Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2020/00352

 

  

 

2020 оны 02 сарын 05 өдөр              Дугаар 183/ШШ2020/00352                                  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- ............... тоотод оршин суух, А -ын нэхэмжлэлтэй,

хариуцагч-.................тоот хаягт байрлах, “Б” ХХК /РД:5528801/-д холбогдох,

гуравдагч этгээд- В- ХХК-ийн бие даасан шаардлага гаргаагүй,

Хан-Уул дүүрэг, .....-р хороо, ..................-р байрны 09 тоотын автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагчийн В-тай 2014-.....-24-ний өдөр байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т........., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .................., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хэрлэнчимэг, нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр №А/ос-1-3/..... тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулж, Хан-Уул дүүргийн .....-р хороо, .................. хотхон”-ны ..................-р байрны ..... тоот 3 өрөө орон сууц, тус байрын зоорийн давхарт 09 тоот автозогсоол, агуулахын талбайн хамт худалдаж авсан. Гэрээгээр тохиролцсон үнийг бүрэн төлж төлбөр тооцоо дуусгавар болсон. Уг орон сууцны барилгыг улсын комисс 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ашиглалтанд оруулж, акт гаргасан.Дээрх гэрээний 2.1, 3.4-т заасны дагуу 09 тоот автозогсоол, агуулахын талбайг нийт 33.000.000 төгрөгөөр худалдан авч, байр ашиглалтанд орохоос өмнө, хугацаанд нь үнийг бүрэн төлж, өнөөдрийг хүртэл ашиглаж байхад худалдагч, худалдан авагчийн өмчлөлд эд хөрөнгийг шилжүүлж өгөөгүй бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “...худалдагч нь...эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх...”, гэрээний 6.4-т заасан үүргээ биелүүлэхгүй өнөөг хүрсэн. Үүний улмаас автозогсоол, агуулахын үнийг бүрэн төлсөн бид өмчлөлийн зүйлээ захиран зарцуулж, эдийн засгийн эргэлтэнд оруулж чадахгүй хохирсоор 5 жил болж байна. Хариуцагч “Б” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр шилжүүлж, хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан боловч элдэв шалтагхэлэн, хойшлуулсаар байсан тул Хан- Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргаж, эвийн журмаар маргааныг шийдвэрлэхийг эрмэлзсэн. Гэтэл бидний худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагч тал өөрийн нэр дээр гаргуулан банкинд барьцаалсан болохоо мэдэгдэж, эвлэрлээс татгалзан, шүүхэд хандахыг санал болгосон.Үүрэг гүйцэтгэгч буюу “Б” ХХК нь автозогсоол, агуулахын талбайг захиалагчийн өмчлөлд шилжүүлэлгүй банкны зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн ..... дүгээр зүйлийн ......1.9-д заасан “барьцааны гэрээнд “барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх”-ийн талаар тусгана” гэснийг, мөн 13 дугаар зүйлийн 13.1-дзаасан “Барьцаалуулагч барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон бусад хязгаарлагдмал эрхийн талаар барьцаалагчид бичгээр мэдэгдэх...” гэснийг болон Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасан “барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх” шаардлагыг тус тус зөрчсөн байна. Хариуцагч нь ямар нэгэн доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй байтал эрхийн доголдолтой хөрөнгө шилжүүлсэн. Бидний худалдан авсан, өмчлөлийн хөрөнгийг бидэнд мэдэгдэлгүйгээр барьцаалсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хэлцэл, 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна.Иймд үнийг бүрэн төлж, худалдан авсан Хан-Уул дүүргийн .....-р хороо, .................. хотхон”-ы .................. дүгээр байрны агуулах, автозогсоолын өмчлөгчөөр тогтоож, бидний зөвшөөрөлгүй хийсэн банкны барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан боловч гарааш, агуулахын зориулалттай талбайн гэрчилгээ гараагүй байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. .................. дүгээр байрны ..... тоотын орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргасан. 9 тоот автозогсоолыг нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр В-ны барьцаанд тавьсан байдаг. Иргэний хуулийн 343.1-д зааснаар захиалагч үүргээ бүрэн биелүүлж төлбөрөө төлсөн байхад гүйцэтгэгч нь ажлын үр дүнг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Тиймээс орон сууц захиалан бариулах гэрээг үндэслэн 9 тоот автозогсоолын өмчлөгч мөн болохыг тогтоолгож, хариуцагч болон В-ны хооронд 2014-05-22-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч нь Иргэний хуулийн 157.6-г зөрчсөн гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 61.1-д зааснаар 9 тоот автозогсоолын хэсгийг барьцаалсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг зогсоолыг барьцаанаас чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани 2014-2016 оны хооронд .................. төслийг В-ны зээлийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бөгөөд 2015 оноос хлэн барилгын салбар зогсонги байдалд орж бидний ажилд багагүй хүндрэл гарсан билээ.Бид төслийг дуусгаж улсын комисс хүлээн авсанаас хойш зарим айлуудын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ В-ны зээлээс шалтгаалан гаргаагүй байгаа болно.Компанийн зүгээс В-тай зөвшилцөн гэрчилгээг суллан өгөх талаар ярилцаж байгаа бөгөөд удахгүй шийдвэрлэгдэнэ гэж найдаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани уг орон сууцыг 60 хувийн гүйцэтгэлтэй байхад нь улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж В-ны барьцаанд тавьсан байсан. 2016 онд улсын комисс хүлээж авснаас хойш автозогсоолын гэрчилгээ гараагүй, В-наас барьцааны хөрөнгийг хэсэгчлэн чөлөөлж өгвөл боломжтой, 9 тоотын автозогсоолын өмчлөгч нь А гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ........т ХХК нь В-наас 2014 оны ..... дүгээр сарын 24-ний өдөр 2,8 тэрбум төгрөгийн зээлийг авсан бөгөөд бүрэн төлж дуусаагүй, зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээ байгуулсныг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 сарын 7-ны өдөр шүүгчийн 183/Ш32018/10342 тоот захирамжаарталуудын эвлэрлийг батлаж шийдвэрлэсэн. Эвлэрлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжгүй болж, одоогоор шүүгчийн дээрх захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа. Б ХХК нь В-тай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй атлаа барьцаа хөрөнгийг чөлөөлөхөөр нэхэмжлэгч талтай эвлэрч, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй байдалд хүргэж байгааг В- хүлээн зөвшөөрөхгүй тул В- ХХК-ийг С.Аыннэхэмжлэлтэй “Б” ХХК-д холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү. Нэхэмжлэгч С.А нь өмчлөгч биш, хариуцагчтай манай байгууллага зээлийн гэрээний үүрэгт уг барилгыг барьцаалах үед баригдаж дуусаагүй байсан. Зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээ байгуулсан тул ямар тохиолдолд барьцаанаас чөлөөлөх талаар тохирсон байгаа. Хариуцагч компани өнөөдрийн байдлаар 1,9 тэрбум төгрөг төлөөгүй учир барьцаа хөрөнгө чөлөөлөөгүй, банк хариуцагчтай барьцааны гэрээ байгуулах үед уг барилга нь хариуцагч Б компаний нэр дээр бүртгэлтэй байсан. Тиймээс нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн зүйл байхгүй, хариуцагч үүргээ биелүүлээгүй тул уг барьцааны гэрээ хөндөгдөхгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.А нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн .....-р хороо, .................. дүгээр байрны 9 тоотын автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, В- ХХК, Б ХХК нарын хооронд 2014-.....-24-ний өдөр байгуулагдсан БГ-14/123 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 9 тоот автозогсоолыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ /хх-1-2/.

