Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2025/0565

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б, С.Д нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгч Г.Б,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х

 

Нэхэмжлэгч: Г.Б

Нэхэмжлэгч: С.Д

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: А.Б, А.О, Т.О

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/433 дугаар захирамжийн Ж.А, П.Ц, А.О, А.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/942 дугаар захирамжийн Т.От холбогдох 2 нэгж талбарын хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0474 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Б, С.Д

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э

Гуравдагч этгээд Т.О

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цэрэндаваа

Хэргийн индекс: 128/2025/0305/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нараас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан, Ж.А, П.Ц, А.О, А.Б, Т.О нарын нэр бүхий иргэдэд газар эзэмших эрх олгосон, шилжүүлсэн захирамжуудыг хүчингүй болгуулахаар маргасан.

2 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0474 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 32 дугаар зүйлийн 32.1, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг баримтлан Г.Б, С.Д нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгч Г.Б дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч бид ах дүү нарын хамт гурван гэрээрээ уламжлалт мал аж ахуй 2002 оноос эрхлэн Баянзүрх дүүргийн 35 хороонд амьдарч байгаа. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо /одоогоор 35 дугаар хороо/-нд харьяалагддаг ба бид жилийн 4 улирал газар нутгаа сэлгэн хавар, намар, зун, өвөл гээд бид нүүдэллэсээр ирсэн. Гэтэл 2024 оны хавраас “газар зарна” гэсэн зарын дагуу гээд хүмүүс ихээр хаваржаа намаржааны газар дээр ирэх болсон. 2021 оны 7 сард хаваржаа, намаржааны газраа эзэмших хүсэлтийг тухайн үеийн газар зохион байгуулагч Б.О-д гаргаж байсан ба газар зохион байгуулагч Б.Отгонбямба нь хээрийн судалгаагаар ирж үзээд “энд 10.000 кВт тог явна, мөн жалганы ойр” гээд татгалзсан хариу өгсөн. Гэтэл 2023 онд манай хаваржаа, намаржааны газар дээр дээрх 4 тоот байршилд газар олголт хийсэн байх газар зохион байгуулахад мөрдөгдөх газрын тухай хуулиа илт зөрчиж Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжтай газар олгосон байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. 

3.2. Газрын тухай хуулийн 29.1, 29.2, 29.3-т зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгох газрыг тогтооно гэсэн байх ба манай хаваржаа, намаржааны маргаан бүхий газар нь уг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд орсон байршилд хамрагдаагүй байна. Газрын тухай хуулийн 31.3-т “бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцалгүй байна” гэсэн байна. Гэтэл тус газар нь бодит нөхцөл байдал дээр бид байсаар хашаа, тугалын хашаа, гэрээ бариад бодитоор байгаад байхад давхцуулж олгосон, албан үүрэгтээ хайхрамжгүй хандаж эрх мэдлээ хэтрүүлсэн албан тушаалтны буруутай эс үйлдэлд гомдолтой байна. Маргаан бүхий газар дээр шүүгч ирж үзэж харж бодитоор байгаа байдлыг харсан мөртлөө үнэлж дүгнээгүй.

3.3. Аливаа хуулийн хэрэглээнд уламжлал болсон зан заншлын хэм хэмжээг авч үзэхгүй байгаад гомдолтой байна. Маргаан бүхий манай хаваржаа намаржааны газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр 2030 он хүртэл газар олголтын байршлыг ойн сан бүхий бүсэд хамааруулсан байх ба дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газар олгох байршилд Их цуурайн ам нь ороогүй байх тул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг илт гуйвуулж газар олгосон эс үйлдэл байхад хэргийг нягтлан шалгахгүй нотлох баримтад тулгуурлахгүй байгаад гомдолтой байна. Иймд бодит байдлыг газар дээр нь хээрийн судалгаа хийгээгүйгээс бидний өнөөдрийг хүртэл хаваржиж намаржиж байсан газрыг бусдад хууль бусаар олгосон, маргаан бүхий газарт хүсэлт гаргасан байхад бүртгэл хяналтаа хийгээгүй төрийн байгууллагын буруутай үйлдэлд, эсрэг тал буюу хойд талд нь байрлах өвөлжөөний орц гарцыг хааж газар олгосон, шүүхийн баг газар дээр нь ирж шинжлэн бодитоор ирж шүүхийн үзлэг хийсэн мөртлөө бодит байдлыг үнэлж дүгнэхгүй байгаад, уламжлалт зан заншлын хэм хэмжээг хэрэгжүүлэхгүй уламжлалыг үл тоож байгаад, бидний хаваржаа намаржааны газрыг бодитоор ашиглаж байхад бусдад давхардуулан олгогдсон шинэ бодит нөхцөл байхад нотлох баримтыг харгалзан үзэхгүйгээр нэхэмжлэхийг бүхэлд хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

4.1. Баянзүрх дүүргийн Газрын зохион байгуулалтын алба нь 2002 оноос хойш байнга тасралтгүйгээр 100 гаруй үхрээ хаваржуулж, намаржуулдаг газрыг 2023 онд гуравдагч этгээдэд эзэмшүүлэхдээ тухайн тусгай зөвшөөрөлтэй компанийн хийсэн кадастрын зургийг шалгаж, газар дээр очиж хээрийн судалгаа хийлгүйгээр захирамж гаргаж, газрын мэдээллийн санд бүртгэсэн нь хууль бус, бодит байдалд нийцээгүй, бусдын эзэмшил газартай давхцаж байгаа эсэхийг шалгах хуульд заасан албан үүргээ биелүүлээгүй байдлыг шүүх анхаарч үзээгүй.

4.2. Маргаан бүхий газруудыг тус газрыг мөн дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/942 дугаар захирамжаар Ж.А, П.Ц-с Т.От шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна” 38.3.1-т “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх” гэж заасныг зөрчсөн байна. Учир нь маргаан бүхий газарт нэхэмжлэгчийн хашаа байхад газрын эрхийг шилжүүлэхдээ нэхэмжлэгч нарын хашааг оролцуулан шилжүүлэн авах талаар хүсэлт гаргасан байхад хариуцагч уг хашааг хэнийх гэдгийг тодруулах үүргээ хэрэгжүүлээгүй, нягтлан шалгаагүй байна. Мөн нэхэмжлэгч маргаан бүхий газар дээр хүсэлт гаргахад 2021 онд газар зохион байгуулагчаар ажиллаж байсан н.Отгонбямба нь газар дээр нь ирж хээрийн судалгаа хийж, уг газраар 10,000 вольтын өндөр хүчдэл үүгээр төлөвлөгдсөн гээд татгалзлыг амаараа илэрхийлсэн байдлыг гэрчлүүлэхээр хүсэлт гаргахад шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй атлаа анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3-д заасныг зөрчиж, “...нэхэмжлэгчийн 2021 оноос хашаалан үхрээ хаваржуулж, намаржуулж байгаа хашаа орчмын газрыг хууль ёсоор эзэмших хүсэлтээ гаргаагүй” гэж хууль бус дүгнэлтийг хийжээ.

