Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 07

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 18-ны өдөр                          Дугаар 204/МА2018/00007                                  Өвөрхангай аймаг

               

 

                                   “Лотот” ХХК-ны нэхэмжлэлтэй иргэний

                                                          хэргийн тухай

 

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 145/ШШ2018/00201 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “Лотот” ХХК-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Б -д холбогдох

 

“Гэм хорын хохирол 30081321 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэл бүхий иргэний хэргийг шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, хариуцагч Д.Б , хариуцагчийн өмгөөлөгч Р.Шүрхүү, нарийн бичгийн дарга Г.Дорждулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:       

  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Манай “Лотот” ХХК нь зорчигч тээврийн хэрэгслийн үйлчилгээ явуулдаг бөгөөд Д.Б той 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хот хоорондын нийтийн зорчигч тээврийн ажил үйлчилгээний гэрээ байгуулан Д.Б ын эзэмшлийн 59-57 УБВ улсын дугаартай “Истана” маркийн бага оврын автобусыг өөрийн компаний нэр дээр бүртгүүлж тээврийн үйлчилгээ явуулж эхэлсэн. Манай байгууллага нь шугаманд гарч байгаа техник хэрэгсэл бүрт механик инженерүүд шалгалт хийж гаргадаг юм. Гэтэл 2010 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө хариуцагч Д.Б  нь 59-57 УБВ улсын дугаартай техникийн ямар нэгэн доголдолгүй “Истана” маркийн авто машиныг жолоодон Өвөрхангай аймгаас Улаанбаатар чиглэлд зорчигч тээвэрлэн явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчин хурд хэтрүүлсний улмаас Төв аймгийн Эрдэнэсант сумаас зүүн тийш 35 км зайд “Бүслүүр хайрхан уулын ар шил” гэдэг газар онхолдож зорчигч Ж.С , Г.Г , М.Б нарын амь насыг хохироож Б.Б, Б.Ж нарын биед хүнд гэмтэл учруулж, Б, С.С, С.А нарын биед хүндэвтэр, Б.Б, С.Б Т.Т нарын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэж Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Манай компани нь жолооч Д.Б ын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хурд хэтрүүлж осол гаргасны улмаас хохирогч нарт доорх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын дагуу 30081321 төгрөгийг төлөөд байна.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 46 дугаар тогтоол, Өвөрхангай аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр магадлалаар хохирогч Ж-д 9847350 төгрөг, хохирогч Б.Г 3498560 төгрөг, хохирогч Д.Г 532000 төгрөг, хохирогч Б.Б 514000 төгрөг, хохирогч Т.Т 3455661 төгрөг, насанд хүрээгүй хохирогч С.Билэгжаргалын хууль ёсны төлөөлөгч Г.У 324400 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.Жа-ны хууль ёсны төлөөлөгч Д 254000 төгрөг нийт 18425971 төгрөг, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1/103 дугаар шийдвэрээр 1363510 төгрөгийг “Лотот” ХХК-иас гаргуулж Б.Батжаргалд олгохоор, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1/410 дугаар шийдвэрээр “Лотот” ХХК-иас 2059520 төгрөгийг гаргуулж Б.Батжаргалд олгохоор, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2017/00645, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1182 магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2017/01087 тогтоолоор 8232320 төгрөгийг манай компаниас гаргуулж Б.Батжаргалд олгохоор тус тус шийдвэрлэсэн.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Д.Б оос 30081321 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү ...гэжээ.

Хариуцагч Д.Б  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний бие 2010 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Истана” маркийн авто машинаар хүн тээвэрлэж яваад осол гаргаж энэ хэрэгтээ 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 45 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4-д зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-д зааснаар cap бүр 93758 төгрөг гаргуулан С.Е, С.Б нарыг 18 нас хүртэл тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс Б.О, Б.Ц, Б.Д нарт cap бүр 31200 төгрөг гаргуулахаар тогтоосон. Би нийт 5 хүүхдэд тэтгэлэг өгч байгаад одоо 2 хүүхдийн тэтгэлэг төлж байгаа. Би ялаа бүрэн эдэлж гарсан. Одоо эрхэлсэн тодорхой ажилгүй. Олон жилийн ял эдэлж дуусаад 5 хүүхдийн тэтгэлэг төлсөн. Осол аваарын улмаас нуруу нугасандаа хүнд гэмтэл авсан ч ял эдлээд эмчлүүлж чадаагүй. Уг гэмтлийн улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Хяналтын шатны шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 46 дугаартай тогтоолоор Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтыг тус тус үндэслэн Лотот ХХК-иас 18425971 төгрөгийг гаргуулан гэм хорыг арилгуулсан байдаг. Тухайн үед Лотот ХХК-ны эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон ажил үүргээ гүйцэтгэж явсан. Гэтэл олон жилийн дараа шат шатны шүүхээс “Лотот” ХХК-иас гэм хорыг арилгуулж шийдвэр гарсан байтал надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Лотот ХХК-ны нэхэмжилж байгаа 30081321 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.Б оос 30081321 төгрөг гаргуулж “Лотот” ХХК-д олгохоор, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Д.Б оос 308 357 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулахаар, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Б ын өмгөөлөгч Р.Шүрхүү гаргасан давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 145/ШШ2018/00201 тоот шийдвэрт дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. “Лотот” ХХКомпани хохирогч нарт 30081321 төгрөг төлснийг нотлох баримт хэргийн материалд ирүүлээгүй байхад Д.Б оос гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Энэ нь Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д гэм хорын хохирлыг төлсөн нөхцөлд буруутай этгээдээс нэхэмжлэхээр хуульчилсан байна. Гэтэл “Лотот” ХХКомпани хохирогч нарт гэм хорын хохирлыг бүрэн арилгасан нь тодорхойгүй байна. Д.Б  гэмт хэрэг үйлдсэндээ зохих ял шийтгэлээ эдэлж дууссан хэдий ч ял эдэлж байх хугацаандаа хохирогч нарт 10 гаруй сая төгрөг төлсөн. Одоогоор тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг хохирогч нарт үргэлжлүүлэн төлсөөр байгаа. Мөн амжиргааны хувьд гэрийн дотор ам бүл 4 амьдардаг. Сард тогтмол олдог өрхийн орлого байхгүй. Д.Б  өөрөө ууц нурууны хүнд гэмтэлтэй ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Энэ нөхцөл байдлыг үндэслэн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т заасанаар Д.Б оос гаргуулах гэм хорын хохирлын хэмжээг шүүх харгалзан үзэх боломжтой байгааг анхаар ч үзнэ үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Д.Б оос 30081321 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Лотот” ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байна.

 

Нэхэмжлэгч “Лотот” ХХК нь “хариуцагч Д.Б од холбогдуулан гэм хорын хохирол 30081321 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Д.Б  нь 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Лотот” ХХК-тай хот хоорондын нийтийн зорчигч тээврийн ажил үйлчилгээний гэрээ байгуулан, жолоочоор ажиллаж байхдаа буюу 2010 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 59-57 УБВ улсын дугаартай “Истана” маркийн бага оврын автобус жолоодон Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчигч тээвэрлэн явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс осол гаргаж гурван хүний амь насыг хохироож, бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/46 дугаар шийтгэх тогтоолоор Д.Б  эрүүгийн хариуцлага хүлээсэн байна.

Хариуцагч Д.Б ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэгч “Лотот” ХХК-иас эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ж.Ж-д 9847350 төгрөг, хохирогч Б.Г-т 3498560 төгрөг, хохирогч Д.Г-т 532000 төгрөг, хохирогч Б.Б-д 514000 төгрөг, хохирогч Т.Т-т 3455661 төгрөг, насанд хүрээгүй хохирогч С.Б-н хууль ёсны төлөөлөгч Г.У-т 324400 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.Ж-ны хууль ёсны төлөөлөгч Б.Д-д 254000 төгрөг нийт 18425971 төгрөгийг, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1/103 дугаар шийдвэрээр Б.Б-д 1363510 төгрөгийг, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1/410 дугаар шийдвэрээр Б.Б-д 2059520 төгрөгийг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2017/00645, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1182 магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2017/01087 тогтоолоор Б.Батжаргалд 8232320 төгрөгийг тус тус  гаргуулж шийдвэрлэжээ.

“Лотот” ХХК нь хариуцагч Д.Б  нарын хооронд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилээгээ явуулах гэрээ байгуулагдсан бөгөөд Д.Б ын гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учирсан хохирол болох 30081321 төгрөгийг “Лотот” ХХК-иар хариуцуулахаар шийдвэрлэсэн тул “Лотот” ХХК нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлээр зүйлийн 498.5-т заасан үндэслэлээр хариуцагч Д.Б оос шаардах эрхтэй байна.

             Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн хариуцагчийн өмгөөлөгч Р.Шүрхүүгийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 145/ШШ2018/00201 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Р.Шүрхүүгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Д.Б ыг шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ЭРДЭНЭБИЛЭГ

             ШҮҮГЧИД                                Т.ДАВААСҮРЭН

                                                               М.МӨНХДАВАА