Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 139

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалж, тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг, шүүгч Т.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр, шүүх хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А ХК-д холбогдох

Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 210 492 762 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Чинзориг, иргэдийн төлөөлөгч Г.Дашмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Э, гэрч Э.Давааням, Э.Батдэлгэр, Д.Хатанбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК нь А ХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хамтран ажиллах гэрээний дагуу ажилласан. Гэрээг цуцлах тухай саналыг Н ХХК-ийн талаас 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өгч хамтран ажиллах гэрээ цуцлагдсан. Энэ хугацаанд Н ХХК-иас нүүрс олборлох ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй. Сүүлд МАК ХХК, А ХК нар нь хамтран ажиллах гэрээ байгуулж хамтарч ажилласан байгаа. Н ХХК нь үйл ажиллагаа явуулах тоног төхөөрөмжгүй тул 2018 оны 06 дугаар сарыг хүртэл үйл ажиллагаа явуулаагүй. Улаанбаатар хотод лицензтэй холбоотой асуудал хөөцөлдөж байгаад ирэхэд А ХК-ийн тоног төхөөрөмж Н ХХК-ийн талбайд ажилласан байж болзошгүй байдалтай байсан. Бид яагаад манай талбайд орсон талаар лавлахад тухайн өдрөө нэг экскаватор машинаа татаж авсан. Тухайн асуудалтай холбоотой тэр дор нь буюу 2018 оны 6 сард Цагдаагийн байгууллагад бусдын эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж, нүүрс хулгайлсан хэрэгт шалгуулах хүсэлт гаргасан бөгөөд эрүүгийн хэрэг бүртгэлтийн 182100396 тоот хэрэг нээгдсэн. Ингээд бүтэн нэг жил гаруйн хугацаанд цагдаагийн хүний нөөцийн асуудал, ээлжийн амралт гэх мэт асуудлаас болж байцаагч дамжин явж мөрдөн шалгах ажиллагаа явагдсаны дараа Дорнод аймгийн Прокурорын газраас 2019 оны 7 сард хэргийг хааж, зөрчлийн хэрэг байна гээд харъяаллын дагуу Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн. Энэ тогтоол 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гарсан. Үүнд: А ХК нь зөвшөөрлийн талбайгаас хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан тул Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсүгэй гэсэн. Энэ талаар хохирогч талд тайлбарлахдаа хуулийн этгээдийг хулгайн хэрэгт буруутгах хуулийн санкц байхгүй, хулгайн гэмт хэрэг нь хүн дээр үүсгэгддэг. Энэ бол тусгай зөвшөөрлийн талбай хэтрүүлсэн үйлдэл байх тул Мэргэжлийн хяналтын газар шийдвэрлэнэ гэж хэлсэн. Мэргэжлийн хяналтын газар дээрх материалыг хүлээж аваад хууль зөрчсөн үйлдэл тогтоогдож байна гээд 2019 оны 8 сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 10 сая төгрөгөөр торгосон. А ХК зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч 10 сая төгрөгийн торгуулийг төлж барагдуулсан байдаг. Хэрэг бүртгэлтийн шатанд нотлох баримтууд цугларч байсан ба шинжээчийн дүгнэлтээр манай компанийн эзэмшлийн талбайд үйл ажиллагаа явуулсан нь нотлогдсон. 02 тоот шинжээчийн нэмэлт дүгнэлтэд нийт 730 дугаар түвшинд 7380.49м3, 710 дугаар түвшинд 5275.4м3 нүүрсний дүнг нэгтгэн 12655.89м3 нүүрсийг А хүрэн нүүрсний нягтад /12655.89*1.2/ харьцуулж, нийт 15187.07 тонн нүүрс олборлосон болохыг тогтоосон байгаа. Нүүрсийг ДБЭХС ТӨХК-нд 12600 төгрөгөөр нийлүүлсэн. Энэ бол бидний талбайгаас зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрч хулгай хийж олборлосон нүүрсээ борлуулсан хулгайн үйлдэл юм. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар А ХК нь өөрсдийн гэсэн тусгай зөвшөөрлийн талбай байхгүй нь харагддаг. ДБЭХС ТӨХК-тай байгуулсан гэрээгээ зөрчихгүйн улмаас манай газарт халдаж олборлолт хийсэн байгаа нь өөрсдийнх нь баримтаар нотлогдож байна. МАК ХХК-иас 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10 тоот албан бичигт А ХК-ийн үйл ажиллагааг зогсоолгох тухай албан бичгийг явуулсан. Ингээд Мэргэжлийн хяналтын газраас Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулж, үйл ажиллагааг нь зогсоож байсан. А ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ш.Бямбасүрэн нь Мэргэжлийн хяналтын газарт Манай компани бусдын газар руу зөвшөөрөлгүйгээр орж олборлолт хийгээд Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үгэнд орохгүй байна. Энэ үйлдлийг зогсоож өгнө үү гэсэн албан бичгийг хүртэл явуулж байсан байна. Энэ үйл явдлаас харахад А ХК нь 1364А, 14892А тоот тусгай зөвшөөрлийн талбайд орж ажиллаж байгаа боловч өөрсдийнх нь газар огт биш юм. Үүнтэй холбоотой захиргааны байгууллагын шийтгэлүүд оногдуулж байсан ба бүгдийг нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулж байсан байна. МАК ХХК-тай хамтран үйл ажиллагаа явуулж байх үедээ манай компанийн газарт цөмөрч үйл ажиллагаа явуулсан. Мөн манай компанийн зүгээс өөрсдийн эзэмшлийн газар руу машин оруулахгүй гэж машинаар зам хааж зогсоосон үйлдэл байдаг. Энэ талаарх асуудлыг өмнө нь иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж байсан. А ХК-иас өөрсдийн үйлдлээ нуухын тулд хуурамч нотлох баримт бүрдүүлж, хуурамч гарын үсэгтэй бичиг гаргаж өгсөн үйлдэл байгаа. Энэ талаарх нотлох баримтууд хэрэгт хавсаргагдсан. Нэгэнт бүхий л баримтууд бүрдсэн, үйлдэл нь тогтоогдож байгаа. Бид шүүхэд хандахын өмнө эвийн журмаар А ХК-д хандаж байсан. Үүний хариу нь хавтаст хэрэгт хавсаргагдсан. ...Хамтран ажиллах гэрээний хугацаанд бид хөрсийг нь хуулж өгсөн тул нүүрсийг авах ёстой гэсэн хандлага гаргаж байсан. Өмнө нь хамтран ажиллах гэрээний дагуу А ХК жилд 9 тэр бум төгрөгийн ашиг олдог байсан. Үүнээс бид 2.5 хувийн ашиг авдаг байсан. Бүх ажлыг А ХК өөрөө гүйцэтгэдэг байсан. Ингээд эцэст нь хэлэхэд Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 12 сарын 03-ны өдрийн 223 дугаар тогтоолоор нэг тонн нүүрсний газар дээрх үнэ 12600 төгрөг байдаг учраас бид 15187,07 тонн нүүрсний үнийг 12600 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн. Нэмэгдсэн өртгийн татварыг шингээж 210 492 762 төгрөгийг нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч А ХК-иас болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Н ХХК-тай хамтарч ажиллах гэрээний дагуу хамтарч ажиллаж байсан. Хамтарч ажиллах хугацаандаа буюу 2018 оны 4 сар хүртэл өөрийн техник, хүн хүч болон санхүүгийн нөөцөөр Н ХХК-ийн МV-1364А талбайд хөрс хуулалтын ажлыг хийж байсан. Манай компани Эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй болохыг Прокурорын газраас тогтоосон...

Манай компани дээрх хулгайлсан гэх 730 дугаар түвшингийн нүүрсийг 2018 оны 2,3,4 дүгээр саруудад олборлосон бөгөөд энэ үед Н ХХК-тай хамтарч ажиллаж байсан. Харин 2018 оны 6 сард 730 дугаар түвшингээс ямар ч нүүрс олборлоогүй бөгөөд 750 дугаар түвшингээс олборлож байсан нүүрс нойтон чийгтэй байсан учир 2,3,4 дүгээр саруудад олборлогдож үлдсэн 730 дугаар түвшингийн хоосон орон зай буюу мөргөцөгт буулган хурааж хатааж байсан. Уг хурааж хатаасан нүүрсээ 6,7 дугаар саруудад манай компани ачиж борлуулсан. Энэ нь манай өөрийн нүүрс юм. Харин Н ХХК энэ процессийг мэдсээр байж манай хилрүү нэвтрэн орж нүүрс хулгайлсан мэтээр ярьж явааг хоёр компанийн ажилчид бүгд мэднэ.

Мөн 710 дугаар түвшингийн нүүрсийг 2018 оны 4,5 дугаар саруудад доороос устай, нойтон нүүрс байсан тул мөргөцгийн ойролцоо нүүрсний уланд штабельдаж нуруулдан хурааж хатаасан. Нүүрсийг штабельдаж нураалдаж хураах нь тодорхой хугацааны дараа нүүрсний чийг буурч хуурай болдог, энэ үед нь ачиж борлуулдаг технологи ажиллагаа юм. Уг штабельдсан нүүрсийг 2018 оны 6 сард ачиж байхад Н ХХК нь манай нүүрсийг зөвшөөрөлгүй ачлаа гэж анх гомдол гаргасан. Манай компанийн өмнө нь хатааж бэлтгэсэн нүүрсийг ачих процессыг хулгай хийсэн мэтээр тайлбарлаж байгаа нь илт гүтгэлгийн чанартай хэрэг юм. Манай компани 2018 оны 4 сард Н ХХК-ийн МV-1364А талбайгаас гарч, МАК ХХК-ийн MV-14892А талбайд орж нүүрс олборлосон. 2018 оны 5 сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас манай компанийн үйл ажиллагааг зогсоож лацадсан бөгөөд 5 сарын 23-ны өдрөөс МАК ХХК-тай хамтарч ажиллах гэрээ байгуулан үйл ажиллагаагаа сэргээж ажилласан. Энэ нь 5 сард Н ХХК-ийн 1364А талбайд манай компани ажиллаагүйг нотолж байна. Манай компани тус компанийн талбайгаас нүүрс олборлох боломжгүй бөгөөд 2018 оны 4,5,6 саруудад 1364А талбайд манай машиныг нэвтрүүлэхгүй, карьер дахь нүүрс тээврийн замыг хааж боох зэрэг үйлдлүүдийг тус компаниас гаргаж байсан... 2018 оны 6 сард нүүрс олборлолттой холбоотой хилийн маргаан үүссэн тул Н ХХК-ийн 1364А талбайн хилийн заагийн дагуу нүүрсний мөргөцөгүүдэд нүүрсээр, хөрсний мөргөцөгүүдэд хөрсөөр далан хийж хилийн зааг тогтоож ямар ч хүнд ойлгогдохоор хэлбэрт оруулсан байдаг. Үүнээс өмнө 1364А болон 14892А лицензтэй талбайнууд тодорхой хилийн зааг байгаагүй, зөвхөн 4 булангийн цэгүүд хөдөлгөөнгүй шав тэмдэгтэй байсныг дурдах нь зүйтэй.

Шинжээчийн дүгнэлтээр 15000 орчим тонн нүүрс олборлосон нь тогтоогдож байна гэж тайлбарлаж байгаа. Авсан байх боломжтой гэсэн дүгнэлт болохоос аль нэг байгууллага авсан байна гэдгийг тогтоосон баримт хэрэгт байхгүй. Хөрсийг нь А ХК хуулсан бэлэн нүүрсийг бид нар ашиглаж байгаа гэж ярьж байна. Ингэж байгаа бол хийсэн ажлынхаа хөлсийг ч гэсэн А ХК авах ёстой. Ашиг тооцсон үнийн дүнг нэхэмжилж байгаа нь нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгааг харуулж байна. 15000 орчим тонн нүүрсийг олборлож авахын тулд 730, 740, 750 дугаар түвшингийн газруудын хөрсийг бүхэлд нь хуулах ёстой байдаг гэж мэргэжлийн хүмүүс ярьж байгаа. Мөн дээрх зургийг мэргэжлийн аль ч хүн хуулбарлаж аваад өөрчилж зурах боломжтой гэж ярьж байна. Гэрч нар ч энэ талаар тайлбарлаж хэллээ. Хэрэг бүртгэлийн ажиллагаа нээсэн хэрэгт бичгийн хэлбэрээр уулын ажлын төлөвлөгөө гаргаж өгөөгүй байгаа нь тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ч гэсэн хэн ч энийг хийж болно хэн ч гарын үсэг зурж болно гэж тайлбарлаж байна. Гэрч Э.Давааням хэлэхдээ тухайн зураг А ХК-ийн уулын ажлын төлөвлөгөө биш гэж хэлж байна. Хулгайн асуудлыг мөн нэг мөр ойлгох хэрэгтэй. Нэхэмжлэгч гэм хорын хохирол нэхэж байгаа нь хулгайн үйлдэлтэй холбож байгаа үйлдэл болж байна. Иймд гэмт хэрэг үйлдэгдээгүй нь баримтаар тогтоогдож байна. Мэргэжлийн хяналтын газар тусгай зөвшөөрлийн талбай хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан зөрчилд шийтгэл оногдуулсан. Хулгайн үйлдэл гараагүй байхад гэм хорын хохирол нэхэмжилж байгаа нь эргэлзээтэй байна. Хэрэв зөрчлийн улмаас гэм хор учирсан байна гэж шүүх үзэх юм бол Иргэний хуулийн 510 дугаар зүйлд зааснаар адил хэлбэрийн эд хөрөнгөөр гэм хорыг өгөх боломж байгаа. Гэхдээ манай үйлчлүүлэгчийн хувьд хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, нойтон нүүрсийг хатаасан л үйлдэл гаргасан гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч А ХК-д холбогдуулан бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 210 492 762 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...А ХК нь манай компанийн эзэмшлийн 1364А тусгай зөвшөөрлийн талбайд зөвшөөрөлгүй нэвтрэн хууль бусаар нүүрс олборлолт явуулан 710 болон 730 дугаар түвшингээс нийт 15187,07 тонн нүүрсийг хууль бусаар олборлож борлуулсан тул гэм хор учруулсаны хохирлоо нэхэмжилж байна... гэж,

Хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь Манай компани өөрийн олборлосон нойтон нүүрсийг буулгах талбайгүйн улмаас Н ХХК-ийн эзэмшлийн 1364А талбайд буулгаад хатаагаад буцаагаад ачиж авсан. Түүнээс нүүрс олборлолт хууль бусаар хийгээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тус тус маргадаг.

Хариуцагч А ХК нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг дэвсгэрт байрлах Н ХХК-ийн 1364А тусгай зөвшөөрлийн талбайд Н ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу хамтран ажилладаг байсан байх ба тэдний дунд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ 2018 оны 02 сарын 01-ний өдөр цуцлагджээ. Гэвч хариуцагч нь хамтран ажиллах гэрээ цуцлагдсанаас хойш буюу 2018 оны 4, 6 дугаар саруудад Н ХХК-ийн дээрх тусгай зөвшөөрлийн талбайн 710 болон 730 дугаар түвшингээс зохих зөвшөөрөлгүйгээр, зөвшөөрөгдсөн талбайгаас хэтрүүлэн нийт 15187,07 тонн нүүрсийг олборлосон болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтууд болох Дорнод аймгийн Прокурорын газрын Прокурорын Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 2019 оны 7 сарын 19-ний өдрийн №5/230 тоот тогтоол, Майнинг ковейр транспорт ХХК-ийн шинжээчийн 2018 оны 11 сарын 16-ны өдрийн №01 тоот дүгнэлт болон тус компанийн шинжээчийн 2019 оны 01 сарын 18-ны өдрийн №02 тоот нэмэлт дүгнэлт, Топсүрвэй ХХК-ийн гүйцэтгэсэн Найнги ХХК-ийн А-ы орд газар дахь уурхайн талбайд хийгдсэн 1:2000 масштабтай байр зүйн зураглал, карьерийн эзэлхүүн тодорхойлох геодезийн хэмжилтийн ажлын техникийн тайлан, А ХК-ийн 2018 оны 01-06 саруудын уулын ажлын төлөвлөгөө болон гүйцэтгэлийн маркшейдерийн зураглал болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчийн дээрх үйлдлийг бусдын талбайд хууль бусаар нэвтрэн, нүүрс олборлосон нь хулгайн үйлдэл гэж тайлбарлаж байх боловч Дорнод аймгийн Прокурорын газрын Прокурорын Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 2019 оны 7 сарын 19-ний өдрийн №5/230 тоот тогтоолоор А ХК-ийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй, харин Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлд заасан Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн зөрчлийн шинжтэй үйлдэл гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, зөрчил хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлжээ

Улмаар Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч А ХК нь тусгай зөвшөөрлийн талбайгаасаа хэтрүүлэн Н ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайд олборлолт явуулсан тухай зөрчлийн материалыг хүлээн авч 2019 оны 8 сарын 28-ны өдрөөс 30-ны өдрүүдэд хянаад зөрчилд холбогдогч А ХК-ийн гаргасан дээрх зөрчил бүрэн нотлогдсон гэж үзэн, Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.3-т зааснаар А ХК-д 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болох нь Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн 2019 оны 8 сарын 30-ны өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, холбогдогчоос авсан мэдүүлэг, мөн өдрийн №0165857 тоот шийтгэлийн хуудас болон бусад баримтуудаар батлагдаж байна.

Хариуцагч А ХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өөрийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас хэтрүүлэн Н ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан талаараа маргаагүй боловч ...нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас бид нүүрс хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй болохыг Цагдаа, Прокурорын байгууллага шалгаад нотолсон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэхгүй. Түүнчлэн бид уг талбайн 710 болон 730 дугаар түвшнээс олборлолт явуулаагүй, харин өмнө нь олборлосон байсан нойтон нүүрсээ буулгах талбай байхгүйгээс 730 дугаар түвшинд буулгаад хатаагаад буцааж авсан... гэж тайлбарладаг.

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан бол уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр тус тус заажээ.

Хариуцагч А ХК-ийн өөрийн зөвшөөрөгдсөн талбайгаас хэтрүүлэн зохих зөвшөөрөлгүйгээр бусдын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас нүүрс олборлосон үйлдэл нь хэдийгээр Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоосон боловч зохих зөвшөөрөлгүйгээр бусдын эзэмшлийн талбайд нэвтрэхгүй байх ерөнхий үүрэг буюу Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-т заасан тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл журмын дагуу ашиглах үүргээ зөрчсөнөөс бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан үйлдлийг хууль бус гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч нь дээрх хууль бус үйлдлийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлоо нэхэмжлэх эрхтэй бөгөөд бусдын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас хэтрүүлэн зохих зөвшөөрөлгүйгээр нүүрс олборлосон үйлдэл нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсантай шалтгаант холбоотой гэж үзэх тул нэхэмжлэгч Н ХХК-д учирсан гэм хорын хохирлыг хариуцагч А ХК хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хариуцагч А ХК нь МАК ХХКомпанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас олборлосон байсан нойтон нүүрсээ Н ХХК-ийн 1364А тусгай зөвшөөрөл бүхий талбайд буулгаад хатсаны дараа дахин ачсан гэх, мөн тус компанийн 2018 оны сар бүрийн уулын ажлын гүйцэтгэлийн маркшейдерийн зураглал нь нойтон нүүрс буулгасныг харуулсан зураглал байсан гэх өөрийн татгалзлаа шүүхэд нотолж чадаагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 12 сарын 03-ны өдрийн 223 дугаар тогтоолоор нэг тонн нүүрсний газар дээрх үнэ 12600 төгрөг байдаг учраас бид 15187,07 тонн нүүрсний үнийг 12600 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн. Нэмэгдсэн өртгийн татварыг шингээж 210 492 762 төгрөгийг нэхэмжилж байна гэж тодорхойлсныг хариуцагч тал эсэргүүцээгүй байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг төлөх үүрэгтэй гэж заасан байхаас гадна мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тогтоодог.

Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах албан татварыг нэмэгдсэн өртгийн албан татвар гэх бөгөөд албан татварыг эд хөрөнгөд учирсан бодит хохиролд оруулан тооцохгүй юм.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа ...15187,07 тонн нүүрс... гэж бичсэн боловч шаардлага болох 210 492 762 төгрөгийг гаргахдаа 15187,068 тонн нүүрсийг НӨАТ шингээн 13860 төгрөгөөр бодсон, мөн хэрэгт цугларсан шинжээчийн 2019 оны 01 сарын 18-ны өдрийн №02 тоот нэмэлт дүгнэлтэд ...нийт 15187,1 тонн нүүрс гэж бичсэн, мөн уг дүгнэлтээр хариуцагч нь нийт 15187,068 тонн нүүрсийг олборлосон тооцоо гарч байх боловч шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нүүрсний хэмжээг 15187,07, шаардлагыг 210 492 762 төгрөгийн хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүх эд хөрөнгөд учирсан хохирлыг тогтоохдоо нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмж тооцох үндэслэлгүй байх бөгөөд 15187,07 тонн нүүрсийг нэг тонн нүүрсний газар дээрх үнэ болох 12600 төгрөгөөр тооцон бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 191 357 082 төгрөгийг хариуцагч А ХК-иас гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 135 680 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2019 оны 12 сарын 16-ны өдрийн 138/ШТ2019/00025 дугаартай тогтоолоор 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 138/ШЗ2019/02729 дугаартай шүүгчийн захирамжинд өөрчлөлт оруулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар хариуцагч А ХК-ийн ХААН банкин дахь 5405073701 тоот данс, ХАС банкин дахь 50000158714 тоот дансуудыг нэхэмжлэлийн үнийн дүн болох 210 492 762 төгрөгийн хэмжээгээр тус тус битүүмжлэхээр шийдвэрлэснийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас А ХК-ийн ХААН банкин дахь 5405073701 тоот дансыг 210 492 762 төгрөгөөр битүүмжилж мөнгөн хөрөнгийн зарлагыг гүйлгээг хаасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгжуулсан дээрх арга хэмжээ нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн шүүх хариуцагч талын хүсэлтээр гэрч Э.Давааням, Э.Батдэлгэр, Д.Хатанбаатар, И.Энхтуяа нарыг шүүх хуралдаанд оролцуулахаар шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч гэрч И.Энхтуяа нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд хариуцагч талаас И.Энхтуяаг гэрчээр шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлтээсээ шүүх хуралдааны явцад татгалзсан, мөн шүүх хуралдаанд дуудагдсан гэрч хүрэлцэн ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй тул шүүх гэрч И.Энхтуяаг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч А ХК-иас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 191 357 082 /нэг зуун ерэн нэгэн сая гурван зуун тавин долоон мянга наян хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 135 680 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 210 413.81 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 114 735.41 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар хариуцагч А ХК-ийн ХААН банкин дахь 5405073701 тоот дансыг 210 492 762 төгрөгийн хэмжээнд битүүмжлэх арга хэмжээ авсан тус шүүхийн 2019 оны 12 сарын 16-ны өдрийн 138/ШТ2019/00025 дугаартай тогтоол нь энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН

 

ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ

 

Т.БАЙГАЛМАА