Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 138

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч Ж.С-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч А ХК-д холбогдох

Хувьцаа эзэмшигч Ж.С-н А ХК-д эзэмшдэг 568 572 ширхэг хувьцааг эргүүлэн худалдаж авахыг тус компанид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Чинзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.С-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч А ХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд нийт хувьцааны 18 хувь буюу 568 572 ширхэг энгийн хувьцааг эзэмшдэг. Гэтэл тус компанийн нийт хувьцааны 51 хувийг эзэмшдэг Б.Шатар, түүний хүү гүйцэтгэх захирал Ш.Баясгалан нар нь Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дараа зөрчин хууль бус үйлдлүүдийг хийсээр ирсэн бөгөөд энэ шалтгааны улмаас компанийн нэгж хувьцааны үнэлгээ 2 дахин унах, хувьцаа эзэмшигчдийн өмч хөрөнгийг үнэгүйдүүлэн олон хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хохироож байгаа тул хувьцаа эзэмшигч Ж.С нь тус компанийн 2019 оны 4 сарын 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар өөрийн эзэмшдэг хувьцааны хувь хэмжээгээр компанийг хуваах санал шаардлагыг оруулсан боловч уг хурлаар компанийн 51 хувийг эзэмшигчийн зүгээс татгалзаж, татгалзсан тухай тогтоол гаргасан. Энэ тогтоолыг Ж.С эс зөвшөөрч эсрэг саналтай байсан учир өөрийн эзэмшдэг 568 572 ширхэг хувьцааг хуульд заасан үндэслэлээр буюу Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасны дагуу эргүүлэн худалдаж авах тухай шаардлагыг тус компанид гаргасан. Гэвч компанийн захирал Ш.Баясгалан 2019.07.03-ны өдрийн 19/180 тоот албан бичгээр Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.6-г үндэслэн татгалзсан тухай хариуг өгсөн. Өөрөөр хэлбэл биднийг Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т зааснаар 30 хоногийн дотор шаардлагаа гаргаагүй тул шаардах эрхээ алдсан гэж тайлбарлаад байгаа. Гэтэл тус компани 2019.04.22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар шийдвэрлэсэн Компанийг хуваах боломжгүй гэж үзсэн тухай №07 тоот тогтоолыг Санхүүгийн зохицуулах хорооноос 2019 оны 5 сарын 15-ны өдрийн 9/2084 тоот албан бичиг тус компанид ирэх хүртэл бичгээр гаргаж албажуулаагүй байсан. 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хурал хийсэн боловч хурлын шийдвэрийг албажуулж хуралд оролцогч нарт хүргүүлээгүй. Энэ тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Тооллогын комиссын нэгтгэсэн мэдээ нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гарсан. Ээлжит хурлын тогтоолыг удаа дараа шаардсан боловч гаргаж өгөөгүй. Ингээд манай талаас Санхүүгийн зохицуулах хороонд хандсан. Үүнд: А ХК нь хуульд заасан хугацаанд баримтаа ирүүлсэн эсэх, хэрэв ирүүлсэн тохиолдолд нотлох баримтыг хувилж өгөхийг хүссэн. А ХК-ийн хувьд материалаа хугацаандаа явуулсан боловч дутуу баримт хүргүүлсэн байсан. 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дутуу материалыг хүргүүлсэн. Санхүүгийн зохицуулах хороо өөрөө шаардаж авсан гэдгийг дурдах нь зүйтэй байх. Ингээд уг тогтоолын хуулбарыг А ХК дээрээс очиж авсан. Үүний дагуу 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шаардлагаа хүргүүлсэн.Энэ нь Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т заасан ажлын 30 хоногийн хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж байна.

...Нэхэмжлэгч Ж.С нь өөрийн эзэмшдэг 568 572 ширхэг хувьцааг үнэлж тэдэн төгрөгөөр худалдаж ав гэж шаардлага гаргаагүй, харин тус компани нь хувьцаа эзэмшигч Ж.С-н өөрийн эзэмшдэг хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхийг хаасан учраас даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Компани эхлээд хувьцаа эзэмшигчийнхээ шаардлагыг хүлээн авсаны эцэст дараа нь хувьцаагаа шаардах эрх үүсэх үеийн ханшаар нь худалдаж авах тухай асуудлыг Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан. Тиймээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн. ...Мөн А ХК нь зөвхөн энгийн хувьцаа гаргасан компани бөгөөд энэ компанид давуу эрхийн болон алтан хувьцаа огт байдаггүй... Иймд хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хохироож байгаа тул нэхэмжлэгч Ж.С-н тус компанид эзэмшдэг 568 572 ширхэг энгийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг тус компанид даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч А ХК-иас болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, өмгөөлөгч Ч.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ж.С нь манай компанийн 18 хувийн буюу 568 572 ширхэг хувьцааг эзэмшдэг хувьцаа эзэмшигч мөн. Ж.С нь 2019 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар өөрийн эзэмшдэг хувьцааны хувь хэмжээгээр компанийг хуваах саналыг гаргасныг уг хурлаар хэлэлцэж 2019 оны 4 сарын 22-ны өдрийн №07 тоот тогтоолоор Компанийг хуваах боломжгүй гэж үзсүгэй гэж шийдвэрлэсэн. Учир нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оруулсан санал нь Компанийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн заалтуудыг хангаагүй байсан. Хувьцаа эзэмшигч Ж.С нь өөрийн өмчлөлийн 568 572 ширхэг энгийн хувьцааг Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан үндэслэлээр А ХК-ийг эргүүлэн худалдаж авахыг шаардсан шаардлага гаргасныг танилцаад Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.6-д заасан эрхийн дагуу хувьцааг худалдан авахаас татгалзаж байгааг мэдэгдсэн албан хариуг тухай бүрт нь хуулийн хугацаанд хүргүүлсэн. Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл нь тус компанийн 2019.04.22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын №07 тоот тогтоолд заасан Компанийг хуваах боломжгүй гэж үзсүгэй гэсэн шийдвэр гэж ойлгогдохоор байгаа бөгөөд Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т заасан хугацааг хэтрүүлсэн нь түүний хариуцагч талд хүргүүлсэн 2019.06.07-ны өдрийн шаардлагаар нотлогддог. Нэхэмжлэгч нь уг хугацааг 7 хоногоор хэтрүүлсэн нь хариуцагчаас хувьцааг эргүүлэн худалдан авах тухай шаардлагатай холбогдуулж аливаа шийдвэр гаргах, эс гаргах нь компанийн хуулиар олгогдсон эрх болж үлдсэн байна. 2019.04.22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын №07 тоот тогтоолыг тооллогын комиссын нэгдсэн дүнтэй холбогдуулан хугацаа хожимдуулж гаргасан нь үнэн. Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасан нөхцөл байдал нь хувьцаа эзэмшигчийн шаардах эрхийг зохицуулсан зохицуулалт болохоос хувьцаа эзэмшигчийн зүгээс гаргасан саналыг заавал хангах хууль зүйн хөшүүрэг биш юм. ...Нэхэмжлэлийн шаардлагад компанийн нэгж хувьцааны үнийг 1900 төгрөг байгаа гэж тодорхойлсон нь нэхэмжлэгч нэгж хувьцааны үнийг зах зээлийн бодит үнэлгээнээс хэт өндрөөр, хэт ялгаатайгаар үнэлсэн байна. ...Мөн 1-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.8-т үнэт цаастай холбогдох нэхэмжлэлд Хөрөнгийн биржийн тухайн үеийн ханшаар нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасан, мөн дээрх хувьцааг хэдэн төгрөгөөр худалдаж ав гээд байгаа нь тодорхойгүй, хувьцааг худалдан авахад хариу төлбөрийн шинжтэй гэрээ байгуулагдах тул гэрээний үнэ тодорхойгүй, нэгж хувьцааны үнээр улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй зэрэг нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу байхад шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь буруу, 2-т Компанийн тухай хуулийн 49 дүгээр зүйл, 50 дугаар зүйлд тус тус заасан үндэслэлээр компани хувьцаагаа эргүүлэн худалдаж авах боломжгүй гэж үзэж байна. Түүнчлэн Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн 568 572 ширхэг хувьцааг санхүүгийн хоёрдогч зах зээлд чөлөөтэй худалдан борлуулах бүх талын хуулийн боломж нээлттэй байгааг зориуд дурдаж байна. ...иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.С нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-р дамжуулан хариуцагч А ХК-д холбогдуулан тус компанид өөрийн эзэмшдэг 568 572 ширхэг хувьцааг эргүүлэн худалдаж авахыг тус компанид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үндэслэлээ ...А ХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.С нь Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчийнхээ хувиар тус компанийг хуваах тухай санал шаардлагыг гаргасан боловч компани татгалзсан тогтоол гаргасан бөгөөд өөрийн эрх хэмжээний дагуу өөрийн эзэмшдэг хувьцааг эргүүлэн худалдаж авахыг шаардсан. Гэвч тус компани нь өөрийнхөө хувьцааг хувьцаа эзэмшигчийн шаардлагаар эргүүлэн худалдаж авахыг татгалзсан тул шүүхэд хандаж байна... гэж тайлбарладаг.

