Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2022/0178

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2  дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Гомдол гаргагч:М ХХК

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагч Л.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, гэрч Ж.С шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батаа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч М ХХК нь “Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Агийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0003015 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн  шаардлага бүхий гомдол гаргасан байна.

Гомдол гаргагч шүүхэд бичгээр ирүүлсэн гомдол болон гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай "Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд" хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс  2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд нийт 26 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.

Энэхүү шалгалтын хүрээнд манай компанийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших ШТС-2 салбарт жижиглэнгээр борлуулж байгаа АИ-92 автобензин, дизелийн түлшнээс 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дээж авч шинжлүүлж улмаар дараах зөрчил илэрсэн гэж үзэж Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2-ын 5-д заасныг зөрчсөн гэж үзэн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0003015 тоот Шийтгэлийн хуудас бичиж 9.000.000 /есөн сая/ төгрөгөөр торгож байгааг үл зөвшөөрөн дараах үндэслэлээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид тус тус хийгдсэн сорилын үр дүнгүүдэд үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч/газрын тос хий/хяналтын улсын ахлах байцаагч А.Бямбадорж 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/260 дугаар, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дугаар дүгнэлтийг тус тус үйлдсэн байна.

Лабораторийн шинжилгээний үндсэн дээр манай компанийг “Хөдөлгүүрийн түлш Этилжээгүй бензин Техникийн  шаардлага” MNS 0217:2017 стандартаар АИ-92 автобензины октаны тоо 91.8 тодорхойлогдсон байна. Агуулахын АИ- 92 автобензины октаны тоо 98.3+01 тодорхойлогдож механик хольц илэрсэн.

Шатахуун түгээх станцаар болон жижиглэнгээр борлуулж байгаа дизелийн түлш цетаны тоо            “Дизелийн түлш Техникийн шаардлага” МИS 6861:2020 стандартаар цетаны тоо 45 багагүй,  “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” МNS 0216:2017 стандартаар цетаны тоо 51-ээс багагүй байхаар тус тус заасан байдаг ба сорил шинжилгээний үр дүнгээр 42.8+0.1 тодорхойлогдсон.

Агуулахын дизель түлшнээс цетаны тоо “Дизелийн түлш Техникийн шаардлага МNS 6861:2020” стандартаар Дизелийн түлш цетаны тоо 45-аас багагүй Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” МNS 0216:2017 стандартаар цетаны тоо 51-ээс багагүй байхаар тус тус заасан байдаг ба сорилт шинжилгээний үр дүнгээр 43.1+0.1 тодорхойлогдсон.

Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” МNS 0216:2017 стандартаар дизель түлшний хувийн жин 20°С -д 840-850 кг/м3 ихгүй байхаар заасан байдаг ба сорилт шинжилгээний үр дүнгээр 796+0.1 кг/м3 тодорхойлогдсон гээд Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2-ын 5-д заасныг зөрчсөн гэж үзэн шийтгэлийн хуудас бичсэн байна.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд:

Манай компани нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0003015 тоот Шийтгэлийн хуудас бичиж 9.000.000 /есөн сая/ төгрөгөөр торгож байгааг үл зөвшөөрөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 2021 оны 08 дугаар сарын 31-ны өдөр гомдол гаргасан билээ.

Уг гомдлыг “гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн тул шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг 2021 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 01/1794 тоот албан бичгээр ирүүлсэн. Манай компани нь 2021 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн хүрээнд захиргааны хэргийн шүүх 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 6409 тоот захирамжаар бүрдүүлбэр хангуулах тухай захирамж гаргаж уг захирамжийг 2021 оны 08 сарын 30-ны өдөр гардан авч 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан болно.

Манай компанийн хувьд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01/1927 тоот албан бичгээр гомдол гаргах хугацааг сэргээхээс татгалзсан тул үл зөвшөөрч байгаа бөгөөд манай компани гомдол гаргах хугацаандаа шүүхэд хандсан бөгөөд шүүхийн захирамж гарсан хугацаа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн  төлөө газарт хандсан гомдол гаргасан хугацаа зэргийг харгалзан үзэж гомдол гаргах хугацааг сэргээж нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү.

Энэхүү шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр үл зөвшөөрч байна:

Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн шинжилгээний хариу хоорондоо зөрүүтэй бөгөөд манай компани тухайн дээж авсан цэгээс яг дээж авах тухайн хугацаанд авсан дээжинд хийлгэсэн “Амбер” ХХК-иар хийлгэсэн хариутай мөн зөрүүтэй байгаа юм.

