Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2022/0188

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д ХХК /РД:*******/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Г

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хуулийн мэргэжилтэн Б.Т

Гуравдагч этгээд: “Х” ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Д ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/421 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:  “Манай Д ХХК ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/602 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хан Хилс хотхоны баруун талд байрлах нэгж талбайн 1781000467 дугаартай 2175 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар 000017356 дугаартай гэрчилгээгээр эзэмшиж, 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр № 01122-2020/00795 дугаартай  “Иргэн, Хуулийн этгээдэд Газар Эзэмшүүлэх Гэрээ”-г байгуулсан.

 Манай компани тухайн эзэмшил газраа газрын холбогдох хууль тогтоомжийг дагуу эзэмшиж ирсэн юм. Гэтэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 02-06/3938 дугаартай бичгийг smartoffice.mn-ээс 06 сарын 30-ний өдөр мэдсэн. Тус бичигт Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр А/*** дугаартай захирамжаар манай “Д” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 2175 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг хучингуй болгосон талаар бичсэн байна.

Хавсралтаар ирүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн хуулбараас харахад тус захирамж нь Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Газрын тухай хуулийн 4.1.2, 4.1.4, 39.1.4, 40.1.5. Эрчим хүчний тухай хуулийн 33.1 дэх хэсгийг тус тус үндэслэсэн байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй", Эрчим хүчний тухай хуулийн 33.1-д шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвас дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөх, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тус тус заасныг үндэслэл болгон манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

Нийслэлийн Засаг даргын дээрх захирамж хуулийн болон бодит үндэслэлгүй байна. Тодруулбал: 1. Манай компанийн хувьд Газрын тухай хуульд зааснаар Газрын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/*** захирамж гарах үед

 Газрын төлбөрийн үлдэгдэлгүй байжээ. Гэтэл Нийслэлийн Засаг дарга нь Захиргааны Ерөнхий Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан бөгөөд манай компанийг газрын төлбөрийн үлдэгдэлтэй эсэхийг хянан үзэлгүйгээр газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж гаргасан нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсен захиргааны акт болжээ.

2. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/602 дугаар захирамжаар Д ХХК-д тухайн газрыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судлан үзэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу дуудлага худалдааны үнэд 158,998,094 төгрөгийг төлүүлж эзэмшүүлсэн байдаг.

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/602 дугаар захирамж хүчин төгөлдөр байгаа бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчөөгүй.

Өөрөөр хэлбэл манай компанид Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д зааснаар Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд гарсан учраас анх газар эзэмшүүлсэн билээ. Тийм ч учраас газар эзэмшүүлсэн захирамж Газрын тухай хуулийг зөрчөөгүй тул өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга нь газар эзэмшигчийн гэрчилгээг хүчингүй болгохдоо тухайн хуулийн этгээдэд үүсэж буй эдийн болон эдийн бус хохирлыг огт тооцоолохгүйгээр илэрхий хүч түрэмгийлсэн шинжтэй захиргааны акт гаргасан байна. Манай компани анхны дуудлага худалдааны үнэд 158,998,094 төгрөг, газрын төлбөр зэргийг төлөхөөс гадна Нийслэлийн Ерөнхий Архитектур бөгөөд хот байгуулалт, хөгжлийн газрын даргын ГБМЗХ 2020/04-12 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барилгын зураг төсөлд “Криетив Монголиа” ХХК-тай зураг төслийн гэрээ байгуулан өнөөдрийн байдлаар 185 сая төгрөг зарцуулсан.

Өөрөөр хэлбэл газрыг зориулалтын дагуу хууль тогтоомжид нийцүүлэн эзэмшиж байсан билээ. Дээрхээс дүгнэхэд Нийслэлийн Засаг дарга манай компанийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон үндэслэлгүй бөгөөд үндэслэл болгосон хуулийн зүйл заалтууд нь бодит байдалтай нийцэхгүй байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар газрын төлбөрийг бүрэн төлсөн нь нотлогдож байгаа. Газрын гэрээний дагуу 1 жилд 1.874.850 төгрөг байгаа. Улирлаар нь бодоод үзэхэд манайх энэ хэмжээний төлбөрийг төлсөн буюу илүү төлөлттэй явж байгаа. 2 дахь цуцалсан үндэслэл нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу эрчим хүчний шугам, сүлжээтэй давхцалтай газар дээр олгосон гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон. Үүнийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь тухайн газар нь 2019 онд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд А/1196 дугаар захирамжаар олгогдож байсан. 2020 онд мөн архитектор төлөвлөлтийн даалгавар нь батлагдсан. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас тавьсан хүсэлтийн дагуу тухайн газар дээр орон сууц барихаар хамтран ажиллах гэрээний санал гаргаад, үүний дагуу манай компаниас дуудлага худалдааны 150.000.000 төгрөгийн төлбөрийг төлж, холбогдох зураг төслийг “Кретив монголиа” ХХК-тай хийгээд одоогийн байдлаар 300-400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал гарсан нөхцөл байдал байна. Өнгөрсөн хугацаанд томилсон шинжээчийн дүгнэлтийн дагуу 2200 м.кв газраас 600 м.кв газар нь эрчим хүчний шугам сүлжээтэй давхцалтай байна гэж гарсан байсан. Гэтэл бүхэлд нь тухайн газрыг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Манай компанид давхцалтай талаар санал тавьж, энэ талаар бодит байдлыг тогтоож байж шийдэх ёстой байсан. Гэтэл тодорхой хөрөнгө оруулалт хийсэн газрыг шууд хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Энэ асуудлыг зохицуулах зохицуулалт нь Газрын тухай хуульд тухайлан заасан байгаа. Газрын нөхөн төлбөр олгох эсвэл ямар нэгэн байдлаар хэлцэлд хүрч шийдээгүй шууд газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/421 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Д ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна.

Д ХХК-д нийслэлийн Засаг даргын 2020 оны А/602 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2200 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 20 дугаар зүйлийн 20.2.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус үндэслэн нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/421 дүгээр захирамжаар Д ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

 Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 2.3 дугаар зүйлд “..:улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор...” төлөхөөр тусгагдсан байх ба Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүргийг хүлээлгэсэн бөгөөд нэхэмжлэгч “Даймөнд рөүд” ХХК нь энэхүү үүргээ биелүүлээгүй, түүнчлэн маргаан бүхий газар нь цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын зурваст байгаа нь, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг зөрчсөн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон болно.

Мөн тус компанид анх газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 6 дугаар зүйлийн 6.2.4, 33 дугаар зүйлийн 33.4, Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтыг тус тус зөрчин газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд газар эзэмших эрх олгосон. Нэхэмжлэлд дуудлага худалдааны анхны үнэ төлсөн талаар дурдсан боловч Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ" гэж заасныг зөрчсөн байна. Мөн маргаан бүхий газар нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасны дагуу эрчим хүчний хамгаалалтын зурвас газарт газар олгосон байгаа. Энэ нь сүүлд шинжээч томилоод гарсан шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа. Иймд нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын А/421 дүгээр захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд: “...Даймонд рөүд ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/421 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай захиргааны хэрэгт “Х ХХК” ХХК бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд барьцааны эрх хөндөгдөж байх тул дараах тайлбарыг гаргаж байна.

Үүнд: “Х ХХК” ХХК-тай “Даймондрѳүд” ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3Г/202045362421 тоот зээл болон БГҮ/202045393300 тоот барьцааны гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/202146253511, ЗГ/202146256227 тоот зээлийн болон БГУ/20214253511 тоот барьцааны гэрээ тус тус байгуулсан бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Улсын бүртгэлийн улсын бүртгэлийн Э-2206001896 дугаартай, Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 17-р хороонд байрлах, 2175 мкв талбайтай, орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалуулсан.

Гэтэл уг зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, зээл бүрэн төлөгдөөгүй байхад Нийслэлийн Засаг даргын захирамжаар уг газрын барьцаанд бүртгэлтэй эзэмших эрхийг хүчингүй болгож гуравдагч этгээдийн барьцааны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйл /Оролцогчийг сонсох/-ийн 26.1-д “Захиргааны актыг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно", хуулийн 27 дугаар зүйл/Сонсох ажиллагаа явуулах/-ийн 27.1 Д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж тус тус зохицуулсан байдаг.

Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл /Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох/-ийн 40.2-д “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасан. Гэтэл уг газрын гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас олгосон ба барьцааны бүртгэлийн 21-51784 бичилтийг мөн хийж, мэдээллийн сандаа оруулсан атлаа уг байгууллагаас хуулийн дээрх зохицуулалтын дагуу уг газрын эзэмших эрхийг хүчингүй болгох талаарх сонсох ажиллагаа болон Нийслэлийн Засаг даргын захирамжийн талаар эрх ашиг хөндөгдөж буй барьцаалагч Х ХХКанд мэдэгдээгүй нь гуравдагч этгээдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/421 тоот захирамж нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсаны дагуу үндэслэл болгосон холбогдох хуулийн зохицуулалт бодит байдалд нийцээгүй, нөхцөл байдлыг тогтоогоогүй, мөн хуульд заасны дагуу газрын эзэмших эрхийн барьцааны эрхийг олж авсан этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байхад түүнд мэдэгдээгүй гаргасан шийдвэр байх тул хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Д ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/421 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг  гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу маргаан бүхий захиргааны актын эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвастай давхцаагүй хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний  өдрийн “Газар ашиглах эрх олгох  тухай” А/602 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд байрлах 2200 м.кв газрыг орон сууцны зориулалтаар Д ХХК-д 15 жилийн хугацаатай  эзэмшүүлсэн байна.

Маргаан бүхий захиргааны акт буюу Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/*** дүгээр захирамжаар “...Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо /хуучнаар 11 дүгээр хороо/-ны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/602 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгогдсон Даймонд рөүд” ХХК-нь “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож  шийдвэрлэсэн байна.

Дээрх Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/*** дугаар захирамжид заасан “газрын төлбөрөө хугацаанд бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Үүнийг доор тайлбарлая:

2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх №01122-2020/00795 тоот гэрээний 2.1-д зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн газрын жилийн төлбөр 1,874,850 төгрөг байна.

Мөн дээрх гэрээний 2.3-д “Газрын төлбөрийг нэхэмжлэхийн дагуу Татварын албанд тушаана. Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж заасан байна.

Дээрх гэрээний зохицуулалтаас үзэхэд улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр заасан байх ба үүнээс үзэхэд 2021 оны 2 дугаар улирлын төлбөрийг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр байна.  

Татварын нэгдсэн цахим системээс хэвлэсэн Монголын татварын албаны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төлбөрийн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь 2 удаа буюу 749,940 төгрөг болон 1,124,910  төгрөгөөр нийт 1,874,850 төгрөгийн газрын төлбөр төлсөн болох нь нотлогдож байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны акт болох  Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/*** дүгээр захирамж гарахаас өмнө газрын төлбөрөө төлсөн байна.

Мөн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №020210623 тоот Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаас үзэхэд нэхэмжлэгч Д ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 161,446 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Нэхэмжлэгч Д ХХК нь Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх №01122-2020/00795 тоот гэрээний 2.3-д заасны дагуу 2021 оны 2 дугаар улирлын газрын төлбөрөө 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор  төлөх боломжтой талаар дээр тайлбарласан.

Гэтэл нэхэмжлэгчийн 2021 оны 2 дугаар улирлын газрын төлбөрөө төлөх хугацаа болоогүй, дуусаагүй байхад Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/*** дүгээр захирамжаар “газрын төлбөрөө хугацаанд бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.5-д “... бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас, мөн дээр тайлбарласан үйл баримтуудаас үзэхэд хариуцагч нь бодит нөхцөл байдлыг тогтоох, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлаж, шалгасны үндсэн дээр үндэслэл бүхий шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байх бөгөөд нэхэмжлэгч нь газрын төлбөрийн үлдэгдэлтэй эсэх, газрын төлбөрөө төлөх хугацаа нь  дууссан эсэхийг нарийвчлан шалгах үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

Мөн хариуцагч нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа “...газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон нь хууль зөрчсөн” гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Захиргааны хэргийн шүүх нь маргаан бүхий захиргааны актад заасан үндэслэлийг л хянах бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/*** дүгээр захирамжид газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлсэн гэсэн үндэслэлүүдийг заагаагүй байх тул хариуцагчийн энэ тайлбар үндэслэлгүй.

Харин хариуцагч нь маргаан бүхий захиргааны акт болох 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/*** дүгээр захирамжийг гаргахдаа Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг  үндэслэсэн байна.

Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэж заасан байна.

Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №08/3525 тоот албан бичиг болон түүний хавсралт зургаас  үзэхэд маргаан бүхий газар нь цахилгаан хангамжийн шугам сүлжээний хамгаалалтын зурвастай давхцалтай байна.

Мөн  шинжээчийн дүгнэлт буюу 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хэмжилт хийсэн Геодезийн хэмжилтийн ажил гүйцэтгэсэн тухай актаас үзэхэд Д ХХК-ийн эзэмшил газар нь цахилгаан дамжуулах агаарын шугамтай 669.3248 м.кв талбай бүхий хэмжээгээр давхцалтай болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, маргаан бүхий захиргааны актын цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвастай  давхцаагүй хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 Шинжээчийн дүгнэлт гаргасан “Гео аксис” ХХК нь шинжээчийн ажлын хөлсийг нотлох нэхэмжлэхийг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд уг ажлын хөлсийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасны дагуу хэргийн оролцогчдоор хуваарилан төлүүлэх нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/*** дүгээр захирамжийн цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвастай давхцаагүй газарт холбогдох хэсгийг буюу 1,506 м.кв хэмжээтэй газарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлс болох нийт 630,273.6 төгрөгөөс 436,276 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас, 193,998 төгрөгийг  Д ХХК-аас тус тус гаргуулж  “Г” ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Д ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.БАТЗОРИГ