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...Хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т зааснаар хувьцааг эргүүлэн худалдан авахыг шаардахдаа хууульд заасан хугацааг хэтрүүлсэн тул компанийн зүгээс хувьцааг худалдан авахыг татгалзаж байна. Тэгээд ч хувьцаа эзэмшигч нь өөрийнхөө хувьцааг санхүүгийн хоёрдогч зах зээл дээр чөлөөтэй худалдах боломжтой... гэж тайлбарлан маргадаг.

Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч А ХК-ийн хувьцааны 568 572 ширхэг хувьцааг эзэмшдэг энгийн хувьцаа эзэмшигч байх ба тэрээр тус компанийн 2019 оны 4 сарын 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд тус компанийг хуваах саналыг гаргасан, уг саналыг хариуцагч А ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2019 оны 4 сарын 22-ны өдрийн ээлжит хурлаар хэлэлцэн Компанийг хуваах боломжгүй гэж үзсэн тухай №07 тоот тогтоолыг гаргасан болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд дээрх үйл баримтуудын талаар талуудын хэн аль нь маргаагүй.

Нэхэмжлэгч Ж.С нь тус компанийн энгийн хувьцаа эзэмшигчийн хувиар Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйл, 62 дугаар зүйлийн 62.1.2-т зааснаар компанийг хуваах тухай саналыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд гаргах эрхтэй байх бөгөөд уг саналыг хариуцагч А ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2019 оны 4 сарын 22-ны өдрийн ээлжит хурлаар хэлэлцэн гаргасан Компанийг хуваах боломжгүй гэж үзсэн тухай №07 тоот тогтоолын эсрэг саналтай байсан талаар ч талууд маргаагүй байна.

Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1-т компанийг хуваах.. тухай асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан шийдвэрийн эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдан авахыг компаниас шаардах эрхтэй болохыг заасны дагуу нэхэмжлэгч Ж.С уг шаардах эрхийн дагуу А ХК-д өөрийн эзэмшдэг 568 572 ширхэг энгийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг тус компаниас шаардсан нь Компанийн тухай хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

Гэвч хариуцагч А ХК нь ...хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын шийдвэр 2019 оны 4 сарын 22-ны өдөр гарсан байтал хувьцаа эзэмшигч Ж.С нь дээрх шаардлагаа 2019 оны 6 сарын 07-ны өдөр гаргасан нь Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т зааснаар ажлын 30 хоногийн хугацааг хэтрүүлсэнээр дээрх шаардах эрхээ алдсан гэх үндэслэлээр Ж.С-н бичгээр гаргасан дээрх шаардлагыг хүлээн авахаас татгалзжээ.

Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т Өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхээ хэрэгжүүлэх хүсэлтэй хувьцаа эзэмшигч нь эргүүлж авах тухай шаардлагыг бичгээр гаргах..., 54.3-т Хувьцаа эзэмшигч нь энэ хуулийн 54.2-т заасны дагуу гаргасан шаардлагыг уг шаардах эрхийг үүсгэсэн шийдвэр гарснаас, эсхүл ийм эрх үүссэн тухай компаниас бичгээр мэдэгдэл авснаас хойш ажлын 30 өдрийн дотор компанид явуулна гэж тус тус заажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2019.04.22-ны өдрийн ээлжит хурлаар хувьцаа эзэмшигч Ж.С-н компанийг хуваах тухай асуудлыг хэлэлцэж 51 хувийн саналаар хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн боловч энэ талаарх 07 тоот тогтоолыг Санхүүгийн зохицуулах хорооноос 2019 оны 5 сарын 15-ны өдрийн 9/2084 тоот албан бичиг тус компанид ирэх хүртэл бичгээр гаргаж албажуулаагүй байсан. ..Ингээд 07 тоот тогтоолыг тус компаниас бичгээр албажуулж гаргаж өгөхийг удаа дараа шаардсаны эцэст 2019 оны 5 сарын 28-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд хүргэгдсэнээс хойш гардаж аваад 2019 оны 6 сарын 07-ны өдөр хувьцаагаа эргүүлэн худалдах авах тухай шаардлагыг хүргүүлсэн. Энэ нь Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т заасан ажлын 30 хоногийн хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж байна гэх тайлбарыг гаргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн А ХК-ийн 2019 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын 165 хуудас бүхий материал, нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 2020 оны 01 сарын 17-ны өдрийн 3/165 тоот албан бичиг, уг албан бичигт хавсаргасан баримтууд болон хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...07 тоот тогтоолыг тооллогын нэгдсэн дүнтэй холбоотойгоор хугацаа хожимдуулж бичгээр гаргасан нь үнэн гэх тайлбараар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлтэй байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд дээрх тайлбарыг эсэргүүцэж няцаагаагүй байна.

Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд хувьцааг эргүүлэн худалдаж авахыг шаардах эрхээ хэрэгжүүлэх журмын талаар заасан байх ба ажлын 30 өдрийн дотор хувьцаа эзэмшигч шаардлагаа хүргүүлээгүй бол, эсхүл уг хугацааг хэтрүүлсэн бол өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авах тухай компаниас шаардах эрхээ алдах талаар дээрх хуульд заагаагүй байна. Үүнээс үзвэл хувьцаа эзэмшигч дээрх шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ хугацаа хэтрүүлснээр Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т заасан шаардах эрхээ алдсан гэж үзэх боломжгүй юм.

Иймд хариуцагч А ХК-ийн 2019 оны 4 сарын 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас Компанийг хуваах тухай асуудлыг хэлэлцэн гаргасан №07 тоот тогтоолыг тус компаниас бичгээр албажуулан авсны эцэст нэхэмжлэгч Ж.С өөрийн дээрх шаардах эрхээ хэрэгжүүлснийг Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хувьцаа эзэмшигч нь өөрийнхөө эзэмшдэг хувьцааг бусдад бэлэглэх, худалдах, өв залгамжлуулах зэргээр захиран зарцуулах эрхтэй тул санхүүгийн хоёрдогч зах зээл дээр чөлөөтэй худалдан борлуулах эрхтэй учраас компани заавал худалдаж авах албагүй гэж маргадаг.

Гэвч Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан хувьцаа эзэмшигчийн эрх үүрэгт хувьцаа эзэмшигч нь компанийн зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшдэг хувьцаагаа санхүүгийн хоёрдогч зах зээлд чөлөөтэй худалдан борлуулах эрхтэй талаар заагаагүй байна.

Харин хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшдэг хувьцааг бусдад бэлэглэх, өв залгамжлуулах, компанид эргүүлэн худалдах эрхийг хуулиар хориглоогүй байх тул хариуцагч талын дээрх тайлбар үндэслэлгүй байна.

Иймд Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.5-д Компани нь хувьцаа эзэмшигчийн шаардлагаар эргүүлэн худалдаж авах хувьцааг энэ эрх үүсэх үеийн зах зээлийн үнээр худалдан авна гэж заасан байх тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ж.С-н А ХК-д эзэмшдэг 568 572 ширхэг энгийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг хариуцагч А ХК-д даалгах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд 1-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.8-т үнэт цаастай холбогдох нэхэмжлэлд Хөрөнгийн биржийн тухайн үеийн ханшаар нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасан, мөн дээрх хувьцааг хэдэн төгрөгөөр худалдаж ав гээд байгаа нь тодорхойгүй, хувьцааг худалдан авахад хариу төлбөрийн шинжтэй гэрээ байгуулагдах тул гэрээний үнэ тодорхойгүй зэрэг нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу

байхад шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь буруу, 2-т Компанийн тухай хуулийн 49 дүгээр зүйл, 50 дугаар зүйлд тус тус заасан үндэслэлээр компани хувьцаагаа эргүүлэн худалдаж авах боломжгүй гэж тус тус маргажээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.8-д заасан Үнэт цаастай холбогдох нэхэмжлэл гэдгийг үнэт цаасны эзэмшлийн талаар, мөн үнэт цаасыг арилжсан гэрээнээс үүссэн маргаанд хамааруулан хэрэглэдэг. Гэвч нэхэмжлэгч Ж.С нь өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг хариуцагчид даалгах тухай шаардлагыг гаргасан бөгөөд Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлд зааснаар компани хувьцаа эзэмшигчийн шаардлагыг хүлээн авах асуудлыг шийдвэрлэсний эцэст хувьцааг эргүүлэн худалдан авах эрх үүсэх үеийн зах зээлийн үнээр худалдаж авах асуудлыг зохицуулсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй юм.

Компанийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд компани өөрийн гаргасан энгийн хувьцаа болон бусад үнэт цаасыг эзэмшигчтэй нь тохиролцсоноор худалдаж авах тухай асуудлыг, мөн хуулийн 50 дугаар зүйл нь компани өөрийн төлбөрийн чадвартай холбоотойгоор эргүүлэн худалдаж авах үүрэг хүлээсэн давуу эрхийн хувьцаагаа эргүүлэн худалдаж авах эрхийг тус тус зохицуулсан байна.

Иймд Компанийн тухай хуулийн дээрх заалтууд нь нэхэмжлэгч Ж.С-н тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байхаас гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...А ХК нь зөвхөн энгийн хувьцаатай компани бөгөөд уг компанид давуу эрхийн болон алтан хувьцаа байдаггүй гэх тайлбарыг хариуцагч тал эсэргүүцээгүйг дурдах нь зүйтэй юм.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 53.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.С-н А ХК-д эзэмшдэг 568 572 ширхэг энгийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг хариуцагч А ХК-д даалгасугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.С-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН