Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга         Г.Энхмөрөн

Улсын яллагч                                                      Н.Амаржаргал

Хохирогч                                                             Ц.Нямбаяр   нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Замын Үүд дэх сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Даваагийн Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201710010025 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус  дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Гурван тэс сумын “Жавхлант орд” ХХК-ний жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Өргөн сумын Найрамдал 7-2-12  тоотод оршин суух, гавъяа шагналгүй, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, хэргийг хэрэгсэхгүй болгосон, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овогт Даваагийн Мөнх-Эрдэнэ  РД/ЕЦ80093079/

Яллагдагчаар татах тогтоолоор: шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 19-20 цагийн үед Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр баг Найрамдал 7-2-12 тоотод согтуурсан үедээ хохирогч Ц.Нямбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүр лүү нь цахилгаан халаагуур шидэж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Ч.Нямбаяртай цуг ажилладаг. Тэр өдөр Ч.Нямбаяр намайг чи гэхээр нь жаахан ахархаад жижиг халаагуур байсныг  аваад шидсэн чинь толгойг нь оносон. Тэгээд л ийм зүйл болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч Ц.Нямбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг гэртээ байж байхад Мөнхөө ах юу хийж байна ахын дүү гэж утсаар ярьсан. Тэгээд Мөнхөө ах манайд хүрээд ир гэсэн. Замаараа би нэг шил архи аваад очсон. Тэгээд би гэрт нь очоод авсан шил архиа гаргаж өгөөд уусан. Би Мөнхөө ахыг чи гэж хэлснээс болж маргалдсан. Маргалдаад би гарахдаа Мөнхөө ахыг 2, 3 өшиглөөд гарах гэтэл араас нэг юм шидэх шиг болохоор нь санамсаргүй эргээд хартал цагаан юм ирээд толгойд оносон. Тэгээд цус гоожоод байхаар нь эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Одоо надад Д.Мөнх-Эрдэнээс нэхэмжлэх зүйл болон гомдол саналгүй, бид хоорондоо сайн дураараа эвлэрсэн гэв.

  • Хохирогч Ц.Нямбаярын гомдол саналгүй, сайн дураараа эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 3 тал/
  • Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 4 тал/

-  Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/

- Дорноговь аймгийн Өргөн сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хх-ийн 7-8 тал/

- 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 46 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1.  Ч.Нямбаярын биед зүүн хөмсөгний дээд талд зүсэгдсэн шарх, цээжний баруун дээд хэсгийн зөөлөн эдийн  гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтлүүдийн зүүн хөмсөгний дээд талд язарч зүсэгдсэн шарх нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цээжний баруун дээд хэсгийн зөөлөн эдийн гэмтэл хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
  3. Учирсан гэмтлүүдийн зүүн хөмсөгний дээд талд язарч зүсэгдсэн шарх нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, цээжний баруун дээд хэсгийн зөөлөн эдийн гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам” ын 2.6-д зааснаар зэрэг тогтоогдохгүй болно.
  4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэжээ.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 19-20 цагийн үед Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр баг Найрамдал 7-2-12 тоот өөрийн гэртээ согтуурсан үедээ хохирогч Ц.Нямбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүр лүү нь цахилгаан халаагуур шидэж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна. 

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, хохирогч Ч.Нямбаяр нар нь шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураараа эвлэрсэн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж  мэдүүлдэг ба мөн шүүгдэгч, хохирогч нар нь сайн дураараа эвлэрсэн талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн болно.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-д “энэ хуулийн 25.1-д заасан гэмт хэргийн хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн бол”, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт  “шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байх тул шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д  зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэг Шарнууд овогт Даваагийн Мөнх-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-д зааснаар шүүгдэгч Д.Мэнх-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Мөнх-Эрдэнэд авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар Д.Мөнх-Эрдэнэ, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ  Л.БАТЖАРГАЛ