Гэтэл эдгээр зөрүүтэй хариунаас аль стандартын шаардлагыг зөрчсөн гэж гарсан шинжилгээний хариуг үндэслэн шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Газрын тосны бүтээгдэхүүний ижил дээжийг хоёр лабораторид шинжилгээний аргын стандартын нэгдмэл байдлыг үндэслэж шинжилгээ хийж дүгнэлт гаргаагүй, лаборатори хоорондын хэмжлийн эргэлзээг тооцоогүй, лаборатори хоорондын багажийн зөвшөөрөгдөх алдаанаас илүү зөрүүтэй шинжилгээний дүгнэлтийг үндэслэж дүгнэлт гарч улмаар шийтгэлийн хуудас бичсэн болно.

Газрын тосны бүтээгдэхүүн. Дээж авах арга МNS 0218:2008 стандартын 7.7-д Маргаан таслахад зориулсан газрын тосны бүтээгдэхүүний дээжийг уг бүтээгдэхүүнийг илгээсэн өдрөөс хойш 45 хоног хадгална. Удаан хугацаагаар хадгалах буюу алс хол оршдог захиалагчид илгээсэн газрын тосны бүтээгдэхүүний маргаан таслах дээжийг 3 сар хадгална.” гэж заасан байдаг.

 Гэтэл манай компаниас 2021 оны 03 сарын 19-ний өдрөөс 03 дугаар сарын  23-ны өдрүүдийн авсан дээжинд шинжилгээ хийж улмаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч/газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Бямбадоржийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/260 дугаар, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дугаар дүгнэлтийг гаргаж уг дүгнэлт дээр үндэслэн шийтгэх хуудас гарсан байна.

Өөрөөр хэлбэл, маргаан таслах дээжийг шинжлүүлэх боломжгүй болсон үед буюу авснаас хойш 3 сарын хугацаа өнгөрсний дараа гарсан дүгнэлтийг үндэслэн шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь тухайн шинжилгээний хариуг бодит эсэхийг хянуулах маргаан таслах боломжгүй болсон тохиолдолд тухайн шинжилгээний хариуг үнэн бодит гэж дүгнэх боломжгүй юм.

            Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.

            Гэтэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ямар тохиолдолд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх талаарх зохицуулалт байдаг бөгөөд энэхүү зүйлийн аль хэсэгт хамаарах үндэслэлээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж нь тодорхойгүй байгаа юм,

Энэхүү зөрчил гэж үзэж байгаа маргаан бүхий нөхцөл байдал нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчил биш гэж үзэж байгаа бөгөөд зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдэх шинжээч томилох гэх мэт ажиллагаануудыг хийх ёстой гэж үзэж байна. Иймд гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа “М" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.Ад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

 

“Шинжилгээний зөрүүтэй хариунаас зөрчилтэй гарсан хариуг үндэслэн шийтгэл оногдуулсан, мөн маргаан таслах дээжийг шинжлүүлэх боломжгүй буюу дээж авснаас хойш хадгалах хугацаа дууссаны дараа гарсан дүгнэлтийг үндэслэн шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй, энэхүү зөрчил гэж үзэж буй нөхцөл байдал нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчил биш” гэх талаар;

Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг болон иргэд хэрэглэгчдээс ирүүлж байгаа өргөдөл гомдол, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээллийг тус тус үндэслэн чанарын шаардлага хангахгүй авто бензин, дизелийн түлшийг хэрэглэгчдэд борлуулж байна гэх мэдээллийн дагуу хяналт шалгалтыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай удирдамжаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Стандарт, хэмжил зүйн газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лабораторитой хамтарсан ажлын хэсэг хийж гүйцэтгэсэн.

Ажлын хэсэг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөрМ ХХК-ийн БЗД- ийн 14-р хороо, Нарантуул захын урд байрлах ШТС-2-ийн эрхлэгч Э.Дөлгөөн, технологич Б.Одхүү, Ашигт малтмал, газрын тосны газрын мэргэжилтэн Б.Эрдэнэчулуун нарыг байлцуулан жижиглэнгээр борлуулж буй АИ-92 авто бензиний 3-р хошуунаас дээж авч 210805, дизелийн түлшний 1 хошуунаас дээж авч 210823 гэсэн кодоор кодолж, лацдан, дээж авсан тухай тэмдэглэл үйлдсэн.

