| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 109/2025/0013/3 |
| Дугаар | 221/МА2025/0615 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2025/0615
Ч.Гын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тулга
Нэхэмжлэгч: Ч.Г
Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Сумын Засаг даргын захирамж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох, иргэдийн газар эзэмших эрхийг цуцлах тухай” А/4** дугаар захирамжийн Ч.Гад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргйин анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 027 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, М.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Э
Хэргийн индекс: 109/*******************
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Г нь Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Сумын Засаг даргын захирамж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох, иргэдийн газар эзэмших эрхийг цуцлах тухай” А/4** дугаар захирамжийн Ч.Гад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 027 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ч.Гын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Сумын Засаг даргын захирамж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох, иргэдийн газар эзэмших эрхийг цуцлах тухай” А/4** дугаартай захирамжийн иргэн Ч.Гад холбогдох хэсгийг хүчингүй болгож...” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д зааснаас үзвэл Цэнхэр сумын Засаг дарга Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэхдээ тухайн жилийн /2016 он/ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг иргэнд эзмшүүлэх ёстой байсан. Түүнчлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа Цэнхэр суманд “Иргэнд тариалангийн зориулалтаар давуу эрхээр эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг батлаагүй, мөн Цэнхэр сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлахдаа мөн тухайн суманд иргэнд тариалангийн зориулалтаар давуу эрхээр эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг батлаагүй байхад Цэнхэр сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 21.4.3-д заасан заалтуудыг зөрчиж нэхэмжлэгч Ч.Гад 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/** дугаар захирамжаар тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлсэн байхад анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Мөн Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна” гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч Ч.Г нь хуулийн дээрх шаардлагыг хангасан эсэх талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх ийнхүү дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөнх анхан шатны шүүхийн шийдвэрийн 2.5-д эдгээр үндэслэлээр буюу захирамжид дурдсан Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 25 дугаар зүйлийн 25.4-д заасныг зөрчсөн зөрчлийг илрүүлсэн захиргааны байгууллага буюу Засаг дарга өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд тухайн үед хууль зөрчигдсөн үйлдлийг өнөөдрийн маргаан бүхий актаар таслан зогсоох эрхгүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь дээрх маргаан бүхий актыг гаргах зөрчлийг арилгах эрх Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт хадгалагддаг, мөн эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн үйлдэл эсэхийг Авлигатай тэмцэх газраар шалгуулах эрх, үүрэг ч аймгийн Засаг даргад байдаг бөгөөд Цэнхэр сумын газар олголтын талаар хууль зөрчсөн үйлдлийг 2022 оны 04 дүгээр сараас эхлэн Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа нь өнөөдөр эцэслэн шийдэгдээгүй байгаа тул тухайн үйлдлийг авлига албан тушаалын шинжтэй үйлдэл байсан эсэхийг эцэслэн тогтоолгох хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Ч.Гаас “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Сумын Засаг даргын захирамж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох, иргэдийн газар эзэмших эрхийг цуцлах тухай” А/4** дугаар захирамжийн Ч.Гад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.
2.2. Анх Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/92 дугаар захирамжийн нэр бүхий иргэдийн газар эзэмших эрхийг баталгаажуулсны хавсралт 4-д нэхэмжлэгч Ч.Гад Цэнхэр сумын Баахан булаг газар ногоон тэжээл тарих зориулалтаар 20 га газар олгожээ. Гэтэл Архангай аймгийн Засаг дарга 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/4** дугаар захирамж гаргаж тус захирамжийн нэг дэх заалтаар “...Цэнхэр сумын газар олголт, хууль зөрчсөн үйлдлийг шалгаж зөрчил дутагдлыг илрүүлсэн тухай 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтэд дурдагдсан Цэнхэр сумын Засаг даргын захирамж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож иргэдийн газар эзэмших эрхийг тус тус хавсралтаар цуцалсугай” гэсний хавсралт 14-д “...Сумын Иргэдийн нийтийн хурлын тогтоол байхгүй, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, мэдээллийн санд оруулаагүй, нэгж талбарын хувийн хэрэг байхгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Гын газар эзэмших эрхийг цуцалжээ.
2.3. Анхан шатны шүүх “...тухайн үед захиргааны байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргээ бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй нөхцөл байдлыг өнөөдрийн маргаан бүхий актаар засах боломжгүй бөгөөд эл үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцлах эрх хариуцагчид олгогдоогүй буюу шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна... газрыг мэдээллийн санд тусгах, нэгж талбарын хувийн хэрэг хөтлөх чиг үүрэг нь захиргааны байгууллагын хуулиар хэрэгжүүлбэл зохих чиг үүрэгт хамаарч байна... сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хүргүүлж, түүнийг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулж, тайлбар санал гаргах боломжийг хангаагүй байна...” гэж тус тус дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
2.4. Учир нь Аймгийн Засаг дарга нь доод шатны Засаг даргын шийдвэрийг хожим хууль бус гэх үндэслэлээр хүчингүй болгох шаардлагатай гэж үзвэл уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан шийдвэрийг хүчингүй болгож үйлдлийг таслан зогсоохоор Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зохицуулсан ба ингэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болохоор заасан. Энэ тохиолдолд маргаан бүхий захиргааны актын үндэслэлд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан үндэслэлийн аль нь хамаарч байгаа нь тодорхойгүйгээс гадна хариуцагч аймгийн Засаг дарга доод шатны сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгох боломжит хугацааг хэтрүүлсэн нь хуулийн дээрх заалттай нийцэхгүй байна.
2.5. Мөн нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг хашаалж тариалангийн зориулалтаар ашиглаж байгаа болох нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байгаа бөгөөд, мөн аймгийн Засаг даргын гаргасан шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд болох нэхэмжлэгч Ч.Гад сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж, түүнийг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
2.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “…эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн үйлдлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах эрх, үүрэг аймгийн Засаг даргад байдаг бөгөөд Цэнхэр сумын Засаг дарга газар олгохдоо хууль зөрчсөн гэх үйлдлийг 2022 оны 04 дүгээр сараас эхлэн Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа нь өнөөдөр эцэслэн шийдэгдээгүй байгаа …” гэж дурдаж байх боловч энэ талаарх нөхцөл байдлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудыг үндэслэл бүхий дүгнэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргйин анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 027 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.ОЮУМАА