Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 164

 

220/2020/0098/Э

 

 

 

 

  2020          02            06                                             2020/ДШМ/164    

 

Б.Б-, Б.Т- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Эрдэнэтуяа,

яллагдагч Б.Б-,

яллагдагч Б.Т-ийн өмгөөлөгч Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 2019/ШЗ/2030 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Эрдэнэтуяагийн бичсэн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 48 дугаартай эсэргүүцлээр Б.Б-, Б.Т- нарт холбогдох 1709004430664 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. ......

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар нийт 1 жил 10 сарын хорих ялаар шийтгүүлж,  уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хугацаа дуусч суллагдсан;

 

2. ......

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27- ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 20-ын өдөр хугацаа дуусч суллагдсан;

 

Б.Т- нь ганцаараа:

1. 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, ________ монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, “Hitachi” загварын 42 инчийн “LCD” зурагтыг хулгайлан авч, бусдад 252.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн ........өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, “Funai” загварын 32 инчийн LCD зурагтыг хулгайлан авч, бусдад 154.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн ........н байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, “Samsung” загварын 14 инчийн зурагт, орны бүтээлэг, мөнгөн аяга, бэлэн мөнгө зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 236.800 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2019 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн ....... байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, ээмэг, бөгж, кулон, гинжний мөнгөн хослол, “Samsung s5” загварын цагаан өнгийн гар утас, хүүхдийн жижиг хар цүнх, 10-тын дэвсгэрт 1 боодол /100 ширхэг/, 20-тын дэвсгэрт 1 боодол /100 ширхэг/ зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 828.600 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн ....... монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, “Samsung” загварын 42 инчийн зурагтыг хулгайлан авч, бусдад 496.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн .... байшингийн вакум цонхыг түлхэж онгойлгон хууль бусаар нэвтэрч, “Dell” загварын зөөврийн компьютер, 3 шинэ цагийн манан хөөрөг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 420.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн ..... монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 32 инчийн “LCD” зурагтыг хулгайлан авч, бусдад 192.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн .... байшингийн вакум цонхыг түлхэж онгойлгон хууль бусаар нэвтэрч, бага гарын мөнгөн хөөргийг хулгайлан авч, бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Б- нь ганцаараа 2019 оны 6 дугаар сарын 23-ны шөнө Чингэлтэй дүүргийн .... нийтийн байрны өрөөнд хууль бусаар нэвтэрч, “Iphone 6”, “Samsung s7 edge” загварын гар утаснуудыг хулгайлан авч, бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Т-, Б.Б- нар бүлэглэн, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн ...... монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга, машины тоос сорогч зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 147.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар, Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Б.Т-, Б.Б- нарыг шүүхэд шилжүүлэх боломжгүй, өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй, тухайлбал яллагдагчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн нотлогдоогүй байна. 

1. Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /2 дугаар хавтас 121/ хэргийг хэрхэн шийдвэрлэсэн болох нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Гэтэл прокуророос яллагдагч Б.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3,  3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дах хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн бөгөөд яллах дүгнэлт үйлдсэний дараа илэрсэн гэдгээр Б.Т-д холбогдох Чингэлтэй дүүргийн шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 502 дугаартай шийтгэх тогтоол, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдийн цагийн бүртгэл болон Сүхбаатар дүүргийн Сүхбаатар хэвшил ОНӨААТҮГ-ын 2019 оны 07 дугаар сарын 268 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бичсэн тоотын хамт шүүхэд гарган өгч, Б.Т- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тул хорих ялаар сольж, ялыг нэгтгүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх санал гаргасан нь үндэслэлгүй байна. Дээрх баримт нь прокурорт хандаж гаргасан баримт биш бөгөөд өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн прокурор өөрийн санаачлагаар дээрх баримтыг авч, шүүхэд гаргаж өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг зөрчсөн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, хэргийн хүрээнд шалгагдаагүй үйл баримтыг үндэслэн ял халдаах нөхцөл байдал бий болж байна.

 2. Прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч Б.Т-ийг дангаараа болон бусадтай бүлэглэн 9 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 2.936.400 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Мөрдөн шалгалтын явцад хууль сануулан гэрчээр болон хохирогчоор Ч.Болортуяагаас мэдүүлэг авахад “Samsung” загварын 42 инчийн зурагт алдсан /1-120, 123-124хх/ гэж мэдүүлсэн байна. Гэтэл иргэний нэхэмжлэгч Д.Хандсүрэн “Samsung” загварын 39 инчийн зурагтыг 180.000 төгрөгийн барьцаанд авсан /1-121-122хх/ тухайгаа мэдүүлсэн ба түүнээс уг зурагтыг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд /хх 115-117/ 39 инчийн зурагтыг Ч.Болортуяад хүлээлгэн өгч, эд хөрөнгийн үнэлгээгээр “Samsung” загварын 42 инчийн зурагтыг 496.000 төгрөгөөр үнэлсэн /хх 133-134/ зэрэг нь ойлгомжгүй байна. Эдгээрээс дүгнэхэд хохирогчид хэдэн төгрөгийн хохирол учирсан нь бүрэн нотлогдоогүй, эдгээр зөрүүтэй байдлыг тодруулсны эцэст үнэлгээг дахин хийлгэж, Б.Түвшинбаярын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг бодитой тогтоох шаардлагатай байна гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Эрдэнэтуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...яллагдагч Б.Т- нарт холбогдох 1709004430664 дугаартай эрүүгийн хэрэгт Чингэлтэй дүүргийн прокурорын газраас эрүүгийн 1911016190766 дугаартай хэрэг нэгтгүүлэхээр Нийслэлийн прокурорын газраас харьяалал тогтоолгож ирүүлсэн бөгөөд уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Б.Т-д урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолын хуулбар хувийг хэрэгт хавсарган ирүүлсэн байсан. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.Т-д 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мэдүүлэг авч, мөн ял шийтгэгдсэн эсэх лавлагааг авахад дээрх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэрэгт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 502 дугаартай шийтгэх тогтоолоор ял оногдуулсан талаарх мэдээлэл гараагүй тул прокурор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Б.Т-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шийдвэрлэсэн талаарх баримтыг шинээр гарган өгч, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан байхад шүүх хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй гэж буцаасан нь үндэслэлгүй байна. Б.Т-ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож хорих ял оногдуулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 502 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх, эсхүл ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх боломжтой байхад шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Шүүгчийн захирамжид “хэргийн хүрээнд шалгагдаагүй үйл баримтыг үндэслэн ял халдаах нөхцөл байдал бий болж байна” гэж дүгнэжээ. Гэтэл 2 дугаар хавтаст хэргийн 121 дүгээр хуудаст Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон талаарх Чингэлтэй дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолын хуулбар байгааг үндэслэн прокурорын зүгээс шүүхэд гаргаж өгсөн шийтгэх тогтоол болон нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдэлсэн хугацааг тогтоосон баримт зэргийг үндэслэн шүүхээс Б.Түвшин- Эрдэнэд ял оногдуулах нь “...шалгагдаагүй үйл баримтыг үндэслэн ял халдаах нөхцөл байдал бий болсон ...” гэж үзэх үндэслэлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

            Хохирогч Ч.Болортуяа 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр гэрт хулгай орж, “Samsung” загварын 42 инчийн зурагт хулгайлсан гэж мэдүүлсэн. Үүний дагуу эд хөрөнгийн үнэлгээгээр 42 инчийн зурагт үнэлүүлсэн. Харин мөрдөгч эд зүйлийг хүлээлгэн өгөхдөө 39 инчийн зурагт хүлээлгэн өгсөн талаар тэмдэглэл үйлджээ. Яллагдагч Б.Т- “...2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Ч.Болортуяагийн гэрээс хулгайлсан зурагтаа мөн өдөр барьцаалан зээлдэх газарт тавьсан...” гэж мэдүүлсний дагуу уг ломбарднаас зурагтыг хураан авч, хохирогч Ч.Болортуяа өөрөө зурагтын содон шинж, тэмдэг чанараар таньж хүлээн авсан баримт хэрэгт авагдсан байна. Хохирогчид хэдэн төгрөгийн хохирол учирсан нь бүрэн нотлогдсон байхад Б.Т-ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг бодитой тогтоогоогүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд учирсан хохирлын талаар ямар нэгэн зөрүү гараагүй болно.

Түүнчлэн шүүгчийн захирамжид “... Б.Түвшинбаярын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг бодитой тогтоох...” гэжээ. Гэтэл Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.Т-, Б.Б- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хүргүүлсэн байхад Б.Түвшинбаяр гэж хэрэгт холбогдуулан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр тогтоогдоогүй хүний нэрийг дурдсан байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Яллагдагч Б.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

Яллагдагч Б.Т-ийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Эд зүйлийн үнэлгээ хийгээд 42 инчийн зурагтыг 496.000 төгрөгөөр үнэлсэн. 39 инчийн зурагтыг 42 инчийн зурагттай андуурах ямар ч боломж байхгүй. Иймээс энэ нь эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодруулахаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй. Мөн 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Б.Т- нь хохирогч Баттулгатай маргалдан улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан асуудалд эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч хэрхэн яаж шийдвэрлэгдсэн талаар хавтас хэрэгт үнэлэгдэхүйц баримт байгаагүй. Иймээс эдгээр асуудлуудыг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй. Мөн хорих ангийн эмч нар Б.Т-д үзлэг хийж, түүний “баруун төмсөгний венийн судас өргөссөн, мэс заслын төрөлжсөн эмчид зайлшгүй үзүүлэх шаардлагатай” гэсэн дүгнэлтийг гаргасан. Б.Т-тэй очиж уулзахад тэр хэсэгтээ маш их өвчин, зовуурьтай байдаг талаараа хэлж байсан. Хэрэв шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл миний үйлчлүүлэгчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Т-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд заасан асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Яллагдагч Б.Т- нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 502 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байх бөгөөд  энэ хэргийг 1709004430664 дугаартай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгтэй заавал нэгтгэн шийдвэрлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр өөр гэмт хэрэгт холбогдсон, зүйлчлэл өөрчлөгдөхгүй тохиолдолд шүүх оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар  шийдвэрлэх боломжтой.

 

Түүнчлэн хохирогч Ч.Болортуяа нь “Samsung” загварын 42 инчийн зурагтаа хулгайд алдсан талаар мэдүүлж, эд зүйлийн үнэлгээгээр 496.000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд Б.Т- нь хохирогч Ч.Болортуяагийн гэрээс авсан зурагтыг Дэнжийн 1000-н “Нарантуул-2” захын урд байрлах ломбарданд 180.000 төгрөгийн барьцаанд тавьсан гэж мэдүүлснийг үндэслэн тус барьцаалан зээлдэх газраас 39 инчийн зурагтын хураан авч хохирогч Ч.Болортуяад /хохирогч өөрөө зурагтын содон шинж, тэмдэг чанараар таньж хүлээн авсан/ хүлээлгэн өгсөн байна. /1хх 117/ Хохирогч нь хулгайд алдсан эд зүйлээ буцаан авснаар хохирол гаргуулах үр дагавар үүсэхгүй бөгөөд дахин үнэлгээ хийлгэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тул энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзлээ.

 

Иймд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Б.Б-, Б.Т- нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 2019/ШЗ/2030 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Б-, Б.Т- нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл Б.Б-, Б.Т- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ 

 

                        ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН