| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2019/03372/и |
| Дугаар | 183/ШШ2020/00553 |
| Огноо | 2020-03-03 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2020/00553
| 2020 оны 03 сарын 03 өдөр | Дугаар 183/ШШ2020/00553 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Т-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ХБ.ХК-д холбогдох
2015, 2016, 2017 оны цалингийн 11 125 000 төгрөг, амралтын мөнгө 1 890 000 төгрөг, нийт 13 015 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ..................................нар оролцов.
Нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Тшүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Т нь ерөнхий захирал Э-ийн тушаалаар ХБ ХК-ийн харьяа М ХХК-д ажиллахаар болсон. 2013 онд ХБ ХК, М ХХК-ийн удирдлагыг Б.Н өвлөн авсан. 2015 онд Б.Н нь Б гэдэг хүнийг М ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон жилээс эхлэн М ХХК нь төлбөрийн чадваргүй болж зохиомлоор дампуурсан хэмээн ажилчдын цалинг өгөхөө больсон. Одоо цалин мөнгөө нэхсэн хүнд Б.Н М ХХК нь ХБ ХК-ийн охин компани биш би мэдэхгүй та нар компани андуурсан байна гэж зугтаж байгаа сурагтай. 2015, 2016, 2017 оны цалингийн үлдэгдэл нийт 11 125 000 төгрөг, эдгээр 3 жилийн амралтын мөнгө 1 890 000 төгрөг, нийт 13 015 000 төгрөгийг Б.Н- авч чадахгүй, надаас бултаж, зугтаагаад 3 жил өнгөрлөө. Утсаа авдаггүй, ажил дээр нь очиход ажил дээрээ байдаггүй, арай гэж уулзахад тоглоом тохуу хийж, мөнгөгүй байна, өгч чадахгүй, над руу битгий гүйж бай, би ажилтай байна гэж намайг өрөөнөөсөө хөөж гаргасан. Иймд ХБ ХК-иас 2015-2017 оны цалингийн үлдэгдэл 11 125 000 төгрөг, амралтын мөнгө 1 890 000 төгрөг, нийт 13 015 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ХБ ХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ХБ ХК-д холбогдуулан Н.Т нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй байна. Учир нь М ХХК-д ажиллаж байсан цалингаа гаргуулна гэсэн нь үндэслэлгүй бөгөөд манай компанийн охин компани биш бөгөөд тусдаа удирдлагатай хуулийн этгээд, энэ хүнтэй холбоотой цалингийн өглөг байхгүй. Иймд цалингийн асуудлыг хариуцах үндэслэлгүй бөгөөд бид хариуцагч биш юм. Хэрэгт энэ хоёр компани хоорондоо холбоотой талаар болон нэхэмжлэгч Н.Т нь ХБ.ХК-д ажиллаж байсан талаар ямар ч баримт байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Т хариуцагч ХБ ХК-д холбогдуулан 2015, 2016, 2017 онуудын цалин 11 125 000 төгрөг, амралтын мөнгө 1 890 000 төгрөг, нийт 13 015 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Н.Т нэхэмжлэлийн үндэслэлээ ... ерөнхий захирал Э-ийн тушаалаар ХБ.ХК-ийн харьяа М.ХХК-д ажиллахаар болсон. 2013 онд ХБ, М ХХК-ийн удирдлагыг Б.Н өвлөн авсан. ...М ХХК нь төлбөрийн чадваргүй болж зохиомлоор дампуурсан хэмээн ажилчдын цалинг өгөхөө больсон. Одоо цалин мөнгөө нэхсэн хүнд Б.Н М ХХК нь ХБ ХК-ийн охин компани биш би мэдэхгүй та нар компани андуурсан байна гэж зугтаж байгаа сурагтай. ... гэж тайлбар гаргасныг, хариуцагч тал М ХХК нь Хб ХК-ийн охин компани биш бөгөөд тусдаа удирдлагатай хуулийн этгээд, ...манай компани хариуцагч биш гэх тайлбарыг гаргаж маргажээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс нэхэмжлэгч Н.Т нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь хэрэгт М ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг холбогдох байгууллагаас ирүүлсэн байх ба уг баримтад тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь иргэн Б.Б байх ба ХБ ХК-тай хамааралтай талаарх баримт байхгүй байна.
Нөгөөтэйгүүр, хариуцагч ХБ,ХК нь дээрх компанийн өмнөөс үүрэг хүлээх, түүнчлэн уг компанитай холбоотой асуудлыг хариуцах талаар дүгнэх боломжгүйн дээр нэхэмжлэгч Н.Т ямар гэрээний үндсэн дээр аль компанид ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 238 140 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХБ.ХК-иас цалин болон амралтын мөнгө 13 015 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Н.Т нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгч Н.Т улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 238 140 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Н.Т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