Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Ц.Осоржамаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганчимэг /ҮД: 0497/,

Шүүгдэгч С.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сугарын Отгонбаярт холбогдох эрүүгийн 201626031405 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1963 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 12-462 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ШГ63090191/ Боржигон овогт Сугарын Отгонбаяр нь:

- 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 15:30 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны байрны гадна Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа Ж.Гантөмөрийг хуулиар хүлээсэн, хэв журам сахиулах үүргээ гүйцэтгэн өөрийг нь гавлах гэхэд нь эсэргүүцэн, хүч хэрэглэн өөр дээгүүрээ давуулан шидэж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ж.Гантөмөр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт олон нийтийн цагдаа Б.Аптаншагайн хамт өглөө 10 цагаас 16 цагийн хооронд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. 14 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны хэсгийн байцаагч Э.Батболдтой уулзахад “Арцатын 12-462 тоотод оршин суух С.Отгонбаярыг аваад ир. Өргөдөл, гомдлоор шалгагдаж байгаа бөгөөд дуудахаар зугтаад ерөөсөө ирэхгүй байна” гэж хэлсэн. Би цагдаа Б.Алтаншагайн хамт уг хаягаар очиход С.Отгонбаяр нь гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Бид хоёр С.Отгонбаярт учрыг нь тайлбарлан 4 дүгээр хорооны байранд 14:40 цагт дагуулж ирэхэд хэсгийн байцаагч цагдаагийн ахмад Э.Батболд байгаагүй. Утсаар холбогдоход  “Байлгаж бай, би одоо очлоо” гэж хэлсэн. 15 цагийн үед С.Отгонбаяр намайг хэл амаар доромжлоод хэрүүл хийгээд, орилоод “би гарч бие заслаа, би энд чинь байж чадахгүй” гэх зэрэг авир гаргаад байсан. Тэгээд “би явлаа” гээд хаалгаар гараад гүйхээр нь Б.Алтаншагай бид хоёр араас нь гүйж гараад  барьж аваад “та явж болохгүй, хаачих гээд байгаа юм бэ?, одоо хэсгийн байцаагч Э.Батболд ирж байгаа” гэж хэлэхэд “би энд суухгүй явлаа” гээд дахин явах гэхээр нь тусгай хэрэгсэл болох гаваа гаргаж ирээд баруун гаранд нь зүүх гэхэд зүүн гараараа миний баруун мөрнөөс барьж аваад татаж хамт газар унасан. Тэр үед намайг дээгүүрээ давуулж шидсэн ба би баруун мөр хэсгээрээ газар унаж гэмтсэн. Тэгээд босоод өндийтөл миний баруун мөр өвдөөд байсан. Би 19 цагийн орчим Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлээд рентген зураг авахуулсан ба гэмтлийн эмч “баруун эгэмний яс хугарсан байна” гээд нурууны сойлт хийж өгсөн. С.Отгонбаяр намайг цохиж зодоогүй. Би С.Отгонбаяраас эмчилгээний зардалд 500.000 төгрөг авсан. Одоо надад ямар нэгэн гомдол саналгүй, миний эрүүл мэндийн байдал зүгээр болсон…” гэжээ. / хх 15-17/,

Гэрч Б.Алтаншагай мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “... С.Отгонбаяр нь “би бие заслаа” гээд гарч явах гэхээр нь цагдаагийн ахлагч Ж.Гантөмөр бид хоёр “бие засах өрөөнд ороод бие зас” гэж хэлэх үед иргэн С.Отгонбаяр шууд хорооны байрны хаалгаар гараад явсан. Тэр үед Ж.Гантөмөр араас нь гүйж гараад “та түр хүлээж бай, хэсгийн байцаагч ахмад Э.Батболд одоо ирж байгаа”  гэхэд үг дуугарахгүй цаашаа явсан. Энэ үед нь Ж.Гантөмөр нэг бүрийн тусгай хэрэгсэл болох гаваа гаргаж ирээд С.Отгонбаярын баруун гарнаас бариад гавлах гэхэд С.Отгонбаяр зүүн гараараа Ж.Гантөмөрийн хувцаснаас нь зуураад ноцолдож байгаад татаж хоёул газар хамт унах үедээ, Ж.Гантөмөрийг өөр дээгүүрээ давуулж шидсэн…” гэжээ. / хх 18-19 /,