 

Нэхэмжлэгч С.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2020-01-29-ний өдрийн итгэмжлэлээр Т.........д нэг жилийн хугацаатай,

хариуцагч “Б” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн компанийг төлөөлөн оролцох эрхийг 2019-10-22-ны өдрийн 17/21 тоот итгэмжлэлээр Г.Мөнхзулд, 2019-.....-23-ны өдрийн 19/36 тоот, 2020-02-05-ны өдрийн 20/03 тоот итгэмжлэлээр ..................т гурван жилийн хугацаатай,

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох В- ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох эрхийг 2020-01-17-ны өдрийн 29/442 дугаар итгэмжлэлээр Б.Хэрлэнчимэгт тус тус олгосон байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.А нь хариуцагч “Б” ХХК-тай 2014-05-22-ны өдөр А/ОС-1-3/..... дугаартай “орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулж, гэрээний зүйлийг Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, .................. .................. айлын орон сууцанд 80 м.кв талбайтай 3-р давхарын ..... тоотын орон сууц, 9 тоотын гараашийг бариулах, ажлын хөлс нийт төлбөрийг 290.600.000 төгрөгөөр тохирсон байна /хх-6-10/.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу Хан-Уул дүүргийн .....-р хороо, .................. дүгээр байрны 9 тоотын автозогсоолын үнийг бүрэн төлсөн тул гэрээний үүргээ биелүүлж, уг авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож өгнө үү, надад мэдэгдэлгүйгээр В-инд барьцаанд тавьсан байх тул Б ХХК-ний В-тай байгуулсан барьцааны гэрээний 9 тоот автозогсоолд хамаарах хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу орон сууц болон авто зогсоолыг хүлээн авсан, өмчлөж, ашиглаж байгаа, үнийг бүрэн төлж барагдуулсан, автозогсоолын өмчлөгчөөр тогтооход татгалзахгүй гэж зөвшөөрсөн тайлбар гаргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд В- ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Хан-Уул дүүрэг, .....-р хороо, .................. тоотын 6004 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны зориулалт бүхий дуусаагүй барилга нь манай банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд байдаг, уг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа гэж тайлбарласан.