2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр СХД-ийн 21-р хороо, Рашаант өртөөнд тус компанийн төв шатахууны агуулахаас агуулахын эрхлэгч М.Мөнхжаргал  АИ-92 авто бензин, дизелийн түлшнээс дээж авч, АИ-92 авто бензиний дээжийг 210713, дизелийн түлшний дээжийг 210741 дугаартай кодоор тус тус кодолж, лацдан, дээж авсан тухай тэмдэглэл үйлдсэн.

Дээж авах ажлыг манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “MNS 0218:2008 “Газрын тосны бүтээгдэхүүн. Дээж авах арга” стандартын дагуу түүвэрлэгдсэн шатахуун түгээх станцуудын шатахуун түгээгүүрийн хошуу, савнаас авч, дээж тус бүрийг нууц кодоор кодолж Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лабораторид хүлээлгэн өгсөн Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лабораториос 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораториос 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр  дээжийг шинжилсэн сорилын үр дүнг ирүүлсэн

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Дүгнэлт гаргуулах тухай” 11/1297 дугаартай албан бичгээр дээжийг шинжилсэн сорилын үр дүнг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07/1577 дугаартай албан бичгээр 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаартай Улсын ахлах байцаагчийн дүгнэлт ирсэн.

ДүгнэлтээрМ ХХК-ийн агуулах, ШТС буюу жижиглэнгээр борлуулж буй АИ-92 авто бензин,  дизелийн түлш нь “Хөдөлгүүрийн түлш Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” 0217:2017 стандарт “Дизелийн түлш Евро техникийн шаардлага” МИS 0216:2017 “Дизелийн түлш. Техникийн шаардлага стандартын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдсон буюу хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүрэг”, 12.1-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна” гэж заасныг зөрчсөн байна.

Иймд тус дүгнэлтийг үндэслэн зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх”, 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ:” гэж, 1.3-д “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол.” гэж заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн

ИймдМ ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ

Гомдол гаргагчМ ХХК нь “Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Агийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн  шаардлага бүхий гомдол гаргасан байна.

Шүүх   дараах  үндэслэлүүдээр  гомдол   гаргагчийн   гомдлын  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Агийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* тоот шийтгэлийн хуудсаар  “М” ХХК нь “...зах заалд нийлүүлж буй шатахуун нь чанар, стандартын шаардлага хангахгүй байна” гэх зөрчлийг гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  заасны дагуу 9,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан байна.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна” гэж заасан байна.

“Монсуль” ХХК-ийн дизелийн түлш стандартын шаардлага хангаагүй болох нь Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн №СШ21/167, №СШ21/168 дугаар сорилтын үр дүнгүүд, Ашигт малтмал, газрын тосны газрын төв лабораторийн TL-025 №GT073, TL-025 №GT048 дугаар Сорилтын үр дүнгүүд, Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн №СШ21/113, №СШ21/114 дүгээр Сорилтын үр дүнгүүд, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дугаар дүгнэлт, хариуцагчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Тус зөрчлийн хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын төв лабораторийн TL-025 № GT038 дугаар Сорилтын үр дүнгээр /ШТС-ийн хошуунаас авсан дээж/ “М” ХХК-ийн  АИ-92 бензиний октаны тоо 91.8 гарсан байна.

Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын төв лабораторийн TL-025 № GT073 дугаар Сорилтын үр дүнгээр /ШТС-ийн хошуунаас авсан дээж/ “М” ХХК-ийн  дизелийн түлшний цетаны тоо 46.6, хувийн жин 150C дахь 824.9 гарсан байна.

Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн №СШ21/92 дугаар Сорилтын үр дүнгээр /ШТС-ийн хошуунаас авсан дээж/ АИ-92 бензиний октаны тоо 95.8 гарсан байна.

Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн №СШ21/168 дугаар Сорилтын үр дүнгээр /ШТС-ийн хошуунаас авсан дээж/  дизелийн түлшний цетаны тоо 42.8 гарсан байна.

Мөн Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн №СШ21/167 дугаар Сорилтын үр дүнгээр /ШТС-ийн хошуунаас авсан дээж/ дизелийн түлшний хувийн жин буюу нягт 150C дахь  824.7, хувийн жин буюу нягт 200C дахь 821.1 тус тус гарсан байна.

Харин тус зөрчлийн хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын төв лабораторийн TL-025 №GT019 дүгээр Сорилтын үр дүнгээр /агуулахаас авсан дээж/М ХХК-ийн  АИ-92 бензиний октаны тоо 92.1 гарсан байна.

Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын төв лабораторийн TL-025 № GT048 дугаар Сорилтын үр дүнгээр /агуулахаас авсан дээж/М ХХК-ийн  дизелийн түлшний цетаны тоо 46, хувийн жин 150C дахь 817.9 гарсан байна.

Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн №СШ21/66 дугаар Сорилтын үр дүнгээр /агуулахаас авсан дээж/ АИ-92 бензиний октаны тоо 98.3 гарсан байна.

Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн №СШ21/114 дүгээр Сорилтын үр дүнгээр /агуулахаас авсан дээж/ дизелийн түлшний цетаны тоо 43.1 гарсан байна.

Мөн Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн №СШ21/113 дугаар Сорилтын үр дүнгээр /агуулахаас авсан дээж/ дизелийн түлшний хувийн жин буюу нягт 150C дахь  817.9, хувийн жин буюу нягт 200C дахь 796.3 тус тус гарсан байна.

Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн №СШ21/65 сорилтын дүнгээр /агуулахаас авсан дээж/ АИ92 бензин “үл ялиг механик хольцтой” гэсэн дүн гарсан байна.

Дизелийн түлш Евро.Техникийн шаардлага MNS 0216:2017 стандартын 4.3.3-д заасан 3-р хүснэгтээс үзэхэд, өвлийн түлш хэт хүйтэн бүс эсэх ангиллаас хамаарч цетаны тоо 47-49 байх нөхцөлд стандартын шаардлага хангахаар байна. 

Мөн Дизелийн түлш  Техникийн шаардлага MNS 6861:2020 стандартын 1-р хүснэгтийн 17-д зааснаас үзэхэд 200C дахь хувийн жин, кг/м 840-860 байхаар байна.

Дээрх лабораторийн сорилтын үр дүнгүүд болон холбогдох стандартуудаас үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын төв лабораторийн болон Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн үр дүнгийн аль алинаарМ ХХК-ийн дизелийн түлшний /агуулахаас болон хошуунаас авсан дээжийн/ цетаны тоо стандартын шаардлага хангахгүй болох нь тогтоогдож байна.

Харин дээрх лабораториудын сорилтын үр дүнгээс үзэхэдМ ХХК-ийн дизелийн түлшний агуулахаас болон хошуунаас авсан дээжийн 150C дахь хувийн жин нь Ашигт малтмал, газрын тосны газрын төв лабораторийн болон Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн аль алинаар стандартын шаардлага хангаж буй боловч 200C дахь хувийн жин нь Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн №СШ21/167 дугаар Сорилтын үр дүнгээр 821.1 /хошуунаас авсан дээж/, Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн №СШ21/113 дугаар Сорилтын үр дүнгээр 796.3 /агуулахаас авсан дээж/ гарсан тул гомдол гаргагчийн дизелийн түлшний 200C дахь хувийн жин стандартын шаардлага хангаагүй болох нь нотлогдож байна. 

Мөн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дүгээр дүгнэлтээрМ ХХК-ийн дизелийн түлшний цетаны тоо, хувийн жин стандартын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн байх ба уг 01-07-106/259 дүгээр дүгнэлтийг гаргахдаа дээрх Ашигт малтмал, газрын тосны газрын төв лабораторийн болон Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн Сорилтын үр дүнгүүдийг үндэслэсэн байна.

Иймд “М” ХХК-ийн худалдаалж байсан дизелийн түлшний цетаны тоо Ашигт малтмал, газрын тосны газрын төв лабораторийн болон Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн сорилтын үр дүнгүүдийн аль алинаар, 200C дахь хувийн жин Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн сорилтын үр дүнгээр тус тус шаардлага хангаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд эдгээр үр дүнгүүдийг үндэслэн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч 2021 оны 01-07-106/259 дүгээр дүгнэлтийг гаргасан байх тул лабораториудын дизелийн түлшний сорилтын үр дүнгүүд зөрүүтэй, өөр өөр гарсан байхад шийтгэл оногдуулсан нь буруу”  гэсэн агуулгаар тайлбарлаж маргаж байгаа гомдол гаргагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

Мөн гомдол гаргагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд “Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лаборатори нь дизелийн түлшний цетаны тоог хэмжих эрхгүй буюу энэ хүрээний итгэмжлэл байхгүй тул тус лабораторийн сорилтын дүн шаардлага хангахгүй, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т нийцэхгүй” гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байх хэдий ч шүүх хуралдаанд гэрчээр оролцсон тус лабораторийн ахлах инженер Ж.С нь манай лаборатори дизелийн түлшний цетаны тоог хэмжих итгэмжлэлгүй ч гэсэн энэ нь манай лабораторийн сорилтын дүнг буруу гэж үгүйсгэх үндэслэл биш гэсэн агуулгаар мэдүүлэг өгч байгаа, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын төв лабораторийн дүнгээр цетаны тоо стандартын шаардлага хангахгүй нь тогтоогдож байх тул гомдол гаргагчийн өмгөөлөгчийн энэ тайлбар үндэслэлгүй.

АИ-92 бензиний тухайд:

Дээрх лабораторуудын сорилтын үр дүнгээс үзэхэд АИ-92  бензиний октаны тоо 91.8, 95.8, 92.1, 98.3 зэрэг байдлаар өөр өөр гарсан байх ба үүнээс үзэхэд зарим лабораторийн дүнгээр октаны тоо АИ-92  бензиний стандартын шаардлагыг хангасан, зарим лабораторийн дүнгээр АИ-95 бензиний стандартын шаардлагыг хангаж байгаа мэт, Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн АИ-92 бензиний агуулахаас авсан дээж “үл ялиг механик хольцтой”, бусад лабораторийн дүнгүүд механик хольцгүй гэх мэт зөрүүтэй үр дүнгүүд гарсан байна.  

Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага MNS0217:2017 стандартын Этилжүүлээгүй бензиний физик химийн болон ашиглалтын үзүүлэлтийг харуулсан 1 дүгээр хүснэгтээс үзэхэд АИ-92 бензиний октаны тоо 92-оос багагүй, АИ-95 бензиний октаны тоо 95-аас багагүй, АИ-98 бензиний октаны тоо 98-аас багагүй байхаар заасан байна.

Хэрэгт цугларсан Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/260 дугаар дүгнэлтээс үзэхэд АИ-92 бензиний октаны тоо 92-оос дээш байх нь стандартын шаардлагыг хангах эсэхийг уг дүгнэлтэд тайлбарлаагүй байна.

Үүнээс үзэхэд АИ-92 бензиний октаны тоо 92-оос дээш байх нь стандартын шаардлагыг хангах эсэх нь тодорхойгүй, АИ-92 бензин “үл ялиг механик хольцтой” гэж гарсан Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн дүнг бусад лабораторуудын дүнгүүдээс яагаад илүү ач холбогдолтой, зөв гэж үзсэн нь тодорхойгүй, энэ талаар хариуцагч үндэслэл бүхий тайлбарыг гаргахгүй байна.

Иймд АИ-92 бензиний хувьдМ ХХК-ийн агуулахын болон худалдаалж байсан АИ-92 бензин нь стандартын шаардлага хангаагүй болох нь тогтоогдохгүй, хэрэгт зөрүүтэй баримтууд авагдсан, хариуцагч буюу захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг нарийвчлан шалгах, шинжлэн судлах үүргээ гүйцэд биелүүлээгүй байна. 

Гэсэн хэдий ч М ХХК-ийн дизелийн түлшний цетаны тоо болон 200C дахь хувийн жин стандартын шаардлага хангаагүй болох нь дээр тайлбарласан баримтуудаар нотлогдож байх тул “Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгох боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Мөн М ХХК нь шатахууны худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг чанд мөрдөж, стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүнийг худалдах үүрэгтэй юм.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч нь “...хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй байхад, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн аль хэсэгт хамаарах үндэслэлээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь тодорхойгүй байхад шийтгэл оногдуулсан нь хуульд нийцэхгүй” гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.3-д заасны дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн гэж тайлбарласан ба гомдол гаргагчийн дизелийн түлш стандартын шаардлага хангаагүй болох нь дээрх лабораториудын үр дүнгээр тогтоогдож байсан байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.3-д заасны дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн байна.

Дээрх үндэслэлүүдээр  гомдол   гаргагчийн   гомдлын  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн энд дурдахад, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 01-07-106/260 дугаар дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 3-т авто бензиний механик хольцын талаар дүгнэсэн атлаа октаны тооны талаар дүн гаргасан лабораторийн СШ21/66 дүгнэлтийг үндэслэсэн нь зөрүүтэй, алдаатай байгааг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг тус тус баримтлан Шударга Өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Агийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий гомдол гаргагчМ ХХК-ийн гомдлыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагч М ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.БАТЗОРИГ