Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 171

 

 

 

 

 

 

      2020          2               6                                        2020/ДШМ/171

 

 

 С.Б, Б.Д, Д.Б

 нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сүхбат, 

шүүгдэгч Д.Б,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, О.Даваажаргал, Д.Чинзориг,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЗ/2175 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Сүхбатын бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцлээр С.Б, Б.Д, Д.Б нарт холбогдох 1902005860237 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Олонх овгийн С.Б, 1964 оны 3 дугаар сарын 14-ний өдөр  Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, “Дулааны цахилгаан станц 2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8а дугаар байрны 11 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ХЛ64031410/,

2. Боржигон овгийн Б.Д, 1985 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Дулааны цахилгаан станц 2” ТӨХК-ийн Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Өнөр хорооллын 13 дугаар байрны 191 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЧС85032501/,

3. Гэрэлт овгийн Д.Б, 1965 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Архангай аймгийн Өндөр Улаан суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, галын техникч  мэргэжилтэй, “Цагаан давс” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын 33 дугаар байрны 152 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:МД65010179/;

1. С.Б нь “Дулааны цахилгаан станц 2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа буюу 2018 оны 9-10 дугаар сарын үед Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Дтай бүлэглэн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ажлын байран дээрээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Дулааны цахилгаан станц 4” ТӨХК-нд гарсан аваарын үеэр өөрийн байгууллагын агуулахад байсан нийт 57.88 /тавин долоо зууны наян найман/ тонн мазутыг нийлүүлсэн ба үүнээс санхүүгийн бүртгэлд бүртгэгдээгүй байсан 24.519 /хорин дөрөв мянганы таван зуун арван ес/ тонн мазутын төлбөрийг гарган авахын тулд “Цагаан давс” ХХК-ийн захирал Д.Баар “25 тонн мазутыг түр хадгалуулах талаар, мөн уг хадгалуулж байгаа мазутыг худалдан авахыг санал болгосон” утга бүхий 2 удаагийн албан бичиг, мазут худалдах, худалдан авах гэрээ, гэрээ дүгнэсэн акт зэргийг хуурамчаар үйлдэн, 24.519 тонн мазутын төлбөр болох 24.232.945 /хорин дөрвөн сая хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун дөчин тав/ төгрөгийг “Цагаан давс” ХХК-ийн Хаан банкин дахь данс руу шилжүүлсэн бөгөөд шилжүүлсэн мөнгөнөөс 14.000.000 төгрөгийг өөртөө авч, бусад мөнгийг Д.Б, Б.Д нарт өгөх замаар өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,

С.Б нь “Дулааны цахилгаан станц 2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа буюу 9-10 дугаар сард ганцаараа 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “Цагаан давс” ХХК-нд хандсан “Мазут нэхэмжлэх үнийн саналаа ирүүлнэ үү” гэсэн утга бүхий 01/1058 дугаартай албан бичиг,

-“Цагаан давс” ХХК-ийн захирал Д.Бтай бүлэглэн “Цагаан давс” ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 58 дугаартай “25 тонн мазутыг түр хадгалуулах талаар” албан бичиг,

-“Цагаан давс” ХХК-ийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай “Уг хадгалуулж байгаа мазутыг худалдан авахыг санал болгосон” утга бүхий албан бичиг,

-“Дулааны цахилгаан станц 2” ХХК-ийн Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн дарга  бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Д, “Цагаан давс” ХХК-ийн захирал Д.Б нартай бүлэглэн “Цагаан давс” ХХК-тай 2018 оны 9  дүгээр сарын 14-ний өдрийн №А-18/130 дугаар бүхий “Мазут худалдах, худалдан авах гэрээ”, “Цагаан давс” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт зэргийг хуурамчаар үйлдсэн,

-“Дулааны цахилгаан станц-2” ТӨХК-ийн Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Дтай бүлэглэн санхүүгийн баримтуудыг хуурамч болохыг мэдсээр байж уг баримтыг ашиглаж “Цагаан давс” ХХК-руу мөнгө шилжүүлсэн гэмт хэрэгт,

2. Б.Д нь “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК-ийн Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа буюу 2018 оны 9-10 дугаар сарын үед “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бтэй бүлэглэн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ажлын байран дээрээ Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн 20.2.5 дахь заалтад заасан “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах” талаар албан үүрэг, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.2 дахь заалтад заасан “нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах”, 20.1.4 дэх заалтад заасан “хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх" талаар бүрэн эрхээ урвуулан ашиглаж, “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-нд гарсан аваарын үеэр өөрийн байгууллагын агуулахад байсан нийт 57.88 /тавин долоо зууны наян найман/ тонн мазутыг нийлүүлсэн ба үүнээс санхүүгийн бүртгэлд бүртгэгдээгүй байсан 24.519 /хорин дөрөв мянганы таван зуун арван ес/ тонн мазутын төлбөрийг гарган авахын тулд “Цагаан давс” ХХК-ийн захирал Д.Баар “25 тонн мазутыг түр хадгалуулах талаар, мөн уг хадгалуулж байгаа мазутыг худалдан авахыг санал болгосон” утга бүхий 2 удаагийн албан бичиг, мазут худалдах, худалдан авах гэрээ, гэрээ дүгнэсэн акт зэргийг хуурамчаар үйлдэн 24.519 тонн мазутын төлбөр болох 24,232,945 /хорин дөрвөн сая хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун дөчин тав/ төгрөгийг “Цагаан давс” ХХК-ийн Хаан банкин дахь данс руу шилжүүлсэн бөгөөд шилжүүлсэн мөнгөнөөс 4.000.000 төгрөгийг өөртөө авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,

Б.Д нь “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК-ийн Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа буюу 2018 оны 9-10 дугаар сарын үед “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Б, “Цагаан давс” ХХК-ийн захирал Д.Б нартай бүлэглэн “Цагаан давс” ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №А-18/130 дугаар бүхий “Мазут худалдах, худалдан авах гэрээ”, “Цагаан давс” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт зэргийг хуурамчаар үйлдсэн,

“Дулааны цахилгаан станц-2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Бтэй бүлэглэн санхүүгийн баримтуудыг хуурамч болохыг мэдсээр байж уг баримтыг ашиглаж “Цагаан давс” ХХК-руу мөнгө шилжүүлсэн гэмт хэрэгт,

3. Д.Б нь “Цагаан давс” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа буюу 2018 оны 9-10 дугаар сарын үед “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Бтэй бүлэглэн “Цагаан давс” ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 58 дугаартай “25 тонн мазутыг түр хадгалуулах талаар” албан бичиг, “Цагаан давс” ХХК-ийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай “Уг хадгалуулж байгаа мазутыг худалдан авахыг санал болгосон” утга бүхий албан бичиг,

“Дулааны цахилгаан станц-2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Б, Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Д нартай бүлэглэн “Цагаан давс” ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №А-18/130 дугаар бүхий “Мазут худалдах, худалдан авах гэрээ”, “Цагаан давс” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт зэргийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас:

С.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 Б.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос яллагдагч С.Б, Д.Б, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. /хэргийн 3 дугаар хавтас, 131-133, 137-138, 142-144 дүгээр хуудас/

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол... “ гэж гэмт хэргийн шинжийг хуульчилжээ.

Гэтэл яллагдагч нарыг дээрх гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд гэмт хэргийн шинжийн талаар огт дурдаагүй, зөвхөн “хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэж яллагдагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, яллагдагч нарын хуурамчаар үйлдсэн, ашигласан гэх баримтууд нь ямар шинж чанартай баримтууд болох талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.17 дахь заалтад заасан “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол ... ойлгомжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт 24 тонн 519 кг мазутын төлбөрийг шилжүүлэн авсан гэж яллаж байгаа бөгөөд уг мазутын хууль ёсны өмчлөгчийг тогтоох ажиллагаа хийх шаардлагатай байна.

Тодруулбал, дээрх 24 тонн 519 кг мазут нь “Новотек интернэшнл” ХХК-ийн өмч үү, “Дулаан цахилгаан станц-2” ТӨХК-ийн өмч үү гэдгийг шалгаж тогтоох нь зүйтэй.

Мөн яллагдагч С.Б, Б.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол” гаргажээ.

Энэ хэрэгт яллагдагч Д.Б нь ямар хэлбэрээр оролцсон талаар хууль зүйн дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хамтран оролцох хэлбэрийг тогтоох нь зүйтэй байна.

С.Б, Б.Д, Д.Б нарт холбогдох эрүүгийн 1902005860237 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол  С.Б, Б.Д, Д.Б нарт авсан Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжилсэн эд хөрөнгөгүй, “Цагаан давс” ХХК-ийн захирал Д.Бын гарын үсэгтэй, компанийн тамга дарагдсан, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №58 дугаартай албан бичиг 1 хуудас, “Цагаан давс” ХХК-ийн захирал Д.Бын гарын үсэгтэй, компанийн тамга дарагдсан, 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн №03 дугаартай албан бичиг 1 хуудас, “Цагаан давс” ХХК, “Дулааны цахилгаан станц 2” ТӨХК-ийн захирлуудын баталсан 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №А-18/130 дугаартай мазут худалдах, худалдан авах тухай гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт 1 хуудас, “Дулааны цахилгаан станц 2” ТӨХК-ийн захирал С.Бгээс 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “Цагаан давс” ХХК-нд хандсан “Мазут нэхэмжлэх үнийн саналаа ирүүлнэ үү” гэх 01/1058 дугаартай албан бичиг 1 хуудас, С.Бгийн ажлын албан өрөөнөөс нэгжлэгийн үеэр хураан авсан 20.000 дэвсгэртээр 6 боодол, боодол тус бүр 100 ширхэг /12.000,000 төгрөг/, 10.000 дэвсгэртээр 2 боодол, боодол тус бүр 100 ширхэг /2.000.000 төгрөг/ нийт 14.000.000 төгрөгийг сери дугаараар нь бичсэн тэмдэглэлийг хэрэгт хавсаргаж, мөнгийг Авилгатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Сүхбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“...1. Прокурорын яллах дүгнэлтэд хуурамч баримт бичиг үйлдсэн, ашигласан гэмт хэрэгт С.Б, Б.Д, Д.Б нарт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахдаа ямар утга агуулга бүхий албан бичиг, гэрээ хэлцэл, гэрээ дүгнэсэн актыг хэн, хэрхэн үйлдэж, ашигласан талаар хүн тус бүрийн үйлдэл оролцоо, хамтран оролцсон хэлбэр, хэргийн бусад нөхцөл байдлыг харгалзан ялгамжтай байдлаар яллагдагчаар татсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хуурамч баримт бичиг үйлдсэнээр болон түүнийг ашигласнаар төгс үйлдэгдсэнд тооцогддог болно.

Гэвч шүүгчийн захирамжид тухайн хуурамчаар үйлдсэн, ашигласан гэх баримтууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бичигдсэн аль хууль зүйн бичиглэлд хамаарч байгааг хооронд нь дүгнэлт хийж бичээгүй гэсэн утгаар яллагдагчаар татах тогтоолыг ойлгомжгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Прокуророос хуурамчаар үйлдсэн, ашигласан гэж үзэж байгаа баримт бичгүүд, тэдгээрийн нэршил нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бичигдсэн аль бичиглэлд хамаарч байгаа нь хууль хэрэглээний хувьд буюу хууль ёсны зарчмын хувьд тодорхой асуудал гэж үзсэн.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль ...хэм хэмжээг баримтална” гэж заасан.

Тэгвэл хуурамчаар үйлдсэн гэж байгаа гэрээ хэлцэл нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “...эрх, үүргийг үүсгэх ...зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдлийг хэлнэ” гэж заасны дагуу гэрээ хэлцэл нь эрх олгосон гэх хуулийн бичиглэлд хамаарч байна.

