| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 183/2019/03632/и |
| Дугаар | 183/ШШ2020/00595 |
| Огноо | 2020-03-06 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2020/00595
2020 оны 03 сарын 06 өдөр Дугаар 183/ШШ2020/00595 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Аийн газрын нэхэмжлэлтэй,
хариуцагч- .............. тоотод хаягийн бүртгэлтэй, “Б” ХХК
хариуцагч- ....................тоотод хаягийн бүртгэлтэй, В нарт холбогдох,
бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд 2008-2011 онд төвлөрүүлэх хөрөнгөд 2.975.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............., хариуцагчийн “Б” ХХК-ний захирал, хариуцагч Ч.В, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь Харилцаа холбооны тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Шуудангийн тухай хууль, Засгийн газрын 2009 оны “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам батлах тухай” 151 дүгээр тогтоолыг удирдлага болгон харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж ажилладаг. Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд нь ХХЗХ-с жил бүр тогтоосон хэмжээгээр Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэг хүлээдэг. Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 66 дугаар тогтоолоор 2008 он төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 800.000 төгрөг, 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор 2009 онд санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 800.000 төгрөг, 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 57 дугаар тогтоолоор 2010 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 1.000.000 төгрөг, 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 48 дугаар тогтоолоор 2011, 2012, 2013 онуудад санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тус тус тогтоосон. ”Б” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2003 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоолоор 2003-2011 оны хооронд тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд 2008-2012 онд 4.900.000 төгрөгийн авлага үүсээд байна.
Дээрх хувь хэмжээний дагуу хөрөнгө төвлөрүүлэхийг шаардаж “Б” ХХК-д Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын 2011-04-25-ны өдрийн 9/347 тоот албан бичиг, 2015-03-17-ны өдрийн 7/225 тоот албан бичиг, 2017-10-03-ны өдрийн 6/802 албан шаардлагыг хүргүүлж байна. Тус компани нь оршин суугаа хаягтаа байхгүй, холбогдох боломжгүй байсан тул эрэн сурвалжлуулан олж тогтоосон хаягаар нэхэмжпэл гаргаж байгаа болно. “Б” ХХК нь тусгай зөвшөөрөлийг 2008-2011 оны хооронд эзэмшиж байсан тул нэхэмжлэлийн шаарлагаа багасгаж 2.975.000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Б ХХК нь тусгай зөвшөөрлийг 2003-06-02-ны өдрөөс эхлэн эзэмшиж байгаад 2011-06-21-нд зөвшөөрлийг хүчингүй болгосон. Ингэж шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэгтэй байдаг. Төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг харилцаа холбооны зохицуулах хорооноос баталдаг, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх нь Харилцаа холбооны тухай хуулийн 11, 7.1.2, шуудангийн тухай хуулийн 9.1, тусгай сангийн тухай хуулийн 22.2.1-д заасан хуулиар хүлээсэн үүрэг байгаа. Энэ бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг манай байгууллага хариуцдаг тул сангийн хөрөнгийн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ажилуулж байсан Б ХХК нь 2008 оноос үйл ажиллагаа нь доголдон дампуурсан, үйл ажиллагаа болон татварын асуудлаас болж тэр үед компаний гэрчилгээ, тамгыг Сүхбаатар дүүргийн татварын газар хурааж авсан. Би үүнээс хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд одоо тэтгэвэрт гэртээ байдаг. Б компаний байсан ажлын байрыг 2006 онд зарсан. Би энэ компанийг байгуулж үйл ажиллагаа явуулаад ашиг орлого олоогүй, өнгөрсөн цаг хугацаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт эмчлүүлж байсан. Тусгай зөвшөөрөл нь нэг жилийн хугацаатай байсан санагдаж байна, хөрөнгө төвлөрүүлэх гэрээ байгуулаагүй санагдаж байна, би сэтгэцийн өвчний улмаас эмчлүүлж байсан тул зарим зүйлийг сайн санахгүй байна. Манайд цагдаа ирж уулзсанаас хойш Сүхбаатар дүүргийн татвараас очиж Б компаний талаар асуухад татан буугдаагүй гэсэн мэдээлэл өгсөн. 2009 онд тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А-нь хариуцагч “Б” ХХК, иргэн Ч.В нарт холбогдуулан шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд 2008-2011 онд төвлөрүүлэх хөрөнгөд 4.9000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан байх бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч “Б” ХХК-ийн тусгай зөвшөрөл 2011-06-21-нд цуцлагдсан тул шаардлагаа багасгаж 2.975.000 төгрөгийг бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд гаргуулахаар шаардсан /хх-1-3, шүүх хуралдааны тэмдэглэл/.
Нэхэмжлэгч байгууллагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох, нэхэмжлэлийн шаардлагаа багасгах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрхийг 2019-10-29-ний өдрийн 1/1040 дугаартай итгэмжлэлээр ................. нарт нэг жилийн хугацаатай олгосон /хх-5/ байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг төлөөлөгч буюу ........... оролцсон байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2019-12-16-ны өдрийн лавлагаанд “Б” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь В, эрхлэх үйл ажиллагаа нь илгээмжийн үйлчилгээ эрхлэх, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Чойжилжавын В гэж бүртгэгдсэн байна /хх-36/.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2003-06-02-ны өдрийн 22 дугаар тогтоолоор “Б” ХХК-д Сөүл Улаанбаатарын хооронд шуудангийн илгээмжийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон /хх-9-12/ байх бөгөөд 2011-06-27-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор хариуцагч “Б” ХХК-д олгосон зөвшөөрлийг хүчингүй болгосон байна /хх-13/.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж шаардлагын үндэслэлээ тайлбарласан бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2007-12-20-ны өдрийн 66 дугаар тогтоолоор шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүсэд үйлчилгээ үзүүлэгч бусад үйлчлэгчээс Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотолд 800.000 төгрөг /хх-14/ гэж, 2008-12-18-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор мөн адил 800.000 төгрөг /хх-15/ гэж, 2009-12-14-ний өдрийн 57 дугаар тогтоолоор 1.000.000 төгрөг /хх-16/ гэж, 2010-12-23-ны өдрийн 48 дугаар тогтоолоор 1.500.000 төгрөг /хх-17/ гэж тус тус тогтоосон байна.
Хариуцагч 2003 онд тусгай зөвшөөрөл авч ажилласан боловч ашиг орлого олоогүй, эрүүл мэндийн шалтгааны улмаас сэтгэцийн өвчний улмаас эмнэлэгийн хяналтад байсан, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс тусгай зөвшөөрөл, компаний тамга, тэмдэг, гэрчилгээг хурааж авсан, 2009 онд тусгай зөвшөөрөл байгаагүй гэж тайлбарласан боловч тайлбар, татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй.
Харин Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар нь хөрөнгө төвлөрүүлэх тухай 2011-04-25-ны өдрийн 9/347 дугаартай албан бичгийг 60 газарт гэж хаягласан /хх-19-20/, Мэдээллийн технологийн, шуудан, харилцаа холбооны газар нь 2015-03-17-ны өдрийн 7/225 дугаартай албан бичгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд гэж хаягласан /хх-21-23/, Аийн газар нь 2017-10-03-ны өдрийн 6/802 дугаартай албан бичгийг 20 байгууллагад гэж хаягласан /хх-24/ байх боловч эдгээр албан бичиг хариуцагч “Б” ХХК-д хүргэгдсэн, гардуулсан болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл болгон тайлбарласан Харилцаа холбооны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан дараахь эх үүсвэрээс бүрдэнэ гэж, 11.2.1-т хандив, зээл, тусламжийн хөрөнгө, 11.2.2-т бусад хөрөнгө гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зохицуулах хороо харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 9.1.7-д бүх нийтийн үйлчилгээний үүргийн хэрэгжилтийг хангуулах гэж,
Хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 6.1.12-т бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэн зориулалтын дагуу зарцуулах, биелэлтийг Ерөнхий сайдад тайлагнах гэж заасан байна.
Харин Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан Зохицуулах хороо дараахь эрх хэмжээтэй байна гэж, 9.1.2-т заасан ...бүсэд шуудангийн үйлчилгээ үзүүлэгч бусад үйлчлэгчээс Харилцаа холбооны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоож, мөрдүүлэх гэх заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тусгай сангийн тухай хууль гэж тайлбарлаад байгаа хууль нь Засгийн газрын тусгай сангийн тухай хууль байх бөгөөд уг хуулийг 2020-01-01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн, уг хуулийн 22 дугаар зүйлд тусгай сангийн удирдлага, зохион байгуулалт гээд 22.1-д Тусгай сангийн эх үүсвэр нь төрийн сангийн нэгдсэн дансанд байршина гэж, 22.2-т хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 5.3.8, 5.3.11, 5.3.12, 5.3.15, 5.3.22-д заасан тусгай сангийн мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн эрсдэл хамгийн бага байх хэлбэрээр удирдах үйл ажиллагааг санхүү, төсвийн болон тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран хэрэгжүүлнэ гэж заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас харахад бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь хандив, зээл, тусламжийн хөрөнгө, бусад хөрөнгөөс бүрдэхээр байх бөгөөд зохицуулах хорооны шуудангийн үйлчилгээ үзүүлэгч бусад үйлчлэгчээс Харилцаа холбооны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоож, мөрдүүлэх эрхийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон ба засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг 2020-01-01-ний өдрөөс дагаж мөрдөх, уг хуулиар тусгай сангийн эх үүсвэр нь төрийн сангийн нэгдсэн дансанд байршихаат тусгасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” тул нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.
