Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2022/0218

 

 

 

 

 

 

 

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Я

Хариуцагч: НЗД

Гуравдагч этгээд: Р.Г

            Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн Б.Т, гуравдагч этгээд Р.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.М, гэрч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Я нь “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дугаар сарын 03-ны өдрийн ***дугаар захирамжийн Ц.Я-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн  шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Ц.Я миний бие 2000 онд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо,  Усны гудамж *** байрны *** давхар барилга бүхий орон сууц, хашаа талбайн хамт “П” ХХК-аас 150,000,000 төгрөгөөр худалдан авч, уг байрандаа өнөөдрийг хүртэл амьдарч байна.

Уг барилгыг анх авахдаа миний бие нь барилга, барилгын зүүн талд хүрээлсэн хашаа, талбайн хамт авч байна гэж ойлгосоор ирсэн. Анх барилгаа худалдан авахад 29-1 тоот орон сууцны барилга нь баригдаад удаагүй, орон сууцны барилгын хашаан доторх газар нь хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, хорогдолд орж , ашиглалтгүй орхигдож хог хаягдал овоорсон байсан.

 Энэ 20 жилийн хугацаанд миний бие уг 29-1 байрны гаднах уг хашаа бүхий талбайг сайн дурын үндсэн дээр хог хаягдлыг нь цэвэрлэж , өөрийн хөрөнгөөр мод тарьж, зам талбайг тохижуулах зэрэг ажлыг хийж байсан.

Үүнийг ч Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны Засаг дарга бүрэн дэмжиж 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ** тоот албан бичгээр Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд иргэн Ц.Яд газар эзэмших, ашиглуулахад татгалзах зүйлгүй гэдгээ уламжилж байсан болно.

 Миний бие нь 2016 онд уг хэсэгт 30,000,000 / гучин сая / төгрөгийн төсөвт өртөгтэй сэндвичэн 4 автомашины авто гаражийн барилгыг өөрийн хөрөнгөөр барьсан . Энэ үед хэн ч зөвшөөрөлгүй барилга барилаа гэж гомдол хүсэлт , төрийн холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас шаардлага гаргаж байгаагүй юм .

Гэтэл 2019 онд *** байрны 2 давхарт шинээр оршин суух болсон Н.Б нь миний барьсан газар авто гаражийг зөвшөөрөлгүй гэдгийг мэдээд 10.000.000 төгрөг нэмээд 2 гараж өгөхгүй бол энэ сэндвичэн барилгыг чинь нураалгана гэж дарамталж, миний бие зөвшөөрөөгүй тул мэргэжлийн хяналт, газрын алба, засаг дарга зэрэг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад байнгын гомдол гаргаж, танил талаа ашиглаж нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 сарын 03-ны өдрийн ***дугаар захирамжийн хавсралтаар миний барьсан уг сэндвичэн барилгыг нурааж , газар чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна.

Миний бие уг 29-1 байрны орчны газрыг эзэмших , ашиглах хүсэлтийг 2008 оноос эхлэн удаа дараа холбогдох байгууллага, албан тушаалтанд хандаж гаргаж байсан ба 2008 оноос уг газрын төлбөрийг төлсөөр ирсэн.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 сарын 03-ны өдрийн ***дугаар захирамжаар миний гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээж авахгүй, өөрийн хөрөнгөөрөө барьсан сэндвичэн барилгыг нурааж надад хохирол учруулах гэж байгаа нь газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэг Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл эвдрэлд орж ашиглахгүй орхигдсон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж , байгууллагад тухайн газрыг аймаг , нийслэлийн байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэн эзэмшүүлж болно”, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн , аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

 Мөн маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдсан, орчны аюулгүй байдлыг алдагдуулсан зүйл миний барьсан сэндвичэн барилгад огтхон ч байхгүй болно.

Мөн уг сэндвичэн барилгыг нураах нь дан ганц миний хууль ёсны эрх , ашиг сонирхлыг зөрчиж байгаагаас гадна 29-1 байрны Сууц өмчлөгчдийн холбоо болох “У” СӨХ-ийн хууль ёсны эрх , ашиг сонирхлыг зөрчиж байгаа болно.

Учир нь 2020 онд 29-1 байрны оршин суугчид нийлж “У” нэртэй СӨХ-г байгуулсан бөгөөд уг СӨХ нь дээрх захирамжаар нураахаар шийдвэрлэсэн сэндвичэн барилгад үйл ажиллагаагаа явуулж байгаа.

