Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00371

 

“Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/01996 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1407 дугаар магадлалтай,

“Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Цоггэрэл, И.Золтуяа нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 14,638,081 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтохын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х б” ХХК нь хариуцагч Б.Цоггэрэл, И.Золтуяа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 14,638,081 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Цоггэрэл нэхэмжлэлээс 5,845,490 төгрөг төлөхөө зөвшөөрсөн, хариуцагч И.Золтуяа нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/01996 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Цоггэрэл, И.Золтуяа нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 10,472,675.6 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х б” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 4,165,405.4 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цоггэрэл, И.Золтуяа нараас улсын тэмдэгтийн хураамжид 182,513 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1407 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/01996 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,597 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх 10,472,675.6 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүд нийт 4,165,405.4 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй, иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хэдийгээр хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ тодорхой шалтгааны улмаас зөрчсөн боловч гэрээний үндсэн хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч нь 3 жил гаруй хугацааны дараа зээлийн гэрээний үүргийг шүүхээр шаардаж байгаа нь тухайн хугацаагаар зээлдэгч нарын хариуцлагын хэмжээг нэмэгдүүлсэн гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Иргэний болон бусад хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “...Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж тус хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна...”, мөн зүйлийн 222.5-д “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан байна.

4.2. Талуудын хооронд байгуулсан 2012.08.07-ны өдрийн ЗГ-1502 дугаартай зээлийн гэрээний 2.3.1-т “Зээлийн төлбөрийг Хавсралт-1-ээр тохиролцсон “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу төлнө” гэж талууд тохирч зээлийн гэрээний хавсралт-1-ээр эргэн төлөлтийг 2014.04.30-ны өдрөөс 2017.04.02-ны өдөр хүртэл 57 сарын хугацаатай сар бүрийн 02-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Гэтэл анхан шатны шүүхийн үндэслэл нь гэрээний тэгш шударга байдалд нийцээгүй, үүрэг гүйцэтгүүлэгчийг буруутгасан байдлаар дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгчийн буруутай үйлдэл бус болно. Гэрээ нь талуудын хооронд бичгээр байгуулагдсан хэн аль нь хүлээн зөвшөөрсөн эрх, үүргийн харилцаа бөгөөд зээлээ хуваарьт хугацаанд төлөх үүрэгтэйг үүрэг гүйцэтгэгч өөрөө мэдэж байгаа бөгөөд мэдэхгүй гэх үндэслэл байхгүй, энэ талаар хэрэгт баримтаар нотлогдоогүй. Хэрэв гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүг тооцох талаар гэрээний 2.1.5-д зээлийн гэрээгээр тохирсон. Мөн зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.5 “нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаанд төлөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно” гэсэн нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-д “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасантай нийцсэн байхад анхан шатны шүүх хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийгээгүй.

4.3. Монгол Улсын Дээд шүүхийн 2006.12.21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т тус тус заасан “нэмэгдүүлсэн хүү” гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ гэж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ... төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэж, “гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн бол зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохирсон хувиар тооцож төлөхийг хэлнэ гэж тус тус тайлбарласан. Талуудын хооронд байгуулсан цалингийн зээлийн гэрээнд заасан зээлийн хүү нь жилийн 21.6 хувь, 2014.04.30-ны өдрийн ЗГ-1502-1 тоот нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 1.4.1 -д зээлийн хүү жилийн 18 хувь нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байна гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд тус тус өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч “Х б” ХХК нь хариуцагч Б.Цоггэрэл, И.Золтуяа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээлийн үлдэгдэл 5,845,490 төгрөг, зээлийн хүү 7,607,436 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,185,155 төгрөг, нийт 14,638,081 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Б.Цоггэрэл “...5,845,490 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө, ажилгүй, орлогогүй болсноос зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй” гэж, хариуцагч И.Золтуяа “...зээл аваагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу” гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх хариуцагч Б.Цоггэрэл, И.Золтуяа нараас 10,472,675.6 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 4,165,405.4 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээжээ.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчийн хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэсэн байна.

9. Хэргийн баримтаас үзвэл, “Х б” ХХК болон хариуцагч Б.Цоггэрэл, Б.Содгэрэл нарын хооронд 2012.08.07-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 6,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай жилийн 21.6 хувийн хүүтэй зээлсэн, уг зээлийн төлөгдөөгүй 830,000 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 9,170,000 төгрөг олгож, нийт 10,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаанд зээлэх нэмэлт гэрээг банктай Б.Цоггэрэл, И.Золтуяа нар 2014.04.30-ны өдөр байгуулсан, энэ гэрээг үндэслэл болгож нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардсан, хариуцагч Б.Цоггэрэл гэрээ байгуулж зээл авснаа маргаагүй, хариуцагч И.Золтуяа гэрээний оролцогч биш гэж маргасан байна.

10. Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр ба хариуцагч нар 2016.07.08-ны өдөр хүртэл төлбөрөөс тодорхой хэсгийг төлсөн боловч уг хугацаанаас хойш үүргээ зохих ёсоор бүрэн гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлт буюу төлөгдөөгүй үндсэн зээл, гэрээний хугацаан дахь хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

11. Түүнчлэн нэхэмжлэгч гэрээ болон хуульд заасны дагуу зээлийн төлбөрөө зохих ёсоор гүйцэтгээгүй хариуцагч нараас гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй боловч энэ хэргийн хувьд хариуцагч  Б.Цоггэрэл зам тээврийн осол гаргаж, зээл төлөхөд хүндрэлтэй байдал бий болсон, энэ тухайгаа 2014, 2015 онд банкинд мэдэгдсэн, 2015.04.30-ны өдрөөс хойш ажлаас халагдсаны (цалин, гэрийн эд зүйл барьцаалсан) улмаас зээл төлөгдөөгүй үүрэг зөрчигдсөн, зээлийн гэрээний хугацаа 2017.04.02-ны өдөр дуусгавар болсон нь тогтоогджээ. Уг хугацаанаас хойших 3 жилийн хугацаанд буюу 2020.03.04-ний өдөр хүртэл нэхэмжлэгч нь хариуцагч нарын хүүхдүүдэд төрөөс олгож байгаа тэтгэмжийн мөнгийг зээлийн төлбөрт суутган, улмаар 2020.04.16-ны өдөр шүүхэд хандсан нөхцөл байдал зэрэг хэргийн баримтаар тогтоогдсон үйл баримтыг үндэслэн хоёр шатны шүүх бүрэн эрхийн дагуу хариуцагч нарын гүйцэтгэвэл зохих үүргийг гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөр тодорхойлж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасныг үгүйсгэх үндэслэлгүй, хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэх нь хуульд нийцэхгүй.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулж өөрчлөлт оруулах” гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/01996 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1407 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Х б” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох/ 2020.07.28-ны өдөр 81,597 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Д.ЦОЛМОН