Хуурамчаар үйлдсэн гэх гэрээ дүгнэсэн акт нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.3 дахь хэсэгт “үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээн авсныг гэрчлэх баримт бичгийг үүрэг гүйцэтгэгчийн шаардлагаар олгоно” гэж заасны дагуу гэрээ дүгнэсэн акт нь үүргээс чөлөөлснийг илтгэх баримт бичигт хамаарна. 

Харин “мазут нэхэмжлэх үнийн саналаа ирүүлэх талаар”, “25 тонн мазутыг түр хадгалуулах талаар”, “уг хадгалуулж байгаа мазутыг худалдан авахыг санал болгосон” утга агуулга бүхий албан бичгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн буюу “Баримт бичиг” гэх зүйлийн 1 дэх хэсэгт “хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг” гэж заасны дагуу дээрх албан бичгүүд нь баримт бичиг гэдэг ойлголтод шууд хамаарах ба харин баримт бичиг дотроо тухайн баримт бичгийн утга агуулгын хувьд хууль зүйн ач холбогдол бүхий үйл баримтын талаар гэрчилж, хууль зүйн үр дагаврыг бий болгож байна гэдэг утгаар тухайн үр дагавраас үүдэлтэйгээр шаардах эрхийг олгосон баримт бичиг болох нь хэргийн үйл баримтаас тодорхой нотлогдоно.

Нөгөөтэйгүүр дээрх нөхцөл байдлыг тодруулахаар тусдаа мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй, харин прокурор шүүх хуралдаанд дүгнэлт хэлэхдээ тодруулах боломжтой буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байсан гэж үзэж байна.

2. Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт дурдсан 2 дахь үндэслэлд “24 тонн 519 кг мазутын төлбөрийг шилжүүлэн авсан гэж яллаж байгаа бөгөөд уг мазутын хууль ёсны өмчлөгчийг тогтоох ажиллагаа хийх шаардлагатай байна. Тодруулбал, дээрх 24 тонн 519 кг мазут нь “Новатек интернэшнл” ХХК-ийн өмч үү, “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК-ийн өмч үү гэдгийг шалгаж тогтоох нь зүйтэй.” гэж дүгнэсэн байна.

Санхүүгийн бүртгэлд бүртгэгдээгүй илүү гарсан мазут нь “Новатек интернэшнл” ХХК-ийн өмч үү, “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК-ийн өмч үү гэдэг асуудал нь яллагдагчийн гэм бурууд шууд хамаарах асуудал байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруутай... холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэснийг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, гэм буруугийн хуралдаанаар хэргийг хэлэлцээгүй байхад шүүгч “илүү гарсан мазутын өмчлөгч нь тодорхой биш байна” гэж урьдчилсан дүгнэлт хийсэн нь хууль бус байна.

Дээрх асуудлаар урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүгч дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.17-д заасан урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, шийдвэрлэх асуудлын “хүрээ”-нээс хэтэрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хэлбэр гэж үзнэ.

Хэдийгээр илүү гарсан мазутын асуудал нь гэм буруугийн хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай байсан гэж үзэж байгаа боловч зохих тайлбарыг хийх нь зүйтэй гэж үзлээ. Санхүүгийн бүртгэлд бүртгэгдээгүй илүү гарсан 24 тонн 519 кг мазут нь хэрхэн яаж үүсч бий болов, яагаад “Новатек интернэшнл” ХХК-ийн өмч үү гэдэг асуудал гарах болсон зэрэг асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн шалгасан болно.

Яллагдагч С.Б нь илүү гарсан мазутыг “Новатек интернэшнл” ХХК-ийн түр хадгалуулсан мазут байсан талаар, уг компанид мөнгийг өгөх гэж байсан талаар мэдүүлдэг. Хэрэв илүү гарсан мазут нь “Новатек интернэшнл” ХХК-ийн мазут байсан бол шууд өөрсдөд нь шилжүүлж өгөлгүйгээр дундуур нь “Цагаан давс” ХХК гэсэн өөр компанийг оруулж ирэн хуурамч баримт бичгүүд үйлдэж, улмаар илүү гарсан мазутын мөнгийг “Цагаан давс” ХХК-руу шилжүүлж, 6,232,945 төгрөгийг “Цагаан давс” ХХК-нд үлдээж, өөртөө 18.000.000 төгрөгийг гаргуулан авч, уг мөнгөнөөс 8 сая төгрөгийг бусдад /Б.Д, Б.Мягмаржав/ өгсөн зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэвэл “Новатек интернэшнл” ХХК-нд өгөх ёстой мөнгөнөөс 14.232.945 төгрөгийг яагаад өөрөө дур мэдэн бусдад өгч зарцуулсан бэ гэдэг асуудал үүснэ.

“Новатек интернэшнл” ХХК-ийн захирал, нягтлан зэрэг албан тушаалтай хүмүүсийг гэрчээр асуухад “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК-иас 10,4 тонн мазутын авлагатай, мазут түр хадгалуулсан байсан гэж мэдүүлэг өгдөг бөгөөд 10,4 тонн мазутын нэхэмжлэхийг гаргаж өгдөг боловч үүнийг нь нотолсон 2 талын санхүүгийн баримт байдаггүй, өөрт байгаа гэх нэхэмжлэх нь зөвхөн нэг талын баримт байдаг, харин “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК-нд бусдад өгөх мазуттай холбоотой өглөг, авлагын талаар, тэр тусмаа “Новатек интернэшил” ХХК-тай холбоотой өглөг, авлагын талаар ямар ч санхүүгийн анхан шатны баримт байхгүй болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар нотолсон.

Гэвч “Новатек интернэшнл” ХХК-ийн албан тушаалтнууд нь өөрсдийн мэдүүлгийн эх сурвалжийг шалгах арга замыг мэдүүлсэн бөгөөд “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК- нд мазут буулгах, ачих үед Улаанбаатар төмөр замаас зөвшөөрөл авч вагоноор ачилт буулгалт хийдэг бөгөөд уг газраас лавлагаа авахад мэдэх боломжтой талаар мэдүүлсэн.

Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албанаас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн 03/992 дугаартай албан бичгээр “2017 оны 05 дугаар сарын 11-нд... “Новатек интернэшнл” хаягаар мазут ачиж, Толгойт өртөөнд ирж, ачаа хүлээн авагч “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК-ийн салбар замд 2017 оны 06 дугаар сарын 04-нд буулгасан. 2017 оны 08 дугаар сарын 10-нд... “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК-ийн салбар замаас ачаа илгээгч “Новатек интернэшнл” ХХК нь буулгасан хэмжээгээр мазут ачигдаж, ачаа хүлээн авагч Уулын баяжуулах үйлдвэр хаягтай явсан" гэсэн албан бичиг болон түүнд хавсаргасан баримтуудаар “Новатек интернэшнл” ХХК-ийн 10.4 тонн мазут хадгалагдаж байгаа гэх асуудал нь нотлогдоогүй болно.

Мөн хэрэгт авагдсан “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК-ийн гадны байгууллагуудаас мазут худалдах, худалдан авах гэрээ, санхүүгийн бүртгэл, баримтууд, гэрч нарын мэдүүлэг зэргээс тус компани нь “Новатек интернэшнл” ХХК-иас өөр компанийн мазут түр хадгалж байгаагүй, дээрх гарсан илүүдэл нь “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК-ийн өөрсдийн хэрэгцээнд худалдан авч, үйл ажиллагаандаа зарцуулж байх үедээ мазутын орлого, зарлагаа зөв бүртгээгүй, тооллогыг үнэн зөв бодитоор явуулаагүйгээс санхүүгийн бүртгэлд үлдэгдэл мазутын тоо хэмжээг буруу бүртгэж яван илүүдэл гэх мазут үүссэн гэж үзэхээр байна.

Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт дурдсан 3 дахь үндэслэлд “Мөн яллагдагч С.Б, Б.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол” гаргажээ. Энэ хэрэгт яллагдагч Д.Б нь ямар хэлбэрээр оролцсон талаар хууль зүйн дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хамтран оролцох хэлбэрийг тогтоох нь зүйтэй байна...” гэж дүгнэсэн байна.

Энэ нь яллагдагч Д.Бын яллагдагчаар татагдаагүй үйлдэлд гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийснээрээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.17-д заасан урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж шийдвэрлэх асуудлын “хүрээ”-нээс хэтэрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн “тухайн шүүгдэгч”-ийн гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлт хийх “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ыг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хэлбэр гэж үзэж байна.

Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Б.Нандинболороос гаргасан Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаж “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл нь нийтийн албан тушаалтанд хамаарах тусгай субъекттэй гэмт хэрэг бөгөөд Д.Быг нийтийн албан тушаалтны үйлдсэн гэмт хэрэгт хамжиж оролцсон гэж дүгнэж тус зүйлээр яллах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх” хууль ёсны зарчмыг зөрчсөн үйлдэл болох бөгөөд хүний эрх зүйн байдлыг дордуулан хууль хэрэглэсэн явдал” гэж дүгнэн хүлээн авахаас татгалзсан хяналтын прокурорын тогтоол хүчин төгөлдөр байгааг дурдах нь зүйтэй.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2175 дугаартай захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Новатек интернэшнл” ХХК нь “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК-д мазут хадгалуулсан. Тэгээд буцаад авч явахдаа 10,4 тонн мазут үлдээгээд аваад явсан юм. Үүнийгээ мэдээд надад нэхэмжлэх явуулсан. Би үүнийгээ баримтжуул гэж хэлж байсан. Иймээс мазутын өмчлөгч хэн бэ гэдгийг тогтоох шаардлагатай. ...” гэв.

Шүүгдэгч С.Бгийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуророос шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой, хуурамч баримт бичиг үйлдсэн, эрх олгосон талаар асуудлаа шүүхэд тайлбарлана гэж байна. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж байна. Яллагдагч нар ямар хэрэгт яллагдаж байгаа нь тодорхойгүй, яллагдагчаар татах тогтоол нь ойлгомжгүй байгааг прокурор өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Яллагдагч С.Б, Б.Д нарт ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх боломж олгоогүй, яллах дүгнэлт нь ойлгомжгүй байна. Мөн өмчлөлийн асуудалд гэрчүүд “Новатек интернэшнл” ХХК-ийн өмч гэж мэдүүлдэг. Иймээс шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч С.Бгийн өмгөөлөгч О.Даваажаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт, прокуророос эдгээр баримтууд Иргэний хуулийн 39, 263 дугаар зүйлүүдээр эрх олгож, үүргээс чөлөөлсөн. Гэтэл Иргэний хуулийн 39.1 дүгээр зүйлд заасан хэлцэл гэдэг нь эрх, үүрэг өөрчлөх зорилгоор хоорондоо хийсэн хэлцлийг хэлнэ. Гэтэл үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд хамааруулж байгаа нь хуулийг буруу хэрэглэж байна гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг тусгай ангид заасан” байхыг шаардаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг тусгай ангид заахдаа бүх шинжийг нь дурдсан байдаг. Гэтэл прокуророос хуурамч баримт бичиг үйлдсэн гэхээс тодорхой шинжийг нь заагаагүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй” гэснийг зөрчиж байна. Үүнийгээ шүүх хуралдаанд тайлбарлах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг зөрчиж байна. Хоёрдугаарт, мазутын өмчлөлийн талаар 3 дугаар хавтас хэргийн 209, 210 дугаар хуудас болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр “манай 10.4 тонн мазут энд хадгалагдаж байгаа. Үүнийгээ авмаар байна” гээд өөрсдийн аудитын тайлан дүгнэлтээ гаргаад өгчихсөн. Мөн 62 тонн мазут ирсэн болохоо нотолсон байтал үүнийг “Новатек интернэшнл” ХХК-ийн өмч биш, “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК-ийн өмч гэж тогтоогоод байгаа нь үндэслэлгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч С.Бгийн өмгөөлөгч Д.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн гэмт хэргийн шинжийн хувьд залилах гэмт хэргийг төөрөгдүүлэх, итгэл эвдэх, хуурамч баримт бичиг ашигласан юм уу гэдгийг яллагдагчаар татахдаа яллах дүгнэлтдээ тусгаж өгдөг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйл нь үүнтэй адил. Прокуророос эрх олгосон, үүргээс чөлөөлсөн гэж байна. Магадгүй эдийн болон эдийн бус баялгийг эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн зэргийг ялгаад үүнийгээ яллагдагчаар татах тогтоолдоо оруулчихвал асуудалгүй гэж шүүх үзэж байгаа нь үндэслэлтэй байна. Мөн прокурор “Улаанбаатар төмөр зам”-ын албан бичиг гэж яриад байна. “Новатек интернэшнл” ХХК нь 2017 онд Оросын Холбооны Улсаас 2 удаа мазут татсан. Эхний удаа нь 2017 оны 5 дугаар сард, дараагийнх нь 2017 оны 8 дугаар сард орж ирэхдээ 62 тонн орж ирээд 52 тонн нь “Монгол росс”-д худалдагдсан. Ингээд 10 тонн үлдсэн. Үүнийг худалдсан зүйл байхгүй, түр хадгалуулахаар “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК-д өгсөн байсан. Үүнд шинжээч томилуулах саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч Д.Б: “...Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, шүүгдэгч С.Б, Б.Д, Д.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоогоогүй, уг ажиллагааг  шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэргийн материалыг судлан үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох заалтыг мөрдөгч, прокурор хэрэгжүүлээгүй байх тул шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж, эргэлзээгүй байдлаар тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгчийн захирамжийн 1, 2 дахь заалтуудаар нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагагүй тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийн хэсгийг хүлээн авав.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүгчийн захирамжид дурдсан “...Гэмт хэргийн шинжийн талаар дурдаагүй. ...Мазутын хууль ёсны өмчлөгчийн тогтоох ажиллагаа хийх шаардлагатай. ...” гэж заасныг шалгах шаардлагагүй гэж үзэв.

Харин шүүгчийн захирамжийн 3 дахь заалтаар нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэрэг гарсан байдал”-ыг бүрэн тогтоох нь зүйтэй.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...Энэ хэрэгт яллагдагч Д.Б нь ямар хэлбэрээр ололцсон талаар хууль зүйн дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид

 

 

заасан хамтран оролцох хэлбэрийг тогтоох нь зүйтэй...” гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Нийтийн албан тушаалтны зохион байгуулсан гэмт хэрэгт хамтран оролцсон байдал тогтоогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хамтран оролцох хэлбэрийн зохих зүйл, заалтыг журамлан тухайн субьекттэй адил зүйл, хэсгээр зүйлчлэх хууль зүйн үндэслэл бүрдэнэ.  

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжүүд төсөөтэй боловч гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, санаа зорилгыг тогтоосны эцэст аль гэмт хэргийн шинжийг хангаж байгаагаар нь зүйлчилбэл зохино.

 Мөнгө угаах гэмт хэргийн хувьд гэмт хэргийн улмаас олсон орлого, эд хөрөнгийг нуун далдлах, шилжүүлэх, хувиргах зэрэг ажиллагаа нь суурь гэмт хэргийн дараа үйлдэгддэг. Иймд хуурамч бичиг баримтыг ямар зорилгоор үйлдсэнийг тогтоох ажиллагааг хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд, эсхүл мөн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үү гэдэгт хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд хэргийг нэг мөр шалгаж шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон энэхүү магадлалд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд, нэг мөр хийж ирүүлбэл зохино.  

Дээрх үндэслэлээр яллагдагч С.Б, Б.Д, Д.Б нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЗ/2175 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЗ/2175 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Сүхбатын “хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр” бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