Гэрч Э.Батболд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…Ж.Гантөмөр утсаар залгаад миний эгэмний яс хугарчих шиг боллоо. “Та хурдан хүрээд ир” гэж хэлсэн. Намайг очиход “ С.Отгонбаярт хууль ёсны шаардлага тавихад эсэргүүцээд өрөөнөөс гарч явах үед нь хойноос нь очиж “байж бай” гэх  шаардлагыг тавихад бие засах гэсэн нэрийдлээр гарч зугтаасан ба нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх үед “гавлуулахгүй” гэж эсэргүүцэн ноцолдож байгаад газар унагасан гэж хэлсэн…” гэжээ. / хх 20-21/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14251 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Ж.Гантөмөр-н биед баруун эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 26 /

Шүүгдэгч С.Отгонбаярыг 2016.10.30-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 34-36 /,  2016.12.05-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 38-40 /,

Шүүгдэгч С.Отгонбаярын урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 41 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Отгонбаяр мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Цагдаа нэг юм хэлэхээр нь би “гарч бие засахыг зөвшөөрч байгаа юм байна” гэж ойлгосон. Би юу гэж хэлснийг нь сонсоогүй. Цагдаад гавлуулахгүй гэж эсэргүүцсэн нь үнэн. Хохирогч Ж.Гантөмөрийн хохиролд 500.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч С.Отгонбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 15:30 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны байрны гадна Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа Ж.Гантөмөрийг хуулиар хүлээсэн, хэв журам сахиулах үүргээ гүйцэтгэн өөрийг нь гавлах гэхэд нь эсэргүүцэн, хүч хэрэглэн өөр дээгүүрээ давуулан шидэж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

-  “...15 цагийн үед С.Отгонбаяр намайг хэл амаар доромжлоод хэрүүл хийгээд хорооны байран дотор орилоод “би гарч бие заслаа, би энд чинь байж чадахгүй” гэх зэргээр орилж хашгираад гараад гүйхээр нь цагдаа Алтаншагай бид хоёр араас нь гүйж гараад шатны урд талд барьж аваад явах гэхээр нь тусгай хэрэгсэл болох гаваа гаргаж ирээд баруун гаранд нь зүүх гэхэд зүүн гараараа миний баруун мөрнөөс барьж аваад татаж хамт газар унасан. Тэр үед намайг дээгүүрээ давуулж шидсэн ба би баруун мөр хэсгээрээ газар унаж эгэмний яс хугарсан байсан…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Ж.Гантөмөрийн мэдүүлэг / хх 15-17/,

-  “... иргэн Отгонбаяр нь “би бие заслаа” гээд шууд хорооны байрны хаалгаар гараад явсан. Тэр үед Ж.Гантөмөр араас нь гүйж гараад нэг бүрийн тусгай хэрэгсэл болох гаваа гаргаж ирээд С.Отгонбаярын баруун гарнаас бариад гавлах гэхэд С.Отгонбаяр зүүн гараараа Ж.Гантөмөрийн хувцаснаас нь зуураад ноцолдож байгаад татаж хоёул газар хамт унах үедээ, Ж.Гантөмөрийг өөр дээгүүрээ давуулж шидсэн…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Б.Алтаншагайн мэдүүлэг / хх 18-19 /,

- “…Ж.Гантөмөр утсаар залгаад миний эгэмний яс хугарчих шиг боллоо. “Та хурдан хүрээд ир” гэж хэлсэн. Намайг очиход “ С.Отгонбаярт хууль ёсны шаардлага тавихад эсэргүүцээд өрөөнөөс гарч явах үед нь хойноос нь очиж “байж бай” гэх  шаардлагыг тавихад бие засах гэсэн нэрийдлээр гарч зугтаасан ба нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх үед гавлуулахгүй эсэргүүцэн ноцолдож байгаад газар унагасан гэж хэлсэн…гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Э.Батболдын мэдүүлэг  / хх 20-21/,

- “… хохирогч Ж.Гантөмөрийн биед баруун эгэм ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14251 дугаартай шинжээчийн дүгнэлт…” / хх 26 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч С.Отгонбаярыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг рентген зургийг хохирогч Ж.Гантөмөрт буцаан олгож,  шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284, 286, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Сугарын Отгонбаярыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Отгонбаярыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Отгонбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн рентген зургийг хохирогч Ж.Гантөмөрт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, С.Отгонбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар С.Отгонбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 1 / нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний  засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст  даалгасугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Отгонбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.ОЛЗОД