байтал 19 цаг 30 минутын орчим Т.******* Приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ажлаа тарж ирээд Хүннү молл дэлгүүрийн урд талын зам дээр буюу автобусны буудал дээрээс ирж аваад бид хоёр цааш гэрлүүгээ яваад гэх дэлгүүр өнгөрөөд би нөхөр *******өөс юм асуугаад дөнгөж өгсөөд МТ шатахуун түгээх станцын хажуу талаар өнгөртөл автобусны буудлын урд хэсэг зам дээр надад бол хог зам дээр хөглөрсөн гэж бодоод явтал яалтачгүй нэг юман дээгүүр гарах шиг болсон гэтэл манай нөхөр ******* би юун дээгүүр гарчхав, юу дайрчив гээд машинаа баруун шахаж зогсоод нөхөр түрүүлээд машинаас буугаад гүйсэн тэр автобусны буудал чиглээд би цүнх хүнсээ суудал дээрээ орхиод яасан бэ гээд нөхөр дээрээ очиход ******* машин мөргөж хаячхаад яваад өгсөн байна бид нөгөө мөргүүлээд хэвтэж байгаа хүнийг харалгүй хөлийг нь дайраад гарчихжээ гэж МТ шатахуун түгээх газрын ажилтан залуу хэлсэн гэсэн. Тэр колонкийн ажилтан залуу залуу машинд хүн мөргүүлээд хүн унасан байхад нь та 2 дахиад тэр хүнийг дайраад гарчихлаа би уг нь 103, 102 дугаарын утсаар дуудлага өгч байсан юм гэж хэлсэн. Манай нөхөр ослын гурвалжин тэмдгээ гаргаж тавьсан маш харанхуй тэр хавьд явж байсан машинууд мөргөх гээд байсан. Яг бид хоёрын алдаа давтагдах гэж байгаа юм шиг бодоод тэр хавиар явж байгаа машин тэргэнд яваа хүмүүст анхааруулга, сэрэмжлүүлэг өгч ажилласан. Би жолоочийн урд суудал дээр сууж явсан өөр хүн байгаагүй уг нь байнга явдаг гадаа тас харанхуй машин тэрэг хөдөлгөөн бага зэрэг бид 2 ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явсан. Манай нөхөр тухайн осол болох үед 50 км цагийн хурдтай явсан. миний бодлоор хэвтэж байгаа хүнийг тулж хараад займраад гарсан гэж бодож байна. Би тэр шатахуун түгээх станцын залууг өгсөх үед нүдний буланд харсан ямар ч байсан цэнхэр хувцастай колонкийн залуу байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй нэг мэдсэн цагдаа ирсэн байсан би цагдаа болон түргэнд дуудлага мэдээлэл өгөөгүй манай нөхөр дуудлага өгөөд байх шиг юм яриад машины хажууд зогсоод байсан. Нээрээ талийгаачийн цүнх нь цагдаа ирэх үед автобусны буудлын сандал дээр нь бас нэг гар утас байсан өөр зүйл анзаараагүй би айгаад очоогүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 74 дэх тал/
  4. Гэрч Ж.Лхагвын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би дүүргийн 13 дугаар хороо Нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд сурагч хүүхдүүдийг улсын дугаартай шаргал өнгийн Солонгос улсад үйлдвэрлэсэн маркийн автомашиныг бариад 9 жил хүүхэд сурагч зөөж байна. Би 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өглөөний ээлжиндээ хүүхдүүдээ 06 цагаас хар хошуу, мод үржүүлгийн газар дэвшил 7 гэх газруудаас хүүхдүүдээ аваад өглөөний 07:40 цаг гэхэд ирсэн байсан. Тэгээд машины засвар үйлчилгээ хийлгэх гэж хот ороод орой 18 цагийн үед гараад түгжирч явсаар байгаад Морингийн даваа өгсөх замд нэг автобусны буудал дээр ойртон ирэх үед зам дээр миний явж байгаа эгнээнд нэг хош шиг юм байхаар нь тэр зүйлийг тойрч гараад хартал хүн байх шиг байсан. Тэгээд би өнгөрөөд явсан. Шууд гэрлүүгээ харьсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 91-92 дахь тал/
  5. Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн “...Уг тээврийн хэрэгсэл нь шил арчигч шингэн байхгүй, бүртгэлийн дугаарын гэрэл асахгүй, дуут дохио ажиллахгүй, шүүлтүүр (катализатор) байхгүй, гэрэл тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй зэрэг гэмтэл, эвдрэлтэй байна,