4.3. Хариуцагчын татгалзал илэрхийлж байсан нь үнэн болох нь шүүхээс үзлэг хийх явцад баримтаар тогтоогддог. Учир нь тухайн үед хүсэлт гаргахад маргаан бүхий байршилд өндөр хүчдэл хийгдээгүй, хоосон байсан төдийгүй, одоо харин нэхэмжлэгчийн хашааны хажууд уг өндөр хүчдэлийн шугамыг улсын төсвөөс 2022-2023 онуудад он дамжиж маргаан бүхий нэхэмжлэгчийн хашаа байгаа газрын хажууд суурилуулсан байгаа болно. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газарт нэхэмжлэгч өндөр хүчдэлийн шугам суурилуулаагүй байсан цаг хугацаа болох 2021 оноос эхлэн өндөр хүчдэл суурилуулсан 2022, 2023 он, мөн үүнээс хойш 2024, 2025 онуудад он дамжин тасралтгүйгээр үхрээ хаваржуулан, намаржуулах зориулалтаар ашиглаж ирсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс, нэхэмжлэгч газрыг эзэмших хүсэлтээ захиргааны байгууллагад албан ёсоор гаргаж байгаагүй гэж дүгнэн, нэхэмжлэгчийг газар эзэмших эрхгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээд Т.О нь газрын эрхийг 2023 оны 10 сар шилжүүлэн авсан атлаа, анхны олголт хийсэн 2023 оны 06 сард “газрыг анх авахад хашаа бариагүй байсан” гэх тайлбар хийсэн нь хоорондоо зөрүүтэй, хэрэгт авагдсан нотлох баримтаар хашаа бариагүй байсан гэх үйл баримт тогтоогдоогүй, гуравдагч этгээдээс энэ үндэслэлээр анхан шатны шүүхэд тайлбар, баримт гаргаж маргаагүй болно. Тиймээс шүүхээс гуравдагч этгээдийг маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмшиж ашиглаж байсан мэтээр дүгнэлт хийж шийдвэрээ гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцээгүй байна.

4.4. Анхан шатны шүүхээс иргэн Ж.А, П.Ц, А.Б, А.О нар нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр дүүргийн Газрын албанд газар эзэмших эрх хүссэн өргөдөл гаргасныг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/433 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, уг захирамжийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж шүүх дүгнэжээ. Гэтэл Бадамцэвээний газар нь нэхэмжлэгчийн өвөлжөөний газар луугаа орох орц, гарцыг хаасан талаар нэхэмжлэлд дурдсан байхад шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүйд гомдолтой. Мөн “… нэхэмжлэгч нар нь одоогийн гуравдагч этгээд Т.Оийн эзэмших эрх бүхий газрыг эзэмшихээр хуульд заасан журмын дагуу өргөдөл хүсэлт, холбогдох баримт бичгийг дүүргийн Газрын албанд гаргаж байгаагүй”, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан ба нэгэнт хууль ёсоор үүсээгүй газар эзэмших эрхийг шүүхээс хамгаалах, сэргээн тогтоох тухай ойлголт байхгүй бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч нарт сэргээн тогтоолгох хууль ёсны эрх үүсээгүй гэж үзнэ” гэж дүгнэн, нэхэмжлэгч газрыг шударга ёс, тэгш эрхийн дагуу газар эзэмших энэ эрхийг хариуцагч хангаагүй, хашаа татсан байгаа газарт гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөлт хийхдээ нэхэмжлэгчийн оролцоог хангаагүй, мөн хариуцагч хээрийн судалгаа хийж, хашаа гуравдагч этгээдийнх эсхүл нэхэмжлэгчийн мөн эсэхийг нягтлах, шалгах үүргээ хэрэгжүүлээгүйд гомдолтой байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу маргаан бүхий захиргааны актуудын улмаас зөрчигдсөн хэмээн тодорхойлсон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаж, шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

3. Г.Б, С.Д нараас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/433 дугаар захирамжийн Ж.А, П.Ц, А.О, А.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/942 дугаар захирамжийн Т.От холбогдох 2 нэгж талбарын хэсгийг хүчингүй болгуулах” агуулга бүхий нэхэмжлэл гаргасан.

3.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ ... хуучин Улиастайн фермийн маргаан бүхий газарт 2002 оноос хойш сүүний фермийн зориулалтаар 100 гаруй үхэр маллаж, хаваржаа, намаржааны зориулалтаар ашиглаж ирсэн, газар эзэмших хүсэлт гаргахаар хээрийн судалгаа хийлгэхэд 10000 кВт-ын цахилгаан шугам явна гэх үндэслэлээр эзэмшүүлэхээс татгалзсан атлаа гуравдагч этгээд нарт эзэмших эрх олгосныг зөвшөөрөхгүй, тэдэнд газар эзэмших эрх хээрийн судалгаа хийх зэргээр газар олгохдоо нөхцөл байдлыг тодруулаагүй, хэмжилт үзлэг хийж малын хашаа хэнийх болохыг тогтоогоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй, хөрш зэргэлдээ айлын эрх ашиг хөндөгдөж байгаа эсэхийг тодруулаагүй, нэхэмжлэгчийн өвөлжөө рүү орох гарцыг хааж газар олгосон, манай үхрийн хаваржаа, намаржааны газарт давхцуулан Т.От газар эзэмшүүлсэн нь бидний эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэх зэргээр тайлбарласан.

