| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 110/2023/0048/з |
| Дугаар | 221/МА2025/0578 |
| Огноо | 2025-09-10 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2025/0578
Х.М нарын нэр бүхий 4 иргэний нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч С.Мөнхжаргал
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгч Х.М, нэхэмжлэгч К.Дын өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир
Нэхэмжлэгч: Х.М, Т.А, К.Д, Д.Х
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Х.Н
Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн шилжүүлж, газар эзэмшүүлэх тухай” А/353 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 110/ШШ2025/0048 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Х.М, К.Д
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З Ө.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 110/2023/0048/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.М, Т.А, К.Д, Д.Х нараас Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн шилжүүлж, газар эзэмшүүлэх тухай” А/353 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 110/ШШ2025/0048 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.М, Т.А, К.Д, Д.Х нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгч К.Дын өмгөөлөгч Ө.Э дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Захиргааны ерөнхий хууль зөрчигдсөн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгчид Баян-Өлгий аймгийн Засаг дарга нь өөрсдийн өмчлөлийн хөрөнгө байрлаж буй газрыг бусдад шилжүүлэх захирамж гаргахдаа газраас салшгүй бэхлэгдсэн үл хөдлөх хөрөнгө өмчилж худалдаа эрхэлж буй иргэдэд мэдэгдэж оролцоог нь хангаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, 4.2.6-д заасан зарчмуудыг хангаагүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлд заасан бодит нөхцөлийг тогтоох үйл ажиллагааг явуулах үүргээ зөрчсөн гэж маргахад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн тус үндэслэлийн талаар огт дүгнэлт өгөөгүй орхигдуулсан. Газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ нөхцөл байдлыг тодруулах үйл ажиллагааг явуулж, тус газар дээр худалдааны үйл ажиллагаа явуулж буй дэлгүүрийн өмчлөгч нарыг оролцуулж мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах ёстой байсан бөгөөд тус тохиолдолд бидний саналыг авч эрхийг зөрчилгүйгээр шийдвэр гаргах боломжтой байсан. Гэтэл тус газар дээрх хөрөнгө өмчлөгчдийн саналыг авалгүйгээр тэдгээрийн ашиг сонирхлыг хангалгүйгээр үл хөдлөх хөрөнгийн суурийн газрыг нь бусдад шилжүүлж өгсөн нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн.
3.2. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасныг зөрчсөн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгчид нь “А” ХХК болон Х.Нын нарын хооронд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэсэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны А/353 дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 38.2-т заасныг зөрчсөн талаар маргаж байхад тус үндэслэлийн тухайд огт дүгнэлт өгөөгүй орхигдуулсан байна.
Зүй нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-д заасан “нотариатаар гэрчлүүлсэн гэрээ”-г хавсаргаж хүргүүлсэн байх ёстой бөгөөд бусад баримт бичгийн бүрдлийг хангаагүй, татвар, хураамжийг төлөөгүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь маргаан бүхий захиргааны акт Газрын тухай хуулийн 38.2-т заасныг зөрчсөн болох нь тодорхой байдаг. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 27.1, 27.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг ямар учраас эшлэсэн нь ойлгомжгүй байна.
3.3. Нэхэмжлэгчдийн эрх зүйн статусын талаар буруу дүгнэлт өгсөн. Нэхэмжлэгчид анх газар дээр үл хөдлөх эд хөрөнгө барихдаа “А” ХХК-тай түрээсийн гэрээтэй байсан нь маргаан бүхий захиргааны актыг хууль ёсны эсэхэд дүгнэлт өгөхөд огт хамааралгүй.
Нэхэмжлэгчид маргаан бүхий захиргааны актаар эзэмших эрх шилжиж буй газар дээр баригдсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчид юм. Газрын тухай хуулийн 84.3-д “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж зааснаар газраас салгаж болохгүй үл хөдлөх хөрөнгийн суурийн газрыг хууль зөрчин, шилжүүлсэн хэмээн маргаж байгаа. Өмчлөх эрхээ хамгаалахаар маргаж байна. Учир нь газрыг шилжүүлж авсан Х.Н нь тус газар дээрх үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж нэгдсэн худалдааны төв барьж түүнээс дэлгүүрийн эздэд талбай түрээслэхээр төлөвлөж байгаагаа “Ах дам” захын худалдаа эрхлэгчдэд илэрхийлж байсан бөгөөд түүнийгээ өөр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүлээн зөвшөөрсөн.
3.4. Нэхэмжлэгч нар тус газрыг эзэмшихээр хүсэлт, нэхэмжлэл гаргаагүй. Гагцхүү газрын тухай хуулийн холбогдох заалт, Захиргааны ерөнхий хуульд заасан холбогдох ажиллагааг хийлгүйгээр өөрсдийн үл хөдлөх хөрөнгө байгаа, худалдааны үйл ажиллагаа явуулж ажил амьдралаа залгуулж буй хэсгийн газрыг хууль зөрчин бусдад шилжүүлсэн гэж маргаж байгаа. Нөгөөтээгүүр шүүгч нэхэмжлэгчийн маргаж буй хуулийн үндэслэлүүдэд нотлох баримтыг үндэслэн дүгнэлт өгөлгүйгээр “гуравдагч этгээдийн эзэмшлийн газар, гуравдагч этгээд нь хуульд заасан журмын дагуу бусдаас шилжүүлэн гэрчилгээ авсан” хэмээн урьдчилан хийсвэрээр дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх үндсэн зарчмыг зөрчиж байна.
Иймд Баян-Өлгий аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 110/ШШ2025/0048 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгч Х.М дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч Х.М миний бие Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн шилжүүлж, газар эзэмшүүлэх тухай” А/353 дугаар захирамжаар иргэн Х.Над шилжүүлэн эзэмшүүлсэн 5120 м.кв газарт 2006 онд худалдаа үйлчилгээний зориулалттай 53,8 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө барьж, Улсын бүртгэлийн газраас 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 000201268 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ авсан, мөн 2006 онд баригдсан Б. Ербол гэх хүний өмчлөлд байгаа 40 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Т.Ш гэх хүний 2006 онд баригдсан 40 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус худалдан авснаар одоогийн байдлаар би “А” барааны захад хэмжилтээр тогтоогдсон 53,8 м.кв, 82,5 м.кв талбайтай хоёр дэлгүүр ажиллуулж байна. Уг хоёр дэлгүүр хоёулаа эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй байгаа болно.
4.2. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж, мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт: “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин барилга 4 байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна" гэж заасан юм. Газрын тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.17 дахь хэсэгт "Газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх" гэж хуульчилсан нь үл хөдлөх хөрөнгө болон түүний байршил газар нь харилцан хамааралтай, салшгүй уялдаа холбоотой, эзэмшил газаргүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг төсөөлөх боломжгүй болохыг илтгэж байна. Нэгэнт Х.М миний өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий шүүхийн үзлэгээр тогтоогдсон 53,8 м.кв, 83,5 м.кв талбайтай Үл хөдлөх эд хөрөнгийн байршил газар нь нэхэмжлэгч Х.М миний эзэмшилд хууль ёсоор шилжсэн, миний үл хөдлөх эд хөрөнгийн бүрдэл хэсэг юм. Энэ талаар анхан шатны шүүх холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас үнэлээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж гомдол гаргаж байна.
4.3. Аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн шилжүүлж, газар эзэмшүүлэх тухай” А/353 дугаар захирамж гарахаас өмнө нэхэмжлэгч Х.М би тухайн газарт үл хөдлөх эд хөрөнгө барьсан, 2006 онд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гардан авч, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн, тухайн газар сул чөлөөтэй байгаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан: “Захиргааны актын үйлчлэл шууд чиглэгдсэн, шийдвэр гаргах ажиллагааны бие даасан оролцогч байх тул намайг шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулах үүрэгтэй байсан бөгөөд эн шийдвэрийн улмаас Х.М миний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдсөн тул Захиргааны Ерөнхий хуулийн 13.2-д зааснаар “гуравдагч этгээд”-ийн хувиа оролцуулж, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-дэх хэсэгт заасан “оролцогчийн субьектив эрхийг хангах” Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 зааснаар “шийдвэр гаргахаас өмнө бодит байдлыг тогтоох” 27 дугаар зүйлийн 27.1-д хэсэгт зааснаар "сонсох ажиллагаа хийх" зэрэг үүргийг тухайн Засаг дар хэрэгжүүлээгүй байж, тухайн үед аймгийн ИТХ-ын төлөөлөгч байсан Х.Н давуу байдал олгосон, Засаг дарга өөрөө Аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчийг эрхшээлд орж, улс төрийн шийдвэр гаргасан болохыг нотолж байна.
4.4. Захиргааны Ерөнхий хуулийн дээрхи заалтууд зөрчигдсөн тул Аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/353 дугаар захирамж нь Захиргаан ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх, 47.1.7-д "түүнийг бодит нөхцөл байдал биелүүлэх боломжгүй" гэх заалтуудыг Засаг даргын захирамж зөрчиж байх тул захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан "Захиргааны акт иг хууль бус болох" тул мөн хуулийн 47.2 дахь хэсэгт зааснаар "эрх зүйн үйлчлэлгүй болно. Анхан шатны шүүх Захиргааны Ерөнхий хуулийн дурдсан заалтуудыг хэрэглээгүй орхигдуулсан нь "хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж гомдол гарга: байна.
4.5. Нэхэмжлэгч Х.М бидний маргааны үйл баримтад яг адилхан, мөн адил “А” ХХК-ны эзэмшилд байсан газарт баригдсан үл хөдлөх хөрөнгийн эзэмших газрыг, бидэнтэй адил олон жил түрээсэлсэн байхад өөр этгээдэд шилжүүлэн эзэмшүүлсэн маргаан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2022 оң хэргийн индекс 110/2022/0064/3 гэх “Шийдвэр”-ээр шийдвэрлэгдэж нэхэмжлэг Х.М гэх хүний нэхэмжил хангагдсан юм. Уг маргааны зүйл бидний маргаа бүхий газарт зэргэлдээ учир бид сайн мэдэж байна. Шүүхийн хүчин төгөлдөр “Шийдвэр”-ээр тогтоосон практик байхад анхан шатны шүүх буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна.
4.6. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 110/шш2025/0048 дугаартай “Шийдвэр”-ийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
5. Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Х.М, Т.А, К.Д, Д.Х нараас Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн шилжүүлж, газар эзэмшүүлэх тухай” А/353 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргажээ.
2.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ “... тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох дэлгүүр, агуулахуудад олон жил худалдаа хийж, зарим нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан, өмнөх газар эзэмшигчийн зөвшөөрлөөр түрээсээр ашиглаж байсан газар дээрээ барилга барьсан бид хохирч байна, газраас салгамагц зориулалтын дагуу ашиглах боломжгүй учраас үл хөдлөх хөрөнгө мөн, аймгийн Засаг дарга нь “А” ХХК-ийн газар эзэмших эрхийг Х.Над шилжүүлэхдээ бидний ашиг сонирхлыг хангаж, дэлгүүрийн газраас бусад хэсгийг шилжүүлж болох байсан, маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийг зөрчсөн бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч нарын өмчлөх эрх, аж ахуйн үйл ажиллагаа явуулах үндсэн эрх зөрчигдөж байна” гэж тодорхойлон маргасан.
2.2. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд “... А захад худалдаа, үйлчилгээ эрхэлдэг нэхэмжлэгч нарын хувьд газар эзэмших эрх олгосон албан ёсны захирамж гараагүй, уг газрыг “А” ХХК-д эзэмшүүлж байгаад Х.Над хэсэгчлэн шилжүүлсэн нь Газрын тухай хуульд нийцсэн” гэж,
2.3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... нэхэмжлэгч нар нь түрээсийн гэрээгээр ашиглаж байсан газар дээр дэлгүүр барьж, зарим нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгч нарын хувьд газартай холбоотой ямар нэг эрх эдлэхгүй учраас зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрхийн асуудал яригдахгүй” гэж тус тус татгалзлын үндэслэлээ тайлбарласан.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, шаардах эрх, маргааны үйл баримтын талаар хэрэгт цуглуулсан нотлох баримтад тулгуурлан зөв тодорхойлж, “... нэхэмжлэгч нар нь үл хөдлөх эд хөрөнгө хэмээн тодорхойлж буй дэлгүүрүүдийг “А” ХХК-ийн эзэмшлийн газарт барьсан, газар эзэмшигчтэй байгуулсан түрээсийн гэрээний үндсэн дээр дэлгүүрийн доорх газрыг ашиглаж, төлбөр төлж байсан, нэхэмжлэгчдийн ашиглаж буй гэх газар нь сул чөлөөтэй газар биш тул тухайн газрыг эзэмшихтэй холбоотой тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шийдлийн хувьд зөв болжээ.
4. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт зааснаар газрыг гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор эзэмших буюу хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглох зохицуулалттай.
Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон маргааны үйл баримтаас үзэхэд, А захын талбай буюу “А” ХХК-иас иргэн Х.Над хэсэгчлэн шилжүүлсэн 5120 кв.м талбайд нэр бүхий нэхэмжлэгч нар газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй, тэдгээрийн дэлгүүр тус бүрийн доорх газрыг эзэмшүүлсэн Засаг даргын захирамж байхгүй, маргаан бүхий газрыг Баян-Өлгийн аймгийн Өлгийн сумын Засаг даргын 2000 оны 96, 2006 оны 392 болон аймгийн Засаг даргын 2020 оны А/393 дугаар захирамжаар “А” ХХК-д эзэмшүүлсэн, харин 2021 оны А/353 дугаар захирамжаар 5120 кв.м талбай бүхий хэсгийг Х.Над шилжүүлэн эзэмшүүлсэн байна.
5. Өөрөө хэлбэл, нэхэмжлэгч тус бүр “А” ХХК-аас түрээслэн ашиглаж буй газартаа дэлгүүр барьсан бөгөөд зарим тохиолдолд “А” ХХК-д газар эзэмших эрх олгосон Засаг даргын захирамжийг хавсарсан мэдүүлэг гаргаж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан үйл баримт нь тэднийг Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу үүссэн газар эзэмших эрхтэй, эсхүл газрын хууль ёсны өмчлөгч гэж дүгнэх үндэслэл болохгүй.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ...гаргасан нэхэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах ба мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж ...захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /хэлнэ/” гэж зааснаас үзэхэд, захиргааны хэргийг шүүхээр хамгаалагдах субъектив эрх нь нийтийн эрх зүйд хамаарах хууль тогтоомжийн дагуу үүссэнээрээ иргэний хэргийн шүүхээр хамгаалагдах эрхээс ялгамжтай бөгөөд газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын Иргэний хуулийн дагуу үүссэн өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэхгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Тухайлбал, нэхэмжлэгч К.Дын хувьд өмчлөгчөөр тогтоолгохтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг Баян-Өлгий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 76 дугаар магадлалаар хэрэгсэхгүй болгож, эцэслэн шийдвэрлэсэн байна.
7. Хэдийгээр “А” ХХК-иас Х.Над газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтэд Газрын тухай хуулийн 38.2-т заасан баримт бичгийг гүйцэд бүрдүүлээгүй нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдох боловч дээр дурдсанчлан нэгэнт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох урьдчилсан нөхцөл хангагдахгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх бол зөрчигдөөгүй, харин бусдын газар дээр барьсан үл хөдлөх хөрөнгөө ашиглаж, төлбөр төлж байсны хувьд тухайн эрхийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл Иргэний хуулийн 150 дугаар зүйлд зохицуулсан иргэний эрх зүйн харилцааны хүрээнд зохих журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй.
8. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч аймгийн Засаг даргын 2021 оны А/353 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг дүгнэхдээ, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д заасан сумын Засаг даргын эрхэд хамаарах заалтыг хэрэглэсэн, харин маргаан бүхий актад үндэслэл болгосон Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан холбогдох зохицуулалтыг баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний зөвтгөсөн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Х.М, нэхэмжлэгч К.Дын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 110/ШШ2025/0048 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “21 дүгээр зүйлийн 21.4.3” гэснийг хасч, “...31.3” гэсний дараа “, 38 дугаар зүйлийн 38.2” гэж нэмсэн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Х.М, нэхэмжлэгч К.Дын өмгөөлөгч Ө.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