| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2025/0224/З |
| Дугаар | 221/МА2025/0642 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2025/0642
Ч.Мийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч М.Цэцэгмаа
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгч Ч.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А
Нэхэмжлэгч: Ч.М
Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл
Нэхэмжлэлийн шаардлага: “Ч.Мийг шүүгчээр томилоогүй орхигдуулсан 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс шүүгчээр дахин томилсон 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх нийт 8 жил, 5 сар, 16 хоногийн ажилгүй байсан хугацааг шүүгчээр буюу төрийн албанд ажиллаж байсан хугацаанд оруулан тооцохоос, мөн хугацааг ээлжийн амралтын хоног тооцох хугацаанд оруулах тооцохоос татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/2122 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааг шүүгчээр буюу төрийн албанд ажилласанд оруулан тооцохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0494 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х
Хэргийн индекс: 128/2025/0224/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Мээс Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “Ч.Мийг шүүгчээр томилоогүй орхигдуулсан 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс шүүгчээр дахин томилсон 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх нийт 8 жил, 5 сар, 16 хоногийн ажилгүй байсан хугацааг шүүгчээр буюу төрийн албанд ажиллаж байсан хугацаанд оруулан тооцохоос, мөн хугацааг ээлжийн амралтын хоног тооцох хугацаанд оруулах тооцохоос татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/2122 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааг шүүгчээр буюу төрийн албанд ажилласанд оруулан тооцохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0494 дүгээр шийдвэрээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 16 дугаар зүйлийн 16.1, 47 дугаар зүйлийн 47.7, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, Өмгөөллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасныг тус тус баримтлан Ч.Мийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгч Ч.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нар дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Захиргааны хэргийн анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалж, хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэлгүйгээр, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүйгээр, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, түүнийгээ шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхлыг минь ноцтой зөрчсөн.
3.2. Нэхэмжлэгч миний бие Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын /тэр үеийн нэрээр/ шүүхэд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2006 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл үйлчлэгч, зарлага, бичиг хэргийн эрхлэгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, туслах шүүгч, шүүгчийн туслах зэрэг ажлуудыг хийж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 294 дугаар зарлигаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхэд /Одоогийн нэрээр Мандал сум дахь сум дундын шүүхэд/ шүүгчээр томилогдон, шүүгчээр ажиллаж байгаад 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрийн байгууллагын хууль бус эс үйлдэхүйн улмаас шүүгчийн албан тушаалаас хууль бусаар чөлөөлөгдөж, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 8 жил 5 сар 16 хоногийн хугацаанд шүүгчийн албан үүргээ гүйцэтгэх буюу 3 шатны шүүхээр асуудал шийдвэрлэгдэх хугацааг хүлээх боломжгүй, ар гэр, үр хүүхдээ тэжээж, амьдрахын тулд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Архив, бичиг хэргийн эрхлэгчээр, 2017 оны 03 дугаар сараас 2022 оны 05 дугаар сар хүртэл өмгөөлөгчөөр ажилласан ба өмгөөлөгчөөр ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд тооцно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй.
3.3. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүх .... шүүхийн шийдвэрүүд гарч, одоо нэхэмжлэгч нь шүүгчийн албан тушаалыг эрхэлж байгаа ийнхүү шүүгчээр ажилласан хугацаанд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна, ... шүүгч нь хуульч байх шаардлагатай ба хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөвшөөрлийн дагуу нэгэн зэрэг “шүүгч”, “өмгөөлөгч”-өөр ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй, энэ нь хуулийн зохицуулалтаар шууд хориглогдсон утгатай, нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн маргааны тухайд хариуцагч захиргааны байгууллагад Шүүхийн тухай хуулиар эрх олгогдоогүй байна, Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж, шүүгчийн албан тушаал эрхэлж байгаа тохиолдолд л Шүүхийн тухай хуульд заасан шүүгчийн эдийн засгийн баталгаа, шүүгчийн нийгмийн баталгаа хангагдах учиртай, Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь заалт нь нэхэмжлэгчийн шүүгчийн бүрэн эрхийг хуулиар тогтоосны дагуу хэрэгжүүлж, байгаагүй цаг хугацаанд хэрэгжих боломжгүй, хариуцагчийн татгалзлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэсэн ойлгомжгүй, тодорхой бус, учир дутагдалтай, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
3.4. Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолуудаар болон бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч миний бие 2013 оны 12 дугаар сарын 18-н өдөр төрийн байгууллагын хууль бус эс үйлдэхүйн улмаар шүүгчийн албан тушаалаас хууль бусаар чөлөөлөгдөж, 2022 оны 05 дугаар сарын 16- н өдрийг хүртэл 8 жил 5 сар 16 хоногийн хугацаанд шүүгчийн албан үүргээ гүйцэтгэх боломжгүй байсныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлогдож, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ажилгүй байсан хугацааны цалинг олгосон боловч Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д заасны дагуу шүүгчээр ажиллаагүй 8 жил 5 сар 16 хоногийн хугацааг төрийн албанд ажилласан болон шүүгчээр ажилласан хугацаанд оруулан тооцож, нэмэгдэл амралтыг олгох шийдвэр гаргах үүргээ биелүүлэхгүй, ээлжийн амралтын хугацааг тооцохдоо шүүхэд шүүгчээр ажилласанд тооцогдох 2013 оны 12 дугаар сарын 18-н өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх 8 жил 5 сар 16 хоногийн хугацааны амралтын нэмэгдлийг хасч, олгохоос татгалзсан шүүхийн ерөнхий зөвлөлийн үйлдэл нь Шүүхийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.3, 42.3. 42.3.4, 47 дугаар зүйлийн 47.3, 47.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.2, 61.2 дахь хэсэгт тус тус заасныг болон УИХ-ын 2021 оны 04 дүгээр тогтоол, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын заалтуудыг зөрчсөн, хууль бус үйлдэл болох нь тогтоогдсон.
3.5. Шүүхийн ерөнхий зөвлөлийн энэ хууль бус үйлдлийн үр дагавар нь албан тушаалдаа 2013 онд буцаан томилогдон үлдсэн бусад шүүгч нараас доогуур эдийн засгийн болон нийгмийн хангамж, халамжийн баталгаагаар хангагдаж, шүүгчээр ажилласанд тооцогдох 8 жил 5 сар 16 хоног буюу төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл хасагдаж, энэ хэмжээгээр цалин, хөлс, нэмэгдэл буурч хохирч байна. Намайг буцаан шүүгчээр томилж, ажиллуулахгүй байсан 8 жил 5 сар 16 хоногийн хугацааг төрийн албанд болон шүүгчээр ажилласан хугацаанд оруулан тооцохоос татгалзсан, уг хугацааны нэмэгдэл амралтыг олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, шүүгчээр ажиллаагүй дээрх хугацааг төрийн албанд болон шүүгчээр ажилласан хугацаанд тус тус тооцож, төрийн албанд ажилласан хугацааны нэмэгдэл, шүүгчээр ажилласан хугацааны нэмэгдэл амралт олгох зэргийг хариуцагчид даалгаж, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн татгалзсан хариуг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0494 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй боловч хэрэгт цуглуулсан нотлох баримтыг буруу үнэлж, түүгээр тодорхойлогдох маргааны үйл баримтад хамаарах хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч Ч.Мээс Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “Ч.Мийн шүүгчээр томилоогүй орхигдуулсан 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс шүүгчээр дахин томилсон 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх нийт 8 жил, 5 сар, 16 хоногийн ажилгүй байсан хугацааг шүүгчээр буюу төрийн албанд ажиллаж байсан хугацаанд оруулан тооцохоос татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/2122 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааг шүүгчээр буюу төрийн албанд ажилласанд оруулан тооцохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах”-аар маргаж, харин хариуцагчаас “... нэхэмжлэгчийн хувьд шүүгчээс хууль бусаар чөлөөлсөн огцруулсан тухай нотлох баримт эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй тул шүүгчээр ажилласан жилд тооцох хууль зүйн үндэслэлгүй ... мөн цалингийн картаас харахад Ч.М шүүгч нь төрийн албаны нэмэгдлийг 25 хувиар, онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувиар авч байгаа” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
4. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
4.1. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлж, эдгээр шүүгчийг буцаан томилсон мөн өдрийн 199 дүгээр зарлигийг гаргахдаа нэр бүхий хүмүүсийг шүүгчээр томилоогүй орхигдуулсны дотор нэхэмжлэгч Ч.М багтжээ.
4.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 70 дугаар шийдвэрээр “... Ч.М нарын нэр бүхий нэхэмжлэгч нарыг буцаан томилоогүй орхигдуулсан үйл баримт нь шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосонтой адил үр дагаврыг нэхэмжлэгч нарт үүсгэсэн …, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хараат бус байдлыг хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд арга хэмжээ авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн үүрэг байх ба нь энэ чиг үүргээ хэрэгжүүлж нэхэмжлэгч 12 иргэнийг шүүгчийн албан тушаалд буцаан томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин /шинээр/ өргөн мэдүүлэх зэргээр шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой арга хэмжээг өнөөдрийг хүртэл аваагүй болох нь тогтоогдож байна” гэж дүгнэн, нэхэмжлэгч Ч.М нарыг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарыг холбогдох шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн.
4.3. Энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 101 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Ч.Мийг шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар зарлигаар Ч.Мийг Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилжээ.
4.4. Үүний дараа нэхэмжлэгчээс Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/00725 дугаар шийдвэрээр “... нэхэмжлэгч Ч.Мийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчийн албан тушаалд томилсон байх тул 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу нөхөн олгох нь зүйтэй” гэж дүгнэн, нэхэмжлэгчид 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг гаргуулахаар, мөн хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгажээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2023/00984 дугаар магадлалаар, дээрх шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад “нэхэмжлэгч тус бүрд 304,299,661 төгрөгийг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулсан атлаа нэхэмжлэгч нарт олгохоор заагаагүйгээс гадна нэхэмжлэгч тус бүрийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгоогүй байгаа” зэргийг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулсан.
4.5. Дээрх хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүдээс үзэхэд, захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэгч Ч.Мийг шүүгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох, шүүгчийн бүрэн эрхийг сэргээн тогтоох үндэслэлтэй гэж үзээд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэхэмжлэгчийг шүүгчээр томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, улмаар Ерөнхийлөгч түүнийг шүүгчийн албан тушаалд томилсон зарлиг гаргасан зэрэг үйл баримтаар “нэхэмжлэгчийг хууль бусаар шүүгчийн ажлаас чөлөөлөгдсөн гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэн шүүгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, шүүгчийн бүрэн эрхийг нь сэргээсэн”, харин иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийг нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаа болох 8 жил 5 сар 29 хоногийн цалин хөлс 304,299,611 төгрөгийг олгохыг даалгаж шийдвэрлэсэн уг шийдвэр биелэгдсэн гэдэг нь тогтоогдож байна.
4.6. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 227 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Ч.М /Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч/-ийг төрийн алба хаасан хугацааг /2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар/ 25 жил, 11 сар, нэмэгдлийг 25 хувиар, мөн зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар тогтоолоор нэхэмжлэгч /Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч/-ийн төрийн алба хаасан хугацаа 28 жил, 6 сар, нэмэгдлийг 25 хувиар тус тус тогтоосон үйл баримттай хэргийн оролцогчийн хэн аль нь маргаагүй.
5. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно”, 57.6-д “…бүх шатны шүүхийн шүүгч, …/-ийн/ нэмэгдлийн хэмжээ, зайлшгүй шаардлагатай бусад хангамжийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн хууль тогтоомжоор тогтооно” гэж,
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д “Шүүгчийн хараат бус байдлыг дараах баталгаагаар хангана: 42.3.4. шүүгчийн эдийн засгийн болон нийгмийн хангамж, халамжийн тогтолцоог энэ хууль болон бусад хуулиар бүрдүүлэх, хангах”, 46.3-д “Ерөнхий зөвлөл шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг өөрийн батлагдсан төсвийн хүрээнд тогтоож, нэмэгдэл олгох журмыг батална”, 47 дугаар зүйлийн 47.7-д “... шүүгчээр ажилласан таван жил тутамд ажлын гурван өдрийн нэмэгдэл амралт олгоно”, 70 дугаар зүйлийн 70.2-т “Ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 70.2.3. шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гэж,
Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т “Энэ хуулийн 61.1.2, 61.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ” гэж тус тус зохицуулжээ.
6. Харин Улсын Их Хурлын 2021 оны 4 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, түүнийг олгох журам”[1]-ын 1.2-т “Шүүгчийн төрийн алба хаасан хугацааг Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь заалтад заасны дагуу тооцно” гэж,
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 273 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг тогтоох, олгох журам”-ын 4.6-д “Шүүгчийн төрийн алба хаасан хугацааг Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь заалтад заасны дагуу тооцно” гэж,
Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь заалтад “Төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацаанд дараах хугацааг оруулж тооцно:”, 8/-д “төрийн албанд ажиллах үедээ ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг шүүхээр эгүүлэн тогтоосон бол уг шалтгаанаар ажилгүй байсан хугацаа” гэж тус тус заажээ.
7. Дээр дурдсан хууль тогтоомжийн зохицуулалтаас дүгнэхэд, “ажилласан хугацааг тооцох”, тэр дундаа “төрийн албанд ажилласан хугацааг тооцох” харилцаа нь төрийн албан хаагчийн ажилласан хугацаатай шууд холбоотойгоор хэрэгжих боломжтой төрийн албан хаагчийн цалин хөлсний бүрэлдэхүүнд хамаарах зарим баталгааг эдлэх эрхийг баталгаажуулах зорилготой.
Тодруулбал, төрийн албанд ажиллах үедээ ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг шүүхээр эгүүлэн тогтоосон бол уг шалтгаанаар ажилгүй байсан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцохоор тодорхой зохицуулжээ.
8. Иймээс нэхэмжлэгч Ч.Мийг шүүгчээр ажиллаж байх үедээ уг албан тушаалаас үндэслэлгүйгээр, хууль бусаар чөлөөлөгдсөнийг шүүхийн шийдвэрээр тогтоож, түүнийг шүүхийн болон эрх бүхий этгээдийн шийдвэрээр шүүгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосон гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул энэ үндэслэлээр түүний ажилгүй байсан “2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаа буюу нийт 8 жил 5 сар 16 хоногийн хугацааг “төрийн алба”-нд ч, мөн “шүүгчээр” ажилласан хугацаанд ч тус тус оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.
9. Энэ талаар анхан шатны шүүх “...нэхэмжлэгчийн шүүгчийн бүрэн эрхийг хуулиар тогтоосны дагуу хэрэгжүүлж байгаагүй цаг хугацаанд хэрэгжих боломжгүй, хариуцагчийн татгалзлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй” гэх зэргээр дүгнэж, нэхэмжлэгч Ч.Мийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэнтэй нийцсэнгүй.
10. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч нь шүүгчээр ажиллах үедээ ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн болох нь шүүхээр тогтоогдсон, мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа нь “8 жил 5 сар 16 хоног”-ийн хугацаанд үргэлжилсэн, тухайн хугацаанд нэхэмжлэгч амьдралаа залгуулах, амьжиргааны хэрэгцээгээ хангах зорилгоор эрхэлсэн бусад ажил хөдөлмөр нь түүний ажил, хөдөлмөр эрхлэх эрх, ажлаа сонгох Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан үндсэн эрхтэй холбоотой учир энэ талаарх хариуцагчийн “... нэхэмжлэгчийн хувьд шүүгчээс хууль бусаар чөлөөлсөн огцруулсан тухай нотлох баримт эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй тул шүүгчээр ажилласан жилд тооцох хууль зүйн үндэслэлгүй” гэх тайлбар няцаагдана.
11. Дээрхээс нэгтэн дүгнэхэд, нэхэмжлэгч Ч.Мийг шүүгчээр ажиллаж байх үедээ уг албан тушаалаас үндэслэлгүйгээр, хууль бусаар чөлөөлөгдсөн гэдгийг шүүхээс тогтоож, эрх бүхий этгээдээс түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, түүний ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгосон үйл баримт тогтоогдож байгаа энэ тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/2122 дугаар “...төрийн албанд ажилласанд тооцох эсэх асуудлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай тул төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг өөрчлөн шийдвэрлэх боломжгүй” гэх хариу албан бичиг нь хууль тогтоомжид нийцээгүйн зэрэгцээ нэхэмжлэгчийн тодорхойлсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
12. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0494 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.4, 47 дугаар зүйлийн 47.7, 70 дугаар зүйлийн 70.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/2122 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Ч.Мийг 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс шүүгчээр дахин томилсон 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх нийт 8 жил, 5 сар, 16 хоногийн ажилгүй байсан хугацааг шүүгчээр буюу төрийн албанд ажилласанд оруулан тооцохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 70.200 төгрөгийг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
[1] Энэ журмыг УИХ-ын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон боловч нэхэмжлэгчээс хариуцагчид хүсэлт гаргасан, маргаан бүхий шийдвэр гарсан цаг хугацаанд энэхүү журам нь хүчин төгөлдөр байсан.