3.2. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт нэр бүхий гуравдагч этгээд нар хүсэлт гаргасан учраас газар эзэмшүүлсэн, харин нэхэмжлэгч нь тухайн байршилд газар эзэмших хүсэлт ирүүлээгүй тул гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон ч нэхэмжлэгчид зөрчигдсөн хууль ёсны ашиг сонирхол, сэргэх эрх байхгүй” гэж,

3.3. гуравдагч этгээдээс “... тухайн газарт нэхэмжлэгч нар газар эзэмших хүсэлт гаргаагүй, газрыг Т.От шилжүүлсэн асуудалд ямар нэг хуулийн зөрчил, субъектив эрх ашиг хөндөгдөж байна гэдэг зүйл яригдахгүй” гэж тус тусын татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргасан.

4. Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг хэрэгт цуглуулсан хэмжээнд авагдсан бичгийн нотлох баримттай харьцуулан үзэхэд;

4.1. Нэхэмжлэгч Г.Б нь 2022 оны 2 дугаар сарын 22, 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрүүдэд, нэхэмжлэгч С.Д нь 2021 оны 7 дугаар сарын 26, 2022 оны 2 дугаар сарын 22, 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрүүдэд тус тус Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо /хуучнаар 20 дугаар хороо/-ны нутаг дэвсгэрт “У”, “У ф” гэх нэршлээр тодорхойлж гэр бүл, зуслангийн зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан.

4.2. Улмаар С.Дд: дүүргийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/303 дугаар захирамжаар, тус дүүргийн 35 дугаар хороо, Улиастай ферм-8 хаягт нэгж талбарын 1332706797 дугаартай 700 кв.м газрыг гэр, орон сууцны зориулалтаар, дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1141 дүгээр захирамжаар, 20 дугаар хороо Улиастай ам нэртэй газарт нэгж талбарын 1332708530 дугаартай 700 кв.м газрыг гэр, орон сууцны зориулалтаар, дүүргийн Засаг даргын 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/65 дугаар захирамжаар 35 дугар хорооны Улиастай ам нэртэй газарт, нэгж талбарын 1332708944 дугаартай 700 кв.м газрыг гэр, орон сууцны зориулалтаар тус тус эзэмшүүлсэн.

4.3. Харин Г.Бт: дүүргийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/367 дугаар захирамжаар, тус дүүргийн 20 дугаар хороо Улиастай хаягт нэгж талбарын 1332707025 дугаартай 700 кв.м газрыг гэр бүлийн зориулалтаар, дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1141 дүгээр захирамжаар 20 дугаар хороо Улиастай ам нэртэй газарт нэгж талбарын 1332708531 дугаартай 700 кв.м газрыг гэр, орон сууцны хашааны зориулалтаар, дүүргийн Засаг даргын 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/65 дугаар захирамжаар 35 дугаар хороо Улиастай ам нэртэй газарт, нэгж талбарын 1332708942 дугаартай 700 кв.м газрыг гэр, орон сууцны хашааны зориулалтаар тус  тус эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

4.4. Иргэн Ж.А, П.Ц болон гуравдагч этгээд А.О, А.Б нараас 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн, дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/433 дугаар захирамжаар, тус дүүргийн 35 дугаар хорооны “Их цуурай” нэртэй газарт, тус бүрд нь 700 кв.м газрыг Ж.Ад нэгж талбарын 1332707756, П.Цад нэгж талбарын 1332707751, А.От нэгж талбарын 1332707757, А.Бд нэгж талбарын 1332707754 дугаартай байршилд эзэмшүүлсэн.

