Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2020/00484

 

 

 

2020 оны 02 сарын 19 өдөр              Дугаар 183/ШШ2020/00483                                  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Д.Мөнгөнтуул нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- ................... оршин суух, Н........ нэхэмжлэлтэй,

Хариуцагч- ..................... тоотод оршин суух, , Рд холбогдох,

гэм хорын хохиролд 360.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н........, хариуцагч Г.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Р манай жижиг өрөөг хөлслөн 1 сар амьдарсан. Эхнэд Золжаргал, найз хүүхэн ...........тай архи ууж зодолдоод цонхон дээр байдаг 6 ширхэг гоёмсог ваарыг хагалсан. Мөнгийг нь төлж өгнө гэсэн мөртлөө шөнө оргоод явчихсан байсан тул нэг бүр нь 60.000 төгрөгийн үнэтэй 6 ширхэг ваарны үнэнд 360.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Би энэ ваарын найман сондор дэлгүүрээс 2019 оны 9 сарын үед авсан санагдаж байна. Би өөрөө Бат-Эрдэнийг дагуулан энэ дэлгүүр дээр очиж эндээс авсан гэж зааж өгсөн гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлдээ 5 ширхэг ваар хагалсныг 6 ширхэг болгож бичсэн байна. Анх надад хэлэхдээ нэг ширхэг нь 20.000 төгрөгөөр үнэлж байснаа дараа нь 30.000 төгрөг болсон, одоо болохоор нэг бүрийг нь 60.000 болгож өсгөсөн байна. Цонхны тавцан нь хөдөлгөөнтэй байсан, би энэ ваарыг хагалаагүй, өөр хүн хагалсан. Байр хөлсөлж байсан учраас надад төлбөрийг өсгөж нэхэмжилсэн байна. Ваар хагалсан өдөр ........... гуайд манай найз охины найз нь хагалсан талаар хэлсэн, тэр үед ижил ваар авч өгөх эсхүл үнийг нь төлөхөөр ярилцсан. Би ...........гийн хамт найман сондор дэлгүүрт очиж худалдагчаас нь үнийг нь асуухад 30.000 төгрөг, одоогоор ваар байхгүй тасарсан гэж хэлсэн. Би өөрөө хагалаагүй хагалсан хүн нь ........... гэж байгаа, тухайн ваарыг хагарсны дараа хогийг нь цэвэрлэж байгаад тоолоход 5 ваарны ёроол байсан тул би хариуцахгүй гэв. 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н............ нь хариуцагч Г.Рд холбогдуулан ............................. тоот хаягт байршилтай орон сууцанд хажуу өрөө түрээслэн амьдарч байхдаа нэг бүр нь 60.000 төгрөгний үнэ бүхий гоёмсог загвартай, 6 ширхэг  ваарыг хагалсан тул үнэнд нь 360.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1/.

 

Хариуцагч Г.Р нь нэхэмжлэгчийн орон сууцанд өрөө түрээслэн амьдарч байсан, түүний найз гэх ........... нэртэй хүн тухайн өрөөний цонхны тавцан дээр байсан 5 ширхэг ваарыг хагалсан, би хагалаагүй учир хариуцахгүй гэж татгалзсан тайлбар гаргасан /хх-12/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй.

 

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл гэдэгт нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг тул нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг тул нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох баримтын талаар тусгасан байхыг шаардахаас заавал хавсаргаж ирүүлэхийг шүүх шаардахгүй. Учир нь хэргийн оролцогчидод нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэхийн тулд хуулиар хугацаа тогтоогдсон бөгөөд уг хугацааны дотор буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэрэг маргааныг шийдвэрлэх журамтай.

 

Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Н........гийн оршин суудаг ................. тоотод хариуцагч Г.Р нь 2019-09-13-ны өдрөөс 2019-10-13-ны өдрийг хүртэлх нэг сарын хугацаанд хажуу өрөө хөлслөн суухаар тохиролцож, энэ хугацаанд хариуцагч Г.Р нь дээрх орон сууцанд амьдарсан үйл баримтын талаар, хариуцагчийг ингэж амьдрах хугацаанд түүний найз нөхөд ирсэн, хөлслөн амьдарч байсан өрөөнд байсан ваарыг хагалсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Гагцхүү нэхэмжлэгч 6 ширхэг ваар байсан, нэг бүр нь 60.000 төгрөгийн үнэтэй гэж, хариуцагч 5 ширхэг ваар байсан, дэлгүүр хамт очиж үнийг асуухад 30.000 төгрөгийн үнэтэй байсан гэж зөрүүтэй тайлбар гаргаж, мэтгэлцсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” оролцож, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах тул нэхэмжлэгч нэг бүр нь 60.000 төгрөгийн үнэтэй гэх шаардлагын үндэслэлээ, хариуцагч тухайн өрөөнд байсан ваарыг өөрөө хагалаагүй гэх татгалзсан үндэслэл, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”,

мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”,

хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т “нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно”,

107.3-т “хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэх үүргээ биелүүлээгүй буюу шаардлага, татгалзлын үндэслэл тайлбараа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн гараар бичсэн баримтад “гэрээ” гэж гарчигласан байх бөгөөд тухайн бичвэрт хэдэн ширхэг ваарыг хүлээлгэж өгсөн талаар дурдаагүй /хх-2/,

тооцооны хуудас гэх баримтын огноо нь 2019-02-10-ны өдрийн огноотой, шинээ№ гэсэн хэсэгт найман сондор гэж бичигдсэн баримтын нэр төрөл гэсэн хэсэгт ваар 6ш, нэгж үнэ 60.000, нийт 360.000 гэж бичигдсэн /хх-16/ байх боловч уг баримтаар нэхэмжлэгч маргааны зүйл болох ваарыг “Найман сондор” нэртэй дэлгүүрээс авсан гэх байдал нотлогдон тогтоогдохгүй, тухайн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө, 44.4-т заасан төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэсэн шаардлагыг хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй баримт байна.

 

Иймд хэргийн үйл баримтаар хариуцагчийн хөлслөн амьдарч байсан өрөөнд байсан ваарыг хариуцагч хагалсан үйл баримтын талаар, ингэж ваар хагарсны дараа нэхэмжлэгчид энэ тухай мэдэгдэж, дэлгүүрт хамт очиж үнийг асуухад нэг бүр нь 30.000 төгрөгийн үнэтэй бөгөөд одоо ваар байхгүй гэж тайлбарласан талаар зохигчид хэн аль нь тайлбарлаж, нэхэмжлэгч нэг бүрийг нь 60.000 төгрөгөөр авсан гэх үйл баримтаа нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 180.000 төгрөгийн шаардлага буюу нэг бүр нь 30.000 төгрөгөөр тооцож нийт 6 ширхэг ваарны үнийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Учир нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Хуульд зааснаар гэм хорын хохирол шаардахын тулд эрх зөрчсөн үйлдэл болон эрхийн зөрчил хоёрын хооронд шалтаант холбоо байх шаардлагатай бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн хажуу өрөөг хөлслөн амьдарч байхдаа тухайн өрөөнд байсан ваар хагарсан болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь өөрийн буруугаас болж ваар хагараагүй, өөр бусад хагалсан гэх татгалзсан үндэслэл тайлбараа нотлоогүй тул түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Хохирлын гол шинж нь тооцож, хэмжиж болохуйц, эрх зүйн зөрчил болон үр дагаврын шалтгаант холбоотой байх явдал, эд хөрөнгийн гэм хор нь үнэлгээний хэлбэр бүхий эрх зүйн зөрчлийн материаллаг, эдийн засгийн үр дагаврыг ойлгох бөгөөд эд хөрөнгийн гэм хорын мөнгөн үнэлгээг хохирол гэж үзэж болох тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалт нь бусдад гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах нийтлэг үүргийг, харин мөн хуулийн 510 дугаар зүйлд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хор, хохирлыг хэрхэн арилгах ерөнхий арга замыг тус тус тодорхойлон заасан юм.

 

Тиймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж , мөн хуулийн 497.3-т гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заасан тул хариуцагч Г.Р хөлслөн авсан өрөөнийхөө эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй.

 

Шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд хэргийн оролцогчид иргэдийн төлөөлөгчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэхэд тухайлан гаргах санал хүсэлтгүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн оролцоогүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч .................../-ээс 6 ширхэг ваарны үнэнд 180.000 /нэг зуун наян мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н........д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 180.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Рэс 6050 /зургаан мянга тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н........д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ЯНЖИНДУЛАМ

 

                        ШҮҮГЧИД                                      Д.МӨНГӨНТУУЛ

 

                                                                             Б.МӨНХЖАРГАЛ