Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2020/00138

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ..дүүргийн .. дүгээр хороо, ...тоотод оршин суух,...н овогт У.Тын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .. дүгээр хороо, .. дугаар байрны .. тоотод оршин суух, .. овогт М.Г т /РД:.../ холбогдох  гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваалгах, Хаан банкнаас авсан 13.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр  сарын  31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, хариуцагч М.Г, нарийн бичгийн даргаар Г.Есү-Үжин нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: У.Т, М.Г нар нь 2007 онд гэр бүл болж 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. У.Т ходоодны хорт хавдартай, хүүхэд тээх боломжгүй тул  2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр төрсөн Г.Нандин-Эрдэнийг өөрийн төрсөн дүү У.Сэлэнгээс өргөн авч, бусдын адил үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж 10 жил амьдарсан.  Одоо Г.Н нь У.Тын асрамжинд эрүүл саруул өсч хүмүүжиж байгаа болно. У.Т, М.Г нар 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр БНСУ-д ажил хийхээр явж У.Т ажил хийж, нөхөр М.Г хэл сураггүй байсан тул бараг ажил хийгээгүй. БНСУ-аас ирэхдээ Бонго-3 маркийн 2008 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг Монголд оруулж ирсэн. Уг машины гаалийн татвар, ачилтын мөнгө болох 5.000.000 төгрөгийг У.Т хүнээс зээлж өгсөн. Уг зээлээ төлөхийн тулд “Есөн шижир” ХХК-д Бонго-3 маркийн 58-18 БРА улсын дугаартай автомашинаа барьцаалж нөхөр М.Гийн нэр дээр 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 5.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 3,5 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээний үүргийг У.Т төлж барагдуулсан бөгөөд М.Г ямар ч мөнгө гаргаагүй. Тус “Есөн шижир” ХХК нь зээл төлж дуусах хүртэл зээлийн барьцаа болгож машиныг өөрийн нэр дээр шилжүүлсэн.

У.Т, М.Г нар цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулах, охин Г.Нандин-Эрдэнийг У.Тын асрамжинд үлдээж, эцэг М.Гоос хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бидний дундын өмч болох Бонго-3 маркийн 58-18 БРА автомашин нь нөхөр М.Гийн эзэмшилд бүртгэлтэй бөгөөд одоогийн байдлаар “Есөншижир” ХХК-ийн эзэмшилд байгаа. У.Т нь “Есөн шижир” ХХК-д төлбөр тооцоогүй тул дээрх автомашиныг өөрийн өмчлөлдөө авах хүсэлтэй байна. Автомашиныг 6.000.000 төгрөгөөр үнэлж байна.

Мөн У.Т, М.Г нар хамтран амьдрах явцдаа Хаан банк болон бусад банк бус санхүүгийн байгууллагаас нийт 45.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд өр зээл байнга нэхэгдэж, У.Т нь М.Гийг явснаас хойш түүний Хаан банкныхаас бусад зээлийг өөрийн өмчлөлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, 4 дүгээр байрны 85 тоот дахь 3 өрөө орон сууцаа бусдад худалдаж, 30.000.000 төгрөгийн өр зээлийг төлж барагдуулсан.

Иймд, М.Гийн 2017 оны 2 дугаар сард Хаан банкнаас авсан 15.000.000 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл 13.000.000 төгрөгийг У.Т төлөх боломжгүй тул М.Гт цалингийн зээлээ өөрөө төлөхийг даалгуулах хүсэлтэй байна гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн хариу эвлэрлийн гэрээндээ: У.Т болон М.Г бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна, Бидний охин болох Г.Н эх У.Тын асрамжид үлдээх хүсэлтэй байна. Хүүхдийн асрамжийн асуудал дээр маргах зүйлгүй, мөн У.Т миний бие нь М.Гоос охин Нандин-Эрдэнэд хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Бидний дундын хөрөнгө болох Бүгд Найрамдах Солонгос Улсад үйлдвэрлэгдсэн Бонго 3 маркын БРА 58-18 дугаартай авто машиныг М.Г миний эзэмшилд бүртгэлтэй боловч /одоогоор Есөн Шижир ХХК-ийн эзэмшилд/ 5.000.000 төгрөгийн барьцаанд байгаа бөгөөд бүх зээлийн эргэн төлөлтийг эхнэр У.Т төлсөн тул Бонго 3 маркийн 58-18 БРА улсын дугаартай авто машиныг эхнэр У.Тын өмчлөлд шилжүүлж өгнө, мөн Хаан банкнаас авсан зээлийн үлдэгдэл 13.000.000 төгрөгийг Ганзориг миний бие өөрөө төлж дуусгана, энэ нь Туулд ямарч хамааралгүй болно гэж эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад  

              1                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч У.Т гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, Бонго-3 маркийн 58-18 БРА улсын дугаартай автомашиныг өөрийн өмчлөлд авах, М.Гт түүний Хаан банкнаас авсан зээлийн эргэн төлөлт 13.000.000 төгрөгийг өөрөө төлж барагдуулахыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч М.Г нь шүүх хуралдааны явцад гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, Бонго-3 маркийн 58-18 БРА улсын дугаартай автомашиныг У.Тын өмчлөлд шилжүүлэх, Хаан банкны зээлийн үлдэгдэл 13.000.000 төгрөгийг төлж барагдуулах тухай шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болно.

У.Т, М.Г нар 2007 оны 07 сарын 19-ний өдөр гэр бүл болж, 2012 оны 12 сарын 14-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2012 оны 02 сарын 29-ний өдөр төрсөн Нандин-Эрдэнийг үрчилж авсан болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, №0000937467, Г-142/01 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогджээ.

Эхнэр У.Т нь шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргаж, нөхөр М.Г нь “гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй” гэсний улмаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон нь Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүн зуучлагч Ц.Баясайн 2020 оны 01 сарын 15-ны өдрийн “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”-ээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлтийг шууд цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.  

  Нэхэмжлэгч нь Бонго-3 маркийн 58-18 БРА улсын дугаартай автомашиныг гэр бүлийн  хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэн өөрийн өмчлөлд шилжүүлэх, М.Гийн Хаан банкнаас авсан зээлийн үлдэгдэлд төлбөр 13.000.000 төгрөгийг өөрт нь төлөхийг даалгах шаардлагыг гаргасныг хариуцагч нь гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө болох Бонго-3 маркийн 58-18 БРА улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч У.Тын өмчлөлд шилжүүлэх болон Хаан банкны зээлийн үлдэгдэл төлбөр болох 13.000.000 төгрөгийг өөрөө төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч У.Т нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзаж харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцсэн  тул дээрх шаардлагуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй.” 5.3 дахь хэсэгт “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэж зааснаар хүүхдийг эцэг М.Гтой байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон байна.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүхэдтэйгээ уулзахыг хориглох эрхгүй,  хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч У.Тын нь улсын тэмдэгийн хураамжид төлсөн 510.168 төгрөгийг төлсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 510.168 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 307.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хонхот арслан овогт У.Т, Боржигон овогт М.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Г.Н эх У.Тын  асрамжид үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч У.Т нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч  М.Г, У.Т нар гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө болох Бонго-3 маркийн 58-18 БРА улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч У.Тын өмчлөлд шилжүүлэн авах, Хаан банкны зээлийн үлдэгдэл төлбөр болох 13.000.000 төгрөгийг М.Г өөрөө төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрөн харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцсэнийг  баталж, энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар У.Т нь М.Гийг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг сануулсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах  Т.Гантуяад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 510.168 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307.350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ                               Г.СОЛОНГО