4.5. Ж.А, П.Ц нар нь дээрх газрыг гуравдагч этгээд Т.От шилжүүлэх гэрээ байгуулсныг үндэслэн, дүүргийн Засаг даргын 2023 оны А/942 дугаар захирамжаар нэгж талбарын 1332707756 болон 1332707751 дугаартай газрын эзэмших эрхийг Т.От шилжүүлж шийдвэрлэсэн.

4.6 Энэ хэсгийн 4.4-4.5-д заасан маргаан бүхий байршилд газар эзэмшихээр 2022 оны 7 дугаар сард гаргасан Г.Б, С.Д нарын хүсэлтийг дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн хээрийн судалгаа хийсний үндсэн дээр 10000 кВт-ын хүчдэл явах солбилцолд хамаарна гэх үндэслэлээр шийдвэрлээгүй гэж нэхэмжлэгч тайлбарласан.

5. Анхан шатны шүүх, дээрх маргааны үйл баримтын талаар “... нэхэмжлэгч нараас маргаан бүхий байршилд 2021 оны 7 дугаар сард хүсэлт гаргасан гэх боловч албан ёсоор бүртгэгдээгүй, энэ тохиолдолд хээрийн судалгаа хийгээгүй гэх үндэслэлээр нэр бүхий гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй, тухайн газарт гэр, малын хашаа саравч барьсан нь хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэл болохгүй, нэхэмжлэгч нарт хууль ёсны эрх үүсээгүй гэж үзэх бөгөөд дүүргийн Засаг даргын маргаан бүхий 2023 оны А/433 дугаар захирамжийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй, Ж.А, П.Ц нарт хууль ёсоор үүссэн эрхийг гэрээний үндсэн дээр Т.От шилжүүлсэн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй, Ж.А, П.Ц, А.О, А.Б нарт газар эзэмших эрх олгох, улмаар Т.От шилжүүлэх үед газрын давхцал үүсээгүй байсан” гэж дүгнээд, Г.Б, С.Д нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, … захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /хэлнэ/”, 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна: 52.5.1. захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, … нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж,

мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус заасныг хамтатган тайлбарлавал, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тодруулж, хариуцагч болон гуравдагч этгээдийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэх зэргээр маргааны үйл баримтад бүхэлд нь дүгнэлт өгч, маргааныг шийдвэрлэх үүрэгтэй.

7. Шүүх (а) нэхэмжлэгчээс “хүчингүй болгуулах”-аар шаардаж буй маргаан бүхий захиргааны актын улмаас түүний тодорхойлсон ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн эсэх, (б) маргаан бүхий акт хуульд нийцсэн эсэх зэрэгт эрх зүйн дүгнэлт хийх нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагын агуулгаар тодорхойлогдоно.

8. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хүрээнд нэхэмжлэгчээс зөрчигдсөн гэж тодорхойлж буй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маргаж буй захиргааны акт тус бүрийн хүрээнд тодруулж аваагүй, хэргийн оролцогчдын шаардлага, татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг бүрэн цуглуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснээс гадна хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг тайлбарлаж хэрэглээгүй байна.  Тодруулбал:

8.1. Нэхэмжлэгч нар нь эзэмших хүсэлт гаргасан газарт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны А/433, А/942 дугаар захирамжаар нэр бүхий гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх олгосон, өвөлжөөний зориулалтаар эзэмшиж буй газрын орц гарцыг хааж олгосон, үхрийн хашаа саравчны газарт давхцуулан олгож, үнээний фермийн зориулалтаар мал аж ахуйн эрхлэх эрхийг хязгаарласан, бидний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчлөө гэх зэргээр шаардлагын үндэслэлээ тайлбарлаж маргаснаас үзвэл нэхэмжлэгч нарын гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх зөрчигдсөн, эсхүл мал маллаж үхрийн ферм байсан газраа эзэмшиж ашиглах буюу мал аж ахуй эрхлэх эрх зөрчигдсөн, эсхүл эзэмшил газартаа чөлөөтэй нэвтрэх эрх ч зөрчигдсөн гэж маргаж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай.

Нэхэмжлэгч нарын зөрчигдсөн хэмээн тодорхойлж, сэргээн тогтоолгохоор шаардаж буй гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь нэхэмжлэлд хүчингүй болгуулахаар маргаж буй Ж.А, П.Ц, А.О, А.Б нарт газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны А/433 дугаар захирамж, Ж.А, мөн П.Ц нарын газар эзэмших эрхийг Т.От шилжүүлсэн дүүргийн Засаг даргын 2023 оны А/942 дугаар захирамж тус бүрд хэрхэн хамаарч буй болохыг тодруулах нь маргаан бүхий акт тус бүрд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг ямар хэмжээгээр хангах үндэслэлтэй эсэхийг дүгнэхэд ач холбогдолтой.

Маргаан бүхий аль захирамж нь газар эзэмших хүсэлт гаргасан газарт бусад иргэдэд газар давхцуулж олгосон, түүний улмаас нэхэмжлэгч нарын аль хуулиар олгосон ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, аль нь өвөлжөөний газрын орц газрыг хаасан, эсхүл фермийн зориулалтаар мал аж ахуй эрхлэх эрхийг зөрчсөн болохыг нэхэмжлэгчээс тодруулж, түүнд хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.

8.2. Учир нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт маргаан бүхий газарт нэхэмжлэгч нарын адил мал бүхий иргэд амьдарч, фермийн зориулалтаар мал аж ахуй эрхэлж байсан, уг газар нь ойн сан бүхий газарт бүртгэгдээгүй, харин тухайн газрыг гэр, орон сууцны зориулалтаар олгохоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, суурьшлын бүс нэмэгдсэнээр мал аж ахуй эрхэлж буй иргэдийг өөр байршилд шилжүүлэх арга хэмжээ авч байгаа талаар дурдсантай нь холбоотой нотлох баримтуудыг цуглуулж, маргааны үйл үйл баримтад холбогдуулан дүгнэлт өгөх шаардлагатай.

Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан нутаг дэвсгэртээ бэлчээрийн болон суурин мал маллагааны бүс нутгийг тогтоож болно”,  52.6-д “Энэ хуулийн 52.4, 52.5-д заасан газрын хэмжээ болон уг газрыг ашиглуулахтай холбогдсон журмыг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэж заасныг, хэргийн оролцогчдын дээрх тайлбартай харьцуулан үзэхэд, 20 гаруй жил фермийн зориулалтаар мал аж ахуй эрхэлж байсан бүсэд суурьшлын зориулалтаар газар зохион байгуулалт хийхээр төлөвлөсөн нөхцөлд тухайн нутаг дэвсгэрт бэлчээрийн болон суурин мал маллагааны бүс нутгийг тогтоохтой холбоотой шийдвэрийг нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан эсэх, эсхүл мал бүхий иргэдэд тухайн зориулалтаар ашиглах газрын хэмжээ болон уг газрыг ашиглуулахтай холбогдсон журмыг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож баталсан эсэхийг тодруулах нь нэхэмжлэгчийн тодорхойлсон мал аж ахуй эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг дүгнэхэд хамааралтай, маргааны үйл баримтад холбогдуулж дээрх зохицуулалтыг ч шүүхээс тайлбарлаж хэрэглэх боломжтой юм.

8.3.Нэхэмжлэгчээс “2022 оны 7 дугаар сард газар эзэмшихээр дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж, газар зохион байгуулагч Б.Отгонбямба хээрийн судалгаа хийгээд татгалзсан хариу өгсөн” гэж тайлбарласан, түүнчлэн маргаан бүхий байршилд тэд малын хашаа саравч барьсан үйл баримтыг ч шүүхийн үзлэгээр тогтоосон тухайн байршилд нэхэмжлэгч нар газар эзэмших хүсэлт гаргасан эсэх, захиргааны байгууллагаас газар эзэмшүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа явуулсан эсэх нь бодитой эсэхийг эргэлзээгүй тогтоолгүй, “газар эзэмших хүсэлтийг албан ёсоор гаргаагүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.   

Энэ хэсгийн 4.1-д заасны дагуу гаргасан нэхэмжлэгч нарын газар эзэмших хүсэлтийг 4.2-4.3-д заасан захирамжаар газар эзэмших эрх олгосноос үзэхэд, нэхэмжлэгч нар маргаан бүхий бүхий байршилд хүсэлт гаргасныг хүлээн авч, түүнд хээрийн судалгаа хийсэн, эсхүл маргаан бүхий байршилд хамааралгүй бусад байршилд гаргасан газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэх хүрээнд хээрийн судалгаа хийсэн эсэхийг бодитоор тогтоох нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхийг тогтооход нотолгооны ач холбогдолтой гэж үзнэ.   

8.4. Ж.А, П.Ц нарын нэр бүхий 4 иргэнд эзэмшүүлсэн 1332707756, 1332707751, 1332707757, 1332707754 дугаартай 4 нэгж талбар нь байршлын хувьд нэхэмжлэгч нарын малын хашаа, саравч барьсан газартай хэсэгчлэн давхцалтай болох нь хэрэгт цуглуулсан мэргэжлийн байгууллагын үйлдсэн газрын кадастрын болон тойм зургаар тогтоогдож байхад анхан шатны шүүх “давхцал үүсээгүй” гэж дүгнэснээс гадна өвөлжөөний газрын орц гарцыг хаасан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт өгөөгүй, шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийхдээ хэргийн оролцогчдын маргаж буй энэ үндэслэлийн  хүрээнд үйл баримтыг бүрэн тогтоогоогүй байна.

8.5. Ж.А, П.Ц нарын нэр бүхий 4 иргэнд эзэмшүүлсэн уг газар нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 58 дугаар тогтоолоор баталсан, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан газарт хамаарна гэж хариуцагч тайлбарлах боловч Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 01/457 дугаар албан бичигт “тухайн газрууд нь суурьшлын бүсээс гарсан, хэсэгчилсэн төлөвлөгөө батлагдаагүй байршил бөгөөд Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд ногоон байгууламж байхаар тусгагдсан” гэж тайлбарласнаас үзэхэд газар эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан үйл ажиллагаа нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан шаардлагыг хэрхэн хангасан болохыг ч тодруулах шаардлагатай.

8.6. Гуравдагч этгээд Т.О нь Ж.А, П.Ц нарын эзэмшиж байсан нэгж талбарын 1332707756 болон 1332707751 дугаартай, тус бүр 700 кв.м газрыг дүүргийн Засаг даргын 2023 оны А/942 дугаар захирамжаар шилжүүлж авахдаа, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.2-т заасан “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо”-г хавсаргасан эсэх нь хэрэгт цуглуулсан баримтаар тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх “хууль ёсоор үүссэн газрыг гэрээний үндсэн дээр шилжүүлснийг буруутгахгүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Зүй нь нэхэмжлэлийн шаардлагыг няцааж буй хариуцагчийн тайлбарыг үндэслэл бүхий гэж дүгнэхээр бол энэ нь хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх шаардлагатай.

9. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой баримтуудыг бүрэн цуглуулаагүй, нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тодруулж, маргаан бүхий захиргааны акт бүр түүнд ямар үйлчлэл үзүүлсэн талаар бүрэн дүгнээгүй зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан, давж заалдах шатны шүүхээс энэ зөрчлийг арилгах буюу нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулж, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл, хариуцагчийн шийдвэр гаргах ажиллагаа хуульд нийцсэн эсэх, тэдгээрийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, /хүсэлт гаргасан тохиолдолд/ хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0474 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ШҮҮГЧ                                                                    Г.БИЛГҮҮН

 

 

                 ШҮҮГЧ                                                                     С.МӨНХЖАРГАЛ

 

 

                 ШҮҮГЧ                                                                    З.ГАНЗОРИГ