“У” СӨХ нь уг нураахаар шийдвэрлэсэн барилгын доод газрыг эзэмших, ашиглах хүсэлтээ НЗДд хүргүүлсэн, шийдвэр нь гараагүй байгаа болно.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 сарын 03-ны өдрийн ***дугаар захирамжийн Ц.Яд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ц.Я нь дураараа 2008 онд өргөтгөл барьсан зүйл байхгүй. Тухайн үед хууль, тогтоомжид заасны дагуу төрийн холбогдох байгууллагад зохих журмын дагуу гарааш барьж газрыг ашиглах, эзэмших хүсэлт гаргахад ашиглаж болно, Газрын тухай хуульд заасны дагуу төлнө гэж мэдэгдсэн. Газрыг ашиглаж байгаа учраас төлбөрөө төлье гээд Сүхбаатар дүүргийн газрын албатай газрын төлбөр тогтоох тухай акт үйлдсэн. Уг актын хүрээнд 2008 онд сэндвичэн өргөтгөлийг барьсан. Мөн 2016 онд 2 дахь улбар шар өнгийн сэндвичэн өргөтгөлийг бариад газрын төлбөрийг төлөөд, зохих журмын дагуу ашиглаад явж байгаа. Гэтэл гуравдагч этгээдүүд гарч ирсэн. Эдгээр хүмүүс өргөтгөл баригдаад дууссаны дараа 29 дүгээр байрны 2 давхрын орон сууцны өмчлөгч болсон. Гуравдагч этгээд нарыг амьдарч байхад нь өргөтгөл барьсан бол асуудал өөр байх байсан. Эдгээр хүмүүс орон сууцны өмчлөгч болоход аль хэдийн нэхэмжлэгч Ц.Я өргөтгөлийг барьсан байсан. Үүнтэй холбогдуулан гуравдагч этгээд нэхэмжлэгч нарын хооронд үйл ойлголцол үүсээд гомдол гаргасны үндсэн дээр маргаан бүхий захирамж гарсан.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны ***дугаар захирамжийн үндэслэлд хуулиас гадна журмуудыг баримталсан байдаг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 30 дугаар тогтоолыг үндэслэсэн. Уг тогтоол нь газрын зөрчилтэй холбоотой харилцааг яаж зохицуулах вэ гэсэн журам байгаа. Энэ журмын 5 дугаар зүйлд зөрчил гарвал захиргааны байгууллага тухайн газар дээр очиж танилцаж үзээд асуудлыг шийдвэрлэнэ гэсэн зохицуулалттай. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн захиргааны үйл ажиллагааны зарчмыг заасан. Бид ***дугаар захирамжийн холбогдох хэсэгтэй маргаж байгаа. Тушаалын хавсралтад иргэн, хуулийн этгээдийн нэр гэсэн хэсэгт Ц.Я, объектын төрөл гэдэгт сэндвичэн өргөтгөл, зөрчлийн байдал гэсэн хэсэгт нийтийн эзэмшлийн зам, талбай, тоо хэмжээ гэсэн хэсэгт 180 метр, объектын тоо 1 гэсэн байгаа. Гэтэл бид өчигдөр хэмжилт хийхэд 2 объект байгаа нь тодорхой байсан. Цэнхэр өнгийн өргөтгөлийн өргөн нь 5.5 метр, урт нь 11.42 метр үүний дагуу талбайн хэмжээг гаргахад 62.8 м.кв, Улбар шар өргөтгөлийн өргөн нь 8.26 метр, урт нь 18.9 метр талбайн хэмжээ нь 156.11 м.кв, нийлүүлэн тооцоход 218 м.кв талбайтай 2 объект болж байна. Гэтэл захиргааны актад 180 метр 1 объектыг буулгана гэсэн нь ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

Захиргааны байгууллагаас акт гаргахдаа ямар процесс явагдах талаар хуульд тодорхой заасан. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд нөхцөл байдлыг тогтоох зохицуулалт байгаа. Тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан. Гэтэл бодит нөхцөл байдал нь 218 м.кв талбайтай объект байхад бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр гүүглийн сансрын зураг өгсөн байна. Энэ нь захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т  “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан. Хариуцагч иргэн Ц.Яын 2 объектыг буулгах гэж байгаа бол газар дээр нь очиж хэмжилт хийгээд, хэдэн объект байгаа нөхцөл байдлыг тодруулаад захиргааны актдаа бичих ёстой байсан. Харамсалтай нь хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан үүргээ биелүүлсэнгүй. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна”, 25.1.1-д “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах” гэж заасны дагуу газар дээр нь очиж хэдэн м.кв талбайтай хэдэн объект байгааг тодруулах ёстой байсан. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлд “Захиргааны актын агуулга ба хэлбэр”, 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж заасан. Гэтэл маргаан бүхий актын Ц.Ят холбогдох хэсэг нь тодорхойгүй байна. Бодит байдал дээр 218 м.кв талбайтай байхад 180 метр гэж бичсэн. Маргаан бүхий акт хэрэгжлээ гэж бодоход объектын аль хэсгийг үлдээх юм бэ. Бүтэн байгаа барилгын талыг нь нураагаад, талыг нь үлдээх юм уу. Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл шаардлагыг захиргааны байгууллага бүрэн хангаж хэрэгжүүлэх юм бол маргах зүйлгүй захирамж гарна. Гэтэл нөхцөл байдлыг огт тодруулаагүй, хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй акт гаргаж миний үйлчлүүлэгчийн Үндсэн хуулиар олгогдсон эрх, ашгийг хөндсөн шийдвэр гаргасан байгаад харамсаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд “Захиргааны актыг бичгээр гаргах”, 40 дүгээр зүйлийн 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж заасан. Гэтэл бодит нөхцөл байдлыг тогтоосон нь хаана байна вэ. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд “Захиргааны акт илт хууль бус болох”, 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай” гэж заасан. Нийслэлийн Засаг даргын 2020 оны ***дугаар захирамжийн Ц.Ят холбогдох хэсэг дээрх үндэслэлээр утга агуулгын илэрхий алдаатай байна. Яаж хэрэгжүүлэх нь тодорхойгүй, 38 м.кв талбайг нь үлдээх юм уу. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  “... Ц.Я нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ***захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул дараах тайлбарыг хүргүүлж байна.

Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ***дугаар захирамж нь нийслэл Улаанбаатар хотын явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хийгдэж буй орчны аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээг эрчимжүүлж зохих зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбайг ашиглаж , эзэмшиж байгаа зөрчлийг арилгах үндсэн зорилго бүхий захиргааны акт юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ маргаан бүхий газрыг анхнаасаа зөвшөөрөлгүйгээр ашиглаж байснаа дурдаж байх ба газар ашигласны төлбөр төлөлт, орон сууцан дундах нийтийн эзэмшлийн талбайг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дах заалтад зааснаар ашиглалтгүй орхигдсон газрыг нөхөн сэргээсэн хэмээн баримтгүйгээр өөрийгөө зөвтгөн тайлбарлаж байгаа нь маргаан бүхий захирамжийг хүчингүй болох үндэслэл болохгүй.

Мөн холбогдох Засаг даргын шийдвэргүйгээр газрыг ашигласны үр дүнд өөрт тодорхой хэмжээний ашиг орлого олж байгаа үйлдэл нь тухайн газрыг нийтээр ашиглах эрхэд халдаж байна.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар нийтийн эзэмшил газар нь төрийн хяналт хамгаалалтад байх ба тухайн шатны Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага газар эзэмшиж ашиглагчийн зөрчлийг арилгах үүрэгтэй байдаг тул НЗД нь 2020 оны ***дугаар захирамжаар зөрчлийг арилгаж нийтийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргасан байна.

Иргэн Ц.Я нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т  газар эзэмших эрхийн гэрчилгээгүй этгээд газар эзэмшиж ашиглахыг хориглоно гэж заасныг зөрчсөн байх тул тус хуулийн 57.3 - т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх...” зааснаар маргаан бүхий газрыг чөлөөлүүлж, зөрчил арилгах тухай агуулга бүхий зорилгодоо нийцсэн захирамж гаргасан.

Иймд нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 03 -ны өдрийн ***захирамжийн Ц.Яд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 3.14-т зааснаар бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2020 оны ***дугаар захирамж нь Нийслэл Улаанбаатар хотын явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хийгдэж буй орчны аюулгүй байдлыг хангах арга хэмжээг эрчимжүүлэх, зохих зөвшөөрөлгүй нийтийн эзэмшлийн зам талбайг ашиглаж, эзэмшиж байгаа зөрчлийг арилгах үндсэн зорилго бүхий захиргааны акт байгаа.

Иргэн Ц.Я нь зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн газар дээр сендивчин өргөтгөл барьсан байгаа. Энэ нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 22 дугаар зүйлийн 22.2, 23 дугаар зүйлийн 23.3.5, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дэх заалтыг тус тус зөрчсөн байгаа. Иргэн Ц.Я ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр өргөтгөл барьсан. Үүнийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдаж өгсөн. Маргаан бүхий газрыг анхнаасаа зөвшөөрөлгүй ашиглаж, ашиглалтгүй хаягдсан газрыг нөхөн сэргээсэн гэдэг. Гэтэл энэ нь ашиглахгүй орхисон газар биш, нийтээр эзэмшихээр төлөвлөгдсөн нийтийн эзэмшлийн зам, талбай юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа манайх зөвшөөрөлгүй талбайд сэндвичэн өргөтгөл барьсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Нэхэмжлэгч газрын төлбөр төлсөн гэж тайлбарлаж байгаа. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д ““газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” хэлнэ гэж заасан. Иргэн Ц.Я нь тухайн газрын ашигтай чанарыг нь гаргаж хэрэглээд газар дээрээ сэндвичэн өргөтгөл бариад гражийн зориулалтаар ашиглаад байгаа. Иймд Газар зохион байгуулалтын албанаас Ц.Яын нэр дээр төлбөр тавигдсан. Төлбөр тавигдсан гэдэг нь газар эзэмших эрх олгосон гэсэн асуудал биш. Зөвхөн газар ашигласны төлөө газрын төлбөрийг хүргүүлж байсан. Үндсэн хуулиар олгогдсон эрх гэж тайлбарлаж байна. Монгол Улсын иргэн газар өмчлөх эрхтэй. Харин нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүйгээр барилга, байгууламж барихыг хориглосон байгаа. Энэ нь маш том зөрчил юм. Нийслэлийн хэмжээнд 2020, 2021 онд газар чөлөөлөхтэй холбоотой том арга хэмжээг хэрэгжүүлээд газар чөлөөлөх ажиллагааг эрчимжүүлж байгаа. Энэ ажлын хүрээнд маргаан бүхий захирамж гарсан.

Гүүглийн сансрын зураг гэж тайлбарлаж байна. Дээрх зураг нь гүүглийн сансрын зураг биш. Энэ нь манай мэргэжлийн кадастрын нэгдсэн сангаас гарсан зураг юм. Бодит нөхцөл байдлыг захиргааны байгууллага тогтоогоогүй гэж байна. Тухайн 29, 30 дугаар байрны оршин суугчдаас Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын алба болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд удаа дараа өргөдөл гомдол гаргаад, шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцоод явж байна. Энэ нь бодит нөхцөл байдлыг тодорхойлох хангалттай баримт юм. Ц.Яын барьсан өргөтгөл нь иргэдийн эрх, ашгийг ноцтойгоор зөрчиж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

            Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбар тайлбартаа: “..Бидний өмчлөлийн 2 өрөө  орон сууцны ертөнцийн зүгээр хойд зүгт байрлах том өрөө болон зүүн талд байрлах жижиг унтлагын өрөөний тагтны доод хэсэгт Сүхбаатар дүүргийн 2-р хорооны 20-р байрны 26 тоотод оршин суух иргэн Цэрэндорж овогтой Я нь хууль бусаар сэндвичен  граж болон зориулалт нь тодорхой бус объект барьж, манай том өрөөний тагтны /балконы / гадна талд 2019 оны 10 сарын 16-ны өдөр зөвшөөрөлгүйгээр гадна талаас хаалт хүчээр хийж бидний амьдрах эрхийг ноцтойгоор зөрчсөн.

Манай 2 өрөөний тагтны доор сэндвичэн граж болон зориулалт нь тодорхой бус объект барьсан нь нийтийн эзэмшлийн зам талбайд дураараа барилга, байгууламж барьж орчин тойрондоо галын онцгой эрсдэл үүсгэж байгаа талаар холбогдох мэргэжлийн байгууллагад мэдэгдсэн.

 1. Ц.Яын зөвшөөрөлгүй барьсан сэндвичэн барилгууд нь нэг давхраас хулгай хийх зорилготой болон бусад зорилгоор шууд манай байранд хүн нэвтрэх боломжийг олгож байгаа нь гэмт хэргийн эрсдлийг нэмэгдүүлж байгаагаар зогсохгүй манай тагтанд хүчээр төмөр хаалт хийснээр Гал болон бусад гамшгийн үед галын шат тавьж байшинд нэвтрэх боломжгүй болгох хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах , галын аюулын үед манай байрны цонхоор галын аврах ажиллагаа хийх боломжгүй нөхцөл байдлыг бүрдүүлж, өрөөний байгалийн гэрэлтүүлгийг хаалгаар бууруулж манай гэр бүлийг маш эвгүй байдалд оруулаад байна.

