Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2020/00441

 


2020 оны 02 сарын 14 өдөр Дугаар 183/ШШ2020/00441 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо........ тоотод оршин суух, С  /РД:.............../-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ................ тоотод оршин суух, Ж  /РД:............./-д холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн мөнгө авдаг эрхийг өөр дээрээ шилжүүлж авах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, нарийн бичгийн даргаар Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.Ж тай 2011 онд танилцаж 2012 оноос хамтран амьдарч мөн онд гэрлэлтээ батлуулж албан ёсоор бүртгүүлсэн. Бидний ууган хүү Т  2012.09.30-ны өдөр, бага охин 2015.04.30-ны өдөр тус тус төрсөн. Хамт амьдрах хугацаандаа архи дарс ууж агсам согтуу тавьж гэр орны тавилга эвдэх, гар хүрч удаа дараа зоддог байсан. Хүүхдүүдээ бодон тэвчиж амьдарсан боловч ажилтай үед гэрт хүмүүс дуудаж архидаж хонох, дээрээс нь хүүхэн шуухан дуудаж араар тавьж доромжилсон тул салахаар шийдэж 2016 оны сүүлээс тусдаа амьдарч эхэлсэн. Одоо буцаад нийлэх боломжгүй сэтгэлгүй болсон тул гэрлэлт цуцалж өгнө үү. 2 хүүхэд эрх миний асрамжид байдаг. Хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийг миний асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү. Мөн хүүхдийн мөнгө авдаг эрхийг өөр дээрээ авах хүсэлттэй байх тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С , Ж  нар 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Манай хүргэн тухайн үед согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг байсан. Хоёр жилийн турш ор сураггүй алга болж бид нараас холбоо тасалсан. 1 жилийн өмнө гэнэт гарч ирээд янз бүрээр дарамталдаг байсан. С , Ж  нарын хоёр хүүхдийг нөхөр бид 2 өсгөж хүмүүжүүлж байна. Энэ хугацаанд Ж  нэг ч удаа хүүхдээ асууж, хүүхдүүдтэйгээ уулзмаар байна гэж хэлж байгаагүй. Утсаар залгаж дарамтлаад гэрийн гадаа ирээд хаалга балбадаг байсан. Саяхан өөрөө архины эмчилгээнд хамрагдаж архинаас гарсан гэсэн. Одоо С  гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, хоёр хүүхдэд улсаас сар бүр олгодог 40,000 төгрөг авдаг эрхийн дэвтрийг гаргуулах хүсэлтэй байна. Хоёр хүүхэд аавыгаа огт мэдэхгүй. Энэ хоёр 2013 онд танилцаж 2014 онд гэр бүл болсон. 2014 оны дундаас муудалцаж хоёр тийшээ болсон. Ж  уг нь их дуугай хүн, харин энэ хоёрын гэрт очиход эд зүйлүүд нь хагарсан байдалтай байдаг байсан. С  сүүлд бид нарт гэр бүлийн хүчирхийлэлд амьдардаг байснаа хэлж байсан. Тэдний амьдарч байсан байрыг манай компани барьсан. Тэдний хөрш айлууд энэ хоёрыг байнга муудалцдаг, зодолддог байсан талаар сүүлд нь хэлж байсан. Одоо энэ хоёр эргээд нийлж амьдрах нөхцөл байдал байхгүй, хөрөнгийн маргаан байхгүй. С  одоо БНХАУ-д суралцдаг, хойшид Ж тай дахин амьдрахгүй гэсэн. Ж  хамтран амьдрагчтай тусдаа амьдралтай болсон. Хүүхдийн 20,000 төгрөгийг авъя гэхээр хоёр хүүхдийн дэвтрийг Ж гийн нэр дээр нээлгэсэн байсан, одоо хүртэл Ж  хоёр хүүхдийнхээ 20,000 төгрөгөөр амьдарч байгаа гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С  гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн мөнгө авдаг эрхийг өөр дээрээ шилжүүлж авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Ж д холбогдуулан гаргажээ.

 

Хариуцагч Э.Ж  2020.01.27-ны өдөр нэхэмжлэлийг гардаж авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

Хэргийн баримтаас үзэхэд Б.С , Э.Ж  нар нь 2011 онд танилцаж, 2012 оноос хамтран амьдрах болсон, 2011.08.30-ны өдөр гэр болсныг 2013.05.10-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 474 дугаарт бүртгэсэнээр хууль ёсны гэр бүл болсон, тэдний дундаас 2012.09.30-ны өдөр хүү Т , 2015.04.30-ны өдөр охин Г  нар төрж, хүүхдүүд эцгийн нэрийг авсан болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Г-5723, ............ дугаар төрсний гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2019.10.14-ний өдрийн 273 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэлээс үзэхэд Э.Ж  уулзалтын товыг мэдэгдээгүй, эвлэрүүлэн зуучлалын хугацаа дууссан цаашид хугацаа сунгах боломжгүй гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болгосон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2-т Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал дуусгавар болж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бол энэ хуульд заасны дагуу шүүх ердийн журмаар шийдвэрлэнэ гэж заажээ.

 

Талууд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2016 оноос хойш тусдаа амьдарч байх бөгөөд энэ хугацаанд хүү Т , охин Г  нар нь эхийн асрамжид байсан, хариуцагч тал хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй тул хүүхдийн асрамж болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаагүй гэж үзлээ.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцалж, хүү Т , охин Г  нарыг эхийн асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхэд тус бүрт тэтгэлэгийг тогтоож, хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.С  нэхэмжлэлдээ ...хүүхдийн мөнгө авдаг эрхийг өөр дээр авах, 2 хүүхдийн 20,000 төгрөгийг дансанд хийх-ийг хүссэн байх бөгөөд хүүхдүүдэд олгох мөнгөн тэтгэмжийг Э.Ж  өөрийн нэр дээр данс нээлгэсэн тул хариуцагч авдаг талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан боловч энэ талаарх баримт хэрэгт байхгүй, шүүхийн харъяалан шийдвэрлэх асуудал биш байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Б.С гийн нэхэмжлэлийн ...хүүхдийн мөнгө авдаг эрхийг өөр дээр авах, 2 хүүхдийн 20,000 төгрөгийг дансанд хийх-ийг хүссэн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

Харин энэхүү шүүхийн шийдвэр гарсанаар нэхэмжлэгч Б.С  2 хүүхдийг төлөөлөн хүүхдийн мөнгө авах эрхтэй болох тул Засгийн газрын 2017 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмын дагуу холбогдох баримтыг бүрдүүлж, тухайн хорооны нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хүсэлтээ гаргах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б.С , Э.Ж  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2012.09.30-ны өдөр төрсөн хүү Т  /РД:........./, 2015.04.30-ны өдөр төрсөн охин Г  /РД:........./ нарыг эх Б.С гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2012.09.30-ны өдөр төрсөн хүү Т  /РД:........./, 2015.04.30-ны өдөр төрсөн охин Г  /РД:............/ нарыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр Э.Ж гаас гаргуулан хүүхдүүдийг тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Ж гаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Э.Ж д холбогдох ...хүүхдийн мөнгө авдаг эрхийг өөр дээр авах, 2 хүүхдийн 20,000 төгрөгийг дансанд хийх-ийг хүссэн Б.С гийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ж гаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