Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 05

 

 

                                        Р.Э  гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 145/ШШ2017/00602 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Р.Э  гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Шаазгай бадмаараг” ХХК, С.Н нарт холбогдох 8800000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагч С.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлоор 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Дорждулам, нэхэмжлэгч Р.Э  , хариуцагч С.Н /Улаанбаатар хотоос цахим сүлжээгээр/, “Шаазгай бадмаараг” ХХ Компаний өмгөөлөгч  Р.Шүрхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Э   анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Би “Шаазгай Бадмаараг” ХХК-д 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл өөрийн автосамсомол машинаар сарын 6500000 төгрөгөөр тохирч ажилласан. Бид аман гэрээ байгуулж ажилласан. Ингээд 8 дугаар сарын сүүлээс 9 дүгээр сарын эхэн үе хүртэл “Шаазгай Бадмаараг” ХХК-ий ажил зогссон. Ингээд би 10 дугаар сарын 20 хүртэл нийт 5 cap 20 хоног ажилласан. Тухайн үед түрээсийн мөнгийг авч явсаар байгаад 8800000 төгрөг үлдсэн. Би бэлнээр нийт “Шаазгай Бадмаараг” ХХК-иас 28000000 төгрөгийг авсан. Тухайн үед ажил зогсоход кемп дээр нь манайх бүрэн ажиллах бэлэн байдалтай байсан. Энэ хүмүүс намайг чи байж бай. Манайхаас болж асуудал үүссэн юм чинь чиний мөнгийг бодож өгнө гэж хэлсэн. “Шаазгай Бадмаараг” ХХК-ий удирдах албан тушаалтнууд нь энэ зогсолт чамаас шалтгаалаагүй учраас бид төлбөр тооцоогоо бүрэн өгнө гэж байсан. Ингээд 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр уурхай нь зогссон. 2016 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр миний данс руу 9000000 төгрөг шилжүүлэхэд нь ярьсан чинь үлдэгдэл мөнгийн шинэ жилийн үеэр өгнө. Тэр үеэр доллар өсөж, алтны үнэ өсдөг гэж хэлсэн. Шинэ он гаргаад залгасан чинь манай компани алт хоёр хөтөлбөрийн хүрээнд Бум гэдэг хүнтэй нийлж тэрбум төгрөгийн зээл хөөцөлдөж байна. Тэр зээлийг бүтэхээр чиний мөнгийг өгье гэсэн. Ингээд 2017 оны цагаан сарын өмнө О.Б  гуай шүүх хуралд оролцох гэж ирэхэд нь уулзахад одоохондоо мөнгө төгрөг тааруухан байна. Хавар ажил эхлэхээр чиний мөнгийг өгнө. Солонгос улс руу хүүхэд эмчилгээнд явах гээд мөнгөний хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 5 дугаар сарын 20-ны үед тухайн компаний ажил нь эхэлсэн. Намайг залгахаар утсаа авахгүй салгаж байсан. Би 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр өөрийн биеэр уурхайд дээр очиж С.Н эгчтэй уулзсан. Тэгэхэд С.Н эгч би дур мэдэж мөнгө төгрөг өгч чадахгүй. Чи О.Б  ахдаа миний бичиж өгсөн тооцоог бариад оч. О.Б  ах чинь утсаар ярьж байгаа гэсэн. Би О.Б  гуай дээр С.Н эгчийн бичиж өгсөн тооцоог аваад очсон чинь чи юу яриад байгаа юм бэ? чи бид хоёрын төлбөр тооцоо дууссан. Манайх чамд мөнгө өгөх шаардлага байхгүй. Чи энэ асуудлаа шүүхээр шийдүүл гээд хүлээж аваагүй. Манай компани давагдашгүй хүчин зүйлийн улмаас зогссон гэж хэлж байсан. Тухайн үед уг компаний уулын ажлын төлөвлөгөөний бичиг баримт дутуу байснаас болж ажил зогссон. Бид нарын тохиролцоонд тухайн компаний буруугаас болж ажил зогссон бол ажиллаж байснаар төлбөр бодогдож, хэрэв миний зүгээс ажил зогсох шалтгаан гаргасан бол би тухайн өдрийнхөө ажлыг хасуулж тооцно гэсэн аман гэрээ байдаг. Ажил зогссон үед тухайн компанид хоёр түрээсийн машин байсан. Экскаваторыг ажил зогсоод удалгүй түрээсийг зогсоогоод явуулсан. Намайг явуулах байх гэсэн чинь чи байж бай гэсэн. Намайг ажил эхэлтэл байж бай гэсээр байгаад нэг cap болгосон. Ингээд нийт 40 гаран хоног ажилгүй зогссон. Өөрсдөө 8 дугаар сарын мөнгийг бүтэн өгнө гэж байсан. Би 9 дүгээр сард 2, 3 хоног ажил хийсэн бөгөөд уурхайг хариуцаж байсан дарга, ээлжийн ахлагч нарт намайг байж байгаарай гэж хэлж байсан. Тухайн үед надад 4, 5 ажлын санал ирж байсан. Тэгээд сүүлд нь чи өөрөө санал гаргаж явах байсан гэж хэлсэн. Захирлын тушаалыг хэрэгт хавсаргаж өгсөн байна лээ. Тухайн үед уг захирлын тушаал гаргаагүй байсан. Би энэ тушаалтай танилцаагүй. Тэгээд би шүүхэд нэхэмжлэл гаргасан ... гэжээ.