Галын болон бусад эрсдэл үүсгэж байгаатай холбоотой уг граж болон объектыг буулгахыг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ц.Яаас шаардахад Ц Я нь “араа даагаарай, залуус байгаа чамайг алуулчиж чадна шүү” гэж Р.Г миний амь насанд халдахаар заналхийлсэн. Мөн Ц.Я гэгч нь “уг граж болон объектондоо зориулалтын бус орчинд эм, бэлдмэл хадгалдаг бөгөөд 1 сардаа 40 тонны контейнороор эмийн бүтээгдэхүүн буулгаж хадгалдаг бөгөөд энэ нь хүний амь нас,  эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй байна.

Мөн орон сууцны нийтийн эзэмшлийн талбайд аж ахуйн үйл ажиллагаа явуулж барьсан граж болон зориулалт нь тодорхойгүй объектынхоо дээврийг борооны уснаас хамгаалж барилгын хар лак шатаан агаар бохирдуулж, манай цонхоор шатсан хар лакны үнэр үнэртэж бидний эрүүл , аюулгүй орчинд амьдрах эрхийг байнга хөсөрдүүлж байна .

Энэ тухай болон Эрүүгийн хуулийн 10.1-д “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдэхээр завдаж байгаа,  13.5-д “Заналхийлэх”, 13.6-д “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох”,  гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Зөрчлийн тухай хуулийн 5.9-д “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” хууль зөрчих,  6.6-д “Эм , эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих”, 8.1-д заасан,  “Газрын тухай хууль зөрчих”, 12.1-д заасан “Барилгын тухай хууль зөрчих”, 5.14 дүгээр зүйл “Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчих, зөрчлүүд гаргасан тухай удаа дараа холбогдох мэргэжлийн байгууллагуудад хандсаны дүнд асуудал хариуцсан төрийн байгууллагууд өөр өөрсдийн ажлын хүрээнд хууль зөрчсөн болохыг тогтоосон.

Мөн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 128/132020/3863 дугаартай “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоох тухай”  захирамжийн дагуу бух нотлох баримтыг хавсарган НЗДд 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гомдол гаргасны дагуу НЗД 2020 оны ***дугаартай “Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” захирамж гаргасан.

Мөн иргэн Ц.Я нь сэндвичэн грашийг барьж байх үед хэн ч зөвшөөрөлгүй барилаа гэж гомдол хүсэлт гаргаж байгаагүй, төрийн холбогдох байгууллагаас шаардлага тавьж байгаагүй гэсэн маш дураараа зүйл нэхэмжлэлдээ дурдсан байх бөгөөд аливаа барилга байгууламжийг барихаасаа өмнө зөвшөөрөл болон техникийн нөхцөлийг авах ёстой гэсэн хууль дүрэм журамтай байдаг гэдгийг нөлөө бүхий албан тушаал хашиж байсан энэ хүн хэнээр ч хэлүүлэлгүй мэдэж байгаа.

Биднээс өмнө одоо бидний оршин суугаа энэ байранд ганц бие, бие муутай нэг хөгшин амьдардаг байсан бөгөөд /нас барсан/ одоогийн бидэнтэй ямар харьцаж байгаа байдлаас нь харахад тэр хүнийг хэрхэн дээрэлхэж, магадгүй хэдхэн төгрөг өгч барилгыг барьсан нь тодорхой юм.

Цаашилбал иргэн Н.Б нь 10'000'000 /арван сая /төгрөг дээрээс нь нэмээд 2 граж өг гэж дарамталсан гэж бичсэн нь миний эхнэрийн нэр төрд үндэслэлгүйгээр халдсан байна. Миний эхнэр Н.Б нь “Барилгын хөгжлийн төв”-д 15 жил ажиллаж байгаа бөгөөд хамт олондоо шударга, үнэнч, зарчимтай ажилладгаараа байнга үнэлэгддэг, энэ байдлын нэг илрэл нь байгууллагын шилдгийн шилдэг ажилтнаар 2020 онд шалгарч өргөмжлөгдсөн явдал юм.

 Гэтэл миний эхнэрийн нэр төр, ажил, албан тушаалд нөлөөлөх байдлыг иргэн Ц.Я нь мөн л удаа дараа гаргаж байсан нь эхнэрийн утас руу явуулж байсан өөрийнх нь болон дүүгийнх нь мессежээр нотлогдоно.

Өөрөөр хэлбэл “Өөрсдөө мөнгө өгье гэж санал тавьсан уу, бид нар мөнгө авна гэж дарамталсан уу гэдэг нь” харагдана. Ирсэн мессежийг зураг хэлбэрт оруулж хэвлэн хавсаргав.

Өнөөдөр энэ хүний бусармаг үйлдэлд автаж мөнгө авалгүй өөрийнхөө мэргэжил, мэдлэг, ажил хөдөлмөрөөрөө эр нөхөр, үр хүүхэд, цаашилбал 29 дүгээр байранд амьдарч байгаа оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийг хичээн өдий хүртэл явснаараа “танил талаа ашиглаж Нийслэлийн засаг даргын шийдвэрийг гаргасан байна” гэж мөн л төрийн албан хаагч нарын хамт гүтгэгдэж, шүүхийн нэхэмжлэлд нэр нь бичигдсэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй юм. Газрын тухай хуульд зааснаар хэн нэгэн этгээд газар дээр объект, сууц, тодорхой нэг оромж барихаар бол барихаасаа өмнө газар ашиглах, эзэмших гэрээ байгуулах ёстой. Үүнтэй холбоо гэрээ байгуулсан зүйл нэхэмжлэгчийн хувьд байхгүй. Нэхэмжлэгч өөрөө хууль бусаар нийтийн эзэмшлийн газар дээр өргөтгөл барьсан нь тодорхой байгаа. Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захиргааны акт нь тухайн газар чөлөөлөхтэй холбоотой асуудлыг зохицуулан гарсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн захиргааны үйл ажиллагааны зарчмыг хангаагүй гэж байна. Энэ тайлбар нь үндэслэлгүй юм. Учир нь нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй объект, түүнтэй адилтгах зүйл барьсантай холбогдуулан газар чөлөөлөхтэй холбоотой арга хэмжээний хүрээнд гарсан акт юм. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасан ажиллагаа хийгдсэн байдаг. Гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн асуудал болсон. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийг гэртээ эзгүй, хүүхдүүд нь байх үед гэрт нь орж цонхыг нь төмөр сараалжаар битүүмжилсэн байдаг. Юу болж байгаа юм бэ гэхэд бид доод талд чинь үйл ажиллагаа явуулдаг, танайд хулгай орохоос сэргийлж байна гэдэг. Үүнтэй холбогдуулан Газрын тухай хуульд зааснаар нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлүүлэх хүсэлтийг гуравдагч этгээд гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын алба Ц.Я нь хууль бусаар газар дээр өргөтгөл барьсан гэдгийг тогтоож, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдох баримтыг хүргүүлсэн. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 30 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбайд дураараа барьсан объектыг буулгахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг баримтлаад захиргааны актыг гаргасан. Захиргааны актад 180 метр гэж тэмдэглэсэн гэж ярьж байгаа. Энэ нь газрын хэмжээ юм. Нэхэмжлэгч өөрийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзээд актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол ямар эрх, ашиг сонирхол нь хөндөгдөөд байгааг тогтоох, түүнийгээ шүүхэд ойлгуулах ёстой. Гэтэл ийм зүйл огт байхгүй байгаа. Бид газрыг 20 жил ашиглаж, эзэмшсэн юм гэж ярьдаг. Гэвч хууль, журамд заасны дагуу эзэмшиж, ашигласан юм уу гэхээр үгүй байдаг. 2008, 2016 онд дээрх объектуудыг барьсан боловч хууль бусаар барьсан. Хэн нэгэн этгээд зөвшөөрөлгүйгээр дураараа газрыг хашиж юм барих нь Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжид зааснаар хориотой байдаг. Үндсэн хуульд зааснаар нийтийн эзэмшлийн газрын өмчлөгч нь төр байна. Газар эзэмших, ашиглах эрхийг төрөөс тодорхой нөхцөл, болзолтойгоор аваагүй учраас нэхэмжлэгч Ц.Яын эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна гэж яригдах боломжгүй. Нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлж байгаа учраас маргаан бүхий акт хуулийн дагуу гарсан. Гуравдагч этгээдийн нь хуульд заасан журмын дагуу тухайн объектын дээд талын 2 давхрын орон сууцны өмчлөгч болсон байгаа. Өмчлөгч этгээдүүд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өөрийн өмчлөх эрхийг саадгүй хэрэгжүүлэх ёстой. Нэхэмжлэгчийн хууль бус, дураараа аашилж өргөтгөл барьснаар үл хөдлөх хөрөнгийн үнийг бууруулсан, үзэгдэх орчин, зам талбайн харагдах байдлыг хязгаарласан, галын аюулгүй байдлын эрсдэлийг нэмэгдүүлсэн, орц гарыг хаасан байгаа. Үүнтэй холбоотой онцгой байдлын байгууллагын шинжээчийн дүгнэлт гарсан. Аюул нүүрлэсэн тохиолдолд эрсдэлийг нэмэгдүүлсэн. Захиргааны байгууллага хуульд заасан журмыг баримтлан бүх ажиллагааг хийж, захиргааны актыг гаргасан учраас хүчингүй болгох үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол яаж хөндөгдөөд байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч өөрөө хууль ёсны газар эзэмшигч, ашиглагч бөгөөд эрх, ашиг нь хөндөгдөж байгаа тохиолдолд хүчингүй болгох нөхцөл бүрдэнэ. Гэтэл ийм зүйл байхгүй байна. Нэхэмжлэгчид тухайн объектыг өмчлөх, эзэмших гэрчилгээ байгаа юм уу. Үүний аль нь нэхэмжлэгчид байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагадаа илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэлийг дурдаагүй байж энэ нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөж байна гэж ярьж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Ц.Я нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дугаар сарын 03-ны өдрийн ***дугаар захирамжийн Ц.Яд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн  шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” ***дугаар захирамжийн 1 дэх хэсэгт “Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, зорилгоор хийгдэж буй орчны аюулгүй байдлыг хангах талаар арга хэмжээг эрчимжүүлж, зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралт ёсоор баталсугай гэж заасан байна.

 Дээрх Нийслэлийн Засаг даргын ***дугаар захирамжийн хавсралтын Сүхбаатар дүүрэгт хамаарах хэсгийн 4-т: Ц.Яын Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны Усны гудамж, Циркийн зүүн талд, 29-1 дүгээр байр  хаягт байрлах нийтийн эзэмшлийн талбайд байрласан, 180 м, сэндвичэн өргөтгөл ...” гэсэн байна.

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтнаас нэхэмжлэгч Ц.Яд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгосон шийдвэр гаргаагүй байх ба үүнтэй хэргийн оролцогчид маргаагүй болно.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн  21.2-д “НЗД газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.2.3-д “... газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ ...”,  27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”,  27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтууд болон Газрын тухай хуулийн холбогдох бусад зохицуулалтуудаас үзэхэд аливаа иргэн, хуулийн этгээдэд зөвхөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр, хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшүүлж, ашиглуулахаар хуульчилсан ба хүчин төгөлдөр шийдвэр, гэрээ, гэрчилгээгүй этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглохоор тодорхой зохицуулсан байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Я нь газар эзэмшүүлэх, ашиглуулах хүчин төгөлдөр шийдвэр, гэрээ, гэрчилгээгүйгээр газар эзэмшиж, ашиглаж байгаа нь дээрх хуулийн зохицуулалтуудад нийцэхгүй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хуралдаанд ... орон сууцны барилгын хашаан доторх газар нь ...хог хаягдал овоорсон байсан... миний бие уг 29-1 байрны гаднах уг хашаа бүхий талбайг сайн дурын үндсэн дээр хог хаягдлыг нь цэвэрлэж ...тохижуулах зэрэг ажлыг хийж байсан... газрын төлбөрийг 2008 оноос хойш жил бүр төлсөөр ирсэн... өөрөөсөө хөрөнгө зардал гаргаж сэндвичэн 4 авто машины граж барьсан, иймд Засаг даргын зүгээс газрыг чөлөөлөх шийдвэр гаргаж байгаа нь манай эрхийг зөрчиж байна ...” гэсэн агуулгаар тайлбарлан, энэ үндэслэлээр маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

 Учир нь нэхэмжлэгч талын маргаж байгаа дээрх үндэслэл нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэргүйгээр, хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээгүйгээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа нэхэмжлэгчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

Мөн дээр тайлбарласан үндэслэлээс үзэхэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбартаа “...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ маргаан бүхий газрыг анхнаасаа зөвшөөрөлгүйгээр ашиглаж байснаа дурдаж байх ба газар ашигласны төлбөр төлөлт, орон сууцан дундах нийтийн эзэмшлийн талбайг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дах заалтад зааснаар ашиглалтгүй орхигдсон газрыг нөхөн сэргээсэн хэмээн баримтгүйгээр өөрийгөө зөвтгөн тайлбарлаж байгаа нь маргаан бүхий захирамжийг хүчингүй болох үндэслэл болохгүй, мөн холбогдох Засаг даргын шийдвэргүйгээр газрыг ашигласны үр дүнд өөрт тодорхой хэмжээний ашиг орлого олж байгаа үйлдэл нь тухайн газрыг нийтээр ашиглах эрхэд халдаж байна...” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Нийслэлийн Засаг даргын  2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ***дугаар захирамжид албадан буулгах сэндвичэн өргөтгөлийн талбай хэмжээ 180 м гэж заасан атлаа бодит байдал дээр, шүүхийн үзлэгээр, бодитоор хэмжиж үзэхэд сэндвичэн өргөтгөлийн талбай хэмжээ 218,9  м.кв хэмжээтэй байсан. Үүнээс үзэхэд маргаан бүхий захиргааны акт алдаатай, буруу байна.” гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “...сэндвичэн өргөтгөлийн бодит байдлын хэмжилт болон маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын  2020 оны ***дугаар захирамжид заасан хэмжээ хоорондоо зөрүүтэй байх боловч маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын  2020 оны ***дугаар захирамж нь зорилгодоо нийцсэн захирамж юм. Зөвхөн 180 м барилгыг албадан буулгаад улбар шар, цэнхэр гражийн аль нэгийг үлдээвэл энэ нь маргаан бүхий захиргааны актын зорилгод нийцэхгүй, сэндвичэн өргөтгөлийн хойд талын зам чөлөөлөгдөхгүй...” гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн ... байх” гэж заасан байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын  2020 оны ***дугаар захирамжаас үзэхэд, уг захирамжийг иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах,  явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор гаргасан байх ба маргаан бүхий газар дээр очиж танилцсан шүүхийн үзлэгүүд, түүний фото зургуудаар улбар шар болон цэнхэр сэндвичэн өргөтгөлүүдийн ертөнцийн зүгээр хойд талын авто зам нэг урсгалтай, 2 автомашин зөрөх боломжгүй нь бодитоор тодорхой тогтоогдсон болно.

Иймд шүүхийн үзлэгүүд, түүний фото зургуудаар улбар шар болон цэнхэр сэндвичэн өргөтгөлүүдийн ертөнцийн зүгээр хойд талын авто зам нэг урсгалтай, 2 автомашин зөрөх боломжгүй нь бодитоор тогтоогдож байх бөгөөд маргаан бүхий захиргааны акт зорилгодоо нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “зөвхөн 180 м барилгыг албадан буулгаад улбар шар, цэнхэр гражийн аль нэгийг үлдээвэл энэ нь маргаан бүхий захиргааны актын зорилгод нийцэхгүй, сэндвичэн өргөтгөлийн хойд талын зам чөлөөлөгдөхгүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Шүүхийн үзлэгээр, бодитоор хэмжиж үзэхэд, сэндвичэн өргөтгөлийн талбай хэмжээ 218,9  м.кв хэмжээтэй, харин Нийслэлийн Засаг даргын  2020 оны ***дугаар захирамжид сэндвичэн өргөтгөлийн талбай хэмжээ 180 м гэж алдаатай, зөрүүтэй заасан байх хэдий ч энэхүү алдаа нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хэмжээний үндэслэл биш юм.

Учир нь маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын  2020 оны ***дугаар захирамжийг иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор гаргасан байх ба уг захиргааны акт нь зорилгодоо нийцсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, гуравдагч этгээд нь шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбартаа болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...Гал болон бусад гамшгийн үед галын шат тавьж байшинд нэвтрэх боломжгүй болгох хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах, галын аюулын үед манай байрны цонхоор галын аврах ажиллагаа хийх боломжгүй нөхцөл байдлыг бүрдүүлж ... аюул нүүрлэсэн тохиолдолд эрсдэлийг нэмэгдүүлсэн ... сэндвичэн өргөтгөл барьснаар эмнэлгийн болон гал командын машин орж гарахад нэг урсгалтай зам нь эрсдэлтэй байдал үүсгэсэн.” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны А/165 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтэд “29А байрны өргөтгөл сэндвичэн гражнаас 30 дугаар байр хүртэлх зай /7,68 м/ 8м-ээс бага байгаа тул гал тусгаарлах хамгаалалтын зайг хангахгүй байна” гэж дүгнэсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

Маргаан бүхий захиргааны акт болох 2020 оны ***дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасныг үндэслэсэн байх ба тус хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.”, 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна.” гэж тус тус заасан байна.

Дээрх Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтууд болон тус хуулийн бусад зохицуулалтуудаас үзэхэд газрыг зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшсэн тохиолдолд уг газрыг чөлөөлөх, албадан чөлөөлөх нь  Засаг даргын  хуулиар олгогдсон бүрэн эрхийн асуудал байна.

Иймд дээр тайлбарласан хууль зүйн болон үйл баримтын үндэслэлүүдээс үзэхэд, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ***дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн  21.2.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус  баримтлан НЗДд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” ***дугаар захирамжийн Ц.Яд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Ц.Яын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Яын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.БАТЗОРИГ