Шүүх нэхэмжлэлийн үндэслэл гэдэгт нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг тул нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг тул нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох баримтын талаар тусгасан байхыг шаардахаас заавал хавсаргаж ирүүлэхийг шүүх шаардахгүй. Учир нь хэргийн оролцогчидод нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэхийн тулд хуулиар хугацаа тогтоогдсон бөгөөд уг хугацааны дотор буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэрэг маргааныг шийдвэрлэх журамтай.
Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болох тусгай зөвшөөрөл эзэмшигч байх хугацаанд бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүрэг болох нь дээрх хуулийн зохицуулалтаар нотлогдон тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч “Б” ХХК нь хэрэгт авагдсан баримтаар 2003-06-02-ны өдрөөс 2011-06-27-ны өдрийг хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшисэн болох нь нотлогдож байна.
Ийнхүү тусгай зөвшөөрөл эзэмшигч нь харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан хөрөнгийг санд төвлөрүүлэх үүрэгтэй гэж тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж зохицуулсан бөгөөд хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааны талаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зохицуулсан ба хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, гэж, 76.2-д “...шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, ...үеэс үүснэ” гэж тус тус зааснаар хариуцагч “Б” ХХК-ний эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг 2011-06-27-ны өдөр хүчингүй болгосон байх бөгөөд энэ өдрөөс нэхэмжлэгч байгууллага шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байжээ.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т “шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ” гэж, хуулийн 79.3-т “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэжлүүлэх боломжгүй болсон бол талууд болон шүүхээс явуулсан сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно” гэж, 76.7-д “...өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн хэрэгт гаргасан баримтаас үзэхэд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-07-23-ны өдрийн 182/ШШ2018/01503 дугаар шийдвэрээр “Б” ХХК болон захирал Ч.Вг эрэн сурвалжлахаар /хх-26-27/, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2019-08-14-ний өдрийн 183/ШЗ2019/09269 дугаар захирамжаар хариуцагч “Б” ХХК-ийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож /хх-29-30/ шийдвэрлэсэн байна.
Гэтэл нэхэмжлэгч дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019-12-04-ний өдөр шүүхэд гаргасан бөгөөд Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмших хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон гэх байдал хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох, нотолсон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч Б ХХК үйл ажиллагаа явуулаагүй, компаний бичиг баримтыг татварын газар хураан авсан, тус компаний захиралаар бүртгэгдсэн хариуцагч Ч.В эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлгийн хяналтад байсан, 2009 онд Б ХХК тусгай зөвшөөрөл эзэмшээгүй байсан гэх тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгэж маргаагүй ба нэхэмжлэгч дээрх тусгай зөвшөөрөл эзэмших хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, ингэж хэтрүүлсэн болох нь хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байх тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Зохигчдын хооронд тодорхой эрх, үүргийг үүсгэсэн, энэхүү шаардах эрх, хүлээх үүргийн агуулгыг тодорхойлсон, шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болж буй харилцаа нь маргаантай эрх зүйн харилцаа гэж үзэх бөгөөд аливаа нэхэмжлэлийн шаардлага тодорхой үндэслэлтэй байдаг ба энэхүү үндэслэл нь маргаантай харилцааг тодорхойлох учиртай. Тиймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг 2003 оноос 2011 оныг хүртэлх хугацаанд шуудангийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл эзэмших хугацаанд бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн, тусгай зөвшөөрлийг 2011-06-27-ны өдөр хүчингүй болгосон тул 2.975.000 төгрөгийг хариуцагч Б ХХК, иргэн Ч.В нараас гаргуулах гэж тодорхойлон тайлбарласан шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3, 76 дугаар зүйлийн 76.1-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК /РД-2767813/, хариуцагч Авир хүнд овогт Чойжилжавын В /ХН59031307/ нарт холбогдуулан гаргасан бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан 2008-2011 онд төвлөрүүлэх хөрөнгөд 2.975.000 төгрөг гаргуулахыг хүссэн Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