Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
Хэргийн индекс | 183/2020/00078/и |
Дугаар | 183/ШШ2020/00293 |
Огноо | 2020-01-31 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 183/ШШ2020/00293
2020 оны 01 сарын 31 өдөр | Дугаар 183/ШШ2020/00293 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Б ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.Б-д холбогдох
7 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ................................нар оролцов.
Нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 12 сард Д.Б-тай танилцаж, өөрий өмчлөлийн 5 ханатай, шалтай, 2 давхар бүрээстэй гэрийг мөнгө авалгүйгээр түүний хүү Г ачуулж явуулсан. Үүнээс хойш Д.Б надаас авсан гэрийн үнийг худал, үнэн шалтаг хэлж, өдийг хүртэл өгөөгүй тул энэ асуудлаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байхад нь удаа дараа нэхсэн боловч худал үнэн ярьсаар байгаад өдийг хүрсэн. Чингэлтэй дүүргийн шүүх бидний маргааныг тухайн үед тусдаа иргэний хэрэг гэж үзэж шийдвэрлэж өгөөгүй. Би энэ хүнээс гэрийн мөнгө гэж огт аваагүй. Сүүлдээ Д.Б нь намайг өөрийнхөө залилангийн хэрэгт хамтран оролцсон мэтээр гүтгэсэн бөгөөд үүнээс болж шүүхээр хүртэл торгуульсан. Иймд Д.Б-ээс худал хэлж авсан 5 ханатай, шалтай, 2 давхар бүрээстэй гэрийн үнэ 7 500 000 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь хариу тайлбартаа гэрийн модыг 900 000 төгрөгөөр, шалыг 250 000 төгрөгөөр тооцож өөр хүнд өгсөн гэж тайлбар гаргасан байдаг бөгөөд хэрвээ 1 150 000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрвөл эвлэрэх боломжтой гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.Б гэх эмэгтэйгээс 5 ханатай шалтай, 2 давхар бүлээстэй гэр авч байгаагүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.Б нь харин биднийг хуурч мэхлээд Г.Х-т 2 айлын газар авч өгье гээд 7 170 000 төгрөг, Г.Б-оос байр авч өгье гээд 7 150 000 төгрөг, Д.Б надаас байр авч өгье гээд нийт 27 680 000 төгрөг тус тус авсан. Эхлээд Б.Б 7 170 000 төгрөгийг бэлэн авсан бүгд баримт нь байгаа боловч мөнгөө бэлнээр өгсөн болохоор нотлож чадаагүй гэдэг үгээр хэрэг тооцогдоогүй боловч Г.Б 7 170 000 төгрөг нь шүүхээр нотлогдож одоо ШШГЕГ-т Ц.Б-с мөнгөө авах ажиллагаа нь явагдаж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Б гэдэг эмэгтэй байгаа. Ц.Б нь У.У-с байр авч өгнө гээд 15 340 000 төгрөг аваад байраа авч өгөөгүй учраас өрнөөсөө суутгуулж дан бүрээстэй гэрээ 900 000 төгрөгөнд, шалыг нь 250 000 төгрөгөнд бодож өгсөн нь хавтаст хэрэгт нотлогдсон байгаа.Энэ хэргийг шүүхээр шийдээд Ц.Б-г хүний мөнгө авсан нь нотлогдоод ШШГЕГ-т шилжсэн байгаа. Иймд Ц.Б нь залилан авсан мөнгөө төлөхгүй арга мэх хэрэглэж нэр хүндэд халдан хүнийг гүтгэж ёс зүйгүй авир гаргаж байгаад би гомдолтой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөө гэрээ ачиж манайд хүргэж ирсэн, өөрийнх нь зөвшөөрснөөр өр төлбөрт нь өгсөн гэв.
Шүүх гэрч Ц.О-ын мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Д.Б-т холбогдуулан 5-н ханатай гэрийн эрээн мод, 2 давхар бүрээстэй, шалтай гэрийн үнэнд 7 500 000 төгрөг гаргуулахаар шаардсныг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Миний бие 5 ханатай, шалтай, 2 давхар бүрээстэй гэрийг мөнгө авалгүйгээр түүний хүү Г ачуулж явуулсан. Үүнээс хойш Д.Б надаас авсан гэрийн үнийг худал, үнэн шалтаг хэлж, өдийг хүртэл өгөөгүй тул Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байхдаа энэ талаар хандаж байсан ч иргэний журмаар шийдвэрлүүл гэсэн гэх тайлбар гаргасныг, хариуцагч тал Ц.Б нь урьд нь бидэнд байр авч өгнө гэж мөнгө авах залилж, уг хэрэгтэй холбоотойгоор шүүхээс Ц.Б-с мөнгө гаргуулахаар шийдвэр гарч, одоо шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Маргаан бүхий гэрийг У.У-с байр авч өгнө гэж худал хэлж авсан мөнгөний өрөнд өгсөн, энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Уг гэрийг би аваагүй зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж, маргажээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Д.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 624 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоол болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Харин дээрх эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа хариуцагч Д.Б нь ...Ундрахжаргалын мөнгөнд Ц.Б нь манай хашаанд ирж буулгасан байсан монгол гэрийг 750 000 төгрөгөнд зарсан ба тэр мөнгийг өгсөн. Мөн гэрийнх нь шалыг 250 000 төгрөгөөр бодож У өөрөө авсан. гэж мэдүүлж байсан байх ба шүүх шүүгдэгч нар нь ...У.У-с авсан 20 340 000 төгрөг, ...-ийг буцаан өгч дуусгасан байна. ...эрүүгийн хэрэг үүсгэх үед У.У, Д.М нарын хувьд хохирол, хор уршгийн талаар ямар нэг гомдол санал байхгүй байсан байна. гээд шүүгдэгч Ц.Б, Д.Б нарыг бүлэглэн У.У, Д.М нарыг залилж 45 510 000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцохгүй байх үндэслэлтэй гэж үзэж, дээрх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна./хх-ийн /
Түүнчлэн нэхэмжлэгч нь 5 ханатай гэрийн мод болон бүрээс, шал зэргийг хохирогч У.У авсан мөнгөний өрөнд өгсөн гэсэн хариуцагчийн тайлбарыг үгүйсгээгүй бөгөөд дээрх үйл баримтын талаар эрүүгийн хэрэгт болон энэ хэрэгт маргаагүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 5 ханатай гэрийг бүрээс болон шалны хамт ямар зорилгоор хариуцагчид өгсөн, түүнчлэн уг гэрийн үнийг Д.Бнь төлөх үүрэгтэй байсан зэргээ баримтаар нотлоогүй байх тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжисөн гэх үзэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б-с гэрийн үнэ 7 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Б-с улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 134 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