| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 142/2017/0030/э |
| Дугаар | 00031 |
| Огноо | 2017-01-30 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 00031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир
Улсын яллагч Б.Бүжинлхам
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг
Хохирогч С.Н-
Хохирогчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Б.Адалбек
Шүүгдэгч Г.Б- нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б- овгийн Г-ын Б-д холбогдох 201614000483 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Б- овгийн Г-ын Б-, Монгол Улсын иргэн ** оны ** дугаар сарын **-ний өдөр ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “**” үсчин гоо сайхны салонд үсчин ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт ** аймгийн ** сумын ** багийн ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, / РД:**/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар
1. Шүүгдэгч Г.Б- нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт 3-12 дугаар байрны гадна хүүхдийн тоглоомын талбайд С.Н-тэй хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Хохирогч С.Н-ийн “2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орой 19 цагийн үед би өөрийн дүү Б-д хүүтэй мөнгө зээлүүлдэг Б-тай уулзаж нэг өдрийн төлөлтийн 50 000 төгрөг өгөх гэж уулзсан. Эхлээд Б-д мөнгөө өгсөн. Дараа нь өөрийн хувийн дэвтэр дээр Б-аар мөнгө авсан талаар гарын үсэг зуруулах гэсэн чинь Б- би энэ дэвтэр дээр чинь зурж чадахгүй гэж хэлэхээр нь чи ингэж хүн луйвардаж болохгүй аль эсвэл би чамд өгсөн 50 000 төгрөгөө буцаан авна гэж хэлсэн. Тэгсэн Б- миний гараас дэвтрийг минь булааж аваад газар шидээд гараараа миний хамар руу хоёр удаа цохиж дараа нь нэг удаа өшиглөөд авахаар нь би чамайг яг одоо цагдаад хэлнэ гэж хэлсэн чинь чаддаг юм бол цагдаадаа өг бас чи дүүгээ дуудаж гаргаж ир чамайг дүүтэй чинь хамт ална шүү гэж хэлээд намайг заналхийлж сүрдүүлж айлгасан. Тэгээд би гэртээ орж саяхан болж өнгөрсөн хэрүүл маргаан зодооны талаар цагдаагийн газар руу утасдаж зөвлөгөө авахад намайг хэрэв таны бие муу байгаа бол яаралтай эмнэлэгт үзүүл бас маргааш цагдаа дээр өргөдлөө бичиж өг гэж хэлэхээр нь би тэр өдрийн орой нь эмнэлэгт үзүүлээд дараа нь цагдаагийн газар дээр нь очиж Б-ы нэр дээр өргөдөл гаргаж өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8-р хуудас/
2. Гэрч С.Б-ын “2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 19 цаг 40 минут болж байхад би ажлаасаа тараад гэртээ орж ирээд үүдэнд гутлаа тайлаад зогсож байхад гаднаас Н- уйлсан бадалтай орж ирсэн. Юу болсон талаар асуухад сая Б- зодчихлоо гэж хэлэхээр нь харахад Н- эгчийн нүүр хэсэг нь битүү хавдчихсан хамар нь хөхөрсөн байхаар нь эхлээд цагдаа руу залгасан” гэсэн мэдүүлэг. /х/х-н 11-12-р хуудас/
3. Гэрч Ч.Б-ийн “Н- нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бусдад зодуулсан байдалтай ирсэн. Тэр үед Н-ийн биед анхны үзлэг хийсэн. Үзлэгээр толгой өвдөнө, дотор муухайрна, хамар нүүр рүү чинэрч өвдөнө, толгой эргэнэ, салтаа хэсэгрүү өвдөнө, явахад төвэгтэй байна гэсэн зовиуртай өвчтний түүх нээлгэсэн” гэсэн мэдүүлэг. /х/х-н 13-р хуудас/
4. Гэрч Н.Э-ы “Тэгээд би өвчтөн Н-д үзлэг хийхэд өмнө хийгдсэн хагалгаа мэс засал үр дүнгүй болсон байсан. Шээсний сүвийг торон материалаар сойж бэхлэх мэс засал хагалгаа үр дүнгүй болсон байдалтай. Эргээд шээс өөрийн хяналтгүй чөлөөтэй гарч байна гэсэн онош тавьсан” гэсэн мэдүүлэг. /х/х-н 14-р хуудас/
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 сарын 21-ний өдрийн 733 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “С.Н-ийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн 1 дүгээр зэргийн няцрал, хамрын ясны хугарал, баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, умдагт зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархины эдийн 1 дүгээр зэргийн няцрал, хамрын ясны хугарал нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зөөлөн эдийн гэмтлүүд нь дээрхи гэмтэлтэй шалтгаант холбоотой гэмтэл байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 17-р хуудас/
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 сарын 24-ний 1436 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “Өмнөх шинжээчийн 733 дугаартай дүгнэлт үндэстэй байна. Нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, умдагт зөөлөн эдэд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл учирчээ. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт, хамрын ясны хугарал, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал, умдагт зөөлөн эдэд цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 23-24-р хуудас/
7. Шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн “Н-ийн биед үзлэг хийсэн 733 тоот дүгнэлтийг гаргахдаа өөрийн үзлэг болон өвчтөний түүх, түүхийг үндэслэсэн. Магадлуулагчийн бэлэг эрхтэн, салтаа хэсгээр хөхөрсөн хавдсан зүйл байгаагүй, давсаг сойх хагалгааны оёдол задарсан бол гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй” гэсэн мэдүүлэг. /х/х-н 53-р хуудас/
8. Шинжээч эмч А.Амгаланболдын “Шээсний сүвний сойлт гэдэг нь хүний биед суулгасан гадны биет учраас сойлт тасарсан гэмтсэн нь гэмтэлд хамаарахгүй. Харин сойлт тасарснаас, гэмтсэнээс хүний биед үүсэж байгаа үйл ажиллагааны хямрал нь ямар хугацаагаар үргэлжилсэн бэ гэдгээс хамаараад эрүүл мэндийг сарниулсан хугацаагаар гэмтлийн зэрэг тогтооно” гэсэн мэдүүлэг. /х/х-н 56–р хуудас/
9. Шүүгдэгч Г.Б-ы хэрэг бүртгэлтийн шатанд яллагдагчаар мэдүүлсэн “2016 оны 10 дугаар сарын 17-ны 19 цагийн орчим мөнгө зээлүүлсэн Б- гэх эмэгтэйгийн эгч С.Н- гэдэг эгчтэй мөнгө өгсөн өгөөгүй асуудлаас болж хоорондоо марган зодолдсон. Би Н- эгчийн хамран тус газарт гараараа цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан” гэсэн мэдүүлэг /х/х-н 65-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, шүүх үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б- мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Би түлхсэн нь үнэн. Хамрыг нь хугалаагүй” гэв.
Хохирогч С.Н- мэдүүлэхдээ “Г.Б- намайг цохиж өшиглөсөн. Чаддаг юм бол цагдаад өг гэж хэлсэн. Нийт 15 960 000 төгрөгийн зардал гарсан. Үүнийгээ нэхэмжлэнэ” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Бүжинлхам ялын шүүмжлэлдээ “Шүүгдэгч Г.Б-ы гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон. Эрүүгийн хуулийн 99 зүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын баривчлах ял оногдуулах саналтай байна. Хохирлыг нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэж, цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулахаар тогтоолд зааж өгөх нь зүйтэй” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар мэтгэлцэхдээ “ Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон. Гэтэл гэм буруугаа ойлгож гэмшихгүй байна. Учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй. Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Адалбек мэтгэлцэхдээ “ Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлага, байцаан шийтгэх ажиллагааны зардал болох өмгөөллийн хөлсийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг мэтгэлцэхдээ “Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч өөрөө эхэлж цохисон байдаг. Гэхдээ гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Хэрэгт шалгагдах явцад хохирогчид 200 000 төгрөгийг өгөх гэсэн боловч хүлээж аваагүй. Хохирогч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлээ гаргаж өгөөгүй гэж үзэж байна. Шүүхэд ирүүлсэн хохирлын тооцоог нэхэмжлэл гэж үзэх үндэсгүй. Мөн хохирлын нотлох баримтууд бүгд ямар нэг баталгаагүй хуулбарууд байна. Ийм зүйлээр гэм хорын хохирлыг гаргуулах боломжгүй. Мөн нэхэмжлээд байгаа гэх зардлуудын ихэнх нь хохирогчийн шээс задгайрах өвчний эмчилгээ оношлогоотой холбоотой байгаа. Энэ нь гэмтэлд хамаарахгүй талаар шинжээчийн дүгнэлт гарсан, шинжээч эмч мэдүүлэг өгсөн байгаа. Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийн хувьд торгох ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр 12 дугаар байрны гадна хүүхдийн тоглоомын талбайд Г.Б- нь С.Н-ийг хувийн таарамжгүй харилцаанаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон шүүх эмнэлэгийн дүгнэлтүүдээр нотлогдсон гэж үзлээ. Шүүгдэгч Г.Б-д сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Хохирогч С.Н-ийн биед учирсан гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоолгохоор 2 удаа шинжээч томилж, дүгнэлт гаргуулахад шээс задгайрах өвчинтэй холбоотой асуудалд гэмтлийн зэрэг тогтоогоогүй байх тул шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Хохирогч С.Н- нь нийт 15 900 560 төгрөгийн хохирлын тооцоог шүүхэд ирүүлсэнийг гэм хорын нэхэмжлэл гэж үзэх боломжтой байна. Гэм хорын нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч шүүгдэгч, түүний өмгөөлөгч нотлох баримтын шаардлага хангаагүй, зарим зардлууд нь Г.Б-ы учруулсан гэх гэмтэлтэй хамааралгүй гэж мэтгэлцсэн байх тул шүүх нотлох баримтуудыг нэг бүрчлэн судалж үзээд “Эрхэст оргил” чих хамар хоолойн эмнэлэгт 3 хоног хэвтэж эмчлүүлсэн 90 000 төгрөгийн баримт, “АСЭ” эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн төлбөр 33 000 төгрөг, хэвтэж эмчлүүлэх урьдчилгаа төлсөн 240 000 төгрөгийн баримтууд нотлох баримтын шаардлага хангасан, гэм хорын хохиролд хамааралтай гэж үзэж нийт 363 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.
Өмгөөллийн хөлс болох 2 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг байцаан шийтгэх ажиллагааны зардал, гэм хорын хохирол гэж үзэх үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн бусад шаардлагууд болох эмчилгээний оношлогоо хийлгэсэн зардлын баримт, ажилгүй байсан хугацааны цалин, орлого, цаашид эмчилгээ сувилгаа хийлгэх төлбөр, сэтгэл санааны хохирол, замын зардал зэрэг нь нотлох баримтгүй, ирүүлсэн баримтууд нь шаардлага хангаагүй, шүүх үнэлэх боломжгүй байх тул хэлэлцэлгүй орхих нь зүйтэй гэж үзлээ. Оюунбилэг гэсэн нэрээр бичигдсэн буудлын төлбөр, замын зардлыг хохирогч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэх эрхтэй эсэх нь тодорхойгүй байна.
Иймд дээрхи нэхэмжлэлийн шаардлагуудыг хэлэлцэлгүй орхиж, хохирогч С.Н- нь эмчилгээ, оношлогооны зардал, ажилгүй байсан хугацааны цалин орлого, цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй байна.
Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 291, 292, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овгийн Г-ын Б-ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Г.Б-ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 344 000 нэг сая гурван зуун дөчин дөрвөн мянга төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Г.Б-аас 363 000 /гурван зуун жаран гурван мянга/ төгрөг гаргуулж хохирогч С.Н-д олгосугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч С.Н- нь эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, орлого, сэтгэл санааны хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч Г.Б- нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг анхааруулсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС