Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2020/00199

 


 

 

 

 

2020 оны 01 сарын 22 өдөр                Дугаар 183/ШШ2020/00199                                 Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

     Нэхэмжлэгч:.............................. тоотод оршин суух, РД- .........., А-ын нэхэмжлэлтэй,

     хариуцагч- Хан-уул дүүрэг, ............ тоотод байрлах, “Б” ХХК /

     хариуцагч- Баянзүрх дүүрэг, ............. тоотод оршин суух, В- нарт холбогдох,

     хариуцагч нарын зээлээр авсан шатахууны төлбөрийг нэхэмжлэгч төлж барагдуулсан үндэслэлээр “Б” ХХК-иас 21.000.000 төгрөг, Б.В-гээс 107.200 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......., хариуцагч “Б” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ........, хариуцагч Б.В-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.А- нь ........ ХХКомпанийн ........ нефть хангамжийн салбарын ........ агуулахын эрхлэгчээр ажилладаг бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 19-ний хооронд "Б" ХХК-д нийт 62.094.400 төгрөгийн шатахууныг зээлээр болон бэлэн мөнгөөр худалдсан. Ингээд тус компани нь авсан шатахууныхаа мөнгийг хэсэгчлэн 40.987.200 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 21.107.200 төгрөгийг хугацаандаа төлж барагдуулаагүй. Улирлын эцсээр компанид өр авлага үүсэх гээд байсан тул П.А- нь "Б" ХХК-ний төлөх ёстой 21.107.200 төгрөгийг хувиасаа төлж барагдуулсан. Учир нь П.А- нь "........" агуулахын эрхлэгчээр ажиллаж байсан, жилийн эцсээр өр авлагатай гарвал арга хэмжээ авдаг тул хувиасаа тус өрийг төлж барагдуулсан. Б" ХХКомпани нь тус өрийг одоог хүртэл өгөөгүй, А- бусдаас мөнгө төгрөг зээлж компанийхаа өрийг барагдуулсан байхад одоог хүртэл уурхайдаа ашигласан шатахууны өрөө өгөхгүй маш их хохироож байна. Иймд "Б" ХХК-иас шатахууны төлбөрт 21.000.000 төгрөг, хариуцагч В-гээс шатахууны төлбөрт 107.200 төгрөгийг тус тус гаргуулж өгнө гэжээ.

 

     Хариуцагч Б ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь иргэн П.А- болон ........ ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан шатахууныг аваагүй. Иргэн П.А- нь шатахуунаа Б ХХК-д бус иргэн ........ гэгчид хүлээлгэн өгсөн баримтыг нэхэмжлэлд хавсаргасан байна. Гэтэл бидэнтэй ямар ч хамааралгүй, манай компанийн ажилтан биш иргэн ........ гэгчид хүлээлгэн өгсөн шатахууны үнийг манай компани төлөх үндэслэлгүй бөгөөд жинхэнэ хариуцагч биш. Хэрэв бид шатахуун зээлээр худалдан авах тохиолдолд гэрээ байгуулах замаар хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Энд ямар ч гэрээ байгуулаагүй тус шатахуунаа иргэн ........ гэгчид хүлээлгэн өгсөн баримтыг нэхэмжлэлд хавсаргасан байна. Энэ нь манай компанитай гэрээ, хэлцэл хийгээгүй, шатахуунаа хүлээлгэж өгөөгүй гэдэг нь батлагдаж байна. Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 187 дугаар зүйлд заасан үүрэг үүсээгүй байна. Б ХХК-ийг иргэн ........ гэгч төлөөлж гэрээ, хэлцэл хийх, хөрөнгө хүлээн авах эрхгүй төдийгүй манай компанийн ажилтан ч биш юм. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан. Ц......... нь 2018-04-02-ны өдрөөс гүйцэтгэх захиралаар ажиллаж байгаа бөгөөд Б ХХК-г төлөөлж гэрээ, хэлцэл хийх эрх зөвхөн гүйцэтгэх захиралд хадгалагдаж байна. Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болдог ч иргэн ........ гэгчид хэлцэл хийх, хөрөнгө хүлээн авах, компани төлөөлөх зэрэг эрх олгосон итгэмжлэл Б ХХК-ийн зүгээс олгоогүй болно. Иймд талуудын хооронд ямар нэг эрх зүйн харилцаа үүсээгүй байна.

     Нэхэмжлэлд 2018-05-10-ны өдрөөс 2018-05-19-ний хооронд Б ХХК-д нийт 62.094.400 төгрөгийн шатахууныг худалдсан. Үүнээс 40.987.200 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 21.107.200 төгрөгийг хугацаандаа төлж барагдуулаагүй гэжээ. Иргэн П.А- болон ........ ХХК-ийн ........ дахь салбар нь манай компанид ямар ч шатахуун хүлээлгэн өгөөгүй. Нэхэмжлэгч нэхэмжлээд буй шатахуунаа иргэн ........ гэгчид хүлээлгэн өгсөн баримтыг нэхэмжлэлд хавсаргасан байна. Эндээс үзэхэд хэрэв иргэн ........ гэгч нь шатахууныг хүлээж авсан бол Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасны дагуу Б ХХК-тай бус ........ гэгчтэй гэрээ байгуулсанд тооцож болох юм. Тийм учраас нэхэмжлэгч манай компанид шатахуун буюу эд хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй, гэрээ хэлцэл хийгээгүй тул шаардах эрхгүй байна. Б ХХК-ийн хувьд иргэн П.А- болон ........ ХХК-ийн ........ дахь салбаруудаас нэхэмжлэлд дурдсан шатахууныг хүлээж аваагүй, ямар нэг гэрээ байгуулж эрх зүйн харилцаа үүсээгүй тул П.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.........ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

     Хариуцагч Б.В- шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.........ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжпэгч анх 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр “Б" ХХК-ийг хариуцагчаар татаж, шатахууны үнэнд 21.107.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэлийг шүүхэд гаргасан бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр намайг хамтран хариуцагчаар татсан байна. Миний бие “Б” ХХК-ийн орд болох ........-Уул аймгийн ........ суманд байрлах “........-1” гэх нэртэй шороон ордны уурхайд компанийн ажилтнаар ажилладаг, уурхайн өдөр тутмын үйл ажиллагааг уурхайн дарга Б.Батцэнгэл хариуцдаг. “Б” ХХК нь ........ын шороон ордны уурхайд байгаа машин механизм, тех........үүдийн түлшийг ........-Уул аймаг дахь “........” ХХК-ийн нефть хангамжаас авдаг байсан. Миний бие уурхайд байгаа машин механизм, тех........үүдийн түлш дууссан үед ........” ХХК-ийн ........ дахь нефть хангамжийн салбарын эрхлэгч А- гэхтэй хүнтэй утсаар холбогдож түлш захиалдаг, төлбөр тооцоог нь “Б” ХХК нь хийдэг байсан. Би А- гэх хүнийг сургаар танина, түүнээс биш уулзаж байсан удаа байхгүй. Түлш дууссан үед ........-Уул аймаг дахь “........” ХХК-иас түлш захиалж байгаарай гэж компанийн удирдлага болон уурхайн дарга надад үүрэг болгож байсан бөгөөд А- гэх хүнийг уурхайн дарга надад холбож өгсөн. Түлшийг ........ гэх хүн уурхайд авчирж өгдөг, ........ нь ........-Уул аймаг дахь “........” ХХК-ийн ажилтан байсан. Нийтдээ хэдэн литр түлш авсан, хэдэн төгрөг болсныг би нарийн сайн мэдэхгүй. Үүнийг манай компани мэдэж байгаа. Түүнээс биш би “........” ХХК болон нэхэмжлэгч П.А- гэх хүнтэй гэрээ оайгуулж байгаагүй. Түлшний мөнгө шилжүүлж байгаа болно. Иймд энэ хэрэгт хариуцагчаар татагдах үндэслэлгүй, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

     Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

     Нэхэмжлэгч П.А- нь “Б” ХХК-д холбогдуулан “........” ХХК-ний ........ нефть хангамжийн салбарын ........ын агуулахаас зээлээр авсан шатахууны үлдэгдэл төлбөрийг тухайн компаний өмнөөс төлж барагдуулсан тул шатахууны төлбөрт 21.107.200 төгрөгийг гаргуулахаар /хх-1/ шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар иргэн Б.В-г татаж түүнээс шатахууны төлбөрт 107.200 төгрөгийг, хариуцагч “Б” ХХК-иас шатахууны төлбөрт 21.000.000 төгрөгийг тус тус гаргуулах гэж шүүх хуралдаанд шаардлагаа тодорхойлсон.

 

     Нэхэмжлэгч П.А- нь өөрийгөө төлөөлөн нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2019-04-01-ний өдрийн итгэмжлэлээр Н.........д /хх-5/, хариуцагч “Б” ХХК нь тухайн компанийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох эрхийг О.Даваажаргалд 2019-06-11-ний өдрийн 1/103 дугаартай албан бичгээр /хх-67/ тус тус олгосон байна.

 

     Нэхэмжлэгч П.А-ыг “........” ХХК-ний ........-Уул аймаг дахь нефть хангамжийн салбарын ........ын агуулахын эрхэлэгчээр ажилладаг болохыг тухайн байгууллагын дарга 2019-05-22-ны өдрийн 1/176 тоот албан бичгээр тодорхойлсон /хх-50, 51/ байх бөгөөд нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хариуцагч “Б” ХХК-ний утсаар захиалсан шатахууныг өөрийн байгууллагын Урал ........УБЦ дугаартай машинаар, “Б” компаниас ирсэн маяти ........УНЗ улсын дугаартай шатахуун тээвэрлэдэг машинаар хүргүүлсэн боловч зээлээр авсан шатахууны үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй тул байгууллагад өр авлага үүсгэхгүй байх үүднээс уг төлбөрийг хувиасаа төлсөн гэж шаардлагын үндэслэлийг тодорхойлсон.

 

     Хариуцагч “Б” ХХК болон шүүх хуралдаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талуудын хооронд гэрээ хэлцэл байгуулагдаагүй, нэхэмжлэгчтэй иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй, шатахуун авч хэрэглээгүй, ........д манай компани үйл ажиллагаа явуулдаггүй. Нэхэмжлэгчтэй Иргэний хуулийн 186-д заасан үүрэг үүсээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргасан.

 

     Хариуцагч Б.В- нь Б ХХК-ний уурхай ........д ажилладаг, ........ ........ салбараас шатахуунаа аваад төлбөрөө төлөөд хэвийн явж байгаад 6 дугаар компаний хувьцаа эзэмшигч нарын хооронд маргаан гарсантай холбоотой бусдаас түрээслэсэн түрээсийн төлбөрөө ч төлөхгүй, зээлээр авсан бараа материалын төлбөрөө ч төлөхгүй ийм байдал хүрээд шүүх дээрээ ирэхээрээ гэрээ байгуулаагүй, В- манай компанийг төлөөлөх эрхгүй гэсэн юм яриад байдаг. Б компанид холбогдох хэрэг болгон дээр цагдаа дээр шалгагдаж байгаа хэрэгт хүртэл миний дансны хуулга авагдсан байгаа. Компаний хувьцаа эзэмшигч .........., ........ нар миний данс руу мөнгө болон цалинг шилжүүлдэг байсан. ........ын уурхайд ажиллаж байгаа ажилчид болон надтай хүртэл Б хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Би Б компанид ямар ч хамааралгүй юм бол яагаад надад цалин өгч уурхайн кемпийн зардлын мөнгийг надад шилжүүлдэг байсан нь ойлгомжгүй байгаа. Би тэр А- гэдэг хүнийг харж байгаагүй, танихгүй компаний удирдлага энэ утсаар холбогдож түлш захиалж авч байгаарай гэсний дагуу утсаар холбогдож түлш авч, төлбөрийг дансаар шилжүүлдэг байсан тул уг шатахууныг би хувьдаа авч ашиглаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргасан.

 

Зохигчдын хооронд тодорхой эрх, үүргийг үүсгэсэн, энэхүү шаардах эрх, хүлээх үүргийн агуулгыг тодорхойлсон, шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болж буй харилцаа нь маргаантай эрх зүйн харилцаа гэж үзэх бөгөөд аливаа нэхэмжлэлийн шаардлага тодорхой үндэслэлтэй байдаг ба энэхүү үндэслэл нь маргаантай харилцааг тодорхойлох учиртай. Тиймээс нэхэмжлэгч П.А- нь бусдын өмнөөс буюу Б ХХК-ний зээлээр авсан шатахууны төлбөрийг хувиасаа төлж барагдуулсан гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлон тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

ШТМ-ын зарлагын падаан 36 дугаартай 2018-05-10-ны өдрийн огноотой, Б ХХК-ний жолооч ........, маяти ........УНЗ дугаартай машинд 3000 кг түлш ачуулсан 5.430.000 төгрөгийн баримт /хх-7/,

ШТМ-ын зарлагын падаан 41 дугаартай 2018-05-11-ний өдрийн огноотой, Б ХХК-ний жолооч ........, машины дугаар ........, түлш 3000 кг гээд 5.430.000 төгрөгийн баримт /хх-8/,

ШТМ-ын зарлагын падаан 46 дугаартай, 2018-05-14-ний өдрийн огноотой, Урал ........УБЦ дугаартай, байгууллагын нэр дээр хувийн, жолооч ........ гээд 5560 кг түлш, 10.063.600 төгрөгийн баримт /хх-9/,

ШТМ-ын зарлагын падаан 52 дугаартай, 2018-05-15-ны өдрийн огноотой, Урал ........УБЦ дугаартай, байгууллагын нэр дээр хувийн, жолооч ........ гээд 5560 кг түлш, 10.063.600 төгрөгийн баримт /хх-10/,

ШТМ-ын зарлагын падаан 57 дугаартай, 2018-05-17-ны өдрийн огноотой, Урал ........УБЦ дугаартай, байгууллагын нэр дээр Б ХХК, жолооч ........ гээд 5560 кг түлш, 10.063.600 төгрөгийн баримт /хх-11/,

ШТМ-ын зарлагын падаан 58 дугаартай, 2018-05-17-ны өдрийн огноотой, ........УНЯ дугаартай, байгууллагын нэр дээр Б, жолооч ........ гээд 3000 кг түлш, 5.430.000 төгрөгийн баримт /хх-12/,

ШТМ-ын зарлагын падаан 60 дугаартай, 2018-05-19-ний өдрийн огноотой, ........дугаартай, байгууллагын нэр дээр Б, жолооч ........ гээд 3000 кг түлш, 5.550.000 төгрөгийн баримт /хх-13/-г нэхэмжлэгч нотлох баримтаар гаргасан.

 

Дээрх ШТМ-ын зарлагын падаанд бичигдсэн Урал ........УБЦ дугаартай, машин болон жолооч ........ нь “........” ХХК-ний ........-уул аймаг дахь нефть хангамжийн салбарын ........ын агуулахын машин болон ажилтан гэж, ........дугаартай автомашин, жолооч ........ нь Б ХХК-ний ........ын уурхайд ажиллаж байгаа машин болон ажилтан гэж хариуцагч В- тайлбарласан.

 

Мөн Хаан банк ХХК-иас ирүүлсэн ........ ........ борлуулалтын орлого гэх 5045064716 дугаартай дансны хуулгын 5-р хуудсанд Б ХХК түлш гээд 3333333 /Б уурхайн ажилтан Батсайхан/ тоот данснаас 1.430.000 төгрөгийг, 5017237470 /хариуцагч В-/ тоот данснаас 4.000.000 төгрөг, .......... тоот данснаас 16.066.000 төгрөг Б гэж, 6-р хуудсанд ......... тоот данснаас 9.491.200 төгрөг Б гэж тус тус шилжүүлсэн /хх-94-102/.

 

Гэрч Т.........ын ...Бд ажиллаж байсан, В- мөн ажиллаж байсан, түлшний машин барьдаг байсан, ........ын агуулахаас 2-3 удаа нефть авч байсан, ........аас бас 2-3 удаа авчсан, хугацааг нь санахгүй байна. Нефть авахдаа солонгосын 2-3 тонны машинаар авдаг, А- гэдэг хүнээс авдаг, Б компанид нэг сар гаруй 2 сар шахуу ажилласан, бүх зүйлийг баримттай үйлддэг, өөр салбараас авч байсан талаар мэдүүлсэн /хх-135-137.

 

Хаан банкны ............. тоот дансыг харицагч В- эзэмшдэг байх бөгөөд энэ дансны хуулгаас үзэхэд ............, НВЦ Б, ............ тоот данснаас эксковатор, Treller urd, 4-5 сарын цалин, ........... тоот данснаас кемп бараа материал уурхайд, ............... тоот данснаас зээл, ............ тоот данснаас Баатарбилэгээс, ......... тоот данснаас цалин, оношлогоо гэж, 5099770808 тоот данснаас кемп бараа материал гэж, ............. тоот данснаас баатарбилэгээс гэж, .......... тоот данснаас кемп бараа материал гэсэн гүйлгээний утга бүхий орлого орсон байх бөгөөд зардлагын гүйлгээнд Бгаас гэх утга бичигдсэн зарлага, ........ ХХК-ний ............тоот дансанд шилжүүлэг хийсэн зарлага мөн бүртгэгдсэн байна /хх-146-156/.

 

ШТМ-ын зарлагын 36, 41, 58, 60 дугаартай падаанд бичигдсэн ........УНЗ улсын дугаартай FRONTIER маркийн, цистерн зориулалттай, бүр жин 5530 кг гэсэн тээврийн хэрэгсэлийн өмчлөгч нь “Б” гэж 2017-06-09-ний өдөр 01585692 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнд бүртгэгдсэн /хх-160/ байна.

 

Хаан банк ХХК-иас 2019-11-19-ний өдөр ирүүлсэн 29/11511 дугаартай албан бичигт ........... тоот дансны эзэмшигч нь Х........... /хх-166/ гэж,

2019-11-28-ны өдрийн 29/11885 дугаартай албан бичигт 5099770808 тоот дансны эзэмшигч нь Ц......... гэж /хх-172/ тус тус тодорхойлсон байна.  

 

Дээрх баримтуудаас үзэхэд хариуцагч Б.В-д хариуцагч “Б” ХХК-ний хувьцаа эзэмшигч гэж тус компаний дүрэмд бүртгэгдсэн Х..........., Ц......... нараас цалин, кемп бараа материал гэх мэт утгаар мөнгө шилжүүлж, Бд зээл гэж бусдаас шилжүүлсэн мөнгө тухайн дансанд орж байсан байх бөгөөд хариуцагч “Б” ХХК нь хариуцагч Б.В-г тухайн компанид ажиллаж байгаагүй, ажилтан биш гэх татгалзсан үндэслэл тайлбараа нотлоогүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан ШТМ-ын зарлагын падаанд бичигдсэн ........УНЗ улсын дугаартай автомашин нь хариуцагч “Б” ХХК-ний өмчлөлийн хөрөнгө байх бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд шүүх 2019-04-15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч “Б “ХХК-д 2019-04-19-ний өдөр нэхэмжлэлийн хувь гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан танилцуулснаас /хх-16-19, 46-48, 60, 117-118/ хойших хугацаанд хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа нотлох буюу ШТМ-ын зарлагын баримтад дурдсан ........дугаартай машин тухайн компанийх биш болохыг, ........-Уул аймагт, ........ сумын ........д уурхайн үйл ажиллагаа явуулдаггүй талаарх татгалзсан тайлбар үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргах хангалттай хугацаа байсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрээ байгуулаагүй, эрх зүйн харилцаанд оролцоогүй, уурхайн үйл ажиллагаа явуулдаггүй, манай компаний ажилтан биш гэх тайлбар үндэслэл муутай байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Худалдах худалдан авах гэрээнд хуулиар хэлбэрийн шаардлага тусгайлан заагаагүй боловч хэлцлийн хэлбэрт тавигдах бүх шаардлагууд ижил үйлчлэх бөгөөд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д зааснаар талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болох бөгөөд нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэхээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан ба хариуцагч “Б” ХХК-ний өмчлөлийн автомашин “........” ХХК-ний ........-Уул аймаг дахь нефть хангамжийн салбараас шатахуун түлш тээвэрлэсэн, хариуцагч Б.В- “Б” ХХК-иас түлшний үнэ гэж шилжүүлсэн түүний дансны хуулга, “........” ХХК-ний дансны хуулгыг нотлох баримтаар гаргасан тохиолдолд хариуцагч Б ХХК дээрх баримт болон тайлбарыг үгүйсгэсэн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар шүүхэд гаргах үүрэгтэй.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд ........ ХХК-ний ........-Уул аймаг дахь нефть хангамжийн салбарын ........ын агуулах болон хариуцагч “Б” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд Б ХХК-д түлш нийлүүлсэн “........” ХХК-ний ........-Уул аймаг дахь нефть хангамжийн салбарын ........ын агуулах нь нийлүүлсэн барааныхаа үнийг шаардсан шаардлагыг тухайн компанид холбогдуулан гаргаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн гаргасан түлшний 7 зарлагын баримтын нийлбэр дүн 52.030.800 төгрөг, үүнээс “........” ХХК-ний дансны хуулгаар “Б” ХХК-иас гэж шилжүүлсэн төлбөр 30.987.200 төгрөг байх бөгөөд нэхэмжлэгч П.А- нь 2018-05-31-ний өдөр 11.174.800 төгрөгийг, 2018-06-14-ний өдөр 9.932.400 төгрөг, нийт 21.107.200 төгрөгийг “........” ХХК-ний 5045064716 тоот дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулга, ........ ХХК-ний дансны хуулга, ........-Уул аймаг дахь салбарын тодорхойлолт зэргээр нотлогдож /хх-50-52, 95-102/, “........” ХХК-ний ........-Уул аймаг дахь нефть хангамжийн салбарын ........ын агуулах, “Б” ХХК нарын хооронд үүрэг үүссэн байх боловч Б ХХК-ний гүйцэтгэх үүргийг нэхэмжлэгч өөрийн зөрчигдөх эрх ашгаа хамгаалж гүйцэтгэснээр хариуцагч “Б” ХХК хөрөнгө буюу түлшийг үнэ төлбөргүйгээр олж авснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Б ХХК-ний хувьцаа эзэмшигч нарын хоорондын маргааны улмаас түрээсийн төлбөр болон бусдаас авсан бараа материалын үнэ төлөгдөөгүй, шүүхээр эдгээр маргаан нь шийдвэрлэгдэж байгаа гэх хариуцагч В-гийн тайлбарыг Б ХХК мөн үгүйсгэж нотлоогүй, хувьцаа эзэмшигч нарын маргаантай байгаагаас нийлүүлсэн шатахууны төлбөр төлөгдөх боломжгүй нөхцөл үүсэж өөрийн эрх ашгийг хамгаалж, ажлын байраа хадгалж үлдэхийн тулд бусдын үүргийг гүйцэтгэсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Мөн хариуцагч Б ХХК-ний өмчлөлийн ........дугаартай автомашинаар түлш тээвэрлэсэн жолоож ........ мэдүүлэхдээ ........ын агуулахаар түлш тээвэрлэсэн, өөр салбараас уурхайд ашиглах түлш тээвэрлэж Б ХХК-д ажиллаж байсан талаар мэдүүлсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус компаний уурхайн үйл ажиллагаа явуулдаг эсэхийг мэдэхгүй гэж хариулсан боловч 4249305 регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд ашигт малтмалын хайгуул эрхлэх үйл ажиллагаа бүртгэгдсэн байна /хх-22/.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б ХХК нь ........ ХХК-ний ........ын агуулахаас түлш авснаар үндэслэлгүй хөрөнгөжиж, нэхэмжлэгч нь түүний өмнөөс үүргийг гүйцэтгэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу Б ХХК-иас түлшний төлбөрт 21.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Харин хариуцагч Б.В- нь ........-Уул аймаг дахь нефть хангамжийн салбарын ........ын агуулахаас шатахуун авсан болох нь нэхэмжлэгч түүний өмнөөс үүрэг гүйцэтгэсэн болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг ба мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар зохигчид бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах үүрэгтэй тул зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар үндэслэл, татгалзлаа нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 263.486 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас 262.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК /4249305/-иас 21.000.000 /хорин нэгэн сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Оточ овогт Пунцагийн А- /ВП75101312/-т олгож, хариуцагч Б.В-д холбогдуулан гаргасан 107.200 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263.486 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас 262.950 /хоёр зуун жаран хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай                                                                

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                               Д.ЯНЖИНДУЛАМ