Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 138/ШШ2020/00219

 

 

 

                                                             

 

 

 

 

 2020         02           21                                                  138/ШШ2020/00219

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Т.Байгалмаа, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Халхгол сумын 3 дугаар баг оршин суух, Бгийн Ж,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Халхгол сумын 3 дугаар баг оршин суух, Бгийн Д нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр баг оршин суух, Ш.Цт холбогдох

Гэм хорын хохиролд 8 185 865 /найман сая нэг зуун наян таван мянга найман зуун жаран таван/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ж, нэхэмжлэгч Б.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч Ш.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Т.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хувийн мал аж ахуй эрхэлдэг учир 2018 оны 11 дүгээр сарын 1-ний шөнө өвс хадлангаа татаж явсан. ХЦ-ийн 0198-р ангийн хөрзөн зөөх ажил гүйцэтгэж явсан жолооч Ш.Цт мөргүүлсний улмаас машин маань хоёр өнхрөн унаж, миний хавирга хугарч, хүзүү гэмтэлтэй болсон, Дд хөнгөн гэмтэл авсны улмаас эмнэлгээр удаа дараа явж оношилгоо тодруулга, эмчилгээ хийлгэсэн. Хэдийгээр хөнгөн гэмтэл гарсан боловч зовиурь шаналгаатай, байнгын өвдөлттэй байсан учраас онош тодруулах, эмчилгээ хийлгэх зорилгоор Улаанбаатар хот болон БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Гэмтлийн зэрэг хөнгөн гарсан учир жолоочид эрүүгийн хэрэг үүсгэгдээгүй, согтуугаар жолоо барьж осол гаргасан гэж захиргааны арга хэмжээ авагдаад өнгөрсөн. Хохирлоо иргэний журмаар шийдвэрлүүл гэсэн. Эмчилгээ, шинжилгээ, унаа шатахууны  зардалд 6 сая гаран төгрөг зарцуулсан боловч өөрт байгаа баримтыг үндэслэн 4 405 865 төгрөг нэхэж  байгаа. 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 8 дугаар сарыг хүртэл 10 сарын хугацаанд хүзүү бэхэлгээтэй, хавирга хугархай бэртэлтэй байсан учир машин тэрэг, морь унаж малдаа явах боломжгүй байсан, эмийн болон физик эмчилгээтэй байсан тул хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр нэхэмжилж байна. 2018 оны 11 дүгээр сарын 1-нээс 2018 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх 2 сарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 000 төгрөгөөр үржүүлж 480 000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс 2019 оны 8 дугаар сарын 30-ныг хүртэлх 8 сарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 000 төгрөгөөр үржүүлж 2 560 000 төгрөг, нийт 3 040 000 төгрөг нэхнэ. Бүгд 7 445 865 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Одоо толгой минь байнга хүзүүгээ дагаж дагз руугаа өвддөг. Би байнгын зовиур шаналгаатай байдаг бөгөөд өвчин намдаах эм ууж байна ...гэв.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Д нь “Мөнгөн гүүр” эмнэлэгт хүзүү болон толгойн зураг авахуулсан. “Мөнгөн гүүр” эмнэлэгт үзлэг хийхэд 20 000 төгрөг, толгойн зураг авахуулахад 120 000 төгрөг, хүзүүний зураг авахуулахад 120 000 төгрөг төлсөн. Нийт 260 000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг 2 сараар тооцож 480 000 төгрөг нэхэмжилнэ. Б.Д нь нийт 740 000 төгрөг нэхэмжилж байна. Замын зардлыг Б.Жын замын зардалтай нийлүүлж тооцуулсан байгаа. ...290 000 төгрөгийн баримтыг давхардуулж бичсэн байх тул 1 баримтыг нь хасаж тооцоход татгалзах зүйл байхгүй. Надад цэргийн ангиас бензин болон 300 000 төгрөг өгсөн нь үнэн. Гэвч тухайн зардлыг бид давхардуулж нэхэмжлээгүй учир одооны нэхэж байгаа мөнгөнөөс хасахгүй. Ц, түүний аав ээж, Баярсүрэнгийн эгчийн өгсөн мөнгө болох нийт 550 000 төгрөгийг хасуулахад татгалзахгүй. ...Манайх сумын төвөөс 100 гаран километрт байдаг. Бид малынхаа махыг зарж борлуулахын тулд машин хөлсөлж маш их бензин зарцуулсан. Үүнд 417 000 төгрөгийн бензиний баримтыг өгсөн боловч харагдахгүй байна. Баримтаа бүрдүүлж дараа нэхнэ... гэв.  

Хариуцагч Ш.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул эхний ээлжинд эмчилгээний зардлыг бүрэн төлнө. Харин ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг төлөх боломжгүй байна. Осол гарсны дараа миний бие 200 000 төгрөг, аав ээж маань 250 000 төгрөг, надтай хамт явсан Баярсүрэн эгчээрээ дамжуулан 100 000 төгрөг, цэргийн ангийн санхүүгээс 300 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч нарт өгсөн. Мөн цэргийн ангиас нэхэмжлэгч нарын машинд 201 600 төгрөгийн бензин хийсэн гэсэн. Цэргийн ангийн санхүүгээс гарсан мөнгө болон бензиний үнийг миний цалингаас суутгаж авсан. Миний ажилласан 18 хоногийн цалинг надад өгөөгүй. Иймд дээрх 1 051 600 төгрөгийг нэхэж байгаа мөнгөнөөс хасуулах саналтай байна гэв.  

 Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад   ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Ж, Б.Д нар нь хариуцагч Ш.Цт холбогдуулан гэм хорын хохиролд 8 185 865 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжсэн болно.

            Хариуцагч Ш.Ц нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзаж маргадаг.

Хариуцагч Ш.Ц нь Дорнод аймгийн Халхгол сумын 3 дугаар багийн “Хунт” гэх газарт 2018 оны 10 дугаар сарын 31-нээс 2018 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө зам тээврийн осол гаргаж нэхэмжлэгч Б.Ж, Б.Д нарын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан болох нь талуудын тайлбар, Дорнод аймгийн Прокурорын газрын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 5/263 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 816, 817,  2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Замын цагдаагийн тасгийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, фото зураг зэргээр тогтоогдож байна. Хариуцагч нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай болон болгоомжгүй  үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.

Хариуцагч Ш.Ц нь нэхэмжлэгч Б.Ж, Б.Д нарын эрүүл мэнд болон эд хөрөнгөнд гэм хор учруулсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Б.Ж, Б.Д нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

- Нэхэмжлэгч Б.Ж нь эмчилгээний зардал болон бусад гарсан зардалд 4 405 865 төгрөг, нөхөн төлбөр 3 040 000 төгрөг буюу нийт 7 445 865 төгрөг нэхэмжилжээ. Тодруулбал:

1. Б.Ж нь эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 2-ноос 2019 оны 8 дугаар сарын 5-ны хооронд эмчлүүлсэн 2 919 613 төгрөгийн НӨТ-ын баримт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Люксмед эмнэлгийн MRI шинжилгээний дүгнэлт зэргийг шүүхэд ирүүлсэн байна. /Нэхэмжлэгчийн 1-36 гэж дугаарласан НӨТ-ын баримтууд хамаарна/

Үүнээс: “Мөнгөн гүүр” эмнэлэгт эмчийн үзлэгт орж толгой, цээжний зураг авахуулахад 260 000 төгрөг, “Ачит гал” эмнэлэгт 5 өдрийн бариа засал хийлгэсэн төлбөр 57 500 төгрөг, Улсын гуравдугаар эмнэлэгт үзлэг хийлгэсэн төлбөр 15 000 төгрөг, “Грандмед” эмнэлэгт үзүүлж бүтэн биеийн оношлогоонд орсон төлбөр     885 000 төгрөг, “Luxmed” эмнэлэгт оношлогоо хийлгэсэн төлбөр 290 000 төгрөг, “Долмалин” эмнэлэгт 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 8 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд эмчлүүлсэн төлбөр 391 100 төгрөг, эмийн сангаас авсан эм тарианы төлбөр 424 313 төгрөг буюу нийт 2 322 913 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх үндэслэлтэй байна.

Харин нотлох баримтын шаардлага хангахгүй, давхардуулан нэхэмжилсэн 596 700 төгрөгийн эмчилгээний зардлыг төлүүлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн НӨТ-ын баримтыг дугаарласан дугаараар бичвэл 5, 9, 11, 18, 20 дугаартай баримт хамаарсан болно.

2. Нэхэмжлэгч нь эмчлүүлэх явцдаа өөрөөс гарсан зардал болох бензиний үнэ, Улаанбаатар хот явж, ирсэн замын зардалд нийт 1 907 078 төгрөг /нэхэмжлэгчийн 37-56 гэж дугаарласан НӨТ-ын баримтууд хамаарна/ нэхэмжилсэн баримтыг шүүхэд ирүүлсэн боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд буюу 1 486 252 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй эсэхэд эрх зүйн дүгнэлт хийсэн болно.

Нотлох баримтуудыг үнэлж үзэхэд 800 228 төгрөгийн зардлыг хариуцагчаар төлүүлэх үндэслэлтэй байх бөгөөд 686 024 төгрөгийн баримтыг хуульд заасан нотлох баримтын шаадлага хангахгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 Нэхэмжлэгчийн НӨТ-ын баримтаа дугаарласан дугаараар бичвэл 42, 47, 48, 49, 50, 51, 52, 56 дугаартай баримтуудыг үнэлэх боломжгүй байна.

3. Нэхэмжлэгч нь нөхөн төлбөр нэхэмжилсэн үндэслэлээ “...2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 8 дугаар сарыг хүртэл 10 сарын хугацаанд хүзүү бэхэлгээтэй, хавирга хугархай бэртэлтэй байсан учир машин тэрэг, морь унаж малдаа явах боломжгүй байсан, эмийн болон физик эмчилгээтэй байсан тул хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөр нэхнэ, 2018 оны 11 дүгээр сарын 1-нээс 2018 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх 2 сарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 000 төгрөгөөр үржүүлж 480 000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс 2019 оны 8 дугаар сарын 30-ныг хүртэлх 8 сарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 000 төгрөгөөр үржүүлж 2 560 000 төгрөг, нийт 3 040 000 төгрөг нэхнэ...” гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д зааснаар гэм хор учруулах үед цалин хөлс, орлогогүй байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй байна.

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 817 дугаартай шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт:

1. Б.Жын биед зүүн талын 6-р хавирганы далд зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэдэгт гэмтэл, өвчин, эмгэг байдал, үйл ажиллагааны хямрал нь дөрвөн долоо хоногоос хэтрээгүйг хамааруулахаар заасан байх тул нэхэмжлэгч Б.Жад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх  нөхөн төлбөрийг 1 сарын хугацаагаар тооцон хариуцагчаас 240 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.  

Иймд Б.Жын эмчилгээний зардалд 2 322 913 төгрөг, бусад зардалд 800 228 төгрөг, нөхөн төлбөрт 240 000 төгрөг, нийт 3 363 141 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаан дээр хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс урьдчилан төлсөн 1 051 600 төгрөгийг хасч тооцуулах санал гаргасныг нэхэмжлэгч 550 000 төгрөгийг хасч тооцохыг зөвшөөрч, 501600 төгрөгийг хасахаас татгалзсан болно.

Хариуцагчийн ажиллаж байсан цэргийн ангиас бензин болон 300 000 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрдөг бөгөөд Ш.Ц нь дээрх төлбөрийг өөрийнх нь цалингаас суутган авсан гэж тайлбарладаг. Ямар үнэтэй, хэдэн литр бензин өгсөн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй учир бензинийн үнийг хасч тооцох боломжгүй юм. Харин 300 000 төгрөгийг хариуцагчийн төлөх төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ.

            Иймд нийт 850 000 төгрөгийг хариуцагчийн  төлөх ёстой төлбөр 3 363 141 төгрөгнөөс хасч тооцон 2 513 141 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэлээ.

            - Нэхэмжлэгч Б.Д нь эмчилгээний зардалд 260 000 төгрөг, нөхөн төлбөрт 480 000 төгрөг, нийт 740 000 төгрөг нэхэмжилжээ.

1. Нэхэмжлэгч нь “Мөнгөн гүүр” эмнэлэгт үзүүлэхэд 20 000 төгрөг, толгойн зураг авахуулахад 120 000 төгрөг, хүзүүний зураг авахуулахад 120 000 төгрөг буюу нийт 260 000 төгрөгийн эмчилгээний зардал төлсөн болох нь тогтоогдож байх тул хариуцагчаар төлүүлэх үндэслэлтэй байна.

2. 2018 оны 11 дүгээр сарын 1-нээс 2018 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх 2 сарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 000 төгрөгөөр үржүүлж 480 000 төгрөгийн нөхөн төлбөр нэхэмжилсэн.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д зааснаар  хохирогч нь гэм хор учруулах үед цалин хөлс, орлогогүй байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 816 дугаартай шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт:

1. Б.Дий биед хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэдэгт гэмтэл, өвчин, эмгэг байдал, үйл ажиллагааны хямрал нь дөрвөн долоо хоногоос хэтрээгүйг хамааруулахаар заасан байх тул нэхэмжлэгч Б.Дд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх  нөхөн төлбөрийг 1 сарын хугацаагаар тооцон хариуцагчаас 240 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд эмчилгээний зардалд 260 000 төгрөг, нөхөн төлбөрт 240 000 төгрөг, нийт 500 000 төгрөг хариуцагч нь нэхэмжлэгч Б.Дд төлөх үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Ш.Цаас гэм хорын хохиролд       2 513 141 /хоёр сая таван зуун арван гурван мянга нэг зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Жад, 500 000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Дд тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас         5 172 724 төгрөгийг хэрэгсэхгүй болгох хуульзүйн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Цаас гэм хорын хохиролд 2 513 141 /хоёр сая таван зуун арван гурван мянга нэг зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Жад, 500 000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Дд тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 172 724 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145 924 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ш.Цаас улсын тэмдэгтийн хураамжид 63 160 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ж, Б.Д нарт олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

   5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.ГАНЧИМЭГ

                                                    ШҮҮГЧ                          Т.БАЙГАЛМАА

                                                                                          Г.УРТНАСАН