 

Зохигч талууд 2014-05-22-ны өдрийн А/ОС-1-3/..... тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан талаараа маргаагүй, хэн аль нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд талуудын байгуулсан гэрээнд гэрээний зүйл болох орон сууц, авто машины зогсоолыг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ..................-.................. айлын орон сууцны хотхон, 3 дугаар давхарт ..... тоотын орон сууц, 9 тоот гарааш гэсэн байх боловч хэрэгт авагдсан улсын бүртгэлийн Ү-........ дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн хаягийг Хан-Уул дүүрэг, ..... дүгээр хороо, ..................-р байрны ..... тоот хаягт байршилтай, 80 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч С.А, Б......... нар гэж бүртгэгдсэн нь нэхэмжлэгчийн орон сууц захиалан бариулах гэрээний зүйл болох талаар хэн аль нь маргаагүй.

 

Талуудын байгуулсан гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, .................. .................. айлын орон сууцанд 80 м.кв талбайтай 3-р давхарт ..... тоотын орон сууц, 9 тоотын гараашийг барих ажлыг санхүүжүүлэн дуусгах, захиалагч орон сууц, гараашийн төлбөрийг төлөхөөр гэрээний талууд тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч буюу захиалагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж төлбөрийг төлсөн, хариуцагч буюу гүйцэтгэгч нь 80 м.кв талбайтай орон сууцыг, 9 тоот автозогсоолын хамт нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн болох нь, нэхэмжлэгч дээрх орон сууц болон автозогсоолыг эзэмшиж, ашиглаж байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2014-05-22-ны өдрийн А/ОС-1-3/..... тоот орон сууц захиалан бариулах гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн ..... дүгээр хороо, .................. тоот 6004 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй, орон сууцны зориулалттай дуусаагүй барилгыг хариуцагч “........” хужирт ХХК нь В- ХХК-тай 2014-.....-24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээнд барьцаалсан болох нь талуудын тайлбар, зээлийн барьцааны гэрээгээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч С.А нь ..................-р байрны ..... тоотын орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлийн байгууллагад 2015-03-16-ны өдөр бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байх тул ..................-р байрны 9 тоотын авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгохоор шаардлага гаргах эрхтэй байна.

 

Зохигчдын байгуулсан гэрээгээр хариуцагч нь өөрийн материалаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, .................. .................. айлын орон сууцанд ..... тоотод 80 м.кв талбайтай орон сууцыг 9 дугаартай авто зогсоолын хамт нэхэмжлэгчийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь орон сууц, авто зогсоолыг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон үнийг төлөхөөр харилцан тохиролцсон, уг орон сууцыг улсын комисс 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авснаар нэхэмжлэгч орон сууцанд орж, амьдарч байгаа үйл баримт тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэв.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн гарах, хөлс нь тухайн үр дүн гарах өртөг тул ажлын үр дүн нь захиалагчийн өмч болдог тул гэрээнд оролцогч талууд гүйцэтгэх ажлын хугацаа, ажлын хөлс төлөх арга, журам хугацааг гэрээгээр тохирсон байхад гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх нь ажил гүйцэтгэгчийн үүрэг тул ажлын үр дүнг захиалагчид ажил гүйцэтгэгч нь хүлээлгэн өгсөн болох нь мөн талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар үүргээ биелүүлж, хэлэлцэн тохиролцсон хөлсийг буюу орон сууц, авто зогсоолын үнийг төлсөн болохыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан орон сууц захиалан бариулах гэрээ, Ү-........ дугартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтаар нотлогдож байх тул хариуцагч нь үнийг бүрэн төлсөн захиалагч буюу нэхэмжлэгчийн өмчлөлд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар уг гэрээний зүйл болох орон сууц, автозогсоолыг шилжүүлэх үүрэгтэй байна.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус банк нь “Б” ХХК-тай 2014-.....-24-ний өдөр ЗГ-14/123 тоот зээлийн гэрээ болон БГ-14/123 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж,  Хан-Уул дүүргийн ..... хороо, .................. тоот 6004 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны зориулалт бүхий дуусаагүй барилгыг барьцаанд авсан, барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн шийдвэр гарсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тайлбарласан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд В- ХХК нь хариуцагч “Б” ХХК-тай 2014-.....-24-ний өдөр ЗГ-14-123 тоот зээлийн гэрээ, БГ-14/123 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн ..... дүгээр хороо, .................. тоотын 6004 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй, орон сууцны зориулалттай дуусаагүй барилгыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан баримтууд, хариуцагч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын тайлбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай орон сууц захиалан бариулах гэрээг 2014-05-22-ны өдөр байгуулсан байх бөгөөд уг гэрээний зүйл болох .................. .................. айлын орон сууцны барилгыг 80 хувийн гүйцэтгэлтэй байхад нь хариуцагч В- ХХК-д 2014-.....-24-ний өдөр барьцаалсан байна.

 

Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч “Б” ХХК болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох В- ХХК нарын хооронд 2014-.....-24-ний өдөр байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь хариуцагчтай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулах цаг хугацаанд гэрээний зүйл болох Хан-Уул дүүрэг, .....-р хорооны .................. тоотын орон сууц бий болоогүй, нэхэмжлэгчийн өмчлөл, эзэмшилд очоогүй байсан.

 

Түүнчлэн Иргэний хуулийн .....0 дугаар зүйлийн .....0.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг бөгөөд ..................-р байрны 9 тоотын автозогсоол бүхий гараашийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдээгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэж дүгнэх боломжгүй. Зохих этгээдийн зөвшөөрөл гэдгийг тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгоно.

 

Гэтэл хариуцагч “Б” ХХК нь орон сууц захиалан бариулах гэрээний 2.1-д заасан барилгын ажлыг буюу ..................-.................. айлын орон сууцанд 3 дугаар давхарт 80 м.кв талбай бүхий орон сууц, 9 дугаартай гараашийн ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгөхөөр талууд тохирсон байхад хариуцагч “Б” ХХК нь өөрийн өмчлөлийн .................. тоотын 6004 м.кв талбай бүхий баригдаж дуусаагүй барилгыг гуравдагч этгээдэд зээлийн барьцаанд тавьсан байх тул өмчлөгч өөрийн өмчлөлийн зүйлийг барьцаанд тавихад бусдаас зөвшөөрөл авах шаардлагагүй тул хариуцагч, гуравдагч этгээдүүдийн хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 9 тоот автозогсоолыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Мөн Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч С.А нь улсын бүртгэлийн газарт ..................-р байрны 9 тоотын автозогсоолын өмчлөх эрхийн талаар хүсэлт гаргасан болох нь нотлогдохгүй байна.

 

Хариуцагчийн гуравдагч этгээдэд барьцаалсан 80 хувийн гүйцэтгэлтэй барилгаас ..................-р байрны автозогсоол, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөгдсөн эсэх талаарх лавлагааг гаргуулахаар шүүгчийн захирамж 2019-12-17-ны өдөр гарсан байх боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон В- ХХК нь уг лавлагааг гаргахгүй боломжгүй тухай хариу ирүүлснээр Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс энэ талаарх лавлагааг гаргуулахаар шүүгчийн захирамж 2020-01-29-ний өдөр гарч тухайн байгууллагад хүргэгдсэн боловч шүүхээс шаардсан баримтыг тогтоосон хугацаанд хариу ирүүлээгүй, уг баримтыг заавал гаргуулах шаардлаггүй талаар зохигч тайлбарлаж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Б” ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа тул энэ компани үүргээгүй биелүүлээгүй учраас барьцааны гэрээ хөндөгдөхгүй гэх тайлбар гаргасан болохыг дурдав.  

 

Иймд нэхэмжлэгч нь ажлын үр дүнг буюу орон сууцыг хүлээн авч өмчлөгчөөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн байх бөгөөд гэрээгээр хэлэлцэн тохиролцсон хөлсийг буюу үнийг төлөх үүргийг гүйцэтгэсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул түүнийг Хан-Уул дүүргийн ..... дүгээр хороо, ..................-р байрны 09 тоот хаягт байршилтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, хариуцагч Б ХХК-нийг .................. тоотын 6004 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай барилгыг гуравдагч этгээдэд барьцаалах үед тухайн барьцааны хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаагүй, хариуцагчийн өмч гэж барьцааны гэрээнд тусгагдсан байх тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 9 тоотын автозогсоолыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зааснаар шаардлага үндэслэл, татгалзлаа нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь талуудын үүрэг болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А -ыг Хан-Уул дүүргийн ........ дүгээр хороо, ........... тоот хаягт байршилтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б-г болон гуравдагч этгээд ............. банк ХХК нарын хооронд 2014-11-24-ний өдөр байгуулсан БГ-14/123 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Хан-Уул дүүргийн ................ тоот хаягтг барьцаанаас чөлөөлөхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаарзүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Энхбаяраас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 322.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “...........” ХХК-иас 297.950 /хоёр зуун ерэн долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Энхбаярт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.ЯНЖИНДУЛАМ