Хариуцагч “Шаазгай Бадмаараг” ХХК-ий захирал О.Б шүүхэд
гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Э   нь манай уурхайн ажил зогссон гэдгийг мэдсэн. Манай уурхайд бас
нэг экскаватор ажиллаж байсан. Тэр бол ажил зогсонгуут яваад өгсөн.
Р.Э   намайг байж бай гээд явуулаагүй л гээд яриад байна. Манай
ажилчид хэлсэн гээд байна. Нэг болохоор намайг хэлсэн мэтээр яриад байгааг
ойлгохгүй байна. Манай эхнэр болохоор Р.Э  д өгөх тооцоо байна гээд
байсан. Тэгтэл миний бэлнээр өгсөн 6500000 төгрөгийг тооцоогүй байсан. Тийм
болохоор одоо Р.Э  д өгөх мөнгөний тооцоо байхгүй гэж бодож байна. Би
Р.Э  д машины хажууд зогсож байхад нь 6500000 төгрөгийг бэлнээр
өгсөн. Өнөөдрийн шүүх хуралдаанд гэрчээр асуулгах гэж ирүүлсэн Р.П гэдэг
хүнийг миний найз гэж хэлээд байх шиг байна. Энэ хүн бол миний бүх зүйлийг
хөтөлж явдаг хүн юм. Үүнийг л миний найз гэж ойлгоод байх шиг байна. Би
Өвөрхангай аймгийн Уянга сумын Төрийн банкнаас 10000000 төгрөгийг бэлнээр
аваад 6500000 төгрөгийг Р.Э  д өгсөн. Дараа нь Р.П  надад та
6500000 төгрөгийг Р.Э  д өгсөн гэж хэлэхээр санасан. Би сайн мэдэж
байна гэж хэлсэн. Үүнийг би санахгүй байж байгаад дээр авгайдаа хэлсэн. Зуны
8800000 төгрөг яригдсанаас хойш санаад ийм мөнгө мартагдсан байна гэж
хэлсэн. Би Р.Э  д карьер дээр утсаар ярьж байхад өгсөн. Тийм болохоор
одоо мөнгө өгөх шаардлагагүй болсон. Харин ч илүү мөнгө өгсөн байсан. Манай
компанийн захирлын тушаал гарсан байгаа. Ажил зогссон байхад түрээсийн
машинд 20 хувийг өгье, ажилтанд 30 хувийг өгье гэж хуулийн дагуу ийм тушаал
гарсан. Цаанаас нь аймаг, орон нутаг зогсоосон болохоос биш би өөрөө
уурхайгаа зогсоогоогүй. Би энэ хүнийг тэргээ аваад явсан байхад ярих юм
байхгүй байсан. Ажил эхэлье гэвэл 60 километрийн цаанаас өдөртөө давхиад л ирнэ. Манайхыг сахиад тэнд байгаад байх шаардлага байгаагүй. Би хатуу гэрээ хийсэн зүйл байхгүй. Р.Э  г тэргээ аваад явсан байхад ямар сонин юм бэ? гэж хэлэхгүй байсан. Манай компани усны дүгнэлт хийгээгүй байсан. Гэтэл аймгийн Засаг даргаас усны дүгнэлт шалгасан. Тэр үед бид ажилчдаа тараагаад хот руу явсан байсан. Тэгэхэд энэ хүн өөрийн санаачлагаараа тэргээ аваад явахад ярих зүйл байхгүй байсан юм. Үүнтэй холбогдуулж манай эхнэр тайлбараа хэлнэ гэжээ.

