Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 9

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чинзориг

Улсын яллагч: Ц.Сүхбат

Гэрч Н.Алтансувд, Б.Загдсүрэн

Шүүгдэгч, хохирогч: Г.Орхонтуул, түүний өмгөөлөгч Д.Батбаяр

Шүүгдэгч, хохирогч: С.Сүхбаатар түүний өмгөөлөгч Б.Дамба нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Жамсран овгийн Гомбодоржийн Орхонтуул, Тайжууд овгийн Содномдоржийн Сүхбаатар нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 201625021059  дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

1.Монгол улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн, одоо 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргаа удирдлагын мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Хангайн 23-2 тоотод оршин суух хаягтай,

2011 оны 10 дугаар сарын 04-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, Жамсран овогт Гомбодоржийн Орхонтуул /регистрийн дугаар ЧЛ78101074/

 

2.Монгол улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 09-нд Улаанбаатар хотод төрсөн, одоо 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 21-41 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Тайжууд овогт Содномдоржийн Сүхбаатар /регистрийн дугаар ХГ77100931/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г.Орхонтуул нь 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Сансар-32 дэлгүүрийн урд зам дээр өөрийн эзэмшлийн 5800 УНӨ улсын дугаартай автомашинтайгаа явж байх үед 2666 ГАА улсын дугаартай автомашинтай явж байсан иргэн С.Сүхбаатарыг урдуураа оруулаагүй гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, С.Сүхбаатарыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

Яллагдагч С.Сүхбаатар нь 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Сансар-32 дэлгүүрийн урд зам дээр өөрийн эзэмшлийн 2666 ГАА улсын дугаартай автомашинтайгаа явж байх үед 5800 УНӨ улсын дугаартай автомашинтай явж байсан иргэн Г.Орхонтуулыг 1 дүгээр эгнээнээс 2 дугаар эгнээ рүү орох гэтэл оруулалгүй шахаж “оруулах албатай юм уу? янхан, ялтан, пизда” гэх зэргээр хэрэлдэж, үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Г.Орхонтуулыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогдоцгоожээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч Г.Орхонтуул шүүхийн хэлэлцүүлэгт “…2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 10.00 цагт хүүхдийн маань нүд өвдсөн байсан учир эхнэр бид хоёр хүүхдээ аваад эмнэлэг рүү явсан. Эхнэр маань машин жолоодон явсан бөгөөд явах замдаа Сүхбаатарын машины урдуур манай эхнэр орох гэтэл Сүхбаатар оруулахгүй байсан. Тэгээд хараагаад “чи орох ёстой юм уу” гээд байсан. Тэгэхээр нь бид Сүхбаатарын машины өмнөх 2 машины урдуур ороод эргэх гээд байж байтал энэ Сүхбаатар ард ирж наалдаад тулаад зогссон. Юу болов гээд би буугаад ар талаа хартал жаахан зураас болсон, бусдаар зүгээр байсан. Тэгэхээр би “за яахав дээ” гэхэд Сүхбаатар “янхан минь чи яаж байнаа, гичий минь” гэхээр нь би эхнэрээ янхан, өөрийгөө ялтан гэж дуудах нь хэцүү байсан. Тэгэхээр нь би Сүхбаатарт “чи манай эхнэрийг тэгж хэлсэн юм чинь чиний хажууд сууж байгаа хүн хэн юм бэ” гэхэд тэр миний гарыг татаж ирээд хурууг маань шууд хазсан. Би хурууг маань тавиач гэхэд тавихгүй байсан. Тэгэхэд Сүхбаатарын эхнэр машиныхаа ардаас бууж ирээд цүнхээрээ нүдээд, элдэв өнгөөр хараагаад байсан. Би хуруугаа хазуулсан, мөн эхнэрт нүдүүлж байсан учир аргагүй байдлаар хуруугаа татаж авсан. Гараа татаж автал “энэ яаж байнаа” гээд Сүхбаатар 1 шүдээ машин дотроос, нөгөө шүдээ машины гаднаас авсан. Тэгээд “алъя” гээд намайг нүдээд боосон. Би ухаан алдах гэж байхад цагдаа ирээд салгасан. Цагдаа ирэхэд нь манай эхнэр учрыг хэлсэн. Машинд гэмтэл байхгүй байсан учир би авто дуудаад яахав гэсэн. Тэгэхэд Сүхбаатар “шүд хугалчихлаа. Танай эхнэрийг янхан, чамайг ялтан болгоно” гэж байсан. Тухайн үеийн тэр бичлэгийг манай эхнэр утсан дээрээ бичиж авсан бөгөөд тэр бичлэг байсан. Би Сүхбаатараас “чи яагаад хуруу хазсан юм бэ” гэхэд тэр “чамайг би цонхоор намайг цохих гэж байна гэж бодоод хазчихлаа. Тэрний оронд би бууж ирээд чамайг нүдсэн бол барах байжээ.” гэж хэлсэн. Тэгээд машин сэвгүй байсан учир гомдолгүй гэж бичээд замаас машинаа гаргаад 102 руу очих гэж байсан боловч хүүхдийнхээ нүдний идээг шахуулах шаардлагатай байсан тул би эмнэлэг рүү, Сүхбаатар цагдаа руу явсан. Сүхбаатар сая ярихдаа “тухайн үед Орхонтуул ирээд шууд очиж цохисон” гэж байна. Би тэгээгүй. Би энэ хүнийг шууд цохиод шүдийг нь булгасан бол тэр ямар шүдээрээ миний хурууг хазах билээ. Сүхбаатар худлаа мэдүүлэг эхнээсээ өгч байсан. Энэ асуудлаас болж хоорондоо эвлэрч ярилцъя гэхэд Сүхбаатар “чамтай ярихгүй. Чамайг ялтан, эхнэрийг чинь янхан болгоно. Эвлэрэхгүй” гээд байсан. Утасны бичлэгийн хувьд Гантулга байцаагчид үзүүлэхэд тэр “та тэгвэл хохирогч хүн шүү дээ” гэж байсан. Би тэгээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99-р зүйлчилэгдэж явж байсан. Тэгээд прокурор дээрээс дуудалгүй явж байгаад мөрдөн байцаалтад буцаж ирээд 99-г татгалзаад 181.2.1-р хэрэг ирсэн. Тэгээд дараа нь Сүхбат прокурор дээр ирсэн…” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Г.Орхонтуулын “2016 оны 03 дугаар сарын З0-ны өдрийн өглөө 10 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Сансар-32 супер маркетын уулзвараар эхнэр Загдсүрэн хүүхдийн хамтаар 58-00 УНӨ улсын дугаартай приус-30 маркийн машинтайгаа манай эхнэр машинаа бариад би урд талд хажууд нь суугаад явж байсан ба төв зам руу ороод явж байгаад хотын төв рүү буцаж эргэх гээд нэг дүгээр эгнээнээс хоёр дугаар эгнээ рүү шилжих гэтэл 26-66 ГАА улсын дугаартай авто машин хоёр дугаар эгнээнд явж байсан ба урдуураа оруулахгүй байсан. Манай эхнэр Загдсүрэн цонхоо онгойлгоод “урдуур чинь орчий тэгэх үү” гэхэд тус машины жолооч эрэгтэй “оруулах албатай юм уу? Хуц гичий минь, зайл янхан минь” гээд салаавч гаргаад хэл амаар доромжлоод байхаар нь жоохон өнгөрч яваад дохиогоо өгөөд эргэх гэтэл араас ирээд манай машиныг тулаад зогссон. Тухайн машиныг жолоодож явсан эрэгтэй “өө муу янхан, ялтан минь яаж байгаа юм бэ?” гээд хараагаад байхаар нь би машинаасаа буугаад уг жолоочийн цонхон дээр очоод “чи яахаараа миний эхнэрийг янхан гэж байгаа юм бэ? Энэ чиний хажууд сууж байгаа юу юм бэ?” гээд хамт явж байсан эмэгтэй лүү нь зүүн гарын долоовор хуруугаараа заатал миний хурууг шууд хазаад авсан. Би хуруугаа татаж авахаас өөр аргагүй болсон учраас гараа хүчтэй татаад авсан. Гэтэл нөгөө залуу машинаасаа бууж ирээд “өө миний шүд сугарчихлаа. Ямар зэвүүн новш вэ” гэж хэлээд машиныхаа доороос шүдээ хайж олоод гараараа баруун нүд рүү 4-5 удаа цохиод хоолой боогоод доошоо унагааж байх үед замын цагдаа ирээд салгасан... Сүхбаатар гэх эрэгтэй зам тавьж өгөөгүй. Мөн хэл амаар доромжилсноос хэрүүл маргаан үүссэн ба эхэлж миний хурууг хазсан. Баруун нүд рүү 4-5 удаа гараараа шанаадаж цохисон. Мөн хоолой боож унагаасан...” гэсэн мэдүүлэг \хх-33-35\,

 

Шүүгдэгч С.Сүхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт “…Тухайн өдөр би 2 дугаар эгнээнд явж байхад Орхонтуулын тольгүй машиныг эхнэр нь барьж явахдаа манай машины урдуур орох гээд байсан. Би “дохиогоо өгөөд толиндоо хараач” гээд тоглоод хэлсэн. Тэрнээс биш би тийм зүй бус үгээр үг хэллэг хэлээгүй. Би тийм сэтгэл зүйтэй яваагүй, харин ч баяр баясгалантай явсан. Харин энэ хүн надад хэлсэн үгээ намайг хэлсэн гэдгээр ярьж байна. Би замын хөдөлгөөний дүрмээрээ явж байхад энэ хүн урдуур гэнэтхэн дайраад, хараасаар байгаад урдуур ухас хийгээд орсон. Орсон байж цааш явахгүй бууж ирээд миний машины онгорхой цонхоор миний нүүр рүү цохисон. Гол нь би тэгж элдэв муухайгаар хэлээгүй, харин тэд өөрсдөө тэгж муухайгаар хэлсэн мөртлөө намайг хэлсэн мэтээр гүтгэсэн. Мөн Орхонтуулын эхнэр нь “тэр үед бухимдалтай явсан, 100 грамм татсан явсан” гэдгээ ч сүүлд надад хэлсэн. Орхонтуул манай 12 настай охиныг “янхан гичий” гэж хэлж байсан. 12 настай хүүхдийг бага хүүхэд гэж танихгүй тэгж хэлсэн нь түүнийг согтуу явсных байх гэж бодож байна…” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сансар-32 худалдааны төвөөс мөнгө аваад төв зам руу ороод явж байтал хажуугаар приус-30 маркийн авто машинтай жолооч эмэгтэй, хажууд нь явсан эрэгтэй хоёр “муу хөдөөгийн тэнэг эргүү мал зам тавиад өгөхгүй” гээд хэл амаар доромжлоод байсан. Би хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явж байтал приус-30 маркийн машинтай явж байсан жолооч урдуур шахаж дарж зогсоод машин дотроос нэг залуу бууж гүйж ирээд намайг суудлын бүсээ тайлах гээд байж байтал миний ам руу гараараа хоёроос гурван удаа цохисон ба тухайн үед миний шүд унасан. Би машинаасаа буугаад залуутай барьцалдаж авсан ба машинаас буух үед миний шүд унасан байсныг мэдээд тэр залуу намайг дахиж цохиогүй. Тэр залууг хамт явж байсан эмэгтэй нь салгаад авсан харин намайг манай эхнэр салгасан...” гэсэн мэдүүлэг \хх-33-35\,

 

Хохирогч Г.Орхонтуул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр би хуруугаа хазуулж хохирсон. Энэ хүний танхайрсан харьцаанаас болсон. Миний эхнэрийг “янхан”, намайг “ялтан” болгоно гэж Сүхбаатар олон хүний дунд доромжилсноос болж хохирсон. Би хуруугаа хазуулж гэмтээсэн боловч эмчилгээ хийлгээгүй. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв…”,

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн “...2016 оны 03 дугаар сарын З0-ны өдрийн өглөө 10 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Сансар-32 супер маркетын уулзвараар эхнэр Загдсүрэн хүүхдийн хамтаар 58-00 УНӨ улсын дугаартай приус-30 маркийн машинтайгаа манай эхнэр машинаа бариад би урд талд хажууд нь суугаад явж байсан ба төв зам руу ороод явж байгаад хотын төв рүү буцаж эргэх гээд нэг дүгээр эгнээнээс хоёр дугаар эгнээ рүү шилжих гэтэл 26-66 ГАА улсын дугаартай авто машин хоёр дугаар эгнээнд явж байсан ба урдуураа оруулахгүй байсан. Манай эхнэр Загдсүрэн цонхоо онгойлгоод “урдуур чинь орчий тэгэх үү” гэхэд тус машины жолооч эрэгтэй “оруулах албатай юмуу? Хуц гичий минь, зайл янхан минь” гээд салаавч гаргаад хэл амаар доромжлоод байхаар нь жоохон өнгөрч яваад дохиогоо өгөөд эргэх гэтэл араас ирээд манай машиныг тулаад зогссон. Тухайн машиныг жолоодож явсан эрэгтэй “өө муу янхан, ялтан минь яаж байгаа юм бэ?” гээд хараагаад байхаар нь би машинаасаа буугаад уг жолоочийн цонхон дээр очоод “чи яахаараа миний эхнэрийг янхан гэж байгаа юм бэ? Энэ чиний хажууд сууж байгаа юу юм бэ?” гээд хамт явж байсан эмэгтэй лүү нь зүүн гарын долоовор хуруугаараа заатал миний хурууг шууд хазаад авсан. Би хуруугаа татаж авахаас өөр аргагүй болсон учраас гараа хүчтэй татаад авсан. Гэтэл нөгөө залуу машинаасаа бууж ирээд “өө миний шүд сугарчихлаа, ямар зэвүүн новш вэ” гэж хэлээд машиныхаа доороос шүдээ хайж олоод гараараа баруун нүд рүү 4-5 удаа цохиод хоолой боогоод доошоо унагааж байх үед замын цагдаа ирээд салгасан... Сүхбаатар гэх эрэгтэй зам тавьж өгөөгүй. Мөн хэл амаар доромжилсноос хэрүүл маргаан үүссэн ба эхэлж миний хурууг хазсан. Баруун нүд рүү 4-5 удаа гараараа шанаадаж цохисон. Мөн хоолой боож унагаасан... Дээрх хүмүүсийг огт танихгүй...” гэсэн мэдүүлэг \хх-13-14\,

 

Хохирогч С.Сүхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Тэр 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр би эхнэр хүүхэдтэйгээ явж байгаад Орхонтуулд зодуулан шүдээ хуга цохиулж хохирсон. Зам тавьж өгөөгүй гэдэг шалтгаанаар намайг элдвээр хэлээд зодсон. Би 3.760.000 төгрөг нэхэмжилж байна. Өөр хэлэх зүйлгүй гэв…”,

 түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн “…2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, “Сансар 32” дэлгүүр орж АТМ-ээс мөнгө аваад 2666 ГАА улсын дугаартай автомашинтай эхнэр, охины хамтаар 32-ын тойргийн төв замын 2 дугаар эгнээгээр 17-руу чиглэлтэй явж байсан. Тухайн үед …Приус-30 маркийн автомашин урдуур шахаж орж ирэх гэхээр нь би оруулаагүй, цаашаа хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явж байхад приус маркийн машины жолооч эмэгтэй “оруулчих л даа, юм үзээгүй юм бэ?” гээд байхаар нь би “яахаараа оруулдаг юм, чигээрээ явж байна” гэж хэлээд явж байтал приус машины жолоочийн хажууд нь сууж явсан эрэгтэй, жолоочтой хоёулаа нийлээд “хөдөөний муу тэнэг пизда, зогсож бай” гэж орилж байснаа гэнэт урдуур дайрч орж ирээд шахаж зогсоогоод, машинаас нь 30 орчим настай намхан бордуу залуу бууж ирээд “чи муу яахаараа миний эхнэрийг янхан гичийгээр дуудаг юм бэ” гэж хэлээд намайг аюулгүйн бүсээ тайлах гэж байхад 2-3 удаа гараараа нүүр лүү цохисон. Би машинаас буугаад тэр залуутай барьцалдаж авсан. …Тэгээд тэр залууд шүд ингээд цохичихлоо гээд буйлаа харуулсан, тэгэхэд тэр залуу намайг зуурахаа больсон. Эмчилгээний зардал болох 4.600.000 төгрөгийг нэхэмжилнэ…” гэсэн мэдүүлэг /хх-11, 90-92/,

Гэрч Б.Загдсүрэнгийн “…2016 оны 03 дугаар сарын 30-ны өглөө 10 цагийн үед манай 6 настай хүүхдийн нүдэн дээр нь хатиг гараад хагарсан, идээ гараад байсан болохоор нь эмнэлэгт үзүүлэх гээд гэрээсээ гараад 32-ын Сансар супер маркетын хойд талын эргэдэг төв замын уулзвар дээр буцаж эргэх гээд дохиогоо өгөөд явж байтал аллион маркийн машинтай хүн хажуугаар шахаад ороод ирсэн ба цонхоо буулгаад жолооч эрэгтэй “янхан, гичий минь наад толиндоо хараад яв” гэхээр нь би “та ямар бүдүүлэг юм, эмэгтэй хүнтэй хүндэтгэж харьцаж болдоггүй юм уу, зам тавиад өгөхөд яадаг юм бэ?” гэхэд урдаас хэрүүл хийгээд байхаар нь манай нөхөр намайг өмөөрөөд “та яаж байгаа юм бэ? эмэгтэй хүнийг доромжиллоо” гэтэл тэр эрэгтэй манай нөхрийг “чи бол шоронгийн ялтан, эхнэр чинь янхан” гээд орилоод байхаар нь хажуугаар нь гараад өөр машинаас “урдуур чинь гарж болох уу” гэж зөвшөөрөл аваад буцаж эргэх гээд зогсож байтал хэрүүл маргаан хийгээд байсан эрэгтэй машинтайгаа ард наалдаад зогссон. Манай нөхөр машинаас буугаад тэр ард зогссон машин луу явсан. Би машинаа унтраагаад гартал манай нөхөр “ёо оё” гээд орилохоор нь би “юу болсон бэ?” гээд нөхөр дээрээ гүйгээд очтол аллион машиныг жолоодож явсан эрэгтэй манай нөхрийн зүүн хурууг нь хазсан тавихгүй байсан ба Орхонтуул баруун гараараа зүүн гараа татаад амнаас гараа сугалж авсан. Аллион машины жолооч Сүхбаатар гэх хүн машинаасаа бууж ирээд “муу гичий, янхан” гэж орилж байснаа газраас ширхэг шүд авснаа “миний шүд газар хэвтэж байна, одоо та нарыг шоронгийн алчуур болгоно. Муу янхан гичийнүүдээ” гээд орилоод байсан. Тэгээд манай нөхөр Сүхбаатартай заамдалцаад авсан. ...заамдалцаж байгаад салсан. Замаас машинаа чөлөөлөөд байж байтал цагдаа нар ирээд “Сүхбаатар дүүргийн цагдаа дээр очиж уулз” гэсэн. Манай хүүхдийн нүд өвдсөн байсан болохоор шууд эмнэлэг рүү явсан. ...Сүхбаатар гэх хүн Орхонтуулын баруун хөмсөг рүү нь цохисон, баруун хөмсөг нь хөхөрсөн байсан. ...Шүд нь унасан, амнаас нь цус гарсан байсан. Өөр ямар нэг бэртэл гэмтэл байгаагүй…” гэсэн мэдүүлэг \хх-19-21\,

 

Гэрч Н.Алтансувдын “…Тухайн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нөхөр Содномдорж овогтой Сүхбаатар, 12 настай охин Хүслэн нарын хамтаар 26-66 ГАА улсын дугаартай Тоуота Аллион маркийн авто машинтай 10 цагаас 11 цагийн хооронд 32-ын тойргоос хойшоо чиглэлтэй замын хөдөлгөөнд оролцоод явж байхад 58-00 УНУ улсын дугаартай Приус-30 маркийн машинтай хүмүүс авто замын нэг дүгээр эгнээнээс бид нарын явж байсан хоёр дугаар эгнээ рүү шилжих гээд урдуур шахсан. Манай нөхөр тухайн үед жолоо барьж явсан ба урдуураа оруулаагүй. Тэгтэл ...хажууд нь сууж явсан эрэгтэй нь “хоёр хөдөөний малууд зам тавиад өгөхгүй” гээд хэл амаар доромжлохоор нь манай нөхөр Сүхбаатар урдаас нь “пизда минь би замаараа явж байна” гээд хэрэлдсэн. Хөдөлгөөнөө үргэлжлүүлээд авто замын төмөр хашлага өнгөрөөд явж байтал 58-00 УНУ улсын дугаартай приус-30 маркийн машин гүйцэж түрүүлж орж ирээд манай машины урдуур хөндөлсөж зогсож, жолоочийн хажууд сууж байсан эрэгтэй нь машинаасаа бууж ирээд манай нөхрийг аюулгүйн бүсээ тайлах гэж байхад манай нөхрийн нүүр лүү гараараа цохисон. Би машины ард сууж байсан болохоор буугаад нөхрөөсөө тэр эрэгтэйг салгах гээд цамцнаас нь татаад дийлээгүй. Тухайн үед маргаан болж байхад хажууд байсан замын цагдаагийн алба хаагч “зам тээврийн осол болсон юм уу” гэж ирээд салгасан. Замын цагдаагийн алба хаагч зам тээврийн осол болоогүй болохоор яваад өгсөн. Би 102-д дуудлага өгсөн. 58-00 УНУ улсын дугаартай приус-30 маркийн машинтай хүмүүс зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаас хэрүүл өдөж “хөдөөний тэнэг мангар малуудаа” гэж жолооч эмэгтэйтэй хамт явж байсан эрэгтэй нь орилоод байсан. Зам тавьж өгөөгүй гэх шалтгаанаас болж хэрүүл маргаан үүссэн. Сүхбаатарыг аюулгүйн бүсээ тайлах гэж байхад нь тэр эрэгтэй ирээд машины цонхоор гараараа нүүр лүү нь 3-4 удаа цохисон. Машинаас буусны дараа гараа цамцаар нь боогоод нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохисон. Түүний эхнэр бид хоёр салгах гээд дийлээгүй. Приус маркийн машинд эхнэр, нөхөр хоёр, 5 орчим настай бага насны эрэгтэй хүүхэд байсан. ...яг цохиж байхыг хараагүй  Гараараа нэг удаа нүүр лүү нь мангасдаад түлхэж байхыг нь харсан...” гэсэн мэдүүлэг \хх-16-18\,

Насанд хүрээгүй гэрч С.Хүслэнгийн “…32-ын тойрогт би өөрийн аав, ээж хоёртой хамт явж байсан. Тухайн үед нэг машинтай ах, эгч хоёр манай машины урдуур хөндөлсөж зогсоод машин бариагүй ах нь бууж ирээд, аавыг янз бүрийн үгээр доромжилж байснаа ирээд аавыг машинд сууж байхад нь гараа цонхоор оруулж ирээд, нүцгэн гараараа цохисон. Яг хэдэн удаа цохьсныг нь би хараагүй, ямар ч байсан нүүр лүү нь цохисон. Тэгээд би тэр ахыг аавыг цохихоор нь уйлаад, аав буугаад, аав, нөгөө ах хоёр заамдалцаад, хүмүүс ирээд тэр хоёрыг салгасан. Өөр нэг их юм анзаарч хараагүй... Би уйлж байсан болохоор сайн хараагүй... Өөр бусад хүмүүс энэ зодоонд оролцож байсан талаар мэдэхгүй... Замын цагдаа ирээд аав Сүхбаатар болон тэр ах хоёрын зодооныг салгасан... Би жолоочийн хажууд сууж байсан сандал дээр сууж байсан. Би аавын хажууд суугаад явж байхад тэр ах намайг хэлэхээс муухай үг хэлж, над руу зааж чичилсэн. Би хэлсэн үгийг нь хэлмээргүй байна...” гэсэн мэдүүлэг \хх-96-98\,

 

Насанд хүрээгүй гэрч О.Буян-Өлзий “…Миний нүднээс бохир юм гараад, би аав ээж хоёртойгоо эмч рүү явж байсан. Тэгэхэд нэг ах миний аавын гарыг хазаж байхыг нь машины хардаг толинд харсан, дараа нь цус гарч байхыг нь харсан. Өөр мэдэхгүй. Аав ажил хийж чадахгүй байсан, гар нь өвдөөд..” гэсэн мэдүүлэг \хх-99-100\,

 

Гэрч А.Сүхбаатар “…Энэ өдөр би зохицуулагчийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед зам тээврийн ослын дуудлагаар Сансар 32-ын урд дахь буудал эргэдэг дээр нэг микро өөр машинтай мөргөлдсөн дуудлагаар очиж ажиллах үед буцаж эргэдгийн урд талд миний хэмжилт хийх байсан ослын газрын тэмдгээс ертөнцийн зүгээр урд 20 орчим метрийн зайд 2 машин зогсчихсон 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн байсан бөгөөд 2 эрэгтэй хүн хоорондоо зууралдаад зодолдоод байсан. Би гүйж очоод тэр хоёр эрэгтэйн дундуур нь орж салгасан. Намайг очих үед нэг шар залуу нь “миний шүдийг хуга цохичихлоо” гээд амнаас нь цус гарсан байдалтай байсан. Нөгөө залуугийнх нь билүү хэнийх нь билээ хүзүү нүүр маажсан гээд зогсож байсан. Намайг очиход 2 эмэгтэй нь хараад зогссон байдалтай 2 залуу нь зууралдаад байж байсан. Тэр үед нэг нэгнийхээ машины хажуугаас нь дөнгөж хүрсэн маягтай байсан бөгөөд намайг очиход “машины асуудалд гомдол санал байхгүй миний шүдийг хугалсан” гэж байсан нөгөө машины хүмүүс нь ч гэсэн “гомдол санал байхгүй” гэж үзэж байсан. Тухайн үед намайг харахад машинд нь ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. …Тухайн үед хэн хэн нь машинд гомдол саналгүй гэж хэлж байсан болохоор шалгаагүй. Би “хэв журмын цагдаа дууд” гээд хэлүүлсэн. …Намайг очиход хоёр залуу хоёулаа л бие биенийгээ заамдаад зогсож байсан. Харин бие биенийхээ цохиж байхыг нь хараагүй. Гэхдээ нэг залуу нь хуруугаа хазуулсан гэж байсан. Нөгөөдөх нь шүдээ цохиулсан гээд зогсож байсан...” гэсэн мэдүүлэг \хх-93-95\,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹4470 тоот актын “…Сүхбаатарын биед үүдэн 2 шүдний булгарал, 2 шүдний сулрал, буйланд цус хуралт, доод уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-23/,

 

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчийн ¹1180 тоот актын “…1.Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹4470 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. …6.хуруугаа хазуулсан хүн гараа татаж авахад /огцом хүчтэй/ дээрх гэмтэл үүсэх боломжгүй…” гэсэн дүгнэлт /хх-15, 16/  

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹4483 тоот актын “…Г.Орхонтуулын биед баруун хөмсөг, баруун нүдний гадна булан, хүзүүний баруун хажуу хэсгийн зулгаралт, зүүн гарын долоовор хурууны 2 дугаар үений дотор ирмэг, 2 дугаар үений дунд хуруу талын гадна ирмэгийн хазагдсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-25/,

 

Г.Орхонтуул, С.Сүхбаатар нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-42, 47/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-37/, фото гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-34/, Г.Орхонтуулын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/, гэрч Н.Алтансувд, Б.Загдсүрэн нарыг нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэг /хх-106-110/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-57-58/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудыг харьцуулан дүгнэж үзэхэд тухайн гэмт хэрэг гарсан гэх өдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, “Сансар-32” дэлгүүрийн урд замд шүүгдэгч Г.Орхонтуул нь эхнэр Б.Загдсүрэнгийн хамтаар өөрийн эзэмшлийн ”Тоёота Приус” маркийн 5800 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр, мөн энэ үед шүүгдэгч С.Сүхбаатар нь эхнэр Н.Алтансувдын хамтаар өөрийн эзэмшлийн “Тоёота аллион” маркийн 2666 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр тус тус зорчин явцгааж байжээ.

Энэ үед шүүгдэгч Г.Орхонтуулын эхнэр Б.Загдсүрэн зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнээс 2 дугаар эгнээ рүү шилжих гэхэд тухайн үед зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан шүүгдэгч С.Сүхбаатар нь урдуураа оруулаагүй байна. Яг энэ үед шүүгдэгч Г.Орхонтуулын эхнэр Б.Загдсүрэн нь шүүгдэгч С.Сүхбаатар хандан “урдуураа оруулчих л даа, юм үзээгүй хөдөөний малууд зам тавиад өгчихгүй” гэж хэлэхэд шүүгдэгч С.Сүхбаатар “оруулах албатай юм уу? Би чигээрээ явж байна. …янхан, гичий, пизда минь, наад толиндоо хараад яв…” гэсэн байх бөгөөд шүүгдэгч Г.Орхонтуул нь өөрийн эхнэр Б.Загдсүрэнг “…янхан, гичий, пизда…” гэж доромжиллоо гэж уурлан хохирогч С.Сүхбаатартай маргалдаж, түүний бие махбодид “…үүдэн 2 шүдний булгарал, 2 шүдний сулрал, буйланд цус хуралт, доод урууланд шарх…” бүхий хөнгөн зэргийн гэмтэл, шүүгдэгч С.Сүхбаатар нь шүүгдэгч Г.Орхонтуулд зодуулж дээрх “…үүдэн 2 шүдний булгарал, 2 шүдний сулрал, буйланд цус хуралт, доод урууланд шарх…” гэмтэл авсандаа уурлаж, улмаар шүүгдэгч Г.Орхонтуултай маргалдаж түүний бие махбодид “…баруун хөмсөг, баруун нүдний гадна булан, хүзүүний баруун хажуу хэсгийн зулгаралт, зүүн гарын долоовор хурууны 2 дугаар үений дотор ирмэг, 2 дугаар үений дунд хуруу талын гадна ирмэгийн хазагдсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт…” бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан үйл явдал болсон байна.

Шүүгдэгч Г.Орхонтуул, С.Сүхбаатар нарын хооронд болсон дээрх үйл явдал нь хэдийгээр гудамж талбай, тээврийн хэрэгслийн зорчих хэсэг буюу зам дээр болсон хэдий боловч шүүгдэгч, хохирогч, хохирогч, шүүгдэгч нарын хоорондын зүй бус үйлдэл, харилцааны соёлгүй байдал, бүдүүлэг үг хэллэг, зан авир, хэрэлдэж үг сөрсөн зэргээс үүдэн өөр хоорондоо маргалдан зодолдсон байх ба энэ нь Танхайрах гэмт хэргийн шинжтэй гэхээс илүүтэйгээр тодорхой сэдэлттэй, шүүгдэгч, хохирогч нарын хэн алины хоорондын зүй бус харьцаанаас үүдэлтэй Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байна.  

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Орхонтуул нь 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Сансар-32 дэлгүүрийн урд зам дээр эхнэр Б.Загдсүрэнгийн хамтаар өөрийн эзэмшлийн ”Тоёота Приус” маркийн 5800 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчин явж байхдаа мөн зам дээр өөрийн “Тоёота аллион” маркийн 2666 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ зорчин явж байсан хохирогч С.Сүхбаатартай “эхнэрийг минь “…янхан, гичий, пизда…” гэж доромжиллоо…” гэж маргалдаж, улмаар хохирогч С.Сүхбаатарын бие махбодид “…үүдэн 2 шүдний булгарал, 2 шүдний сулрал, буйланд цус хуралт, доод урууланд шарх…” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь дээр дурдсан хохирогч С.Сүхбаатар, гэрч Н.Алтансувд, насанд хүрээгүй гэрч С.Хүслэн, С.Отгонцэцэг, А.Сүхбаатар нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹4470 тоот актын дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Г.Орхонтуулын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар,

Шүүгдэгч С.Сүхбаатар нь 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Сансар-32 дэлгүүрийн урд зам дээр өөрийн эзэмшлийн “Тоёота аллион” маркийн 2666 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчин явж байхдаа мөн зам дээр өөрийн эзэмшлийн ”Тоёота Приус” маркийн 5800 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээр эхнэр Б.Загдсүрэнгийн хамтаар зорчин явж байсан хохирогч Г.Орхонтуултай, түүнийг эхнэрийг 1 дүгээр эгнээнээс 2 дугаар эгнээ рүү орох гэхэд нь оруулалгүй шахаж “…Оруулах албатай юм уу? Янхан, гичий пизда…” гэх зэргээс хэрэлдэж, улмаар хохирогч Г.Орхонтуулд зодуулж “…үүдэн 2 шүдний булгарал, 2 шүдний сулрал, буйланд цус хуралт, доод урууланд шарх…” гэмтэл авсандаа уурлаж, хохирогч Г.Орхонтуулыг зодож түүний бие махбодид “…баруун хөмсөг, баруун нүдний гадна булан, хүзүүний баруун хажуу хэсгийн зулгаралт, зүүн гарын долоовор хурууны 2 дугаар үений дотор ирмэг, 2 дугаар үений дунд хуруу талын гадна ирмэгийн хазагдсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт…” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Г.Орхонтуул, гэрч Б.Загдсүрэн, С.Отгонцэцэг, А.Сүхбаатар нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹4483 тоот актын дүгнэлт, шүүгдэгч С.Сүхбаатарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан байна.

 

Шүүгдэгч Г.Орхонтуул, С.Сүхбаатар нарын харилцан бие биедээ хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул тэдгээрийг дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй хэдий боловч тухайн гэмт хэрэг гарснаас хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар шүүгдэгч Г.Орхонтуул, С.Сүхбаатар нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэв.

 Хохирогч Г.Орхонтуул нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй, мөн нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч С.Сүхбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч С.Сүхбаатар нь эмчилгээний зардал гэж 3.765.000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон 115.000 төгрөгийг шүүгдэгч Г.Орхонтуулаас гаргуулж, хохирогч С.Сүхбаатарт олгох нь зүйтэй. 

Харин хохирогч С.Сүхбаатарын үүдэн 2 шүд хийлгэхэд гарах зардал болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Орхонтуул, С.Сүхбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Прокуророос шүүгдэгч Г.Орхонтуул, С.Сүхбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2.Шүүгдэгч Жамсран овогт Гомбодоржийн Орхонтуулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 Шүүгдэгч Тайжууд овогт Содномдоржийн Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3.Шүүгдэгч Г.Орхонтуул, С.Сүхбаатар нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4.Эрүүгийн 201625021059 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Орхонтуул, С.Сүхбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Орхонтуул нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

   

            5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Орхонтуулаас 115.000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Сүхбаатарт олгосугай.

 

6.Хохирогч С.Сүхбаатар нь цаашид эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Орхонтуул, С.Сүхбаатар нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Орхонтуул, С.Сүхбаатар нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР