| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 188/2019/1089/Э |
| Дугаар | 170 |
| Огноо | 2020-02-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 170
2020 2 6 2020/ДШМ/170
С.Н, С.Б, Э.Т,
Л.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Энхбат,
шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,
шүүгдэгч Л.Бийн өмгөөлөгч Б.Баттулга,
шүүгдэгч С.Б, шүүгдэгч С.Н, С.Б нарын өмгөөлөгч Б.Дашдорж,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/1252 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Н болон шүүгдэгч С.Н, С.Б нарын өмгөөлөгч Б.Дашдорж, шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Н, С.Б, Э.Т, Л.Б нарт холбогдох 1908026460813 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шилбүүр овгийн С.Н, 1993 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Гялс манас” ХХК-д захирал ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 3 дугаар байрны 4 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн 3-30 дугаар байрны 01 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ЙЛ93100313/,
2. Шилбүүр овгийн С.Б, 1996 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Экологи, байгаль хамгаалах мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Сант сум, 5 дугаар баг, Майхан залаа 2 дугаар хороолол, 8 дугаар гудамжны 1 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн Нефтийн 3-30 дугаар байрны 01 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ЙЛ96111532/,
3. Жонгоор овгийн Э.Т, 1998 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, “Гялс манас” ХХК-д дуудлагын жолооч ажилтай, ам бүл 7, эцэг, эх, эхнэр, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 24 дүгээр гудамжны 41 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УП98010677/,
4. Харчуул овгийн Л.Б, 1977 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 127 дугаар гудамжны 42а тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:OЭ77112331/,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 368 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 2012 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;
С.Н, С.Б, Э.Т, Л.Б, Ц.А нар нь бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 9-ний шөнө 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ авто машин цогцолбор” худалдааны төвийг хамгаалах үүрэг бүхий “Таван-Одот сум” ХХК-ийн хамгаалалтын албаны харуул хамгаалалтын ажилтан нарт архи, согтууруулах ундаа өгч, анхаарлыг нь сарниулах арга хэрэглэж, тусгайлан хамгаалсан харуул хамгаалалттай хашаанд нэвтэрч, иргэн А.Ринчиндаваагийн өмчлөлийн зарах гэж байсан 4 ширхэг, иргэн Б.Доржсүрэнгийн өмчлөлийн зарах гэж байсан 3 ширхэг “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгслүүдийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас А.Ринчиндаваад 2.400.000 төгрөгийн, Б.Доржсүрэнд 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор данхраад, дорцов, машин, механизм ашиглан үйл ажиллагаа явуулах, тусгайлан хамгаалсан харуул хамгаалалттай агуулах буюу хашаанд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар,
С.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар,
Э.Ты үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар,
Л.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар,
Ц.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт С.Н, Э.Т нарыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт С.Б, Л.Б нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, С.Н, Э.Т нарыг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдэхийг зохион байгуулсан гэм буруутайд, С.Б, Л.Б нарыг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдэхэд гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Н, Э.Т тус бүрийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар С.Быг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, Л.Бийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н, Э.Т, С.Б, Л.Б тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т, Л.Б нарын цагдан хоригдсон 39 /гучин ес/ хоногийг, шүүгдэгч С.Н, С.Б нарын цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Транскапитал” ББСБ-ын өмчлөлийн 16-57 УНМ улсын дугаартай “Тоyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн үнэ 12.500.000 төгрөгөөс шүүгдэгч С.Н, Э.Т, С.Б, Л.Б нарт ногдох хэмжээгээр буюу тус бүрээс 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хэрэгт битүүмжлэгдсэн “Транскапитал” ББСБ-ын өмчлөлийн 16-57 УНМ улсын дугаартай “Тоуоtа Рrius 20” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгчид нь олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн СD 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар дорцов 1 ширхэг, дорцовын толгой 2 ширхэг, данхраад 1 ширхэгийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч С.Н, Э.Т, С.Б, Л.Б нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Н, Э.Т, С.Б, Л.Б нарын эдлэх ялыг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тус тус тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.Н гаргасан давж заалдах гомдолдоо: “...Уг хэргийн мөрдөн байцаалтад өгсөн бидний мэдүүлэг өөр болж өөрчлөгдсөн, байцаагч өөрчилж өөр болгосон байсан. Тухайн үед хэргийн материалыг бидэнд танилцуулаагүй, загнаад хуралд орох гээд яаралтай ажилтай байна гээд цаг давчуу, гарын үсэг зурсан нь үнэн болно. Уг хэрэгт Э.Т, С.Н 2 нь толгойлон зохион байгуулсан гэх боловч уг хэргийг анх Амархүү ах санааг нь гаргаж, бид хоёрт санал болгосон болно.
Тухайн гэмт хэрэг болох өдөр Амархүү ах хамт байсан тухайн авто машинуудын нүүрсэн янданг сольж авч, зөрөөд мөнгийг нь 5007237120 дугаартай Амархүү гэсэн дансаар 3.200.000 төгрөг шилжүүлж авсан нь үнэн. Мөрдөн байцаалтад Амархүү ах битгий хэлээрэй гэсэн болохоор ахын талаар хэлээгүй. Мөрдөн байцаалтад гэрчээр нэг удаа мэдүүлэг өгсөн. Энэ хэргийг үйлдсэндээ маш их харамсаж байна. Хоригдоод маш их зүйлийг ойлгож байна. Дахин ийм буруу зүйл хийхгүй. Ялыг минь хөнгөрүүлж өгөхийг хүсч байна. ...” гэжээ.
Шүүгдэгч С.Н, С.Б нарын өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Н, С.Б нар нь 2019 оны 5 дугаар сарын 9-ний шөнө 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдсэн хулгайн хэрэгтэй ямар нэгэн байдлаар маргадаггүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулж, анхан шатны шүүх хуралдаан оролцсон.
Хэдийгээр ялтан нар улсын яллагчийн зүйлчилж оруулж ирсэн ялын зүйлчлэлтэй ямар нэгэн байдлаар маргаагүй боловч өмгөөлөгчийн зүгээс хулгайн үйлдэл, эс үйлдэхүйтэй маргаагүй, харин хэргийн зүйлчлэл тохирсон эсэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж хуульчлан заасны дагуу мэтгэлцэж оролцсон. Шүүхээс өмгөөлөгчийн зарим саналыг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн аваагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно” гэж хуульчлан заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “Учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт: Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөнд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно”, машин механизм ашигласан гэдгийг Улсын Дээд шүүхийн тайлбар /2006 оны 5 дугаар сарын 29-ний өдөр, тогтоолын дугаар 28/-т “...машин механизм хэрэглэсэн...” гэдгийг бусдын хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно. Харин “хулгайлах үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг энэ ойлголтод хамааруулахгүй” гэж тайлбарласан байна. Хэргийн үйл баримтаас үзэхэд тухайн машины янданг авахын тулд данхраад болон дорцов ашигласан болох нь нотлогддог ч ялтан нар хэрэг үйлдэх үедээ тухайн түлхүүр багажны бүтэц хэлбэрийг өөрчилсөн зүйл байхгүй байгаа нь зэвсэг, зэвсгийн чанартай зүйлд хамаарахааргүй байна.
Эд мөрийн баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт судлан шинжилсэн бөгөөд уг дүрс бичлэгт цагаан приус загварын машинтай явж байгаа харагдах боловч тухайн янданг хулгай хийж гарахад машинаар зөөж тээвэрлэж гараагүй. Учир нь, үүдний харуул машиныг шалгаж гаргах учраас хашаа давуулж шидсэн талаар шүүгдэгч нар мэдүүлдэг. Уг гэмт хэргийн хүрээнд хулгайн эд зүйл болох машины янданг хашаа давуулан шидсэнээр тухайн хулгайн үйлдэл төгсөж, уг эд зүйлийг захиран зарцуулах боломж нээгдсэн. Хулгайн эд зүйлээ 2 цагийн дараа машинтайгаа ирж, хашаа давуулсан газраасаа авсан талаар мэдүүлж байгаа нь уг хэрэгт машин механизм ашигласан гэдэг нь дээрх тайлбараар үгүйсгэхээр харагдаж байна.
С.Н, С.Б нар нь хэргийн үйл баримттай маргадаггүй, хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан. Өөрсдийн буруутай үйлдэлдээ дүгнэлт хийж, цаашид хэрхэн засарч хүмүүжих, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх талаар шүүхэд мэдүүлсээр байхад С.Ныг 3 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг ашиглаагүй нь хүндэдсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хариуцлагын зорилго нь “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчлан заасан байх бөгөөд дээрх залууст нийгэмших, өөрийнхөө буруутай үйлдлийг ухамсарлуулах боломжийг шүүхээс олгоогүй.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн 1908026460813 дугаартай хэргийг бүхэлд нь хянаж, хэргийн зүйлчлэл тохирсон эсэхийг хуулийн хүрээнд бүрэн хянаж, эргэлзээ бүхий байдал тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ялтанд ашигтайгаар шийдвэрлэж өгөх боломжтой эсэх, нөгөө талаас ялтан нарт зүйлчилсэн Эрүүгийн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзвэл, ялтан С.Нод оногдуулсан 3 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж ялаас чөлөөлж болно.” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус заасныг үндэслэн хөнгөрүүлж, хуульд заасан доод ялаас доогуур ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай ам бүл 7, аав, ээж, эхнэр, 3 дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 24 дүгээр байрны 41 тоотод амьдардаг. Аав материал “Импекс” компанид харуул хамгаалалтын ажил эрхэлдэг, ээж Уянга Улаанбаатар группд тогооч хийдэг, 14-өөс 20 насны 3 дүүтэй бөгөөд сургуульд болон их сургуульд сурдаг.
Би өмнө нь “Гялс Манас” компанид дуудлагын жолооч, мөн “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд аюулгүй байдал, хамгаалалтын албанд ажил хийж байсан, мөн засварын “Монгол Хьюндай” компанид авто засварчин хийдэг. 1 сард дунджаар 700.000-900.000 төгрөгийн цалинтай, хэрэгт холбогдох үедээ “Гялс Манас” компанид ажиллаж байсан ба олсон мөнгөө гэр бүлдээ зарцуулдаг байсан.
Тухайн болсон хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн.
Иймд надад оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, 1 жилийн хорих ял болгож өгнө үү.
Мөн миний бие Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, Х.Одбаяр шүүгчид хуваарилагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдсон нь шүүх дээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар өмгөөлөгч Н.Одонтуяа хүсэлт гаргасан байгаа. Уг хэргийг одоо давж заалдаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хэрэгт нэгтгэж, 1 шийтгэх тогтоолоор надад 1 ял оногдуулж, миний эрх зүйн байдлыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хэргийг прокурорт буцааж, 2 хэргийг нэгтгэн шийдвэрлэж өгнө үү.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг нь 2019 оны 8 дугаар сард болсон. Гэхдээ уг хэргийн хувьд би харилцан тохиролцсон асуудал байгаа тул хэрэг хэрэгсэхгүй болгоно гэж би бодоод өмгөөлөгчгүй орж, энэ хэргийг өмгөөлөгчдөө хэлээгүй нь миний буруу байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хэрэг 2019 оны 5 дугаар сард гарсан тул уг 2 хэргийг нэгтгэж шийдвэрлэхийн тулд хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Тгийн өмгөөлөгч Н.Одонтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Т нь ам бүл 7, эцэг, эх, эхнэр, 3 дүү нарын хамт амьдардаг, тодорхой оршин суух хаягтай, урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлсөн, төлөх төлбөргүй, гэм хор арилсан, хохирогчоос уучлалт гуйж, харилцан эвлэрсэн ба тухайн үйлдсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаагаа шүүх хуралдаанд хэлж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ баталсан. Түүний хувьд эхнэртэй болсон, залуу хүний хувьд амьдрал зохиож ар гэрээ авч явах үүрэг, хариуцлага ирсэн, цаашид амьдралд хөл тавьж, ухаарч хүмүүжих боломжтой төлөв төвшин зан чанартай.
Хуулийн байгууллагад шалгагдаж эхэлсэн үеэс болсон хэргээ үнэн зөвөөр мэдүүлж байсан. “Гялс Манас” компанид дуудлагын жолооч, “Чингис Хаан” Олон Улсын нисэх онгоцны буудалд аюулгүй байдал, хамгаалалтын албанд ажил хийж байсан, мөн засварын “Монгол Хьюндай” компанид авто засварчин хийж байсан. Цэрэгт 1 жилийн алба хаасан. Чингис хаан Олон Улсын нисэх буудалд ажиллаж байх үедээ лефтэнд 4 давхраас унаж, баруун хөлний шагайн үе бяцарч, 4 сар хэвтэрт эмчлүүлсэн. Одоо удаан 2 цагаас дээш зогсохоор янгинаж өвддөг, эдгэхдээ буруу бороолсноос дахин хагалгаанд орж хадуулах шаардлагатай байна.
Иймд хувийн байдал, ар гэрийн байдал, биеийн байдал болон ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлийг харгалзан үзэж, Э.Тд оногдуулсан 3 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг үндэслэн 1 жилийн хорих ял болгож багасгаж, нэг шийтгэх тогтоолоор шийтгэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Л.Бийн өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Б нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Шүүгдэгч С.Б: “...Тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй. ...” гэв.
Прокурор Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх тус хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нарт тохирсон ял шийтгэл оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар С.Н, С.Б, Э.Т, Л.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ, давж заалдсан гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт С.Н, Э.Т нарыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт С.Б, Л.Б нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэвэл, анхан шатны шүүхээс С.Н, С.Б, Э.Т, Л.Б нарын үйлдлийг “учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн данхраад, дугуйн дорцов хэрэглэж, машин механизм ашиглан” гэж дүгнэснийг буруу буюу Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
С.Н, С.Б, Э.Т, Л.Б нар нь “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” хэрэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэж тодорхойлсон ба шүүгдэгч нарын хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн данхраад, дорцов нь “тусгайлан бэлтгэсэн” гэх зүйлд хамаарахгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “...учрах саадыг арилгах зорилгоор, машин механизм ашиглаж...” гэж хуульчилсан бөгөөд С.Н, С.Б, Э.Т, Л.Б нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ автомашиныг учрах саадыг арилгах зорилгоор ашиглаагүй, тухайн гэмт хэргийг үйлдсэний дараа автомашинаар хулгайлсан эд зүйлийг зөөсөн байдал нь дээрх гэмт хэргийн шинжид хамаарахгүй гэж үзэв.
Иймд прокуророос С.Н, Э.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, С.Б, Л.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн ирүүлснийг өөрчилж, шүүгдэгч С.Н, Э.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, С.Б, Л.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зөвтгөн зүйлчлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
С.Н, С.Б, Э.Т, Л.Б нар нь бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 9-ний шөнө 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ авто машин цогцолбор” худалдааны төвийг хамгаалах үүрэг бүхий “Таван-Одот сум” ХХК-ийн хамгаалалтын албаны харуул хамгаалалтын ажилтан нарт архи, согтууруулах ундаа өгч, анхаарлыг нь сарниулах арга хэрэглэж, уг цогцолборын зогсоолд байсан иргэн А.Ринчиндаваагийн өмчлөлийн зарах гэж байсан 4 ширхэг, иргэн Б.Доржсүрэнгийн өмчлөлийн зарах гэж байсан 3 ширхэг “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгслүүдийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас А.Ринчиндаваад 2.400.000 төгрөгийн, Б.Доржсүрэнд 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч А.Ринчиндаваагийн “... 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зогсоол дээрээ очиж автомашинуудаа байрлуулж байгаад тэр өдрөө гэртээ харьж амраад маргааш, нөгөөдөр нь буюу 2019 оны 5 дугаар сарын 11-нээс 12-ны өдрүүдэд машины зогсоол дээрээ очилгүй гадуур ажилтай явж байтал миний хажуу талын зогсоолыг түрээсэлдэг Доржсүрэн гэх залуу миний гар утас руу залгаад “ахаа гялс зогсоол дээр хүрээд ир, миний хоёр машины нүүрсэн яндан, таны 4 машины нүүрсэн яндан хулгайд алдагдсан байна. Би сая хяналтын камер шүүж харлаа” гэхэд нь би яваад очтол Доржсүрэнгийн приус 20 загварын хоёр автомашины нүүрсэн яндан, миний приус 20 загварын машины маань нүүрсэн янданг нэг залуу приус 20 автомашинтай зогсоол дээр ирээд тайлж байгаа дүрс хяналтын камерын бичлэгт бичигдсэн байсан. “...Би фэйсбүүкийн авто худалдааны зар болон машин зардаг ченж нараас асуухад нэг нүүрсэн яндан нь 800.000 төгрөг байдаг гэж байна. Би нэг ширхэг нүүрсэн яндангаа 800.000 төгрөгөөр үнэлж байна. ...Миний зарж байсан 4 автомашины янданг сольсон байсан. ...” /1-хх-10-16, 17-21, 22-23/,
хохирогч Б.Доржсүрэнгийн “...2019 оны 5 дугаар сард 12-ны өдөр зогсоолд байсан приус 20 загварын автомашиныг зарах гээд хүнд сонирхуулаад, машинаа асаагаад унаж үзтэл миний машины яндан нь тачигнаад муухай дуугараад байхаар нь доогуур нь шагайж хартал миний машины нүүрсэн янданг аваад оронд нь өөр хоосон яндан хийгээд гагнасан байсан. Тэгээд би тус цогцолборын хамгаалалтын албанд мэдэгдэж, хяналтын камерыг шүүж үзтэл 2019 оны 5 дугаар сарын 9-ний орой 22 цаг 31 минутад гаднаас приус 20 загварын автомашин орж ирээд манай зогсоолын хажууд очиж зогсоод миний хоёр приус 20 загварын автомашин болон миний хажуу талын зогсоолын Ринчиндаваа ахын приус 20 загварын 4 машины нүүрсэн янданг тайлж аваад, нийтдээ 6 ширхэг нүүрсэн янданг машиныхаа ард талд ачиж байгаа дүрс харагдаж байхаар нь би тус хороо хариуцсан цагдаагийн алба хаагчид хулгайн дуудлага өгсөн. Би фэйсбүүкийн авто худалдааны зар болон машин зардаг ченж нараас асуухад нэг нүүрсэн яндан нь 800.000 төгрөг байдаг гэж байна. Би нэг ширхэг нүүрсэн яндангаа 800.000 төгрөгөөр үнэлж байна. ...Би өөр дээрээ зарагдаж байгаа автомашинуудын янданг үзэхэд тухайн үед 2 автомашины яндан алдагдсан байсан. Тэгээд би хоёр яндан алдсан гэж мэдүүлж байсан. Харин 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1 автомашин зараад 2019 оны 5 дугаар сарын 12-ны өглөө нэг автомашиныг ломбардад барьцаанд тавьсан байсан. 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зарсан автомашины нүүрсэн янданг хулгайлаад солиод авсан байсан. ... ” /1-хх-177-183, 184-188, 189-190/,
иргэний нэхэмжлэгч Ч.Шинэбаярын “...2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Ц.А гэх хүнтэй 12 сарын хугацаатайгаар сар бүр 3.4 хувийн хүүтэйгээр 5.000.000 төгрөгийг тээврийн хэрэгслийг өөрөө унаж хэрэглэж байхаар харилцан тохиролцон манай компанийн эзэмшилд шилжүүлэн гэрээ байгуулсан. ...Ц.Атэй гэрээ байгуулан “Транскапитал” ХХК-ийн эзэмшилд шилжсэн байна. ...” /1-хх-93-95/,
гэрч Э.Нямдаваагийн “...Намайг очиход цагаан өнгийн приус 20 загварын машин дотроос 30-аас 35 орчим насны ах гарч ирээд, араас нь 18-аас 20 насны 2 залуу гарч ирсэн. Нэг эрэгтэй хүн машин дотор нь унтаж байгаа харагдсан ба бүгд согтуу байсан. Тэгээд Нарангийн голын эцэс орчим нэг айлын хашаанд очоод миний машинд 8 ширхэг яндангаа 18-аас 20 насны 2 залуу нь ачиж өгсөн. Бид нар Нарангийн голын АТМ дээр ирээд 5007237120 дугаартай Амархүү гэсэн нэртэй дансанд 3.200.000 төгрөг шилжүүлэх байсан боловч 3.500.000 төгрөгийг шилжүүлчихсэн ба буцааж 300.000 төгрөгөө шилжүүлж авсан. ...” /1-хх-31-34/,
гэрч П.Цогтсайханы “...Би 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хувиарын дагуу ээлжинд гараад ажлаа хийгээд байж байтал өмнө манай харуул хамгаалалтын албанд хамт ажилладаг байсан Батзориг нэг танихгүй залуутай орой 22 цаг өнгөрч байхад ирээд “ойрд уулзаагүй” гээд надад Х нэртэй 0.75 литрийн архи нэг шилийг, Нийслэл нэртэй 2.5 литрийн пиво нэг ширхэгийг өгөхөөр нь би архи, пивийг нь аваад хяналтын камер дотор уухгүй гээд гадаа сандал дээр суугаад бид 3 хувааж уугаад байж байтал хашааны гадаа приус 20 загварын цагаан өнгийн машинтай хүн ирэхээр нь би очиж, ямар ажлаар явж байгаа талаар асуухад тэр залуу ахынхаа машинаас юм авах гэсэн юм гэхээр нь би өмнө нь зогсоол дээр харагдаж байсан залуу болохоор нь тэр залууг зогсоол руу оруулаад зогсоолын зүүн талд байрлах 2 дугаар бүс рүү очихоор нь би юмаа аваад буцаад гарна гэж бодоод буцаж нөгөө хоёр дээрээ очиж үргэлжлүүлэн архи хувааж уугаад сууж байтал Батзоригтой хамт ирсэн залуу гар утсаараа нэг хүн рүү яриад хүрээд ир гэж дуудаад удалгүй зогсоолын гадаа цагаан приус 20 загварын машин ирээд Батзориг хамт явсан залуугийн хамт явсан. ...Хяналтын камерыг шүүж үзэхэд миний өмнөх ээлжинд намайг архи ууж байх үеэр цагаан приус 20 загварын автомашинтай зогсоол руу орж ирсэн залуу приус 20 загварын 6 автомашины нүүрсэн янданг тайлж аваад сольж байгаа дүрс бичигдсэн байсан. ...” /1-хх-46-49, 50-51/,
гэрч Н.Болдын “...2 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад, 40 гаруй насны цагаан хүрэмтэй залуу, 30 гаруй насны ногоон ноосон цамцтай залуутай хамт Цогтсайхан, Баярмагнай нар сууж байсан. Надад архи өгөхөөр нь би архи уухгүй гэж хэлээд камерын өрөөнөөс ганцаараа гарахад зогсоолуудын дунд байрлах хайрган талбай дээр цагаан өнгийн приус 20 загварын автомашинд 2-оос 3 залуу суусан, машин нь асаалттай байхаар нь би “та нар юу хийж байгаа юм бэ” гэхэд бид нар Батзоригийг хүлээж байна гэхээр нь би хүн хүлээж байгаа юм байна гэж бодоод 2 дугаар пост руу явсан. ...” /1-хх-52-54/,
гэрч П.Доржпаламын “...Тухайн үед Батзориг гэнэт хүрээд ирсэн. Ажлын цаг дууссанаас хойш гаднаас автомашин, хүн оруулж болохгүй. Хулгай хийж байгаа талаар мэдээгүй. Шинэ авто худалдааны цогцолборт автомашины борлуулагч хийдэг хүмүүс байсан болохоор өөрсдийнхөө автомашинаас эд зүйл авч байна гэж бодоод анзаараагүй. ...” /1-хх-57-58/,
гэрч Ж.Энхтөрийн “...2019 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс манай эхнэрийн төрсөн дүүгийн хүүхэд С.Н надтай хамт Шинэ зах худалдааны төв дээр Япон улсаас оруулж ирсэн Тоёота приус 20, 30 загварын тээврийн хэрэгсэл борлуулж хувиар хөдөлмөр эрхэлдэг байсан. Энэ хугацаанд С.Ныг тээврийн хэрэгсэл борлуулах чиглэлээр ажиллуулж байсан. Ажиллаж байх хугацаандаа Япон улсаас буусан шинэ автомашинуудыг гаалийн байгууллагаас буулгахаар худалдааны төв дээр байрлуулж зарах үүрэгтэй ажиллаж байсан. ...” /1-хх-59-60/,
С.Нын яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Төгсбуян бид хоёр найз Амархүүгийн приус 20 загварын 16-57 УНМ улсын дугаартай автомашиныг гадуур ажилтай байна гэж хэлээд аваад гадуур унаж явж байгаад бид хоёр орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32-ын автобусны ард байх “Цоглог” нэртэй пабд найз Буянаатай уулзаж, 0.5 литрийн пиво уугаад сууж байхад Батзориг ах 20 цаг өнгөрч байхад миний 80871950 дугаарын утас руу 86130391 дугаарын утаснаас залгаад ах нь хөдөөнөөс барилгын ажлаасаа ирсэн байна. Ахдаа ганц юм аваад өгөөч гэхээр нь хүрээд ир гээд пабд дуудсан. Батзориг ах 21 цагийн үед ирсэн ба бид гурав 0.75 литрийн Хар чингис нэртэй архи 1 ширхэг, 3 ширхэг пиво уусан. Төгсбуян машин барьж байсан болохоор уугаагүй. Тэр үед Төгсбуян бид хоёрт урьд нь ченжээс худалдан авсан 8 ширхэг приус 20 загварын автомашины яндан байсан. Тэр яндангуудаа Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчоонд байдаг автомашины худалдаан дээр очиж, ахын зарж байсан шинэ приус 20 загварын машины яндангаар солихоор Төгсбуян бид хоёр ярилцсан байсан. ...Төгсбуян тайлж авч, сольсон. Би харуулуудыг саатуулаад хяналтын камерыг харж байсан. ...2019 оны 5 дугаар сарын эхээр бид нар хоорондоо ярилцаад тохирсон байсан. Би нийт 6 ширхэг приус 20 загварын нүүрсэн янданг авсан. ...” /1-хх-153-154, 159-161, 162-167/,
С.Бын яллагдагчаар өгсөн “...Бид нар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Шинэ авто худалдааны цогцолбор дээр ирэхэд Нямтогтох ах, Батзориг ах хоёр авсан архиа аваад буугаад дотогш орсон ба Нямтогтох ах Төгсбуянд хандаж “та хоёр нөгөө юмандаа явчихаад ирээч” гэсэн. ...Төгсбуяны гэрт очоод хашаанд байх амбаараас приус 20 загварын автомашины 8 ширхэг нүүрсэн янданг авсан. ...Төгсбуян надад эндээс хэдэн машины яндан сольж тавих хэрэгтэй байна гээд цагаан өнгийн приус 20 загварын автомашин дээр очоод доороос нь данхраадаар өргөж байгаад уг автомашины нүүрсэн яндангуудыг тайлж аваад намайг түлхүүр багаж аваад өг гээд тайлсан янданг автомашинд хийгээд, авч ирсэн яндангаас аваад ир гэсэн. Тэгээд би тайлсан янданг машинд хийгээд авч ирсэн яндангуудаасаа авчирч өгсөн. Нийтдээ 7 машины янданг сольсон. ...Мөн Амархүү ахын машины нүүрсэн янданг сольсон. ...Би Төгсбуян, Батзориг ах, Нямтогтох ах, Амархүү ах нарын хамт үйлдсэн. ...Надад 800.000 төгрөг өгсөн. ...Батзориг ах, Нямтогтох ах хоёр харуулуудтай архи уусан. Төгсбуян нүүрсэн яндангуудыг тайлж, сольсон. ...” /3-хх-4-13/,
Э.Ты яллагдагчаар өгсөн “...Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Надад мөнгөний хэрэг гараад мөнгө олох гээд гэмт хэрэг үйлдсэн. ...Би данхраадаар машиныг доороос нь өргөөд 14 дорцовоор боолтыг нь тайлаад авсан. ...Амархүү ахын автомашин дотор байсан данхраад, Батзориг ахын дорцов байсан. Данхраад, дорцов хоёр хүмүүст нь байгаа. ...Би Нямтогтох ахын хамт үйлдсэн. Нямтогтох ах харуулуудыг саатуулаад хяналтын камерыг харж байна гэсэн. ...Тэр үед Нямтогтохын дүү Бямбатогтох бид нүүрсэн яндан аваад солиод зарах гэж байгааг мэдэж байсан ба нүүрсэн яндангуудыг ганцаараа солих гэхээр би амжихгүй байх тул Бямбатогтох хамт оролцохоор болсон. ...2019 оны 4 дүгээр сарын эхээр бид нар хоорондоо ярилцаад тохирсон байсан. Би Батзориг, Нямтогтох, Бямбатогтох, Амархүү ах нарын хамт үйлдсэн. ...Харуулууд согтсон байсан. ...” /1-хх-137-138, 143-145, 146-152, 213-214, 217-219/,
Л.Бийн яллагдагчаар өгсөн “...Төгсбуян, Бямбатогтох, Нямтогтох, нарын хамт очсон. Тэгээд Нямтогтох бид хоёрыг буулгаад Төгсбуян, Бямбатогтох нар яваад өгсөн. Намайг архи уугаад согтоод унтаж байхад Нямтогтох намайг сэрээгээд авч явахад Төгсбуян, Бямбатогтох, Амархүү нар ирсэн байсан. ...Хийсэн хэрэгтэй харамсаж байна. ...” /3-хх-28-37/,
Ц.Агийн яллагдагчаар өгсөн “...Надад Нямтогтох, Төгсбуян нар ахынхаа машины яндангуудыг сольж авч байгаа гэж хэлсэн. ...Нийтдээ 8 ширхэг нүүрсэн янданг сольсон. ...Бид нар 1 ширхэг янданг 400.000 төгрөгөөр тооцож зарсан. ...Төгсбуян яндангуудыг тайлсан. Бямбатогтох Төгсбуянд яндангуудыг “тайл гэж” тулгасан байсан. Нямтогтох, Батзориг хоёр намайг очиход харуулын байранд харуулуудтай архи ууж байсан. ...” /3-хх-16-25/ гэх мэдүүлгүүд,
хэргийн гарын үзлэг хийсэн тэмдэглэл /1-хх-5-6/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-7-9/, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /1-хх-63-66, 73-76, 191-194, 202-205/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл /1-хх-87-88/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1-хх-91/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /1-хх-97-101/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1-хх-110/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-хх-111/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-хх-112, 125/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-хх-119-124/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-хх-126-127, 128-135/, Э.Ты мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-хх-234-235/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-236-242/, С.Нын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-хх-243-244/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-245-248/, С.Ноос хохирлын мөнгө хураан авсан тэмдэглэл /3-хх-44/, Э.Тгаас хохирлын мөнгө хураан авсан тэмдэглэл /3-хх-45/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3-хх-46/, хохирогч Б.Доржсүрэнгийн хохирол, төлбөргүй талаарх хүсэлт /3-хх-47/, хохирогч А.Ринчиндаваагийн хохирлын мөнгө хүлээн авсан тэмдэглэл /3-хх-48/, хохирогч А.Ринчиндаваагийн хохирол, төлбөргүй талаарх хүсэлт /3-хх-49/, Э.Т А.Ринчиндаваад хохиролд 1.000.000 төгрөг төлсөн баримт /3-хх-122/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Н, Э.Т нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б, Л.Б нарыг тус бүр 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм бурууд тохирно гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2530 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч С.Н, С.Б, Э.Т, Л.Б, Ц.А нарт холбогдох хэргээс Ц.Ад холбогдох хэргийг “Ц.А нь Монгол Улсын хилээр гарсан илэрхий нөхцөл байдал үүссэн” гэх үндэслэлээр хэргийг тусгаарласаныг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/1252 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос шүүгдэгч С.Н, С.Б, Э.Т, Л.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...С.Н, Э.Т нарыг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдэхийг зохион байгуулсан гэм буруутайд, С.Б, Л.Б нарыг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдэхэд гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг “...С.Н, Э.Т нарыг гэмт хэргийг зохион байгуулагчаар, С.Б, Л.Б нарыг гэмт хэргийг гүйцэтгэгчээр тус тус оролцож бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилсүгэй.
3. Шийтгэх тогтоолын тогоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Н, Э.Т тус бүрийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар...” , “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар С.Быг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, Л.Бийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Н, Э.Т нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б, Л.Б нарыг тус бүр 8 сарын хугацаагаар хорих ял...” гэж өөрчилсүгэй.
4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