Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2020/00130

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

    Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 55 дугаар байрны 05 тоотод оршин суух, М.О нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нарангийн голын эцэс 45 дугаар гудамжны 17 тоотод оршин суух, А.С холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын  04-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Е-Ү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч М.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2012 онд С танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 12 дугаар сарын 29-нд охин С.С, 2014 оны 04 дүгээр сарын 20-нд С.С охин төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болж 2019 оноос салж тусдаа амьдрах болсон тэр үеэс хойш 2 охин маань миний асрамжид амьдарч байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул С.С, С.С нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч А.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие өөрийн охин С.С, С.С нарт тэтгэлэг төлөх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад 

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч М.О хариуцагч А.Ст холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

  Нэхэмжлэгч М.О хариуцагч А.С нар нь 2012 оноос эхлэн хамтран амьдрах хугацаандаа 2012 оны 12 дугаар сарын 29-ны өдөр охин С.С, 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр охин С.С нарыг төрүүлэн эцэг эхийн үүргээ гүйцэтгэж байгаад 2019 оноос эхлэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдарч, охин С.С, С.С нар нь эхийн асрамжинд одоог хүртэл эрүүл саруул, өсөн бойжиж  байгаа болох нь  хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Энх-Өрх өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.  

Охин С.Сн 0000846492 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ, охин С.С ийн  0000897808 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ нь эцэг Гүжир овогт Амгаабазарын Сүхбаатараар овоглон авсан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар охин С.С, С.С нарын эцэг болохыг захиргааны журмаар тогтоосон гэж үзнэ.

            Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт ”хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” 21.5 дахь хэсэгт “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ”, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт ”эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч охин С.С, С.С нар төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу хариуцагчид үүссэн байна.

 Хариуцагч А.С нь охин С.С, С.С нарыг өөрийн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрч тэтгэлэг төлөх нэхэмжлэлийн шаардлагын хувьд маргаагүй хүлээн зөвшөөрч байгаа болно.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.3 дахь хэсэгт “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно“ гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг А.Саас хүүхдийн тэтгэлгийг гаргуулж охин С.С, С.С нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар А.Саас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт “гэр бүл, нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална”, 4.5 дахь хэсэгт “хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхолыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ”, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ”, 26.2 дахь хэсэгт  “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох,  хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ” гэж тус тус хуульчилсан.

Талууд гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч хуулинд заасан дээрх эрх, үүрэг зохигчдод хэвээр үлдэх бөгөөд  эцэг эх тодорхой шалтгаанаар тусдаа амьдарснаар хүүхдийн эрх ашиг хамгийн ихээр хөндөгддөг .

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй”, 5.3 дахь хэсэгт “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэж зааснаар эцэг А.С нь охин С.С, С.С нарын байнгын харилцаа, холбоотой  байх эрхийг хуулиар олгосон байна.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүхэдтэй нь уулзахыг хориглох эрхгүй,  хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг анхааруулах нь зүйтэй.

Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн асрамжийн асуудлаар зохигчид маргах эрхтэй хэдий ч талууд  асрамжийн асуудлаар хэн аль нь шаардлага гаргаагүй тул нэхэмжлэгчээс гаргасан шаардлагын хүрээнд шүүх маргааныг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 74.060 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг 2020 оны 02 дугаар сарын -ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин 230.000 төгрөгөөр тооцож, хоёр хүүхдэд нэг жилийн хугацаанд төлвөл зохих тэтгэлэг 2.760.000 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 74.060 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.От олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2012 оны 12 дугаар сарын 29-ны өдөр охин С.С, 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин С.С нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг А.С сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.     

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Саас 70.060 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч М.От олгосугай.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                                    Г.СОЛОНГО