Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2020/00137

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух, Б овогт Ц.У нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..тоотод оршин суух, И овогт Н.П холбогдох сургалтын төлбөр 2.275.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.У, түүний өмгөөлөгч Ж.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин  оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Ц.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Н.Пбид хоёр 2007 онд гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ би өөрийн асрамжид авсан. Өнгөрсөн жилүүдэд хүүхдүүдийнхээ тэтгэлгийг шүүхийн шийдвэрээр төлж байсан. Том хүү О 2016 онд ИЗОУИС-д суралцах болсноос хойш сургалтын төлбөрийг өрх толгойлсон эх би ганцаараа төлөхөд хүндрэл учирч байна. П сэтгэлээрээ хүүхдүүддээ тусламж, дэмжлэг үзүүлдэггүй тул шүүхээр 2016-2017 оны сургалтын төлбөрийн тавин хувийг гаргуулж байсан. Одоо 2017-2018, 2018-2019 оны 2 жилийн сургалтын төлбөр 4.550.000 төгрөгийн тавин хувь болох 2.275.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Би хүүгээ мэдлэг боловсролтой хүн болгох гээд их сургуульд сургаж байгаа. Ганцаараа хүүхдийн төлбөр төлөх хэцүү байдаг, том хүүгийнхээ сургалтын төлбөр гаргуулахаар 2016 оноос хойш шүүхэд хандаж байна. Өмнө нь 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг нэхэмжилж, уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа 2 жил гаруй хугацаанд үргэлжилсэн. Манай хүү сургалтын төлбөрөө төлөөгүй болохоор 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс сургуулиас нь нэг жилийн чөлөөг олгосон. Нэхэмжлэл дээр оныг нь андуурч бичсэн байна хүүгийнхээ 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 2.200.000 төгрөг, 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 2.350.000 төгрөг нийт 4.550.000 төгрөгийн 50 хувь болох 2.275.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

  Хариуцагч Н.Пшүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хүү П.О нь насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай тул өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй. Мөн тэжээн тэтгүүлэгч П.О нь 18 нас хүрсэн тул миний хувьд тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь хүү П.О нь насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай тул өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй. Мөн тэжээн тэтгүүлэгч П.О нь 18 нас хүрсэн тул хариуцагчийн хувьд тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон. Нэхэмжлэгч нь 2017-2018 оны сургалтын төлбөрийг нэхэмжилж байна гэж нэхэмжлэлдээ бичсэн байдаг. Шүүх эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэнэ байх,  гэвч сая тайлбартаа 2018-2019, 2019-2020 он гэж тайлбарлаж байна.  Нэхэмжлэгчийн 2017-2018 оны хичээлийн жилийн төлбөрийг өмнө нь шүүх шийдвэрлэсэн тул түүнийг сургалтын төлбөрөө давхардуулж нэхэмжилж байна гэж харж байна. Хариуцагч хүү П.Оийг сургуульдаа сурдаг эсэхэд эргэлзэж байна гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                    ҮНДЭСЛЭХ нь :

            Нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч Н.Пд холбогдуулан Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэмэлт зардал буюу хүүхдийн сургалтын төлбөрт 2.275.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Н.Пнь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

П овогтой О нь Их засаг Олон улсын Их сургуулийн Үндэсний инженер технологийн сургуулийн 313 дугаар бүлэгт суралцдаг болох нь тус сургуулийн Сургалтын нэгдсэн албаны тодорхойлолтоор, нэхэмжлэгч Ц.У нь хүү Оийн 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 2.200.000 төгрөг, 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 2.350.000 төгрөг болох нь Их засаг Олон улсын их сургуулийн Санхүүгийн албаны харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ зэргээр тогтоогдож байна.

           Нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч Пгээс  2018-2019, 2019-2020 оны 2 жилийн сургалтын төлбөр 4.550.000 төгрөгийн тавин хувь болох 2.275.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт “Хүүхдийн эрхийг хамгаалах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах үүрэгтэй”, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Хүүхэд төрснөөр эцэг эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 26 дугаар зүйлийн 26.1-дэх хэсэгт “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.4 дэх хэсэгт ”эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан үүрэг хэвээр үлдэнэ”,  48 дугаар зүйлийн 48.1-д “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар түүний эцэг эх, гэр бүлийн гишүүн.., гаргаж болно” гэж тус тус зааснаар эцэг эх нь хүүхдийг сурч боловсрох, боловсрол эзэмшихэд адил тэгш эрх үүрэгтэй оролцохоор хуульчилсан байх тул нэхэмжлэгч Ц.У нь шүүхэд нэхэмжлэл гаргаж нэмэлт зардал шаардах эрхтэй байна.

            Хариуцагч тал нь хүү П.Оийг 18 насанд хүрсэн тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч хүүхэд хэдийгээр 18 насанд хүрсэн, хөдөлмөр эрхлэх чадвартай боловч одоогоор дээд сургуульд суралцаж, хөдөлмөр эрхэлж сургалтын төлбөрөө төлөх боломжгүй,  нэхэмжлэгч Ц.У нь  өрх толгойлон ганцаараа хөдөлмөр эрхэлдэг, 2 хүүхдээ тэжээн тэтгэдэг, хуульд тэжээн тэтгүүлэгч сургуульд суралцаж байгаа тохиолдолд зохих этгээдээс нэмэлт зардал гаргуулж болохоор хуульчилсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар эцэг Н.Пгээс сургалтын төлбөрийн 50 хувь 2.275.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 51.350 төгрөгийг хариуцагчаас, илүү төлсөн 36.400 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Уод олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар  зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч И овогт Н.Пгээс 2018-2019, 2019-2020 оны сургалтын төлбөрт 2.275.000 төгрөгийг гаргуулж С овогт Ц.Уд олгосугай.

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 51.350 төгрөгийг хариуцагчаас, илүү төлсөн 36.400 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Уод олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

    4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