                 -Уг тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 5000сd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 13100сd, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 2500сd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 6800cd (стандарт 10000-225000сd) тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийн дуут дохио ажиллахгүй байна. Уг тээврийн хэрэгслийн дуут дохио ажиллахгүй байна,

                 - Дээрх эвдрэл, гэмтэл нь уг зам тээврийн осол хэрэгт нөлөөлж болох,

                 - Уг зам тээврийн осол хэрэгт үзэгдэх орчин хязгаарлагдах байдлаар нөлөөлж болох,

                 -Уг тээврийн хэрэгсэл нь хий-шингэн дамжуулгатай АВЗ тоормосны системтэй,

                 -Уг тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.6кН, баруун талдаа 1.7 кН, зөрүү нь 5.8% (стандарт <20%), хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.1 кН, баруун талдаа 1.0кН, зөрүү нь 9.0% (стандарт <30%) автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангаж байна. Тоормосны систем ажиллагаа хэвийн.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 113-116 дахь тал/

                 15. Шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 174-185 дахь тал/

                 16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн улсын дугаартай Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгслийн баруун урд дугуйн загасан тяг, их биеийн баруун доод хөндлөн төмрөөс хүний цус илэрсэн

                 -Уг илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов

                 -Уг илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь нэг эрэгтэй хүнийх байна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 192-193 дахь тал/

                 17. Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн: “...Тоуоtа Рrius 30 маркийн 97-24 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч овгийн ын ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэг заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.5 дахь хэсэг /Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ/-ийн а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; бI осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; гI тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, мөн дүрмийн 3.7 дахь хэсэг Жолоочид дараахь зүйлийг хориглоно/-ийн а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй / жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3 дахь хэсэг “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 18.3 дахь хэсэг “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг тус тус зөрчсөн байна,

                 -Тоуоtа Рrius-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч овгийн ын ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэг “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3 дахь хэсэг “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн байна,

                 -Явган зорчигч гийн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэг “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 5.12 дахь хэсэг Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, ...” гэснийг тус тус зөрчсөн байна,

                 -Тоуоtа Рrius 30 маркийн 97-24 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөг /эзэмшигч/ Галт овгийн Дэмбэрэлийн ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дахь хэсэг /Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ/-ийн г/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) ... хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх гэснийг зөрчсөн байна,

                 -Зам тээврийн осолд зам, замын байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэл, цаг агаарын болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 222-224 дэх тал/

                 18. Яллагдагч А.Номин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Нор булаг авто сургуулийн жолооны курст хичээлдээ өдрийн 18 цагийн орчим суугаад 19 цаг 20 минутад тараад Янгир гэх хүнсний дэлгүүр орж хүүхдийн памперс аваад гарч ирээд Тоёота Приус 30 маркийн 97-24 УНЦ улсын дугаартай автомашиныг жолоодон Био комбинат орох гээд гэрлүүгээ явж байсан. явах зам руу ороод ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд яваад өгсөөд МТ шатахуун түгээх станц мөн автобусны буудлын харалдаа овоолсон шороо ч юм уу нэг зүйл миний явах зам дээр харагдсан тэгээд би тэр хар өнгийн зүйлийг тойроод гаръя гэж бодоод зүүн гар тийш дарах үед өөдөөс ирсэн машины хурц гэрлийн гялбаанд ороод нэг хэсэг зам юу ч харагдаагүй тэр үед таг хийх чимээ гараад машин оволзоод нэг юман дээгүүр гарах шиг болоод баруун гар тийш дараад автобусны буудал руу шахаж зогссон. Тэгээд би баруун урд талын хаалгаар машинаас буугаад харсан чинь эрэгтэй хүн дээшээ хараад хэвтэж байсан. Ойролцоогоор машинаас 4 алхмын зайтай толгой хэсэг нь ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан амнаас нь аа аа аа гэх чимээ гараад амьсгал нь сонин дугараад хөдөлгөөнгүй хэвтээд байхаар нь ойртож очиж хараад нээх удаагүй машинаас 2 алхаж хараад буцаж машин дээрээ очиж суугаад хамгийн түрүүнд хадам эгч ******* руу өөрийн 89939498 дугаарын гар утсаар дугаарын гар утас руу залгаад юу болсон тухайгаа хэлсэн тэгсэн ******* эгч нь одоохон очлоо наана байж байгаарай надад хэлээд утсаа салгаад буцаад машиндаа суугаад шууд хөдлөөд Био комбинатын байрны дунд очоод машиныхаа хойд урд хоёр номероо аваад арын суудал дээр тавиад тэгээд тэнд хэсэг байж байгаад хөдөлсөн тэгээд буцаж яваад гэрлүүгээ салдаг зам руу ороод гэрийнхээ доохон очоод зогссон.Тэгээд нэлээн байж байгаад эгч ******* руу дахиж залгаад байж байтал ******* эгч ирээд осол болсон газрын хажуу талаар өнгөрөхөд цагдаа эмнэлгийн машин ирсэн байна гэсэн. Эгч нөхөртэйгөө хамт ирээд манай машиныг унаж хашаанд оруулж өгөөд би гэртээ орсон хүүхдээ унтуулаад амарсан. Нөгөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр осол гаргасан машиныхаа номерыг зүүгээд унаж яваад нисэхийн байрны буудал дээр үсчин орж дүүгийнхээ үсийг засуулаад гараад иртэл цагдаагийн газраас хүмүүс машин дээр ирсэн байсан. Манай нөхрийг өөр машинд суулгаад намайг бас өөр машинд суулгаад хамт явсан дүүг хүргэж өгөөд цагдаагийн газар луу авч явсан. Би тэр овоолсон шороо гэх зүйл миний явж байгаа эгнээн дээр харагдсан ойролцоогоор өгсөж явах үедээ 100-200 метр зайд харсан намайг машинаас буугаад харахад тэр орчимд овоолсон шороо харагдаагүй харин эрэгтэй хүн дээш харан хэвтэж байсан. Миний хойд талд явсан хоёр машинд явсан хүмүүс харсан байж магадгүй сайн мэдэхгүй байна. Би машинаас буугаад ирэх үед хойд талд явсан нэг машин газар хэвтэж байсан хүнийг харсан байх ухраад газар хэвтэж байсан хүнийг тороод явсан дараагийн машин бас тойроод гараад явсан өөр машин байгаагүй эсрэг урсгалаас машин харагдаагүй харин гар утсаа машинаас аваад эгч рүү залгаж байх үед замын урд талд байрлах МТ шатахуун түгээх станцын наахан талд түгээч нь над руу хараад зогсож байсан. Өөр хүн харагдаагүй. Осол гарах үед би ганцаараа явсан. Тухайн үед би айсан учраас ийм асуудал гаргасан. Би тэр хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээгүй дуудлага мэдээлэл өгөөгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 240-241 дэх тал/

                   19. Яллагдагч С.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ослын талаар бүх зүйлийг үнэн зөвөөр тодорхой ярьсан. Тиймээс надад одоо уг мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй. Миний хувьд надад холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх эмнэлгийн шинжээчийн 2510 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн 22/02 дугаартай дүгнэлт зэрэг нь эргэлзээтэй байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Би бол талийгаачийн дээгүүр нь машинтайгаа гарсан нь бол үнэн. Гэхдээ миний хувьд тухайн хүнийг үхэлд хүргэсэн тархины гэмтлүүдийг бол учруулаагүй бөгөөд эхний мөргөсөн машин дээрх гэмтлүүдийг учруулсан гэж үзэж байна. Харин цээж, хэвлий, аарцаг ясанд учруулсан гэмтлүүдийг бол би учруулсан байх магадлалтай. Дээрх миний учруулсан байх боломжтой гэмтлүүд нь тухайн хүнийг үхэлд хүргэх гэмтлүүд биш байх гэж бодож байна. Тиймээс дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Техникийн шинжээчийн дүгнэлтийн хувьд зогсоох арга хэмжээ авах ёстой гэсэн үндэслэл тавьсан байна. Миний хувьд тухайн нөхцөл байдалд зогсоох арга хэмжээ авах ямар ч боломжгүй байсан. Мөн замын хөдөлгөөний дүрмийн 3.1 гэсэн нийтлэг үндэслэлээр буруутгаж байгааг бас хүлээн зөвшөөрөхгүй байна Тиймээс мөн техникийн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлтэй байна. Хэрвээ тухайн хүнийг дайрч зугтаасан жолооч осол болонгуут зогсож жолоочийн үүргээ биелүүлж ослын дохиогоо асааж анхааруулах тэмдэг тавьж бүх арга хэмжээгээ авсан байсан бол энэ осол болохгүй байсан гэж үзэж байна.” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 6 дахь тал/

           

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгч А.Номин-Эрдэнийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 22 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 23 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 24 дэх тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 25 дахь тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 26 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 27 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 28 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 29 дэх тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 30-32 дахь тал),

Шүүгдэгч С.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 35 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 19 цаг 40 минутын орчимд дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт МТ шатахуун түгээх станцын баруун хойд замд Д.*******гийн эзэмшлийн загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 18.3-т заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг,

Шүүгдэгч С.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 19 цаг 45 минутын орчимд дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, , “МТ” Шатахуун түгээх станцын баруун хойд замд өөрийн эзэмшлийн “Тоёота” маркийн “Приус” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1,3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэлд мөргөгдөн зам дээр хэвтэж байсан Б.ыг дайрч, амь насыг нь хохироосон үйл баримт тус тус тогтоогдлоо.

            Шүүгдэгч С.*******ийн хувьд тэрээр дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, , “МТ” Шатахуун түгээх станцын баруун хойд замд өөрийн эзэмшлийн “Тоёота” маркийн “Приус” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1,3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн буюу тээврийн хэрэгсэлд мөргөгдөн зам дээр хэвтэж байсан Б.ыг дайрч, амь насыг нь хохироосон үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон бөгөөд хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг дээрх гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

            Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг зөрчсөний улмаас хохирогчийн бие махбодь буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр гэмтэл учирсан байх обьектив болон субъектив талын шинжийг хангахыг шаарддаг. Харин уг гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан.

            Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж заажээ.

Шүүгдэгч А.Номин-Эрдэнийн хувьд тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдгээ мэдэж байсан ба тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ  автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан,

шүүгдэгч С.******* нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэлд мөргөгдөн зам дээр хэвтэж байсан Б.ыг дайрч амь насыг нь хохироосон тус тус үйлдэл нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрч М., Д., С., Ж., хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* нарын мэдүүлэг, шинжээчийн 2510, 999168, 5607, 22/02 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч А.Номин-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Б.ын биед “хүнд” гэмтэл учруулж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэлд мөргөгдөн зам дээр хэвтэж байсан Б.ыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

           

  1. Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******т 23,771,026 төгрөгийн хохирол учирсан ба үүнээс өмгөөлөгчийн зардал 3,000,000 төгрөгийг гаргуулах нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өмгөөлөгч авах эсэх нь эрхийн асуудал бөгөөд зайлшгүй гарах зардал биш юм. Харин үлдэх 20,771,026 төгрөгөөс шүүгдэгч А.******* 13,847,350 төгрөг, шүүгдэгч С.******* 6,923,676 төгрөгийг тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******т төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь шүүгдэгч нарт гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч А.*******, С.******* нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 3 дахь хэсэгт тус тус зааснаар жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч А.Номин-Эрдэнийн жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч С.*******ийн жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар тус тус хасаж тогтоовол зохино.

              Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч А.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал /...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 25 настай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй/ зэргийг харгалзан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж /Улаанбаатар хотын Баянгол, , Сүхбаатар дүүргүүдээс гарахыг хориглох/, түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч С.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн хувийн байдал /...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 52 настай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй/ зэргийг харгалзан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зохимжтой гэж үзсэн болно.

 

  1. Бусад асуудлаар:

            Шүүгдэгч А.*******, С.******* нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч овогт ын Номин-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн гарзыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

                Шүүгдэгч овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Шүүгдэгч А.Номин-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

                Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******өд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/ урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

            5.Шүүгдэгч А.*******д оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

            6.Шүүгдэгч А.*******, С.******* нарыг Улаанбаатар хотын Баянгол, , Сүхбаатар дүүргүүдээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            7. Хэрэгт эд мөрийн баримтаар компакт диск 3 ширхгийг хэрэгт үлдээж, шүүгдэгч А.*******, С.******* нар цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн С.*******ийн ВСD ангиллын 283478 дугаарын 1 ширхэг жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг С.*******өд сануулсугай.

            10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******, С.******* нарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн үеэс тоолсугай.

            11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            12. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            13.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.*******, С.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.БАТБОЛОР