Хариуцагч С.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Э   ганцхан 2016 онд манай уурхайд ажилласан юм биш. Өмнө нь 2015 онд түрээсээр ажиллаж байсан. Бид 2015 онд манай уурхай алдаг оног ажлаад л ямар ч байсан тооцоо мөнгөний зөрүүгүй ажлаас буусан. Би өөрийн компани, эсвэл өөрийн эрх ашиг болон иргэний хувьд аль нэгийг нь хохироох эрх зүйн үндэс ухамсар байхгүй гэж бодож байна. Бид зөвхөн үнэн бодит зүйлийг ярьж түүн дээр үнэн бодит дүгнэлт гараасай гэж бодож байгаа. 2016 онд Р.Э   манай уурхайд түрээсээр ажилласан. Бид аман гэрээ хийсэн. Ямар нэгэн бичгийн гэрээ хийсэн зүйл байхгүй. Манай компани гэрээ хийхийг шаардаагүй. Харин Р.Э   өөрөө гэрээ хийх ямар нэгэн санаачилгыг гаргаагүй учраас ийм маргаантай зүйл болсон гэж би нэгдүгээрт үзэж байна. Бид сарын түрээсийг 6500000 төгрөгөөр тохирсон. Энд бол маргах зүйл байхгүй. Р.Э  д бэлнээр өгсөн мөнгө бол хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн баримт дээр байгаа. Эхлээд 2000000 төгрөг, дараа нь 1000000 төгрөг, дараа нь 4000000 төгрөг, дараа нь 8080000 төгрөг нийт 15080000 төгрөг болсон. Ингээд 15080000 төгрөгөөс 2080000 төгрөгийг хасна. Энэ нь дугуй, нум, түлээ, мод, сэлбэг хэрэгсэл гээд хамаарахгүй мөнгө байгаа. Ингээд 13000000 төгрөг 5 дугаар сарын 01-нээс 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх тооцоо байгаа. Үүнийг бид оройтож өгсөн нь үнэн. Үүнийг бол хүлээн зөвшөөрч байна. Харин цаг тухай бүрт өгсөн гэж би худлаа ярихгүй. Ингээд 7 дугаар сарын бүтэн тооцоо наад дээр чинь гарч ирээгүй байгаа. Р.Э   болохоор одоо та 8 сарын мөнгийг өгөөгүй, 9 сарын мөнгийг өгнө гэсэн гэж яриад байгаа. 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр очоод 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд 5 cap 20 хоног байгаа. Энэ 20 хоногийн мөнгө яагаад ч 9000000 төгрөг болохгүй. Үүнийг 9 дүгээр сарын 20-ны үеэр шилжүүлсэн. Р.Э  д миний гардаж өгсөн мөнгөний тооцоо бол 28000000 төгрөг. Үүнд бол маргахгүй. Би хүн гүтгэхгүй. Ингээд би Р.Э  д нийт 28000000 төгрөгийг өгсөн. Өгсөн гээд байгаа 6500000 төгрөг бол ганцхан сүүлд гараагүй шүү. 2016 онд О.Б  би Р.Э  д мөнгө өглөө гэж ярьсан. Ингээд энэ хоёрын хооронд мөнгөний зөрүү гарсан. Авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Харин мөнгөний тоо зөрөөд байгаа юм. Тэгэхээр нь би та нар өөрсдөө үүнийхээ учрыг олоорой л гэж хэлсэн. Тэр мөнгөний тооцоо наана чинь ороогүй байгаа. Үүний учрыг олох хэрэгтэй. Одоо гэрч үүнийг батлах байх гэж бодож байна. Энэ хүмүүс өгсөн авснаа ч хэлэх байх гэж бодож байна. Харин би үүнийг хараагүй учраас худлаа хэлэх зүйл алга байна. Р.Э  гийн нэг өдрийн ажлын хөлс бол 225000 төгрөг байдаг. Үүнийг 20 хоногоор үржүүлэхээр 4500000 төгрөг болно. Бид харин 9000000 төгрөг өгсөн байгаа. Энэ 4500000 төгрөг чинь урд сардаа гүйх ёстой. Би энд хүний нүүр хараад Р.Э  г муу хүн, увайгүй гэж хэлэх зүйл байхгүй. Ажилдаа сайн, машин тэрэг нь явдаг. Р.Э   бид нар дээр орж ирээд би явъя гэж хэзээ ч хэлээгүй. Би үүнийг мэдэж байна. Харин бид нар чи байж бай гэж хэлээгүй. Уурхайн дарга нараар л дамжуулж хэлсэн байх гэж бодож байна. Тэр үед уурхайн ажилчид тараад явсан байсан. Харин жолоочоо үлдээсэн нь үнэн. Жолооч Дашзэвэг гуай манай гал тогоонд туслаад л байж байсан. Манайд хүртэл 2 хоноод л явсан. Тэр мөнгө төгрөгийг би бодоогүй. Манай компани “А” лицензтэй тэнд ажил гүйцэтгэдэг компани биш. “Баярсол голд” компанийн туслан гүйцэтгэгч оператор компаниар явдаг. Тийм учраас уулын ажлын төлөвлөгөө болон усны аж ахуйн болон байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ болон Засаг даргын баримтаас гарч ирсэн тэр фактууд байна лээ. Манай компани бол гүйцэтгэгч компани гэдгийг энд хэлэхийг хүсч байна. Үүнийг Р.Э   өөрөө мэдэж байгаа. Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүтэд болсон болоогүй, бичигтэй бичиггүй бүх уул уурхайн компанийг Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар бүгдийг нь буулгасан. Тэнд хувь хувьсгалын замбараагүй байдал үүсээд тэндээс хөөхөд “Баярсол голд” манай компани хоёр л үлдсэн. Р.Э   мэдэж байгаа. Би Р.Э  д 2017 оны 7 дугаар сард ирэхэд нь хэлсэн. Миний хажууд манай нэг ажилтан байсан. Эгч нь 3000000 төгрөг өгье. Чиний 7 дугаар сарын цалинг бүтэн өгсөн. Эгч нь толгой мэдэж шийдэхгүй гэж хэлсэн. Одоо энэ хоёр хоёулаа байна. Энэ бол хүний сэтгэл гэж бодож байна. Дараа нь үлдэгдэл мөнгийг нь өгнө шүү гэж яриагүй.

