| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2019/03370/и |
| Дугаар | 183/ШШ2020/00263 |
| Огноо | 2020-01-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2020/00263
2020 оны 01 сарын 27 өдөр Дугаар 183/ШШ2020/00263 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, ..........8 тоотод оршин суух, М /РД:......../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ............ тоотод оршин суух, Д /РД:........./-д холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгөөс нүүлгэн гаргаж, албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, нарийн бичгийн даргаар Т.Ган-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Д түүний дүү Б нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ............. тоот орон сууцыг барьцаалж, 2012 оны 01 дүгээр сарын 25-нд Х оос мөнгө зээлж авсан байдаг. Мөнгөө төлж чадаагүй тул байрыг Х ийн нэр дээр шилжүүлсэн, 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөн охин Э д өв залгамжлалаар очсон, өмчлөгч Э нь өөрийн өмчлөлийн зүйлээ чөлөөлөх, тухайн орон сууцанд амьдардаг Д г албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шийдвэрлэсэн ба тус шүүхийн шийдвэрээр албадан нүүлгэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах үед орон сууцны эзэмшлээ алдахгүйн тулд Д гийн дүү Б нь тусламж гуйн М аас 86,000,000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай буцаан өгнө гээд Э д мөнгийг нь өгүүлэн үл хөдлөх эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо.......... тоот орон сууцыг 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр Э гаас худалдан авах болсон. Б тохирсон хугацаанд мөнгийг төлөөгүй өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Мөн Д одоо хүртэл тус орон сууцанд амьдардаг. Энэ хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд энэ байр дуудлага худалдаанд орсон байхад миний үйлчлүүлэгч М худалдаж авч байсан. Бид хуулийн дагуу Э гаас худалдаж авсан тул өөрийн орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анх манай найз Оюунжаргал Х гэдэг мөнгө хүүлдэг хүнийг дагуулж ирээд надад туслаач баталгаа гаргаж өгөөч гэж гуйсаар байгаад би зөвшөөрч байраа барьцаалж Х оос 35.0 сая төгрөг зээлсэн гэрээ хийсэн. Тухайн үедээ банкны барьцаанд байсан тул цөөн хэдэн төгрөгийг төлж, байрыг чөлөөлж өгсөн шагнал гээд хэдэн төгрөг нэмээд 50.0 сая төгрөгийг бэлэн авсан гээд гарын үсэг зуруулсан. Мөнгийг би огт хэрэглээгүй найз маань хэрэглэсэн. Байрны асуудал 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр маргаан гарсан, тэр үед 35.0 сая төгрөг нь 80.0 сая төгрөг болсон. 2013 онд шүүхийн тогтоол гарч Х ийн нэр дээр байр шилжсэн. Тэгээд энэ хооронд манай найз мөнгийг нь төлөхгүй өдий хүрч бид мөнгөнөөс нэг ч төгрөг хэрэглээгүй байхад тэр хүнээс болж гудамжинд гарах болсон тул М тай очиж уулзаад учир байдлаа хэлэхэд Энхзаяа нь байранд үнэгүй амьдарсан гээд 6.0 саяыг нэмж, нийтдээ 86.0 сая төгрөгийг М аас авсан. Шүүхэд М ыг нэхэмжлэл гаргахаас өмнө 90.0 сая төгрөгөөр тохиролцох гэхэд М хүлээх боломжгүй гэсэн, мөнгөний асуудал шийдэгдээд М ад мөнгийг нь өгч байраа буцааж нэр дээрээ авна, одоо манай ах энэ байранд байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Б.М ын гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо............... тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг С.Д д холбогдуулан гаргажээ.
Хариуцагч хариу тайлбартаа ... М ыг хохиролгүй болгохын тулд мөнгөө өгч, тохиролцох хүсэлтэй байгаа гэжээ.
Хэргийн баримтаас үзэхэд 2018.08.23-ны өдөр Э болон Б.М нарын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, .............. тоот хаягт байрлах, 74.92 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 86.000.000 төгрөгөөр үнэлж, худалдан авагч Б.М төлбөрийг төлсөн, улмаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр олгогдсон байна.
Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж заасны дагуу 2018.08.23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тухайн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Б.М болсон байна.
Талуудын тайлбар, тус шүүхийн 2017.04.26-ны өдрийн ....... дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2017.08.02-ны өдрийн 1741 дугаар магадлал, Дээд шүүхийн 2017.12.01-ний өдрийн ............ дугаар тогтоол зэргээс үзэхэд зээлийн гэрээний үүрэгт тухайн орон сууцыг тооцож, төлбөр авагчийн охин Э гийн нэр дээр шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч С.Д г албадан нүүлгэж, орон сууцыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тус шүүхийн 2017.04.26-ны өдрийн ........ дугаар шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр Б.М нь 86.000.000 төгрөгийг хариуцагчийн өмнөөс Э д төлж, зээлийн барьцааны зүйл болох орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний дагуу Б.М ын нэр дээр шилжүүлэн авсан, улмаар С.Б нь зээлийн төлбөр 86.000.000 төгрөгийг 14 хоногийн дотор Б.М ад буцаан өгч чадаагүй байна.
Дээрх үйл баримтын талаар хариуцагч маргаагүй бөгөөд Б.М ыг хохиролгүй болгож, тухайн орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авах талаар тайлбарладаг боловч түүний ах С.Д гийн эзэмшил хууль бус болохыг үгүйсгээгүй байна.
Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцдог, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх бөгөөд энэ нь зөвхөн хууль бус эзэмшилд хамаардаг.
Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь өөрийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн заалтын дагуу тухайн орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай Б.М ын нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу Э гийн өмчлөх эрх дуусгавар болж Б.М ын өмчлөлд шилжсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, .............. тоот хаягт байрлах, 74.92 м/кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас хариуцагч С.Д болон түүний гэр бүлийг нүүлгэн гаргаж, албадан чөлөөлүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Д гаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М ад олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