| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 159/2024/0052/З |
| Дугаар | 221/МА2025/0625 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2025/0625
Д а С д о а
Нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, Б.С
Нэхэмжлэгч: Д а С д о а
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга
Гуравдагч этгээд: “Т г” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 46, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 42 дугаар тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 123 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжийн “Т г” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 159/ШШ2025/0062 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Л
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, Б.С
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, Ө.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч
Хэргийн индекс: 159/2024/0052/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д а С д о аас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг даргад тус тус холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 46, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 42 дугаар тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 123 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжийн “Т г” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан.
2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 159/ШШ2025/0062 дугаар шийдвэрээр: Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.4, 18.2.6, 18.2.7, 18.3.14, 32 дугаар зүйлийн 32.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь заалтыг тус тус баримтлан Д а С д о айн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, Б.С нар дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Хилийн цэсийн маргааныг хамгийн сүүлд шийдвэрлэсэн Барилга хот байгуулалтын сайдын 2023 оны 24 дүгээр тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2 дугаар дүгнэлт нь хариуцагч нарт сөрөг нөлөөлөлтэй ч тэд маргаагүй, хууль бус гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр байхгүй учраас Ажлын хэсгийн дүгнэлт хүчин төгөлдөр болсон гээд ажлын дүгнэлтийг иш татаж Ажлын хэсгээс тодорхой дүгнэлт гаргасан гэж дурдсан.
3.2. Анхан шатны шүүхээс Ажлын хэсгийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2 дугаар дүгнэлтийг үгүйсгэж, Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг зөрчсөн ба газрын кадастрын нэгдсэн системд бүртгэгдсэн хилийн цэсийн эргэлтийн цэгийн солбилцол нь УИХ-ын 1994 оны 32 дугаар тогтоолын хавсралтад дурдсан солбилцолтой таарч байна гэж ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Үүнийг Ажлын хэсгийн 02 дугаар дүгнэлтийн 2.2 дахь заалтын холбогдох хэсгүүдийг үгүйсгэнэ.
3.3. Хариуцагч нь нутаг дэвсгэрийн хамаарлыг зөрчиж, мод бэлтгэх шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т зааснаар илт хууль бус ба нэхэмжлэгч нь Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д заасан эрх үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн учраас Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 30 дугаар тогтоол ёсоор нэхэмжлэл гаргах эрхтэй.
Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 159/ШШ2025/0062 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
4. Хариуцагч нарын өмгөөлөгчид нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжсэн агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаснаас хууль ёсны байх шаардлагад нийцээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ”, 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”,
мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ”, 22 дугаар зүйлийн 22.4-д “Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах, хүлээн зөвшөөрөх, эвлэрэх болон нэхэмжлэлээс татгалзахаас бусад хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, 20.1.2. хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох”, 21 дүгээр зүйлийн 21.2-т “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь үүрэг хүлээнэ: 21.2.1. шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн талаар бичгээр тайлбар гаргах, шаардсан нотлох баримтыг гаргаж өгөх”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Хэрэг үүсгэсэн шүүгч дараахь ажиллагаа явуулна: 56.1.1. … нэхэмжлэлийн хувийг гардуулж, энэ тухай баримтжуулах”, 57 дугаар зүйлийн 57.2-т “…нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу тайлбар гаргах бөгөөд тайлбартаа үндэслэлийг зааж, нотлох баримтаа хамтад нь гаргаж ирүүлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж тус тус заасан.
4. Хуулийн дээрх зохицуулалтыг агуулгаар нь тайлбарлавал, нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, ихэсгэх эрхтэй бол тийнхүү нэмэгдүүлсэн шаардлагыг зохих журмын дагуу хэргийн бусад оролцогч (төлөөлөх эрх бүхий этгээд)-д гардуулж, тэдгээрийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тус бүрд тайлбар гаргах боломжийг олгох замаар мэтгэлцэх зарчмыг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах нь захиргааны хэргийн шүүхийн үүрэг бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтад нийцсэн, хэргийн оролцогчдын эрхийг хангасан, процессын зөрчилгүй байх нь шийдвэр хууль ёсны байх шаардлагыг тодорхойлдог.
Харин нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагатай танилцаж, тайлбар гаргах эрхээ эдэлсэн бусад хэргийн оролцогчийн хувьд шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй байх тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах эсэх нь хэрэгт цуглуулсан нотлох баримт, шүүх хуралдаанд оролцогчдын тайлбарт үндэслэн шийдвэрлэвэл зохих дараагийн асуудал болно.
5. Хэрэгт цуглуулсан баримтаас үзэхэд;
5.1. Д а С д о аас анх Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг даргад тус тус холбогдуулан (1) Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 42 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, (2) Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 123 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, (3) Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжийн “Т г” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад /2025.05.13-ны өдөр/ уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулж өгсөн.
5.2. “Т г” ХХК-иас гаргасан хүсэлтийн дагуу, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 159/ШЗ2025/0184 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд уг хуулийн этгээдийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан.
Гуравдагч этгээд нь энэ хэсгийн 5.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага болоод хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаснаар 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан.
5.3. Анхан шатны шүүх энэ хэсгийн 5.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Т г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Түмэн-Өлзийд гардуулсан бол гуравдагч этгээдээс “… хууль журмын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагчтай ижил байр суурьтай тул цаашид оролцуулахгүй шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэх тайлбарыг 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлжээ.
5.4. Хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн зүгээс (4) Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 46 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ.
Маргаан бүхий уг тогтоолоор, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Дархан-Уул аймгийн Хонгор сумын хилийн цэсийн маргаан бүхий байршилд Бугант 3-р багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэн дэмжсэн гэх 112, 116, 120, 165 дугаар хэсэглэлүүдэд 2039 га талбай бүхий ойн санг гуравдагч этгээдэд гэрээгээр эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон бол нэхэмжлэгчийн зүгээс “Т г” ХХК одоо хүртэл уг талбайд үйл ажиллагаа явуулж байгаа гэж маргана.
6. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах эсэхийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодорхой тусгаагүй боловч шүүхийн шийдвэрт уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс үзэхэд, энэхүү нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг шүүх хүлээн авсан гэж үзэхээр байна.
Шүүхийн шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэх нөхцөл нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад ч хамаарах байтал энэ хэсгийн 5.4-т заасан ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон “Т г” ХХК-д мэдэгдэж гардуулаагүй, хариу тайлбар гаргаж мэтгэлцэх эрхийг хангалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзнэ.
7. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүхэд бичгээр тайлбар ирүүлсэн, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй гэдгээ нэгэнт илэрхийлсэн гэх тайлбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн хүсэлтээр оролцсон гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн /ихэсгэсэн/ шаардлагатай танилцах, түүнд тайлбар өгөх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй байтал шүүхээс тэрхүү эрхийг хангах үүргээ биелүүлээгүй байна.
8. Хариуцагч, гуравдагч этгээд нь нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг зөвшөөрөх эсэх, хариу тайлбар, нотлох баримт гаргаж ирүүлэхээс үл хамааран шүүхээс хэлэлцэн шийдвэрлэж буй нэхэмжлэлийн шаардлагын талаар хэргийн оролцогч бүрд мэдээлэл өгч, тайлбар гаргах эрхийг хангах нь дээрх зарчмын агуулгад нийцэх тул ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж тайлбар аваагүй буюу энэ талаарх хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг тодорхойлсон хуулийн шаардлагыг анхан шатны шүүхээс хангаагүй гэж үзэх тул шийдвэрийг хууль ёсны гэж үзэхгүй.
9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцож, тайлбар гаргах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй эдлүүлбэл зохих хэргийн оролцогчийн эрх бөгөөд энэ агуулгаараа шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэрт шууд нөлөөлнө.
10. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах буюу нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 159/ШШ2025/0062 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