Тухайн үед экскаватор бол явчихсан байсан. Экскаватороор ганцхан шороо ачна. Өөр ачих юм байхгүй. Хэн хэн нь сэтгэлээрээ байна гэж би тухайн үед бодсон. Миний хүнийг хохироохгүй гэсэн сэтгэл бол надад байсан. Учиргүй тэр нэхээд байгаа 8800000 төгрөгийг бол өгч чадахгүй. О.Б , Р.П  хоёр харин энэ хүнд мөнгө өгсөн юм бол бид нар Р.Э  д мөнгө өгөх нь битгий хэл харин ч илүү мөнгө өгсөн гэсэн тооцоо харагдаад байна. Гэрч үүнийг нотлох байх гэж бодож байна. Надад хэн нэгэн хүнийг хохироох гэсэн сэтгэл алга байна. Бүх зүйл үнэнээрээ яваасай гэж бодож байна ...гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Шаазгай бадмаараг” ХХК-иас 8800000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Э  д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Э   нь хариуцагч С.Нарантуяад холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, хариуцагч С.Нарантуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Шаазгай бадмаараг” ХХК-иас 155750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Өвөрхангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Шаазгай бадмаараг” ХХК-ний захирал О.Б  гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 602 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Р.Э   нь “Шаазгай бадмаараг” ХХК-д тохиролцсон ажил үүргийг гүйцэтгээгүй байж хөлс нэхсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн шүүхэд өгсөн П ийн мэдүүлгийг анхан шатны шүүх үнэлэлгүй нотлох баримтыг дутуу үнэлж шийдвэрлэсэн. Нарантуяагийн 8800000 төгрөгийг дутуу байж магадгүй гэсэн тооцоололыг нэхэмжлэгч нь би харчихаад эргүүлээд өгье гэж хэлэн хууран мэхэлж аваад шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгснийг нотлох баримтыг хуурамч гэж үзэж байна. Энэхүү нотлох баримтыг шүүх шийдвэр гаргахдаа харгалзаж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 602 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...гэжээ.

Хариуцагч С.Н гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 145/Ш32018/00341 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Р.Э  гийн нэхэмжлэлээр “Шаазгай бадмаараг”   ХХК-д холбогдох 8800000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт С.Н миний бие хамтран хариуцагчаар татан оролцуулж шийдвэрлээд шүүхийн шийдвэрийг уг компанид болон надад гардуулан өгөөгүй байсан учраас би хүсэлт гаргаж давж заалдах гомдол
гаргах хугацааг сэргээлгэсэн. Тэгээд хугацаа сэргээлгэсний үндсэн дээр хариуцагч ХХК-ий захирал О.Б  2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргасныг шүүх 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авахаас татгалзсан байна. Уг захирамж одоогоор надад ирээгүй. Хариуцагчаар “Шаазгай бадмаараг” ХХКомпани татагдсан. Би уг компаниас тусдаа төлбөр хариуцах этгээд биш. Уг компани нь гэр бүлийн компани юм. Би компаний захирал О.Б ы хууль ёсны эхнэр тул компаниа төлөөлөн О.Б  давж заалдах гомдол гаргах эрхтэй гэж үзсэн. Гэтэл шүүх уг гомдлыг хүлээж аваагүйд би гомдолтой байна. Шүүгчийн захирамжинд дурьдагдсан агуулгын дагуу С.Н миний бие давж заалдах гомдол гаргаж байна. Миний хувьд 28000000 төгрөг надад хамааруулан гаргаж нэхэмжлэгч уг шаардлагаасаа татгалзсан гэсэн үндэслэлийг ойлгохгүй, мөн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч компаниас 8800000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ажилласан хугацааны бүх хөлс нэхээгүй. Р.Э   тус компанид тохиролцон ажил үүргээ гүйцэтгэсний хөлсийг бүрэн олгосон. Харин ажил үүрэг гүйцэтгээгүй үеийн 8800000 төгрөгийг нэхэмжлэгчдэд төлөх үндэслэлгүй боловч миний нөхөр О.Б  Р.Э  д бэлнээр 6500000 төгрөг өгснийг би мэдээгүй байсан. Гэтэл шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Тус шүүхэд гэрчээр оролцсон П  компани захирал О.Б аас Р.Э   мөнгө хүлээн авсан гэдгийг мэдүүлсээр байхад түүнийг үнэлээгүй. Р.Э   С.Н надаар тооцоо бодуулаад 8800000 төгрөгний тооцоо байж магадгүй гэснийг Р.Э   би тулгаж үзчихээд буцааж өгье гэж аваад түүнийг нотлох баримт болгон шүүхэд өгсөн. Би энэ тооцоог гаргах үед П  О.Б аас мөнгө авсныг мэдээгүй байсан. Гэтэл шүүх үүнийг нотлох баримт болгон шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 145/Ш32018/00341 дугаар шийдвэрийг хүчингүй болгох буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгч Р.Э   хариуцагчийн гомдолд гаргасан тайлбартаа: “Шаазгай бадмаараг” ХХК нь тохиролцсон ажлыг гүйцэтгээгүй байж ажлын хөлс нэхэмжлэх үндэслэлгүй гэжээ. Миний бие нь гэрээний дагуу тохиролцсон ажлыг чанартай гүйцэтгэж байсан болно. Хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж ажил зогссоныг ажил үүргээ гүйцэтгээгүй гэж үзэхгүй байна. Гэрч П ийн мэдүүлэг нь үндэслэлгүй, худлаа болно. С.Нарантуяагийн 8800000 төгрөг дутуу байна гэсэн тооцоог хууран мэхэлж аваагүй бөгөөд шүүхээр асуудлаа шийдвэрлүүл гэсний дагуу авсан болно. Уг тооцоо нь хариуцагчийн шүүхэд өгсөн нотлох баримтуудтай нийлж байгаа болно ...  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Э   нь хариуцагч “Шаазгай Бадмаараг” ХХК, тус компаний санхүү хариуцсан захирал С.Н нарт холбогдох түрээсийн төлбөрт 8800000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган, хариуцагч “Шаазгай Бадмаараг” ХХК, С.Н нар нь Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар уурхайн үйл ажиллагааг зогсоосон тул уг үйлдлийг  давагдашгүй хүчин зүйл гэж үзэж, тухайн зогссон хугацааны түрээсийн төлбөр 8800000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгон бусад хэсгийг хэвээр үлдээн хариуцагчийн давж заалдах гомдлуудыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Р.Э   нь “Шаазгай Бадмаараг” ХХК-ий захирал О.Б тай 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл өөрийн автосамсомолоор шороо ачих ажлыг сарын 6500000 төгрөгийн хөлстэйгээр хийхээр харилцан тохиролцож, өөрсдийн хооронд үүссэн харилцааг “түрээсийн гэрээ” гэж тодорхойлсон нь буруу, Р.Э   нь автосамсомолоо өөрөө эзэмшиж, ашиглан “Шаазгай Бадмаараг” ХХК-д зөвхөн шороо ачих ажлыг сарын 6500000 төгрөгийн хөлстэйгээр хийхээр тохиролцсон байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан “хөлсөөр ажиллах гэрээ” байгуулагдсан гэж дүгнэсэн,

