Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгч Ш.Золбаяр, Н.Алтансүх, Ц.Эрдэнэ

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Энхтуяа

Нарийн бичгийн дарга Г.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Золбаяр, Н.Алтансүх, Ц.Эрдэнэ нарт холбогдох 201614000342 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Богд гол ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн  хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн 6-9-2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Дэмбээ овогт Ширчинлхүндэвийн Золбаяр /РД: ФМ86010771/

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, баяжуулалтын инженер мэргэжилтэй, Эрдэнэт үйлдвэр ХХК-ний  судалгааны лабораторын төвд судлаач  ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн  хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн 6-9-2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Нэргүйн Алтансүх /РД: ФВ85122217/

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн  хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн 2-7-79 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Тайж овогт Цэнд-Аюушийн Эрдэнэ /РД: ФВ85122519/

Шүүгдэгч Ш.Золбаяр, Н.Алтансүх, Ц.Эрдэнэ нар нь бүлэглэн 2016 оны 06 сарын 14-ний шөнө 02 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-25 дугаар байрны ард талын авто зам дээр бид нарын дуудсан таксинд суулаа гэж маргалдан Д.Мөнхбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Пүрэвдорж нарыг бүлэглэн зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  -Шүүгдэгч Ш.Золбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 06 дугаар сарын 14-ний шөнө найзынхаасаа гараад таксинд суухаар явцгаасан. Би такси дуудсан юм. Тэгээд бид 5 таксины зогсоол дээр очиход такси ирсэн. Тэгтэл цаанаас 3 хүн ирж байснаа нэг нь таксины урд суудал дээр нь суучихсан. Би тэр залууд бидний дуудсан такси гэхэд “юу яриад байгаа юм бэ тэнэг бацаан минь” гээд бууж ирээд намайг эхэлж цохисон. Тэгтэл манай найзууд араас ирж зодолдсон. Нөгөө талаас ирсэн 3 хүний 2 нь машины араас буугаад ирсэн. Хохирогч нарт учирсан гэмтлийг бид 3 учруулсан. Бид гурав согтолттой байсан. Бид 7-уулаа хоёр шил архи уусан байсан. Уг нь намайг эхэлж цохисон боловч хохирол учраагүй тул цагдаа гээгүй юм. Энэ хэргийн хувьд маргах зүйлгүй. Хохирогч нарт нийт 3.400.000 төгрөг төлсөн. Надаас 1.130.000 төгрөг гарсан. Ойлгож гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг,

-Шүүгдэгч Н.Алтансүхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Эрдэнэ эхнэртэйгээ, би эхнэртэйгээ, Золбаяр бид нар найзынхаасаа такси дуудаад гарсан. Гэтэл таксины зогсоол дээр Золбаяртай хүмүүс маргалдаад ирэхээр нь бид нар очсон.  Хохирогч нарт учруулсан гэмтлийг бид 3 учруулсан. Би тухайн үед буржгар үстэй залуутай нилээд ноцолдсон, ноцолдож байхдаа хашлаганы ар руу унаад толгой язарсан байсан. Би архи уусан, гэхдээ болсон асуудлыг мэдэж байна. Хохирогчид 1.130.000 төгрөг төлсөн гэсэн мэдүүлэг,

-Шүүгдэгч Ц.Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр найзындаа эхнэртэйгээ хамт очсон. Золоо такси дуудчихлаа гээд бид нар гарсан. Тэгээд таксины зогсоол дээр очиход бидний дуудсан таксинд хүмүүс түрүүлээд суучихсан.  Тэгтэл Золбаяр тэр хүмүүстэй очиж уулзсан. Тэгээд зодоон эхэлсэн. Эхлээд Алтансүх, араас нь би очсон. Миний хувьд гэмтсэн зүйл байхгүй. Хүмүүстэй зодолдсон нь үнэн. Энэ хэргийн хувьд маргах зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 1.130.000 төгрөг төлсөн гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Д.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...шөнө 02  цагийн үед Пүрэвдорж ахын гэрээс гараад Мөнхбаатар ахыг суулгаж өгөх гээд гурвуулаа 2-25 дугаар байрны орчмоос такси барих гээд гараа өргөөд нэг такси зогсоогоод хөдлөх гэтэл баруун талаас 2 эмэгтэй 3 эрэгтэй нийт 5 хүн бид 3 дээр хүрч ирээд та 3  бид нарын дуудсан таксинд  суух гээд байгаа юм уу гэснээ урд сууж байсан Мөнхбаатар ахыг машинаас буулгаад нүүрэн тус газар цохихоор нь би очоод салгах гэтэл миний юүдэнтэй малгайнаас доош дараад нүүр лүү өшиглөөд тэгээд нэг сэргэсэн чинь Мөнхбаатар ах зам дээр ухаан алдаад унасан байсан. ...тэр залуучуудад цохиулсанаас болж хоёр шүд хугарсан, уруул сэтэрсэн гоо сайханы хохирол учирсан гэсэн мэдүүлэг /хх 24-25 ху/,

-Хохирогч Д.Мөнхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 02 цагийн үед Пүрэвдорж ахын гэрээс дүү Мөнх-Эрдэнэ, ах Пүрэвдорж нарын хамт гараад 2-25 дугаар байрны ард талын автобусны орчим замаар явж байтал нэг такси зогсохоор нь ороод суусан чинь замын эсрэг талд зогсож байсан 3 залуу, 2 хүүхэн гүйж ирээд та нар бид нарын дуудсан таксинд суулаа гэж маргаан үүсгээд тэгээд байж байтал нэг залуу нь миний шанаа руу гараараа цохихоор нь чи одоо юу болж байгаа юм бэ гэсэн чинь үгийн зөрүүгүй гурвуулаа зодсон. Нэг мэдэхэд зам дагуу хэвтэж байсан ба нэг залуу хүрч ирээд ах юу болсон бэ цагдаа дуудсан байгаа зүгээр үү гэж хэлж байсан. Би ер нь бол цохиулаад л ухаан алдаад унасан гэсэн мэдүүлэг /хх 30-31 ху/,

-Хохирогч Д.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хоёр дүү маань манай гэрт байж байгаад бид гурав гэрээс гараад Мөнхбаатар гэдэг дүүгээ таксинд суулгаж өгөх гээд 2-25 дугаар байрны арын автомашины зам дээр зогсож байтал нэг такси ирээд зогсохоор нь Мөнхбаатар урд нь суугаад би ард нь суугаад Мөнх-Эрдэнэ яг суух гээд хаалга бариад зогсож байхад замын эсрэг талд зогсож байсан залуучууд бид нарын  явах гэж байсан таксинд суулаа гэхээр нь байж байгаарай жолоочоос нь асууя гэхийн завдалгүй Мөнхбаатарыг машинаас чирч гаргаад гурвуулаа гурван талаас нь нүдээд манай дүү ухаан алдсан. Би та нар хүн аллаа шүү дээ гэж хэлсэн чинь Мөнх-Эрдэнэ гүйж очоод салгах гэтэл урдаас хүрч ирээд учир зүггүй малгайнаас нь доош дарж байгаад зодоод байхаар нь би таксинаас буугаад салгах гэтэл намайг бас зодох гэхээр нь намайг зодож болохгүй би өвчтэй гэхэд тэр хамаа байхгүй новшоо гээд барьцалдаж аваад нэг залуутай  замын хайсан дээр унасан. ...нэг залуу нь нэг хүүхнээ дагуулаад хоёрдугаар микрийн Хаан банкны орчим гүйхээр нь өмднийх нь тэлээнээс бариад зогсоорой одоо цагдаа ирж байгаа гэхэд хамт явж байсан хоёр залуу ямар нойтон хамуу шиг пизда вэ гээд зодоод байсан гэсэн мэдүүлэг /хх 34-36 ху/,

-Гэрч Я.Нарандуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 06 дугаар сарын 13-ны орой манай хүүхдүүд болох Пүрэвдорж, Мөнхбаатар, Мөнх-Эрдэнэ нар манай гэрт нэг нэг пиво ууцгааж юм ярьж байгаад нэлээн орой Пүрэвдоржийн гэрлүү явсан. Тэгтэл 03 цаг өнгөрч байхад ээжээ цагдаа дуудаарай бид нар хүмүүст зодуулчихлаа, хүнээ барьж байна хурдан цагдаа дуудаарай гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 37 ху/,

-Насанд хүрээгүй гэрч Г.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би он сар өдрийг нь санахгүй байна. Ямар ч байсан 2016 оны 06 дугаар сард байсан 2-26 дугаар байрны хажуугаар төв зам дагуу явж байхад такси буудлын орчим хүмүүс зодолдоод байхаар нь цагдаад дуудлага өгсөн нь үнэн.  Миний харсанаар нэг ах руу хоёр гурвуулаа дайрч зодоод байх шиг байсан гэсэн мэдүүлэг /хх 242 ху/,

-Гэрч Г.Одбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би тухайн дуудлага дээр жолооч Батсүхийн хамт очсон. Жолооч Батсүх бид хоёрыг очиход нэг залуу замын боржуур дээр сууж байхаар нь амрыг эрье та нар дуудлага өгсөн үү гэхэд би бол дуудлага өгөөгүй гэхдээ сая хүнд зодуулчихлаа гэсэн. Та хэнтэйгээ явж байгаа юм гэхэд би хоёр ахтайгаа гэлүү дүүтэйгээ гэлүү такси барих гэж явж байгаад хүнд зодуулчихлаа гэж байсан гэсэн мэдүүлэг /хх 243 ху/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 470 дугаартай дүгнэлтэнд:

1. Д.Пүрэвдоржийн биед тархи доргилт, дээд доод мөч, нүүр, нуруунд олон тооны  зулгаралт, зүүн бугалганд шалбархай зэрэг гэмтэл үүсчээ.

2. Шалбархай нь үзүүр ирмэгтэй зүйлийн нэг удаагийн  хазах, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

5. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 39 ху/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 500 дугаартай дүгнэлтэнд:

1. Д.Мөнх-Эрдэнийн биед тархи доргилт, хоёр шүд унасан, дээд уруулд язарсан шарх, баруун тохой, өвдөг, баруун чихний дэлбээ, баруун дээд зовхи, зүүн баруун хацар, доод эрүүнд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ.

2. Эдгээр гэмтэл нь олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Тархи доргилт, хоёр шүд унасан, уруулын язарсан шар нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

5. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт 10% байна.

6. Шинэ гэмтлүүд байна гэсэн дүгнэлт /хх 45 ху/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 456 дугаартай дүгнэлтэнд:

1. Д.Мөнхбаатарын биед тархи доргилт, нүүр, баруун чихний дэлбээ, зүүн гарын сарвуунд зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт, зүүн нүдний салстад цус харвалт зэрэг гэмтэл үүсчээ.

2. Эдгээр гэмтэл нь мохоо олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Тархи доргилт, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

5. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт болон гоо сайханд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 51 ху/,

-Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-25 дугаар байрны хажуу талын такси зогсоолыг харуулсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх20 ху/,

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 188, 202, 210 ху/

-Ш.Золбаярыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 136-141 ху/      

-Н.Алтансүхийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 147-152 ху/

-Ц.Эрдэнэ сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 158-163 ху/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Ш.Золбаяр, Н.Алтансүх, Ц.Эрдэнэ нар нь бүлэглэн 2016 оны 06 сарын 14-ний шөнө 02 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-25 дугаар байрны ард талын авто зам дээр “бид нарын дуудсан таксинд суулаа” гэж маргалдан Д.Мөнхбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Пүрэвдорж нарыг бүлэглэн зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Д.Мөнх-Эрдэнийн  “...баруун талаас 2 эмэгтэй 3 эрэгтэй нийт 5 хүн бид 3 дээр хүрч ирээд та 3  бид нарын дуудсан таксинд  суух гээд байгаа юм уу гэснээ урд сууж байсан Мөнхбаатар ахыг машинаа буулгаад нүүрэн тус газар цохихоор нь би очоод салгах гэтэл миний юүдэнтэй малгайнаас доош дараад нүүр лүү өшиглөөд тэгээд нэг сэргэсэн чинь Мөнхбаатар ах зам дээр ухаан алдаад унасан байсан”/хх 24-25 ху/, хохирогч Д.Мөнхбаатарын “...нэг такси зогсохоор нь ороод суусан чинь замын эсрэг талд зогсож байсан 3 залуу, 2 хүүхэн гүйж ирээд та нар бид нарын дуудсан таксинд суулаа гэж маргаан үүсгээд тэгээд байж байтал нэг залуу нь миний шанаа руу гараараа цохихоор нь чи одоо юу болж байгаа юм бэ гэсэн чинь үгийн зөрүүгүй гурвуулаа зодсон. Нэг мэдэхэд зам дагуу хэвтэж байсан” /хх 30-31 ху/, хохирогч Д.Пүрэвдоржийн “...замын эсрэг талд зогсож байсан залуучууд бид нарын  явах гэж байсан таксинд суулаа гэхээр нь байж байгаарай жолоочоос нь асууя гэхийн завдалгүй Мөнхбаатарыг машинаас чирч гаргаад гурвуулаа гурван талаас нь нүдээд манай дүү ухаан алдсан” /хх 34-36 ху/ гэсэн мэдүүлгүүд, гэрч Я.Нарандулам /хх 37 ху/, насанд хүрээгүй гэрч Г.Гансүх /хх 242 ху/, гэрч Г.Одбаяр /хх 243 ху/ нарын мэдүүлгүүд, мөн хохирогч Д.Пүрэвдоржийн биед тархи доргилт, дээд доод мөч, нүүр, нуруунд олон тооны  зулгаралт, зүүн бугалганд шалбархай зэрэг гэмтэл үүссэнийг, хохирогч Д.Мөнх-Эрдэнийн биед тархи доргилт, хоёр шүд унасан, дээд уруулд язарсан шарх, баруун тохой, өвдөг, баруун чихний дэлбээ, баруун дээд зовхи, зүүн баруун хацар, доод эрүүнд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт зэрэг гэмтэл үүссэнийг, хохирогч Д.Мөнхбаатарын биед тархи доргилт, нүүр, баруун чихний дэлбээ, зүүн гарын сарвуунд зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт, зүүн нүдний салстад цус харвалт зэрэг гэмтэл тус тус үүссэнийг тогтоосон шинжээчийн 456, 470, 500 тоот дүгнэлтүүд /хх 39, 45, 51 ху/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 20 ху/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ш.Золбаяр, Н.Алтансүх, Ц.Эрдэнэ нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг бүлэглэж бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 Хохирогч Д.Мөнхбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Пүрэвдорж нар нь хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэсэн тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД 1 ширхэгийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дэмбээ овогт Ширчинлхүндэвийн Золбаяр, Боржигон овогт Нэргүйн Алтансүх, Тайж овогт Цэнд-Аюушийн Эрдэнэ нарыг бүлэглэж бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч Ш.Золбаяр, Н.Алтансүх, Ц.Эрдэнэ нарыг тус бүрийг 251 /хоёр зуун тавин нэг/  цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч Ш.Золбаяр, Н.Алтансүх, Ц.Эрдэнэ нарыг албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солихыг анхааруулсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД 1 ширхэгийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

5.  Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Золбаяр, Н.Алтансүх, Ц.Эрдэнэ нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.БАЙГАЛМАА