“Шаазгай Бадмаараг” ХХК-ий захирал О.Б ы амаар гаргасан саналд Р.Э   нь зөвшөөрсөн хариуг өгч талууд тохиролцсон, талуудын хооронд бичгээр гэрээ байгуулаагүй талаар маргаагүй нь зохигчийн гаргасан тайлбаруудаар нотлогдсон  тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д зааснаар Хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан, хүчин төгөлдөр гэж тооцсон,

 Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар Р.Э   нь тохиролцсон ажлыг гүйцэтгэх, “Шаазгай Бадмаараг” ХХК нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн,

2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл  гэрээний дагуу тохиролцсон хугацаанд “Шаазгай Бадмаараг” ХХК-ий уурхай дээр автосамсомолоороо Р.Э   ажлаа хийж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.

Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүтийн голын сав газарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг шалгахад Ашигт малтмалын хуулийн дагуу уул уурхайн үйлдвэрлэлд шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангаагүй гэсэн шалтгаанаар “Шаазгай Бадмаараг” ХХК-ий үйл ажиллагааг 2016 оны 8 дугаар 18-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл зогсоосон нь Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Зв/579 тоот албан бичгээр тогтоогдож байх тул түүнийг давагдашгүй хүчин зүйл гэж үзэх боломжгүй.

Хөлсөөр ажиллах гэрээ зохигч байгуулахдаа дээрх нөхцөлд төлбөр төлөхгүй байх, давагдашгүй хүчин зүйлд юу орох талаар тус тус харилцан тохиролцоогүй, мөн Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт зааснаар “Шаазгай Бадмаараг” ХХК нь Р.Э  г хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө зогссон хугацааны төлбөр төлөх үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болох байсан.

“Шаазгай Бадмаараг” ХХК-ий үйл ажиллагаа 2016 оны 8 дугаар 18-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл зогссон байх хугацаанд Р.Э   автосамсомолтойгоо уурхай дээр байж гэрээний үүргээ биелүүлсний дараа нь зогссон хугацааны төлбөр төлөх үүргээс татгалзаж байгаа үндэслэлгүй  гэж тус тус дүгнэн Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасны дагуу “Шаазгай бадмаараг” ХХК-д хөлс төлөх үүрэг үүссэн, мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу Р.Э   нь хөлс төлөх үүргийн гүйцэтгэлийг “Шаазгай бадмаараг” ХХК-иас шаардах эрхтэй байна гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүх шийдвэр хууль ёсны бөгөөд  үндэслэл  бүхий болжээ.

“Шаазгай Бадмаараг” ХХК-ий захирлын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1-45 тоот тушаалаар сул зогсолтын хугацаанд ажилчдын цалинг 30 хувь, машин техникийн түрээсийн төлбөрийг 20 хувиар бодож олгохоор заасан байгаа боловч энэ тушаалынхаа дагуу тус компани Р.Э  тэй байгуулсан гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулаагүй, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон гэрч Р.П  нь Р.Э  д 28000000 төгрөгөөс гадна 6500000 төгрөг бэлэн өгсөн гэж мэдүүлж байгаа боловч түүнээ шүүхэд бусад нотлох баримтаар нотлоогүйг тус тус дүгнэсэн.

 Хариуцагч “Шаазгай Бадмаараг” ХХК-ий санхүү эрхэлсэн захирал С.Нарантуяагийн нэхэмжлэгч Р.Э  гийн ажлын хөлсний тооцоог бодон зөрүүг тодорхойлсон гэх баримт /хх-ийн 5х/, шүүх хуралдаан дээр С.Нарантуяагаас гаргаж өгсөн  гар ноорог /хх-ийн 110х/ дээр бичсэн Р.Э  д өгөх мөнгөний тооцоолол, зохигчийн хооронд хийсэн хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон хөлсний талаарх тохиролцоог харгалзан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  анхан шатны шүүхээс тооцон хангасан нь үндэслэлтэй байна.

Харин шүүх нь С.Нарантуяаг “Шаазгай Бадмаараг” ХХК-ий санхүү эрхэлсэн захирлын ажил эрхэлдэг уг компаний хууль ёсны төлөөлөгч байхад Р.Э  г С.Нарантуяад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэж үзэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

“Шаазгай Бадмаараг” ХХК нь  Р.Э  д 6500000 төгрөг өгсөн гэж үзэж байгаа бол нотлох баримт бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй.

 Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж байгаа тул гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

          Монгол улсын  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.3-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 145/ШШ2017/00602 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн  2 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Мөн тогтоолын заалтын дугаарыг “3” гэснийг “2” гэж, “4” гэснийг “3” гэж, “5” гэснийг “4” гэж тус тус өөрчилж, хариуцагч “Шаазгай бадмаараг” ХХК-ий захирал О.Б , мөн компаний санхүү эрхэлсэн захирал С.Н нарын давж заалдсан гомдлуудыг хангахгүй орхисугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Шаазгай бадмаараг” ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгийн хураамжинд төлсөн 155750 төгрөгийг улсын  төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Д.ЭРДЭНЭБИЛЭГ.

                                   ШҮҮГЧИД                              М.МӨНХДАВАА

                                                                                  Д.БЯМБАСҮРЭН